Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/01383

 

 

 

 

 

 

2022 07 25 210/МА2022/01383

 

 

Г. ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 181/ШШ2022/00972 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г. ХХК -ийн хариуцагч Э.Э т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,410,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, хариуцагч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Э.Э 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Г. ХХК -тай ЗГ1205106455 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа болно. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,741,063 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,699,141 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 969,915 төгрөг, нийт 10,410,120 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч Э.Э ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Банкнаас зээл авсан нь үнэн. Өмнө нь зээл авч хугацаанд графикийн дагуу төлж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сард гэр бүлийн өмчлөлийн 2 давхар дүнзэн байшин шатсан. Үүнээс гадна бид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхонд 3 өрөө орон сууцыг УИХ-ын гишүүн асан Д.А 2014 онд гэрээ байгуулан нурааж хохироосноос хойш өнөөдрийг хүртэл байргүй болсон. Гал гарснаас хойш 2017 оны 04 дүгээр сард банкинд хандаж хүсэлт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй удсан, тухайн үед зээлийн хүү зогссон эсэхийг тодруулж асуухад та өргөдөл гаргаснаар хүү зогссон гэж хэлсэн. Ингээд миний асуудлыг шийдвэрлэхгүй нэхэмжлэгч байгууллага өөрсдөө удаашруулсан бөгөөд 2019 оны 12 дугаар сараас ковид цар тахал гарч хөл хорио тогтоосны улмаас зээлийн асуудлыг хүлээн авч шийдвэрлээгүй. Банкны ажилтан Н.Чулуунтуяатай уулзахад 3,750,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сард 210,000 төгрөг төлөөд яв гээд надаар бичүүлж авсан. Банкинд материал өгөхөд гарын үсэг зуруулж байгаагүй. Мөн зээлийн хүүг зогсоох боломжгүй гэж хэлж байгаагүй. Хэрэв зээлийн хүү зогсоох болон эрсдэлийн санд хамруулах боломжгүй гэж үзсэн бол энэ тухайгаа надад 2017, 2018 онд мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл таны асуудлыг шийдэж өгнө гэж явсаар байгаад 2022 онд хариуг надад өгсөн. Намайг үндсэн зээлээ 7 хоногийн дотор төлбөл зээлийг хаана гэсэн. Гэтэл надад ийм боломж байхгүй. Голомт банкны ажилтнуудын хариуцлагагүйгээс болж хохирч байна. Г. ХХК -д удаа дараа хандсан боловч асуудлыг шийдвэрлэхгүй хугацааг хойшлуулсан. Одоо үндсэн зээл 3,741,063 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин гал гарсан нөхцөл байдалтай болсноо мэдэгдсэнээс хойшхи хугацааны үндсэн хүү 5,699,141 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 969,915 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э ээс 6,058,006 төгрөг гаргуулж, Г. ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,352,114 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 111,878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,352,114.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх уг мөнгийг хэрэгсэхгүй болгохдоо үндсэн хүүгийн төлбөрөөс 3,731,388.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 620,726.05 төгрөг тус тус хассан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.5, 3.1.5-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй. Хариуцагч олдохгүй, хаягтаа байхгүй байсан учраас эрэн сурвалжлуулсан. Э.Э нь шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан учраас банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь банкинд удаа дараа өргөдөл гомдол гаргаж байсныг хүлээж аваагүй тухай баримтыг шүүх хүлээн авч, хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь зээлийн талаар банкинд хандаагүй атлаа зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримталж байгаа шийдвэр гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2015 онд зээл авсан нь үнэн. Зээлийн төлөлтийг хэвийн төлж байсан боловч миний эд хөрөнгөд гал гарч, оршин суух хаяг өөрчлөгдсөн, энэ талаар банкинд мэдэгдсэн. Г. ХХК -ийн тусгай активын хэлтэст өргөдлөө гаргасан. Тухайн үед зээлийн хүүг зогсоогоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс 2,700,000 орчим төгрөгийн хүүг төлөхөөр шийдвэрлэсэн. Мөн миний оршин сууж байсан хороо дахин төлөвлөлтөд орсны улмаас нүүсэн, сураггүй алга болсон асуудал байхгүй. Мөн хариуцагчийн өгсөн баримтыг шүүх хүлээж авсан боловч нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулаагүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нотлох баримтуудыг гаргаж өгөх эрх нь нээлттэй байхад гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г. ХХК нь хариуцагч Э.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,410,120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 3,741,063 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч Э.Э нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...2017 онд манай гэр бүлийн эзэмшлийн дүнзэн байшин шатсан, тухайн үед банкинд хандаж энэ талаар мэдэгдэж зээл хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч миний өргөдлийг шийдвэрлээгүй, банкны ажилтнуудын хариуцлагагүйгээс болж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцуулсан, ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийг төлж чадаагүй... гэж тайлбарлажээ. /хх16-19/

 

3. Г. ХХК , Э.Э тэй 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 6,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн үйл баримт хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх6-7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4. Хариуцагч Э.Э ийн эзэмшлийн Голомт банк дахь 1205106455 тоот дансны хуулга болон Зээл, зээлийн хүүгийн тооцоолол-оос үзэхэд зээлдүүлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн, харин зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-иар харилцан тохиролцсон төлбөрийн үүрэгт 3,388,519 төгрөг төлсөн, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи хугацаанд эргэн төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдож байна. /хх8-9/

 

5. Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагч Э.Э ийг нэхэмжлэгч Г. ХХК -тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буюу түүний гүйцэтгэвэл зохих үүргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл 3,741,063 төгрөг, зээлийн хүү 5,699,141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 969,915 төгрөг, тус тус гаргуулахаар шаардсанаас хариуцагч үндсэн зээл 3,741,063 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 6,058,006 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлаагүйг залруулан шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

6. Хариуцагчийн тайлбарт дурдагдсан ...байшин шатсан, банкны ажилтны буруутай үйлдэл хүү нэмэгдэхэд хүргэсэн, ковид-19 цар тахал гарсан зэрэг нөхцөл байдлууд нь зээлдэгчийг хууль болон гэрээгээр хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан.

 

Гэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 5 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нэмэгдсэн байдлыг харгалзан үзэж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байсан болон зээлдэгчээс зээлдүүлэгчид 2 дахь өргөдөл гаргаж байсан 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол хийснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. /хх32-33, 51-55/

 

Анхан шатны шүүхээс хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй гэрээгээ зөрчсөөр байхад нэхэмжлэгч тал гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 4,352,114 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...452.1 гэсний дараа, 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,584 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН