Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0092/з |
Дугаар | 40 |
Огноо | 2018-01-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 40
С.Б, Б.Б нарын
Нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалтай холбогдуулан “Эм Ар Си Эм Жи Эл” ГХОХХК гэснийг “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК гэж, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-ийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Содхүүд даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0831 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Лхагвасүрэн
Гуравдагч этгээд: Ж.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мягмарцэрэн нар,
Нэхэмжлэгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрээр: 1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, Б.Б-оос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Р.Содхүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Эм Ар Си Эм Жи Эл” ГХОХХК гэснийг “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК гэж, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-ийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Содхүүд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг нэхэмжлэгч С.Б-д олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг тус тус баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч нараас төлсөн 4,800.000 төгрөгөөс 2,400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д 2.000.000 төгрөгийг, Б.Б-д 400.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0831 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Б.Б нарын “Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалтай холбогдуулан “Эм Ар Си Эм Жи Эл” ГХОХХК гэснийг “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК гэж, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-ийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Содхүүд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: … нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 221/МА2017/0831 дүгээр магадлал гарган захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Үүнд:
4. Нэг. С.Б бид хоёр “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК-ийг нийт хувьцааг 2016 оны 8 дугаар сард худалдан авсан учир тус компани гадаадын хөрөнгө оруулалтгүй болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.10, 9.1.2 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.5 дахь заалтыг үндэслэн баталсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 тушаалын 13 дугаар хавсралтаар хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /ГХО ХХК/ нь хоёр өөр хэлбэрийн хуулийн этгээд гэж заасныг, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /ХЭУБТХ/-ийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасныг тус тус үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр өмнөх “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК-ийн үйл ажиллагааг дуусгавар болгож, түүний хэлбэрийг өөрчлөн, шинээр “Эм Ар Си Эм Жи Эл" ДХО ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үзсэний үндсэн дээр энэхүү бүртгэл нь ХЭУБТХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заагдсан 6-н төрлийн баримт бичгийг бүрдүүлж, тус хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн бүртгэл болохыг хөдөлбөргүй тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг буруу гэж үзсэн дүгнэлт давж заалдах шатны шүүхийн магадлалд байхгүй байна. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх дээрх бүртгэлийн талаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийг заахдаа баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан. Мөн хуулийн 23 дугаар зуйлийн 23.4-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана” гэж заасны дагуу “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх бүртгэлийг улсын бүртгэлд бүртгээгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийж, уг дүгнэлтээ үндэслэн ОӨ УБЕГ-ын дарга нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заагдсан эрхийнхээ хүрээнд хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгосон байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх бүртгэлийг ХЭУБТХ-ийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй болохыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дахин дахин тайлбарлаж, анхан шатны шүүхээс хуулийн үндэслэлтэй дүгнэлт гарсаар байхад давж заалдах шатны шүүх нь энэ байдалд үнэн бодитой дүн шинжилгээ хийлгүйгээр шууд л хяналтын улсын байцаагчдын 2016 оны ямар ч нотолгоогүй, бодитой бус 1812 дугаар дүгнэлтийг үндэслэн уг бүртгэлийг ХЭУБТХ-ийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийгдэх ёстой байсан мэтээр хандсан нь буруу юм. Энэхүү 1812 дугаар дүгнэлтийг гаргахдаа ХЭУБТХ-ийн 20, 21, 22 дугаар зүйлд заасны дагуу “Эм Ар Си Эм Жи Эл” ДХО ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж бүртгэсэн бүртгэлийг яагаад, ямар учраас заавал ХЭУБТХ-ийн 23 дугаар зүйлийн дагуу бүртгүүлэх байсан гэж үзсэнээ тодорхой үндэслэл зааж тайлбарлаагүй, зүгээр л таамгаар ийм төрлийн бүртгэл байх ёстой гэж хандсан учраас уг дүгнэлт нь анхнаасаа огт ойлгомжгүй, хийсвэр дүгнэлт болсон юм.
6. Давж заалдах шатны шүүх нь мөн л ХЭУБТХ-ийн 23 дугаар зүйлд нийцээгүй гэж уг бүртгэлийг хүчээр буруутгахдаа чухам яагаад, хуулийн ямар үндэслэлээр уг бүртгэлийг заавал ХЭУБТХ-ийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх шаардлагатай болохыг тайлбарлаагүй байна. Давж заалдах шатны шүүх иргэн С.Б бид хоёрын хийлгэсэн бүртгэлийн талаар ямар нэгэн үнэлэлт-дүгнэлт өгөхгүй яагаад тойроод байна вэ? бид ямар, ямар материал бүрдүүлж аль хуулийн заалтын дагуу ямар төрлийн бүртгэл хийлгэснээ тайлбарласаар байхад бүртгэлийн улсын байцаагчдын дүгнэлт болон улсын бүртгэлийн талаар шүүх огт дүгнэлт хийхгүй тойрсоор байна. Тэрхүү дүгнэлт болон бүртгэлийн талаар үнэлэлт өгөхгүй тойрох нь А/472 дугаар тушаал хуулийн үндэслэлтэй эсэхэд шүүх бодитой үнэлэлт-дүгнэлт өгөх нөхцлийг алдагдуулж байгаа юм. ОӨУБЕГ-ын дарга нь хяналтын улсын байцаагчдын гаргасан илт ойлгомжгүй, бодитой бус 1812 дугаар дүгнэлтэд үндэслэн А/472 дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн юм.
7. Тухайлбал: 1. ХЭУБТХ-ийн 20, 21, 22 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгохдоо яагаад, ямар учраас уг бүртгэлийг тус хуулийн 23 дугаар зүйлийн дагуу бүртгүүлэх ёстой гэж үзсэнээ А/472 дугаар тушаалын үндэслэлдээ огт заагаагүй учраас уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, гэж тус тус заасныг зөрчсөн.
8. ОӨУБЕГ-ын дарга нь ХЭУБТХ-ийн 20, 21, 22 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн, хуульд нийцсэн бүртгэлийг хүчингүй болгосон учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,5 дахь заалтыг зөрчсөн. Дээрхээс гадна ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү нь А/472 дугаар тушаалыг гаргахдаа бидэнд уг тушаалын талаарх гомдлыг хэнд хандаж гаргах болон хугацааг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд бид Захиргааны хэргийн шүүхэд “ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалтай холбогдуулан 2016 оны 11-р сарын 1-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК гэснийг “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК гэж, тус компанийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг захирлаар С.Б-ийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Содхүүд даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зохих ёсоор хэрэглээгүй гэж үзэж байна.
9. Хоёр. давж заалдах шатны шүүх ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн, улсын байцаагчийн хуурамч, бодитой бус хийсвэр дүгнэлтэд үндэслэсэн, хууль бус захиргааны акт болохыг шудрагаар буруутгаж, түүнийг хүчингүй болгох ёстой байтал нэхэмжлэлийн агууллагаас хальж, гол биш асуудал руу анхаарлаа хандуулж, болж өнгөрсөн үйл баримт руу хэтэрхий оролцож, түүнээс өө сэв хайж, тодорхойгүй, ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй, бөөрөнхий магадлал гаргасан байна.
10. Тухайлбал, “ОӨУБЕГ-н дарга нь маргаан бүхий А/472 дугаар тушаалаар 2016 оны 11-р сарын 1-ний өдөр “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул хүчингүй болгож шийдвэрлэжээ” гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Энэ дүгнэлт нь тодорхой бус, ямар ч ойлгомжгүй, аль хуулийн ямар заалтыг зөрчсөнийг дурдаагүй, хуулийн нэр, зүйл, заалтыг заагаагүй, маш бүрхэг дүгнэлт болжээ.
11. Мөн “...тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө”, 5 дугаар зүйлийн 5.4-д “хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 5.4.3-т “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна” гэж давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй дүгнэлт хийсэн байх ба харин Р.Содхүү А/472 дугаар тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дөрвөн заалтыг ноцтой зөрчсөн байгаад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх үндсэн үүргээ шүүх биелүүлээгүй байна.
12. Давж заалдах шатны шүүх нь “Арбитрын шийдвэр биелэгдээгүй байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. С.Б бид хоёр толгой компаниас нь “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК-ийн бүх хувьцааг худалдан авсанаар Арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл Арбитрын хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эрх үүрэг нэг хүнд шилжсэнээр төлбөр төлөгч, авагч нь нэг этгээд болсон. Арбитрын шийдвэрээр тодорхой хэмжээний мөнгийг иргэн Ж.Т-д биш, “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК-д олгохоор шийдвэр гарч байсан бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нь нэг этгээд болсон нь иргэн Ж.Т-гийн эрх, ашиг сонрхолыг хөндөж байгаа хэрэг огт биш. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар буруу ойлголттой байгаа нь магадлалаас харагдаж байна. Хэрвээ бид хоёр тухайн компанийн хувьцааг худалдан аваагүй бол арбитрын шийдвэрийг биелүүлэх нь тодорхой ба ингэхдээ арбитрын шийдвэрт заасан мөнгийг “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК-д хүлээлгэн өгөх ёстой ба харин уг компаний гүйцэтгэх захирал байсан Ж.Т-д хүлээлгэн өгөхгүй байсан нь тун тодорхой. Ж.Т бол “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК биш, “Эм Ар Си Эм Жи Эл” ГХО ХХК бол Ж.Т биш шүү дээ. Ийм энгийн нэн ойлгомжтой зүйлийг ойлгохыг хүсэхгүй байгаа шүүх, шүүгчийг яах билээ, энэ маргаанд арбитрын шийдвэр ямар ч хамааралгүй бөгөөд тэр шийдвэр биелэгдсэн эсэхт захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх ямар ч шаардлагагүй байсан.
13. Магадлалд “Бүртгэлийн үйл ажиллагаа хийгдэхээс өмнө маргаан үүсч болзошгүй талаар хариуцагч байгууллагад мэдэгдсээр байхад дээрх бүртгэлийг хийсэн нь хуульд нийцээгүй байж болохоор байна” гэсэн нь бодит үндэслэлгүй, дэндүү таамагласан, өрөөсгөл дүгнэлт болсон байх ба бүртгэл хийгдэх явцад хэн нэгэн гомдол гаргавал бүртгэл хийхгүй байх үүрэгтэй юм шиг ойлголт төрөхөөр дүгнэлт хийсэн нь харамсалтай. Маргаан гомдлын талаар тухайн үед нь хяналт шалгалт явуулж бүх зүйлийг тодруулж магадласны эцэст бүртгэлийг зохих журмаар хийсэн нь хэрэгт байгаа бүх нотлох баримтаар хөдөлбөргүй батлагдаж байгааг шүүх ойлгохгүй байна гэж үү? магадлалд “гуравдагч этгээд Ж.Т нь “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК болон Австрали улсын “Монголиан ресурсес корпораци лимитэд” компанид хувьцаа эзэмшигч эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шууд түүнийг тус хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигч биш атлаа тус компанийн бусадтай байгуулсан гэрээг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн буруу юм” гэжээ. Анхан шатны шүүх Ж.Т-г хувьцаа эзэмшигч биш гэж үзсэнд давж заалдах шатны шүүх их цочирджээ.
14. Гэтэл Ж.Т нь аль нэг компанийн хувьцаа эзэмшигч мөн бол энэ талаарх нотлох баримтаа бидний хувьцаа худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс буюу 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүрдүүлэх боломж бүрэн байсан. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд тодорхой тайлбарласан болно. Тэр хувьцаа эзэмшигч болох тухай баримтаа бүртгэлийн байгууллагад ч, шүүхэд ч гаргаж өгөлгүй өдий хүрсэн учир анхан шатны шүүх түүнийг хувьцаа эзэмшигч биш гэж тодорхой дүгнэж хэлсэнийг яагаад буруутгах гэж Ж.Т-г хувьцаа эзэмшигч гэдгийгээ нотлоход саад хийсэн хэн нэгэн этгээд огт байхгүй бөгөөд цаг хугацааны хувьд түүнд 1 жил 2 сарын хугацаа байсан шүү дээ. Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэх үед Ж.Т хувьцаа эзэмшигч гэдгээ нотолж чадаагүй учир шүүх тийм дүгнэлт хийхээс өөр яах билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх Ж.Т-г хувьцаа эзэмшигч байж болзошгүй гэж таамагласан байдлаар хандаж, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үеийн нотлох баримт, нөхцөл байдлыг эсрэгээр үнэлж, Ж.Т-д өөриймсөг хандсан нь үндэслэлгүй байна.
15. Мөн “Ж.Т-г гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар хангалттап нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Одоогийн маргаанд Ж.Т-г ажлаас чөлөөлсөн эсэх асуудал огт хамааралгүй бөгөөд хувьцаа эзэмших эрхтэй гадаадын иргэдээс хувьцааг нь худалдаж авсанаа улсын бүртгэлд бүртгүүлсэн маргаанд тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд оролцох ямар ч эрхгүй бөгөөд түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх ямар ч хуулийн үндэслэл байхгүйг давж заалдах шүүх мэдэхгүй гэж үү? давж заалдах шатны шүүх иймэрхүү бүдүүлэг, хуулийн үндэслэлгүй дүгнэлтүүдийг өөрийн үзэмж, дур зоргоор хийсэн нь дэндүү харамсалтай бөгөөд шүүх аливаа асуудалд дүгнэлт хийхдээ хууль хэрэглэх үүрэгтэй гэдгээ мартаж, дураараа авирласан гэж үзэж байна.
16. Би Захиргааны хэргийн шүүхэд ОӨУБЕГ-н даргын 2016 оны А/472 дугаар тушаал нь хууль зөрчсөн, хууль бус акт учир түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой хандаж, үндэслэл бүхий хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх байтал энэ үүргээ умартаж, миний нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй дүгнэлтүүд гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн ямар ч үндэслэлгүйгээр өөрчилсөнд би гомдолтой байна.
17. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагын агуулгад онцгой анхаарч, А/472 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актын гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн болохыг тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0831 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
19. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Австрали Улсад бүртгэлтэй “Монголиан ресурсес Корпораци Лимитэд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК (1 гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж)-ийн мэдээлэлд “... компанийн энгийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, гүйцэтгэх захирлаар С.Б-ийг” бүртгэсэн, “ХХК- Гадаадын хөрөнгө оруулалттай” гэснийг “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” гэж, “гишүүдийн тоо 1” гэснийг “гишүүдийн тоо 2” болгосон өөрчлөлт, компанийн гэрчилгээг дахин олгосон бүртгэл хийсэн, уг бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалаар “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, хяналтын улсын байцаагчийн 2016 оны 1812 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн хүчингүй” болгожээ.
20. Хариуцагчаас уг захиргааны актын үндэслэлээ “... уг бүртгэл холбогдох хууль, журам зөрчсөн болох нь хяналтын улсын байцаагчийн 2016 оны 1812 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, ... хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан тул ... /хууль зөрчөөгүй/” гэж тайлбарласан, нэхэмжлэгч нараас “... уг бүртгэл нь ямар байдлаар хууль зөрчсөн, ямар баримтууд хэрхэн хууль бус болох талаар заагаагүй, ... хуулийн дагуу хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль бус, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргажээ.
21. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК (гадаадын хөрөнгө оруулалттай)-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Австрали Улсад бүртгэлтэй “Монголиан ресурсес Корпораци Лимитэд” компани бүртгэгдсэн, “Монголиан ресурсес Корпораци Лимитэд” компанийн Захирлуудын зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр Монгол Улсад бүртгэлтэй “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн бүх хувьцааг Монгол Улсын иргэн С.Б, Б.Б нарт худалдахаар шийдвэрлэж, мөн өдөр “Компанийн эрх шилжүүлэх, бүх хувьцааг худалдах /худалдан авах/” гэрээ байгуулж, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдсан, уг бичиг баримтууд нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсын Перт хотын Гадаад хэрэг, худалдааны хэлтэс (Department of Foreign Affairs and Trade Perth)-ийн Апостиль гэрчилгээгээр баталгаажсан, дээрх бүртгэл, шийдвэр болон гэрээний талаар аливаа маргаан шүүхэд үүсээгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
22. “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дээрх байдлаар худалдан авсан иргэн С.Б, Б.Б нар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, мөн өдрийн 01 дүгээр тогтоолоор “...гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн гэрчилгээ болон тамгыг үрэгдэж алга болсонд тооцож, хүчингүй болгох”-оор, “... Ж.Т-г захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх”-өөр, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 дугаартай тогтоолоор “...“Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн эрх шилжүүлэх, бүх хувьцааг худалдан авах гэрээ байгуулсан өдрөөр тус ... компанийн эрх С.Б, Б.Б нарт шилжсэнд тооцох”-оор, “...эрх шилжсэнийг зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг С.Б-д даалгах”-аар, 03 дугаар тогтоолоор “...гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, “Эм Ар Си Эм Жи Эл” гэх оноосон нэртэй дотоодын хөрөнгө оруулалттай, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийг түүний хувьцааны 70 хувийг эзэмшигч С.Б, 30 хувийг эзэмшигч Б.Б гэсэн 2 хувь нийлүүлэгчтэйгээр үүсгэн байгуулах”-аар, 04 дүгээр тогтоолоор “С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилох”-оор тус тус шийдвэрлэсэн, С.Б-ээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж УБ-05 дугаар маягтаар “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” гаргасан, улсын бүртгэгчээс “компанийн хэлбэр өөрчлөгдсөн тул 04 дүгээр маягтаар “өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” гаргахыг шаардсаны дагуу” 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр УБ-04 дүгээр маягтаар өргөдөл гаргажээ.
23. Уг өргөдөлд, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 29, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дээр дурдсан тогтоолууд, хурлын тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдсан “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн дүрэм, компанийн гэрчилгээг гээгдүүлснийг сонинд зарлуулсан тухай баримт, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, “Монголиан ресурсес Корпораци Лимитэд” компанийн Захирлуудын зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр, “Компанийн эрх шилжүүлэх, бүх хувьцааг худалдах /худалдан авах/” гэрээ (апостил гэрчилгээгээр тус тус гэрчлэгдсэн) зэргийг тэдгээрийн баталгаат орчуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт хавсарган ирүүлсэн, талууд мөн эдгээр үйл баримттай маргаагүй байна.
24. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэх”-д хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг зэргийг, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх”-д нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт тус тус хавсарган ирүүлэхээр тогтоож, улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас хуульд зааснаас бусад баримт бичгийг шаардаж болохгүй талаар тусгайлан заажээ.
25. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч С.Б-ээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр УБ-04 дүгээр маягтаар гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчөөгүй, уг баримтуудыг үндэслэж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Австрали Улсад бүртгэлтэй “Монголиан ресурсес Корпораци Лимитэд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК (1 гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж)-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “бүртгэл үнэн зөв... байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэх”зарчимд нийцсэн, улсын бүртгэгчийн үйл ажиллагаа мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т заасан “... улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд, хууль ёсны үйл ажиллагаа болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
26. Хэрэгт авагдсан, хяналтын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтээр “... өргөдөлийн маягтад тус компанийн тэмдэг дарагдаагүй, ... өргөдөлд хавсаргаж өгсөн эрх бүхий этгээдийн шийдвэрт талууд маргалдаж /байгаа/” гэх үндэслэлүүд дурдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “.. УБ-05 дугаар маягтаар гаргасан өргөдөлд тус компанийн тамга тэмдэг дарагдаагүй нь ... хууль зөрчсөн” гэх боловч нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж УБ-05 дугаар маягтаар гаргасан “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-ийн дагуу бүртгэл хийгдээгүй, харин 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн УБ-04 дүгээр маягтаар, “өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”, түүнд хавсаргасан материалуудыг үндэслэж бүртгэл хийгдсэн болох нь улсын бүртгэгч Г.Алтайгийн шүүхэд гаргасан мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр “... компанийн гэрчилгээ болон тамгыг үрэгдэж алга болсонд тооцож, хүчингүй болгох”-оор шийдвэрлэсэн, уг шийдвэрээ улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байхад, “өргөдөлд тамга дарагдаагүй” гэх үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
27. Түүнчлэн, гуравдагч этгээд Ж.Т нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-нд ямар нэг хувьцаа эзэмшдэггүй, уг үйл баримттай өөрөө маргаагүй тул тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Австрали Улсад бүртгэлтэй “Монголиан ресурсес Корпораци Лимитэд” компани хувьцаагаа бусдад худалдсаны улмаас хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой харилцаанд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй этгээдийг уг харилцааны “нэг тал” гэж тодорхойлж, түүний гомдлоор бүртгэлийг хүчингүй болгохдоо Монгол Улсын нэгдэн орсон “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай /Апостил конвенци/” олон улсын гэрээнд заасан Апостил гэрчилгээгээр баталгаажсан хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийг “нотлогдохгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
28. Давж заалдах шатны шүүх “... “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгосон”-той холбоотой захиргааны актын маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй асуудлаар буюу “...иргэн С.Б-ээс “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-д /төлөх ёстой төлбөрийг/ бүрэн төлсөн нөхцөлд хариуцагч “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК нь “Гүнбилэг трейд" ХХК-ийн 90 хувийн хувьцааг нэхэмжлэгч иргэн С.Б-д буцаан шилжүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн ... Үндэсний арбитрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дүгээр шийдвэр биелэгдээгүй” гэх үндэслэл заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж ... болохгүй” гэсэнтэй нийцээгүй, түүнчлэн, “... “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь тодорхойгүй, өөрчилсөн бүртгэлийн үйл ажиллагаа хийгдэхээс өмнө тус хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан үүсч болзошгүй талаар хариуцагч байгууллагад мэдэгдсээр байхад ... бүртгэл хийсэн” гэх зэргээр маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад буруу дүгнэлт хийсэн, эдгээр дүгнэлтүүдийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн аль заалтыг ямар байдлаар зөрчсөн талаар дүгнээгүй, холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан нь уг компанийн хувьцаа эзэмшигч биш иргэн Ж.Т-гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, бүртгэл хүчингүй болсноор түүний ямар эрх, хэрхэн сэргэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүхийн дүгнэлт тодорхой бус, ямар ч ойлгомжгүй, аль хуулийн ямар заалтыг зөрчсөнийг дурдаагүй, хуулийн нэр, зүйл, заалтыг заагаагүй, ... нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
29. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0831 дүгээр магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА