Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2020/00072

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2020/00072

 

 

Голомт банкны Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00608/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /онлайн/ ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 637 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Тунгалаг, М.Чинзориг нарт холбогдох Зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 28,334,679.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч М.Чинзориг, Д.Тунгалаг нар нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ-4325104111 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж дахин 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-4325104111-1 тоот зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийн цалингийн жилийн 20.4 хүүтэй 60 сарын хугацаатай нэмж авсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 231 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 24.646.982.32 төгрөг, зээлийн хүү 3.652.975.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 721.63 төгрөг, нийт 28.344.679.25 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэвээр байна. Иймд зээлдэгч М.Чинзориг, Д.Тунгалаг нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 28.344.679.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Чинзориг, Д.Тунгалаг нар нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...М.Чинзориг миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж ажлаа хийж чадахгүй болсны улмаас 2018 оны 10-р сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Миний хувьд болон манай эхнэр Д.Тунгалаг бид нар банкнаас зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь төлөхийн тулд бүх л боломжоороо ажилласан. Манай эхнэр Д.Тунгалаг банкны зээлийг төлөхийн тулд хил дээр жижиглэнгийн худалдаа хийдэг байсан. Гэтэл Ковид-19 өвчин гарснаас болж орлогын эх үүсвэр зогссон юм. Бид хэдийгээр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орсон ч гэсэн банкны итгэлийг алдахгүйн тулд бусад хүмүүсээс мөнгө түр хугацаагаар зээлж авч банкны зээлийг төлж байсан.

Бид 2020 оны 3-р сар хүртэл зээлээ хуваарийн дагуу төлж байгаад орлогогүй болсны улмаас зээлийн гэрээний хуваарьт заасан төлөх ёстой 799.117.00 төгрөгийг гүйцэд төлж чадахгүй болж дутуу төлөлт хийж байсан боловч сүүлдээ аргагүй байдлаас болж зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн юм. Бид Голомт банканд хандаж зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй болсон тухай учир байдлаа хэлж тус шалтгаан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж өгөөч бид 2 тэтгэврийн мөнгөнөөсөө сар бүр 400.000 төгрөг тогтмол төлж байх бүрэн бололцоотой байна гэж хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй төдийгүй, өнөөдрийг хүртэл энэ хүсэлтийг минь шийдэж өгөөгүйд гомдолтой байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлахыг бид зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7-р сарын 30 -ны өдөр дуусах тул гэрээ цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөхгүй. Зээлийн гэрээг цуцлахгүйгээр зээлийн төлөлтийн хэмжээг сар бүр 400.000 төгрөгөөр л төлөөд дуусгах боломжтой. Өөр ямар ч боломж байхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 637 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинзориг, Д.Тунгалаг нараас 28,344,679,25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,673,04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299,673,04 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай...гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн 637 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагч Д.Тунгалаг би энэ гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж дүгнэж гэрээг цуцалж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Зээлийн гэрээ байгуулсны дараа манай нөхөр М.Чинзоригийн биеийн эрүүл мэнд нь муудсаны улмаас ажлаасаа чөлөөлөгдөж цалингүй болсон, Ковид-19 өвчин гарсантай холбогдуулан дэглэм тогтоосны улмаас хил дээр жижиглэнгийн худалдаа эрхэлдэг байсан Д.Тунгалаг миний орлого зогссон нөхцөл байдлуудаас болж манай гэр бүлийн хувьд банкны зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй болсон юм. Энэ хүндэтгэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд зээл төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлдөг 799.117.00 төгрөгийг 400.000 төгрөг төлдөг болгож багасган гэрээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэж Голомт банкинд хандаж хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Зээлдэгч бидний орлогогүй болсон байдал, цаг үеийн нөхцөл байдлыг шүүх анхааран үзсэн бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө заавал цуцлах үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Учир нь: Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заахдаа: Гэрээ байгуулсан үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-д заахдаа: Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн эдгээр заалтуудыг хэрэгжүүлэлгүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь хуульд харшлаагүй гэж үзэж гэрээг цуцалсанд гомдолтой байна. Манай зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7-р сарын 30-ны өдөр дуусах байсан юм.

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж 28.344.679.25 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хариуцагч бидний хувьд нэхэмжлэлд дурдсан зээлийн хүү 3.652.975.3 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь Голомт банкны зүгээс 3.652.975.3 төгрөгийн зээлийн хүүг ямар тооцооллоор бодож нэхэмжлэх болсон тухай тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй юм. Мөн зээлдэгч бидний хувьд зээлийн эргэн төлөлтийг боломжийнхоо хэмжээгээр төлж байсан учраас зээлийн хүү ямар байдлаар бодогдож 3.652.975.3 төгрөг болсонд эргэлзэж байгаа учир төлөхийг зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны үед хариуцагч би тайлбар хэлэхдээ: бидний зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 3-р сар хүртэл буюу 4 сарын хугацаагаар л сард 400.000 төгрөгөөр төлөхөөр болгож өгнө үү. Манай нөхөр М.Чинзоригийн тэтгэврийн зээл 2021 оны 3-р сард дуусна, энэ үеэс эхлэн нөхөр бид хоёр хоёулаа тэтгэврээ авч эхлэх тул банкны зээлийн эргэн төлөлтийг гэрээнд зааснаар урьд өмнө нь төлдөг байсан 799.117.00 төгрөгөөр хэвийн төлөөд явах болно гэж учир байдлаа хэлэхэд банкны төлөөлөгч зөвшөөрөөгүй юм. Банкны зээлийн гэрээ байгуулагдсаны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн нь тодорхой байхад шүүх цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 28.344.679.25төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бидний хүсэлтийг үндэслэж банкны зээлийн эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулж өгөх талаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нарын хувьд эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн, ковид өвчний үед гэр бүлийн хүн нь ажил эрхлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссээр байхад нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээндээ зохих өөрчлөлт оруулах, талаар хүсэлт гаргасаар байхад хүлээн аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон тухай нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг бүрэн хийгээгүй хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл нийт 231 хоног хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нартай зээл төлөх талаар уулзаж байсан боловч тэдгээрийн банканд тавьсан нөхцөлийг хүлээн авах боломжгүй байсан тул хүсэлтийг нь хүлээн аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ хариуцагч М.Чинзориг, Д.Тунгалаг нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 14-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл гэрээний үүрэгт 28.344.67932 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Д.Тунгалаг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 28.344.67932 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Гэтэл шүүх зээлдүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй болохыг хариуцагч зөвшөөрсөн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь хуульд харшлаагүй гэж хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үндсэн үүргээс хэдийг нь биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг ямар аргачлалаар хэрхэн тооцон гаргасан нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчээс тодруулаагүй, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзан зөвхөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий... байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 637 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН