Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/00972

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/00972

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Голомтбанк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Э.Эрдэнэчимэг -т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.410.120 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Голомтбанк ХХК нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.410.120 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Эрдэнэчимэг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******тай ЗГ1205106455 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3.741.063 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5.699.141 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 969.915 төгрөг нийт 10.410.120 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд*******ээс зээлийн гэрээний үүрэгт 10.410.120 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манайх 2021 оны өргөдлийг би хүлээн авсан. Миний хувьд энэ зээлийн асуудлыг 2021 оны 10 дугаар сард хүлээн авч хариуцах болсон. Надад шилжиж ирсэн материалд галын талаарх баримт болоод хариуцагчийн хэлээд байгаа хүсэлт байгаагүй. Өмнө хариуцаж байсан ажилтнуудаас асуухад өгөөгүй гэдэг. Мөн манай зээлийг төлөхгүй байгаа хэрнээ өөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаандаа төлөөд байгаа нь зээлийн мэдээллийн санд орсон байсан тул манай зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнө түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ч хаягтаа байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж, түүнийг эрэн сурвалжлуулсан гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Миний бие *******наас зээл авсан нь үнэн. Үүнээс өмнө ч хэд хэдэн удаа зээл авч хугацаанд графикийн дагуу төлж байсан. Гэтэл 2017 оны 2 дугаар сард манай гэр бүлийн 9 хүний эзэмшлийн 2 давхар дүнзэн байшин шатаж, гэр бүлээрээ зөвхөн өмссөн хувцастайгаа л үлдсэн. Үүнээс гадна бид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар" хотхонд 3 өрөө байртай байсан бөгөөд уг байрыг маань УИХ-ын гишүүн асан Д.Арвин 2014 онд гэрээ хийж, 85 айлын байрыг нурааж, хохироосноос хойш өнөөдрийг хүртэл барьж өгч чадаагүй өнөөдрийг хүртэл байргүй болж хохирч явна.

Гал гарснаас хойш 2017 оны 4 дүгээр сард *******ны зээл авсан салбартаа очиж салбарын захирал болон хариуцсан зээлийн эдийн засагч нартай биеэр очиж уулзсан. Гал гарсан дүгнэлт бусад холбогдох материалаа өгч, ... зээлээ төлөх боломжгүй болж байгаа, зээлийн хүүгээ зогсоож, *******ны зээлийн эрсдэлийн санд хамруулж өгөх тухай хүсэлт удаа дараа гаргасан. Миний материалыг авч салбарт шийдэхгүй, дээшээ төв компанидаа мэдэгдэж шийднэ гэчихээд хариу өгөөгүй. Миний бие банкны Баянцээл салбарт олон ч удаа очсон. Ингээд 2018 оны 4 дүгээр сард очиж уулзахад таны материалыг тусгай активын хэлтэст шилжүүлсэн, тэнд очиж уулзаарай, таныг тэндээс дуудна гэсэн. Үүнээс хойш бас л шийдэгдээд ярих байх гээд хүлээсэн ч холбогдоогүй. Ингээд арга буюу би өөрөө дахин *******ны тусгай активын хэлтэст очиж уулзахад Н.Чулуунтуяагийн өмнө манай асуудлыг хариуцаж байсан эмэгтэй ажилтан гарч ирж уулзсан. Тухайн үед ...таны материалыг би хариуцаж байгаа, та яаралтай надад дахиад шатсан галын дүгнэлт болон байраа газарт орсон зэрэг материалаа дахин авчирч өгөөч гэсэн. Би дахин материалуудаа нотариатаар батлуулж аваачиж өгөхөд ...та наанаа үлдээчих, би амралтаа авчихсан, хөдөө явчихсан байгаа. 10 сард ажилдаа ороод таныг дуудна. Захиралтай уулзуулна гэсэн. Ингээд түүнийг ажилдаа орохыг хүлээж байтал над руу залгаад ...таны материалыг би авч чадаагүй байтал доороос алга болчихжээ. Та дахиад нэг бүрдүүлээд өгөөч гэсэн тул дахин гарт нь өгсөн. За ингээд ...таны асуудлыг шийдвэрлээд танд мэдэгдэнэ, та шинэ зээл төлөх дансаа нээлгэж, тэр дансандаа үндсэн зээлээ хувааж хийнэ шүү гээд явсан. Тэр ажилтанд ...танай ажил их л удах юмаа, ингээд байхаар энэ хугацаанд хүү нь яваад л байх вий дээ гэхэд та өргөдлөө манайд 2017 оны 4 сард хүргүүлсэн болохоор зогссон байгаа, санаа зовох хэрэггүй гээд явсан. Би ч энэ хугацаанд хүү зогссон гэхээр жаахан сэтгэл уужирсан байсан. Ингээд л бас л таг алга болж бүр 2019 оны 5 дугаар сар гарсан. Дахиад л очсон, тусгай активын хэлтэс дээр хариуцсан хүн нь байхгүй байгаа, хариуцсан ажилтан нь ажлаасаа гарсан, дараагийн хүн томилогдоод таны асуудлыг шийднэ, та өргөдлөө өгсөн бол шийдэгдээд тань руу ярьдаг гээд доор суух ресефшн нь дээшээ гаргадаггүй байсан. Ингэж явсаар 2019 оны 12 сар болоход шинэ өвчин гарсан. Ямар ч хүн хүлээж авахгүй, Засгийн газраас энэ өвчний талаар ямар шийд гарах нь уу, түүний дараа ярина, энэ хооронд хүү, алданги тооцогдохгүй гэж нэг эмэгтэй ажилтан гарч ирж уулзаад явсан. Үүнээс хойш 2 жил өвчин, карантин гээд зээлийн асуудлыг хүлээн авч шийдвэрлээгүй. Тусгай активын хэлтсийнхэн алга болохоор нь дахиад 2021 оны 12 дугаар сард өөрөө очсон. Ингэж уулзаж байж л миний материал Н.Чулуунтуяа гэх ажилтанд шилжсэн гэдгийг мэдсэн, дахиад л материал гаргаж өгөөч, 3.750.000 төгрөгөө 18 сарын хугацаатай, сард 210.000 төгрөг төлөөд яв гээд надаар бичүүлж авсан. Банкинд материал өгөхөд гарын үсэг зуруулж байгаагүй, Банкны харуул дээр очиход дуудаж өгдөг, гэрч ирээд хариуцсан ажилтан нь гарч ирж авдаг байсан. Мөн зээлийг хөнгөлөх хүүг зогсоох боломжгүй гэж надад огт хэлж байгаагүй. Хэрэв хүү зогсоох боломжгүй, зээлийн эрсдэлийн санд хамруулах боломжгүй гэж үзсэн бол энэ тухайгаа надад 2017, 2018 онд мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл таны асуудлыг шийдэж өгнө гэж явсаар байгаад сая 2022 онд хариуг надад өгсөн. Намайг үндсэн зээлээ 7 хоногийн дотор төлбөл зээлийг хаана гэсэн. Гэтэл надад ийм боломж байхгүй. *******ны ажилтнуудын хариуцлагагүйгээс болж иргэд хуулийн ойлголтгүй, өрөвдмөөр байдалд орж хохирсон. Маш их гомдолтой байна. Үнэн байдлаа л би уулзсан ажилтан бүрд хэлж, шаардсан материал бүрийг нь 5-6 удаа гарган өгч байсан. Би өөрийн авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 3.741.063 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Харин гал гарч ийм хүнд нөхцөл байдалтай болсноо мэдэгдсэнээс хойших хугацааны үндсэн хүү 5.699.141 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 969.915 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 734 тоот эрх олгосон тушаал, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн хүү тооцооллын хүснэгт, оршин суух хорооны засаг даргын тодорхойлолт, Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01062 дугаар эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр хуулбараар тус тус ирүүлжээ. /хх 3-9, 30-33/

Хариуцагчаас нотлох баримтаар: Гал түймэр гарсан тухай 2017 оны акт, шинжээчийн дүгнэлт, гал түймрийн улмаас шатаж үрэгдсэн эд зүйлийн үнэлгээ, *******ны салбарт хандсан 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн, тусгай активын хэлтэст хандсан 2018 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн хүсэлт, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбараар, Их өргөө ХХК-ийн гэрээ байгуулах тухай албан бичиг хуулбараар, Ерөнхий прокурорын газраас өгсөн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газраас өгсөн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас хуулбараар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/223 тоот албан бичиг хуулбараар, гэрэл зурагнууд, *******ны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хариу зэргийг ирүүлжээ. /хх 20-24, 51-68/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Голомтбанк ХХК нь Э.Эрдэнэчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.410.120 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээл олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул гаргуулна, гал гарсан тухай материалыг 2021 оны 10 дугаар сард хүлээн авсан, үүнээс өмнө хүсэлтийг хүлээж авсан баримтгүй, төлбөрийн чадваргүй гэсэн хэрнээ өөр газраас зээл авсан, гал гарахаас өмнө төлж дуусгах боломжтой байсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч үндсэн зээл төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: 2017 оны 2 дугаар сард гал гарч орон гэр шатсаны улмаас төлбөрийн чадваргүй болсон, энэ тухайгаа банкинд 2017 оны 4 дүгээр сараас хойш удаа дараа хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй, хариуг өгөөгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас Голомтбанк ХХК, нөгөө талаас******* нар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 6.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч жилийн 26,4 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдол нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр 1205106455 тоот Зээлийн гэрээг байгуулжээ. /х 6-7/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, гэрээний хугацааг сунгаагүй гэдэгт зохигчид мөн маргаагүй.

4.2.2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богины амны 2 дугаар гудамж 69 тоотод гал гарч иргэн Г.Энхжаргал, Д.Энэбиш,******* нарын эзэмшлийн 9*10 хэмжээтэй байшин, эд хогшил шатаж 340.301.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Нийслэлийн онцгой байдлын газрын 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрйн 95/399 тоот гал түймэр гарсан тухай акт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 122/399 тоот дүгнэлт зэргээр тогтоогджээ. /хх 20-21/

4.3.Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл хариуцагч энэ хугацаанд нийт 3.388.519 төгрөг төлсөн, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээл төлөөгүй, гэрээний хугацааг зохигчид сунгаагүй болох нь зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдсон.

5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 3.741.063 төгрөг, хүү 5.699.141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 969.915 төгрөг тус тус гаргуулахаар шаардсанаас хариуцагч үндсэн зээл 3.741.063 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч хугацаа хэтэрч хуримтлагдахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан тул зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол нэн даруй шаардах эрхтэй хэмээн заажээ.

Хэрэгт хариуцагчаас гал гарсны улмаас зээл төлөх чадваргүй болсон үндэслэлээр хүүг зогсоох, банкны эрсдэлийн санд хамруулах, үндсэн төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид хандсан 2017 оны 3 дугаар сарын 04-ний, 2018 оны 3 дугаар сарын 17-ны, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өргөдөл баримтаар авагджээ. Үүнээс нэхэмжлэгч сүүлчийн өргөдлийг хүлээн авсан, өмнөх хүсэлтийг хүлээж аваагүй гэж тайлбарласан.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд болоод талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс харьцуулан үзвэл гэрээний хугацаа дууссан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлдэгчээс зээл буцаан төлөхийг шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүйгээс гадна зээлдэгчийн удаа дараагийн бичгийн хүсэлтийг хүлээн аваагүй гэж үзэхэд учир дутагдалтай, мөн гал гарсан үйл баримт тогтоогдсон тул маргааны энэ тохиолдолд зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хоёр дах өргөдлийг өгснөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, хуулгаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны зээлдэгчийн төлөөгүй үлдэгдэл үндсэн зээл 3.741.063 төгрөг, хүү 1.967.753 /3.090.267- төлсөн 1.122.514/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.189 /356.257 -төлсөн 7.068/ төгрөг байх тул хариуцагчаас нийт 6.058.006 төгрөг /3.741.063+1.967.753+349.189/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримтлан*******ээс 6.058.006 /зургаан сая тавин найман мянга зургаан/ төгрөг гаргуулж, Голомтбанк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.352.114 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181.512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 111.878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ