Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01360

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01021 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч А- ХХК, Ц.О- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 581,408,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч нар нь Т- ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 141 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулан 459,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, сар бүр 3,827,707 төгрөг төлөх эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний үүргийг батлан даагч хариуцахтай холбоотойгоор банк 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 141/01 тоот батлан даалтын гэрээг А- ХХК-тай байгуулсан. 141 тоот орон сууцны зээлийн гэрээний 2.1.3-д заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Ц.О-гийн Т- ХХК дах харилцах дансанд 459,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр 3,827,707 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй боловч 2017 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Зээлдэгч нар гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 17,557,472 төгрөг, хүүнд 20,168,512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,894 төгрөг, нийт 37,750,880 төгрөг төлсөн. "Т-" ХХК зээлдэгч нараас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр анх зээлийн гэрээний үүрэгт 481,304,863 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Банкны зүгээс зээлдэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг үндэслэн орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 441,442,527 төгрөг, үндсэн хүү 139,257,426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 708.652 төгрөг, нийт 581,408,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: П- ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, Хан-Уул дүүргийн нүхтийн ам, П- хотхоны 4 дүгээр байрны 01 тоот хаягт байрлах 150 м.кв байрыг захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Гэрэний дагуу ажлын хөлс 510,000,000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаанд 50,000,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 459,000,000 төгрөгийг Т-наас зээл авах байдлаар төлнө гэж тохиролцсон. Гэрээ байгуулах үед байрны 90 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд байрны гэрчилгээ нь 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэгчийн нэр дээр гарсан байсан бөгөөд Т-ны зээлийн барьцаанд байгаа талаар гүйцэтгэгч нь хэлж байсан. Улмаар гүйцэтгэгч нь Т-наас авсан зээлээ хугацаанд нь зохих ёсоор, бүрэн төлж чадаагүй тул барьцаа хөрөнгө буюу миний амьдарч буй орон сууц нь банкинд шилжсэн гэх тайлбарыг гүйцэтгэгч өгдөг. Гэтэл нэхэмжлэгч нь надтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдвөл зохих үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэв би төлбөрөө төлсөн тохиолдолд үл хөдлөхийн гэрчилгээгээ хэрхэн, яаж, хэнээс авах нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Банкны удирдлагуудтай хэд, хэдэн удаа уулзаж энэхүү нөхцөл байдлаа хэлэхэд энэ талаар гэрээ байгуулж боно гэж байсан. Хэрэв банктай энэ талаар тохиролцоонд хүрч чадвал шүүхэд үүссэн иргэний маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж харж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.О-, А- ХХК нараас 581,408,605 /таван зуун наян нэгэн сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,064,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 3.064,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж зааддах журмаар гомдол гаргаж байна.

4.а.Анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд Ц.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч М.Болдмаагийн шүүх хуралдаанд оролцох ажил давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн өдөр шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргахад шүүх товын талаар зохигчтой санал солилцоогүй бөгөөд Ю.Батболд миний Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Ван Жигуаны шүүх хуралдаантай нэг өдрийн, нэг цагт давхцан товлогдсон, тус хурал нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр товлогдож, надад шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн байсан тул цаг хугацааны хувьд өмнө зарласан хуралдаа оролцох зарчмыг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн юм. Мөн Т-ны нэхэмжлэлтэй Ц.О- нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05511 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10.00 цагт товлосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан пшйдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дах хэсэгт заасан журмаар шүүхийн мэдэгдэх хуудас ирүүлээгүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж байгаад гомдолтой байна.

4.б.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлээгүй, эрх ашиг нь зөрчигдөж болохуйц этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч Ц.О- нь шүүхэд гаргасан тайлбартаа Т-ны орон сууцны зээлийн хөрөнгөөр авсан үл хөдлөх хөрөнгө нь өөрийн өмчлөлд шилжин ирээгүй, одоог хүртэл П- ХХК-ийн өмчлөлд нийтээрээ бүртгэлтэй байгаа тухай тодорхойлдог бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 6/3068 тоот албан бичгээр нотлогддог. Мөн хэрэгт авагдсан Т-, П- ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан батлан даалтын гэрээээр Ц.О-гийн зээлийн гэрээний үүрэгт батлан даалт гаргасан байх бөгөөд Ц.О-гийн орон сууцны зээлийн гэрээгээр авсан хөрөнгө нь аль хэдийн Т-ны үүргийн гүйцэтгэлийг хангахаар шилжсэн болох нь хэрэгт авагдсан П- ХХК нарт холбоотой шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хангалттай тогтоогдож байхад шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн талд илтэд үйлчлэн хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт гаргаагүй байна гэж үзэж байна. Учир нь П- ХХК нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд батлан даалт гаргасан, батлан даалт гаргасан хөрөнгийг шүүхийн шийдвэрээр Т-инд өгсөн байтал давхар Ц.О-гоор зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 581,408,605 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, орон сууцны зээлийг зээлдүүлэгч зориулалтын дагуу олгосон эсэх зэрэгт зөв дүгнэлт хийгээгүй байна. Мөн зээлийн гэрээний үүрэгт батлан даалт гаргасан П- ХХК, түүний төлөөлөгч Т.Эрдэнбатхааныг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч нарт удаа дараа шүүх хуралдаанд оролцох эрхийг нь олгож, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Тухайн хугацаанд хариуцагч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй оролцох, өмгөөлөгч авах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байсан. Нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 01 болон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хариуцагч нар гардаж авсан. Гардаж авснаас хойш хуулийн хугацаандаа хариу тайлбараа гаргаагүй. Иймд шүүхийн ажиллагааг хариуцагчийн зүгээс шүүхийн ажиллагааг санаатайгаар удаашруулсан. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хүрээнд төлбөр гаргуулах шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа тохиолдолд хариуцагч тал бие даасан эсхүл тусдаа шаардлага гаргах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч А- ХХК, Ц.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 581,408,605 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй хуулийн зүйл, заалт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

3.а.Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ХХК нь 459,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч А- ХХК, Ц.О- нар нь зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, орон сууцны зээлийн гэрээг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-11, 27-р тал/.

Мөн өдөр нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч А- ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь зээлдэгчийн үүргийг хариуцахаар тохиролцжээ. /хх-ийн 12-13-р тал/

 

4.Анхан шатны шүүх дээрх зээл болон батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

4.а.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 2.1.4, 2.4.5-д хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нар нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

4.б.Хариуцагч нар нь дээрх орон сууцны зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор, нэхэмжлэгч Т- ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн гэрээний үүрэгт 481,304,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг гурван шатны шүүх хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 922 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 33-45-р тал/

 

4.в.Дээрх орон сууцны зээлийн гэрээний хугацаа 2037 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусахаар байх боловч хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 27-30-р тал/. Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагчид 2019 оны 07 дугаар сарын 10, 2019 оны 09 дүгээр сарын 20, 2019 оны 10 дугаар сарын 01, 2020 оны 01 дүгээр сарын 06, 2020 оны 03 дугаар сарын 16, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус тус зээл төлөх талаар мэдэгдлүүдийг хүргүүлжээ. /хх 14-24/

 

4.г.Хариуцагч буюу зээлдэгч нар гэрээний дагуу эргэн төлөлтийн сөн, мөн банкнаас нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байх Т- 225 225.1 , үүргийг .

4.д.Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 581,408,605.99 төгрөг төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн байх тул хариуцагч А- ХХК, Ц.О- нараас 581,408,605.99 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

4.е.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ, шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан, мөн баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалт баримталсан байгааг залруулах шаардлагатай.

5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй, батлан даалтын гэрээ байгуулсан П- ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой байсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулж, эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэн, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

5.б.Энэ хугацаанд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан үйл баримт тогтоогдсон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх журамтай, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ. /хх-н 72, 113-114, 121, 126-127-р тал/

5.в.Түүнчлэн, нэхэмжлэгч Т- ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийг шаардсан, уг гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдүүд нь хариуцагч А- ХХК, Ц.О- нар байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний үүрэг шаардаагүй байна. Иймд батлан даалтын гэрээ байгуулсан П- ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой байсан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг баримтлан ... гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт тус тус зааснаар гэж,

2 дах заалтын ... 57 дугаар зүйлийн 57.3 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.О-гоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,064,993 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ