Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01021

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01021

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,*******  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 581.408.605 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов. Хариуцагч нар хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Англи байшин ХХК,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 581.408.605 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч******* *******тай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 141 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулан 459.000.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, сар бүр 3.827.707 төгрөг төлөх эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний үүргийг батлан даагч хариуцахтай холбоотойгоор банк 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 141/01 тоот батлан даалтын гэрээг******* ХХК-тай байгуулсан. 141 тоот орон сууцны зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-д заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч*******гийн ******* дах харилцах дансанд 459.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр 3.827.707 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй боловч 2017 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Зээлдэгч нар гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 17.557.472 төгрөг, хүүнд 20.168.512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29.894 төгрөг, нийт 37.755.880 төгрөг төлсөн.

"*******" ХХК зээлдэгч нараас 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анх зээлийн гэрээний үүрэгт 481.304.863 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 431 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/XT2019/00922 тогтоолоор "...Нэхэмжлэгч хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон баримт хэрэгт байхгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолд "...Ц.Онон, "Англи байшин" ХХК нар зээлийн гэрээг хугацаандаа биелүүлэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч гэрээг зөрчсөнөөс гадна холбогдох хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд "*******" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй" гэж тодорхой дурдсан байдаг.

Банкны зүгээс зээлдэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй. Банк зөрчил арилгах нэмэлт хугацаа олгож 2019 оны 7 дугаар сарын 10-нд, 2019 оны 9 дүгээр сарын 20-нд, 2019 оны 10 дугаар сарын 01-нд, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд, 2020 оны 3 дугаар сарын 16-нд, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-үүдийг зээлдэгчид тус тус хүргүүлсэн. Мөн зээлдэгчийн зүгээс банкинд зөрчил арилгах хугацаа олгох хүсэлтийг 2018 оны 8 дугаар сарын 28-нд, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд, 2020 оны 8 дугаар сарын 14-нд, 2020 оны 12 дугаар сарын 18-нд, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичгээр тус тус гаргаж байсан. Банкнаас удаа дараа "Мэдэгдэл-ийг өгч, утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг үндэслэн орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 441.442.527 төгрөг, үндсэн хүү 139.257.426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 708.652 төгрөг, нийт 581.408.605 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс эвлэрэх талаар ярьдаг ч өнөөг хүртэл ямар нөхцлөөр хэрхэн эвлэрэх талаар тайлбар, саналыг гаргаагүй тул эвлэрэх боломжгүй гэж үзсэн гэв.

2.Хариуцагч*******гоос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Паркнайн ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, Хан-Уул дүүргийн нүхтийн ам, Паркнайн хотхоны 4 дүгээр байрны 01 тоот хаягт байрлах 150 мкв байрыг захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Гэрэний дагуу ажлын хөлс 510.000.000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаанд 50.000.000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 459.000.000 төгрөгийг *******наас зээл авах байдлаар төлнө гэж тохиролцсон. Гэрээ байгуулах үед байрны 90 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд байрны гэрчилгээ нь 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэгчийн нэр дээр гарсан байсан бөгөөд *******ны зээлийн барьцаанд байгаа талаар гүйцэтгэгч нь хэлж байсан. Улмаар гүйцэтгэгч нь *******наас авсан зээлээ хугацаанд нь зохих ёсоор, бүрэн төлж чадаагүй тул барьцаа хөрөнгө буюу миний амьдарч буй орон сууц нь банкинд шилжсэн гэх тайлбарыг гүйцэтгэгч өгдөг. Гэтэл нэхэмжлэгч нь надтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдвөл зохих үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэв би төлбөрөө төлсөн тохиолдолд үл хөдлөхийн гэрчилгээгээ хэрхэн, яаж, хэнээс авах нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Банкны удирдлагуудтай хэд, хэдэн удаа уулзаж энэхүү нөхцөл байдлаа хэлэхэд энэ талаар гэрээ байгуулж боно гэж байсан. Хэрэв банктай энэ талаар тохиролцоонд хүрч чадвал шүүхэд үүссэн иргэний маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж харж байна гэжээ.

3.Хариуцагч******* ХХК-иас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У.Ононгийн зээл авах тухай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт, зээл олгосон мемориалын баримт, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 141 тоот орон сууцны зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн 141/01 тоот батлан даалтын гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 10, 2019 оны 9 дүгээр сарын 20, 2019 оны 10 дугаар сарын 01, 2020 оны 01 дүгээр сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 16, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-үүд, 2018 оны 8 дугаар сарын 28-нд, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд, 2020 оны 8 дугаар сарын 24-нд, 2020 оны 12 дугаар сарын 18-нд, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээл төлөх тухай хүсэлтүүд, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, харилцах дансны хуулга, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00922 дугаар тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 3-45/

Хариуцагч******* болон Англи байшин ХХК-иас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 56, 57, 120/

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/03645 дугаар шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14/02 тоот Батлан даалтын гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Y-2206018935 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01969 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 317 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/XT2021/01391 дүгээр тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 84-109, 116-118/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Англи байшин ХХК,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 581.408.605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээл олгосон, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, зээл төлөх нэмэлт хугацааг тогтоосон ч төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч*******гийн зүгээс татгалзлын үндэслэлээ: Зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байрны өмчлөл шилжиж ирээгүй, тус банкны барьцаанд байгаа, банктай эвлэрэх хүсэлтэй гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас******* нар 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 459.000.000 төгрөгийг 240 сарын хугацаатай орон сууц худалдан авахад зориулан шилжүүлэх, зээлдэгч жилийн 8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр 141 тоот Зээлийн гэрээ-г байгуулжээ. / хх 8-11/

Мөн өдрөө ******* ХХК болон******* ХХК нар харилцан тохиролцож, дээрх 141 тоот зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс бүрэн гүйцэтгэхээр 141/01 тоот Батлан даалтын гэрээ-г байгуулсан байна. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ байна. /хх 8-11, 12-13/

4.2.Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00922 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Англи байшин ХХК,******* нарт холбогдох нэхэмжлэлийг зээлдэгчид гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, одоогоор гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хх 33-45/

4.3.Хэрэгт баримтаар нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Паркнайн ХХК нар 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож,*******той байгуулсан дээрх 141 тоот зээлийн гэрээний үүргийг түүний худалдан авсан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнд заасан Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах орон сууцны 4-р байрны 01 тоот 150 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр гарах хүртэлх хугацаагаар түүний өмнөөс Паркнайн ХХК хариуцахаар 141/02 тоот Батлан даалтын гэрээ-г байгуулжээ. /хх 89/

4.4.Паркнайн ХХК болон Б.Мөнхтуул нарын хоорондох 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний зүйл болох Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах орон сууцны 4-р байрны 01 тоот 150 мкв талбайтай орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх авахаар тохиролцож Паркнайн ХХК, Б.Мөнхтуул,******* нар 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулжээ. /хх 85-87/

4.5.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01969 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 317 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/XT2021/01391 дүгээр тогтоолоор ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Паркнайн ХХК, Т.Эрдэнэбатхаан, Д.Ганхуяг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Уг шийдвэрт хариуцагч Паркнайн ХХК, Д.Ганхуяг нараас зээлийн гэрээний үүрэгт 2.742.087.816 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгохоор, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/, Нүхтийн зам 4 тоот хаягт байрших улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй дуусаагүй барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 90-109/

4.6.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/, Нүхтийн зам 4 тоот хаягт байрших 1967,99 мкв талбайтай дуусаагүй барилгын өмчлөгчөөр анх 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Паркнайн ХХК бүртгэгдсэн, хариуцагч*******гийн зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан орон сууц энэ барилгад хамаарч байгаа үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаагаар Паркнайн ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг тоот тус бүрээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, харин тус Паркнайн хотхон 4 дүгээр байрны 01 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгээгүй буюу өмчлөх эрхийг салгаж бүртгээгүй болох нь тогтоогдсон. /хх 85-89, 116-118/

5.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд хариуцагч маргаагүй.

Талууд гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан боловч хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл төлөөгүй, энэ хугацаанд үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 10-ны, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны, 2019 оны 10 дугаар сарын 01-ний, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны, 2020 оны 3 дугаар сарын 16-ны, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээл төлөх мэдэгдлүүдээр тогтоогдсон, улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээг цуцалж болохгүй нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх 14-24/

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцалсан гэж үзэх тул үндсэн зээл 441.442.527 төгрөг, хүү 139.257.426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 708.652 төгрөг, нийт 581.408.605 төгрөгийг хариуцагч*******гоос гаргуулж, нэхэмжлэгчид олгов. Хариуцагч******* зээл, хүүгийн тооцоололд маргаагүйг дурдав. /хх 25-30/

6.Батлан даалтын гэрээгээр батлан даагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, бусад зардал буюу төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр хамтран хариуцахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар******* ХХК-иас гаргуулах нь зүйтэй.

7.Хариуцагч*******гийн татгалзлын тухайд: Зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан орон сууцыг эрхийн улсын бүртгэлд салгаж бүртгэх ажиллагаа хийгдээгүй, өнөөг хүртэл Паркнайн ХХК-ийн өмчлөлд анх бүхэлд нь бүртгэсэн 1967,99 мкв хөрөнгөд багтаж байгаа, түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу Паркнайн ХХК-иас ******* ХХК-д төлбөл зохих зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг энэ хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

Барьцаалагч банк зээлдэгч Паркнайн ХХК-ийн барьцааны хөрөнгөнөөс тодорхой хэсгийг хариуцагчид салгаж худалдан борлуулах ажиллагаанд оролцож мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, батлан даалтын гэрээ байгуулсан нь тогтоогдсон.

Гэвч нэхэмжлэгч зөвхөн зээл төлүүлэхээр шаардсан, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хариуцагч хөрөнгөтэй холбоотой маргаанаа Паркнайн ХХК болон ******* ХХК-д холбогдуулан жич шаардах нь зүйтэй.

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Хариуцагч Англи байшин ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан байх боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/04851 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн, шүүхээс түүний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн шүүх хруалдаан давхацсан үндэслэлээр мөн өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж, түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан тул дахин энэ үндэслэлээр хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг баримтлан Ц.Онон, Англи байшин ХХК нараас 581.408.605 /таван зуун наян нэгэн сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.064.993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 3.064.993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ