Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 34

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 154/ШШ2021/00201 дугаар шийдвэртэй Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух *******гийн *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Х.*******/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 13,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 сарын 11-ны өдөр Х.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ миний эзэмшлийн 78-95 ХОА улсын дугаартай Lexus 200маркийн машиныг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн 80%-ийг гэмтээсэн. *******ийн энэ хэргийн улмаас тухайн үед иргэд болон зорчигчид гэмтэл учраагүй болохоор зөрчлийн хэрэг гэж шийдвэрлэн 450.000 төгрөгөөр торгож нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулж хэргийг хааж шийдвэрлэсэн. Х.******* нь Ховд аймгийн Булган сумын үнэлгээний комисс 23 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч 10.000.000 төгрөг төлж өгөөд санал гомдолгүй гээд хэлээд өгөөрэй би хохиролыг төлж барагдуулна гэж хэлсэн. Түүнээс хойш жил гаруй хугацаанд мөнгөө өгч хохиролгүй болгохгүй утсаа авахгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрч болно гэхэд эвлэрэхгүй өнөөдрийг хүрлээ. Би сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө давхар хохирч байна. Одоо машины үнэ өртөг өссөн.Одоо би машинаа ачиж хот оруулж засварт өгөх гэхэд тээврийн зардал нэмэгдсэн хэцүү байна.Машины асаалтын систем болон урд тэнхлэг нь гэмтээд засах боломжгүй болчихсон акумлятор тавиад ч асахгүй байгаа.Вендо ХХК-ны үнэлгээ үнэн зөв гарсан гэж бодож байна. Машин өөрөө Япон улсад оношлогоонд орсон гаалиар орж ирсэн машин гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа.Цагдаа төрийн байгууллагад ажилладаг гэдгээрээ ийм байх ёстой юу. Иймд миний хохиролыг барагдуулж 13.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Х.*******гийн нэхэмжлэлтэй танилцсан. Өнгөрсөн жилийн 9 сард анх Вендо ХХК ирж үнэлгээ гаргасан.Тухайн үед оношлогооны шинжээч дуудаж ирээд дүгнэлт гаргуулсан. Анх би уучлалт гуйсан. Нэхэмжлэгчийн дансанд 10.000.000 төгрөг орсон байгаа. Машины эвдрэлийг төлнө гэсэн хуулийн заалт байдаг машины үнийг төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Анх бид хоёр 10.000.000 төгрөг өгөөд уг машиныг зараад мөнгийг нь өгөх үлдэгдэлийг төлөх гэдэг байдлаар тохиролцсон. Машинаас хүүхэд нь ирээд эд ангиас нь тайлж аваад явна гэснээс болж бид хоёр маргаж эхлээд өнөөдрийг хүрч байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шанаа, керлан гээд нэг эд ангийг 2 болгож бичсэн байх жишээтэй. Одоо би 10.000.000 төгрөгний хүү 1.060.000 төгрөг, тагны үнэ 45.000 төгрөг, зүүн гэрэл 800.000 төгрөг гэж бичсэн байна эдгээрийг хасаж тооцоод хохиролыг төлнө.Би Вендо ХХК-ны дүгнэлттэй танилцсан гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 154/ШШ2021/00201 дугаар шийдвэрээр:”  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.*******ээс 13.116.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.*******ээс 223530 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Миний бие нэхэмжлэгчид дахиад 13,116,000 төгрөг төлөх ёстой юу эсвэл өмнөх өгсөн мөнгөө хасаад үлдэгдэлийг нь төлөх эсэх нь тодорхой бус энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Шүүх нь миний хүсэлтээр 78-95 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлуулахаар шинжээч томилж 1735 дугаартай дүгнэлт гаргуулсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй эд ангиудад үнэлгээ гаргасан Вендо ХХК-ний үнэлгээчид нь техникийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй эп ангиудыг зориуд бусаар эвдэрсэн эд ангийн жагсаалтад оруулан үнэлсэнийг шүүх үндэслэж тэрхүү үнэлгээний дүн болох 13,116,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Х.*******ээс өөрийн эзэмшлийн 78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “авто машины эвдрэл гэмтлийн үнэлгээг хуулийн дагуу үнэлгээний компаниар гаргуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

            Анхан шатны шүүх “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээ 13,116,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргажээ. Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Х.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ нэхэмжлэгч Х.*******гийн эзэмшлийн эзэмшлийн 78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h  маркийн тээврийн хэрэгслийг мөргөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй байна.

            Хэргийн 7 дугаар талд “78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h  маркийн тээврийн хэрэгсэл нь 80 хувийн гэмтэлтэй 23 саяд үнэлэв” гэх Булган сумын үнэлгээний комиссын  эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт хэрэгт авагджээ.

            Хариуцагч үнэлгээгээр тогтоогдсон 23,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг тухайн үед төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч үлдэгдэл 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч  “Булган сумын үнэлгээний комиссын  эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

            Хариуцагч Х.*******ийн хүсэлтээр үнэлгээний зөвшөөрөлтэй компаниар “Вендо” ХХК-ийг шүүх энэ хэрэгт хохирлын үнэлгээ гаргуулахаар томилсон бөгөөд тус компани нь “Lexus HS 250h  маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тооцохын тулд нүдэнд үл үзэгдэх хөдөлгүүрүүд болон явах эд ангийн гэмтлийг мэргэжлийн оношилгооны байгууллагаар оношлуулах шаардлагатай” гэж үзсэний дагуу шүүх шинжээч томилж 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр 1735 дугаартай шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарчээ. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Вендо” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гарсан бөгөөд нэхэмжлэгч Х.*******гийн эзэмшлийн эзэмшлийн 78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 13,116,000 төгрөгөөр тогтоосон байна.

            Гэтэл шүүх энэхүү 13,116,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хариуцагчийн урьд өгсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Иймд хариуцагч Х.*******ийн “шүүхийн шийдвэрт урьд өгсөн мөнгийг хасаж үлдэгдлийг нь төлөх, эсхүл дахиад нэмж 13,116,000 төгрөг төлөх эсэх нь тодорхойгүй байна” гэх гомдол үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

            Харин хариуцагчийн “Вендо ХХК-ийн үнэлгээчид нь техникийн шинжээчийн дүгнэлтэнд тусгаагүй эд ангиудыг зориуд эвдэрсэн эд ангийн жагсаалтанд оруулан үнэлсэн” гэх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал Булган сумын үнэлгээний комиссын  эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтын хүснэгт дотор 3 дахь хэсэгт Хойд их гэрлүүд хагарч гэмтэл талаар тусгасан байх бөгөөд мөн 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр 1735 дугаартай шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар талд “Зүүн хойд гэрлийн хажуу дээд талд 3,8 см хэмжээтэй босоо чиглэлд цуурч хагарсан гэмтэлтэй. Уг гэмтлийн зах ирмэг тэгш биш, хагарсан хэсгийн завсар зайгаар өнгөц шороо мэт зүйлээр бохирлогдсон.” мөн “Арын бамбайн булан хэсэгт 19х24 см хэмжээтэй хонхойж, 60х45 см хэмжээтэй хэсэгт зурагдаж будаг нь халцарсан гэмтэлтэй, булангийн доороос дээш босоо чиглэлд 10 см цуурч хагарсан гэмтэлтэй” гэж тус тус тусгасан, хэргийн 54 дүгээр талд авагдсан фото зургаас харахад хойд буфер хонхойж будаг нь халцарч гэмтсэн гэмтэл илэрхий харагдаж байх тул зүүн хойд их гэрэл, хойд буфер зэрэг эд зүйлийн солихоор тусгасан “Вендо” ХХК-ийн үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Х.*******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.*******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,530 төгрөгийг Х.*******д буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 154/ШШ2021/00201 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “ 13,116,000 төгрөг гаргуулан” гэснийг “3,116,000 төгрөг гаргуулан” гэж өөрчлөн

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Х.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 223,530 төгрөгийг гаргуулан” гэснийг “...хариуцагч Х.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 64806 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Х.*******д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                          Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР