Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2020/00637

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2020/00637

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 1 дүгээр хэсэг гудамж, 059 тоотод оршин суух, Буурал Жамбалнямбуу овогт *******ын ******* /МЮ-61111512/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 1 дүгээр хэсэг гудамж, 059 тоотод суух, Гал овогт *******ийн ******* /МЮ-63122961/ нарт холбогдох

Зээлийн гэрээ цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 28,344,679,25 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Зээлдэгч М.*******, Д.******* нар нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ-4З25104111 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж дахин 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-4325104111-1 тоот зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийн цалингийн жилийн 20.4 хүүтэй 60 сарын хугацаатай нэмж авсан

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 231 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 24.646.982.32 төгрөг, зээлийн хүү 3.652.975.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 721.63 төгрөг, нийт 28.344.679.25 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэвээр байна.

Иймд зээлдэгч М.*******, Д.******* нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 28.344.679.25 төгрөгийг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч М.*******, Д.******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Иргэн М.*******, Д.******* бид Голомт банкны нэхэмжлэлтэй танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. М.******* би Болд Төмөр Ерөө Гол ХХК-д 2008 оноос эхлэн 2018 оны 11-р сар хүртэл хугацаанд тээврийн жолоочоор ажилласан юм. Бид Голомт банкнаас зээл авч зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч М.******* миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж ажлаа хийж чадахгүй болсны улмаас 2018 оны 10-р сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Миний хувьд болон манай эхнэр Д.******* бид нар банкнаас зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь төлөхийн тулд бүх л боломжоороо ажилласан. Манай эхнэр Д.******* банкны зээлийг төлөхийн тулд хил дээр жижиглэнгийн худалдаа хийдэг байсан. Гэтэл Ковид-19 өвчин гарснаас болж орлогын эх үүсвэр зогссон юм. Бид хэдийгээр зээлээ гөлж чадахгүй хүнд байдалд орсон ч гэсэн банкны итгэлийг алдахгүйн тулд бусад хүмүүсээс мөнгө түр хугацаагаар зээлж авч банкны зээлийг төлж байсан. Бид 2020 оны 3-р сар хүртэл зээлээ хуваарийн дагуу төлж байгаад орлогогүй болсны улмаас зээлийн гэрээний хуваарьт заасан төлөх ёстой 799.117.00 төгрөгийг гүйцэд төлж чадахгүй болж дутуу төлөлт хийж байсан боловч сүүлдээ аргагүй байдлаас болж зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн юм. Бид Голомт банканд хандаж зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй болсон тухай учир байдлаа хэлж тус шалтгаан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж өгөөч бид 2 тэтгэврийн мөнгөнөөсөө сар бүр 400.000 төгрөг тогтмол төлж байх бүрэн бололцоотой байна гэж хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй төдийгүй, өнөөдрийг хүртэл энэ хүсэлтийг минь шийдэж өгөөгүйд гомдолтой байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлахыг бид зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7-р сарын 30 -ны өдөр дуусах тул гэрээ цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөхгүй. Зээлийн гэрээг цуцлахгүйгээр зээлийн төлөлтийн хэмжээг сар бүр 400.000 төгрөгөөр л төлөөд дуусгах боломжтой. Өөр ямар ч боломж байхгүй! ... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Голомт банкны Сэлэнгэ салбар нь Ж.******* нарт холбогдуулж Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 28,344,679,25 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусах тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу боломжоороо сард 400.000 төгрөгийг төлөх боломжтой гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Учир нь: Зээлдэгч нар нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-4325104111 дугаартай Цалингийн зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, зээлдэгч нар нь цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.3 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчил тул банкны санаачилгаар 2020 оны 8 дугаар  сарын 28-ны өдөр хариуцагчаас 28,344,679,25 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч М.*******, Д.******* нарт 2017 оны 7 сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 8 сарын 14-ний өдөр нэмэлтээр 14,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Зээлдэгч нь  цалингийн зээлийн гэрээний  эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сараас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх  хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.3 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө  цуцалж, зээлдэгчээс цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Түүнчлэн зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй болохыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзэв.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн ЗГ-4325104111 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 24,646,982,32 төгрөг, зээлийн хүү 3,652,975,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,721,63 төгрөг, нийт 28,344,679,25 төгрөгийг хариуцагч Б.*******, Д.******* нараас гаргуулж, Голомт банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.*******, Д.******* нараас 28,344,679,25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,673,04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299,673,04 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ