| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2022/0739/З |
| Дугаар | 128/ШШ2023/0042 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0042
2023 01 11 128/ШШ2023/0042 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Т*************** ХХК Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, Хамтран хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Маргааны төрөл: Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б********, С.Д**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын ХВ-******* ХВ-******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах. Хоёр. Маргааны үйл баримтын талаар. 1. Ашигт малтмалын хайгуулын ХВ-***********, ХВ-************ дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 514 дугаартай шийдвэрээр Т************ХХК-д анх олгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 336, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 308, 311, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 283 дугаар шийдвэрээр нийт 3 удаа 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан. 2. Ашигт малтмалын хайгуулын ХВ-*********, ХВ-***********дугаартай тусгай зөвшөөрлийн 2020 оны ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. 3. : Т*************** ХХК -иас 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүйгээс цуцлагдсан, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэж өгнө үү” хэмээн хандсан. 4. Ашигт малтмал, газрын тосны газар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1/2875 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны 143 дугаар шийдвэрээр цуцалсан. Шийдвэрт гомдол гаргах хугацаа хэтэрсэн, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу өгсөн. Гурав. Маргаж буй үндэслэлийн талаар. 1.1 Нэхэмжлэгч : Т***************ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ: “: Т***************ХХК нь доорх мэдээлэл бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2008 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан. Үүнд: № Хаяг Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаар Гектар талбай 1 Дорноговь, Даланжаргалан, Далангийн гашуун ХВ-****** 914.81 2 Дорноговь, Даланжаргалан, Зүүн далан ХВ-******* 2145.77 Т*************** ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын "Далангийн гашуун" болон "Зүүн далан" гэх хоёр газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу бүх бичиг баримтын бүрдүүлж өгсний үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болсон. Үүний дагуу шаардлагатай хайгуулын ажлыг жил бүр гүйцэтгэн, бүх татварыг хууль тогтоомжийн дагуу төлж, шаардлагатай археологийн болон палеонтологийн судалгааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн болно. Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал миний бие 2020 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хүнд өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтад хэвтэн эмчлүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 15-аас ажилдаа орсон бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад цуцлагдсан тухай хэлсэн. Нэр бүхий шийдвэрийг танилцуулаагүй, гардуулаагүй учир энэ асуудлаар тус газарт хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан шийдвэрийг гардуулах, танилцуулахыг хүсээд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хандахад тусгай зөвшөөрөл маань цуцлагдсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг "Хуулбар үнэн" хувилбарыг 2022 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр гардан авсан болно. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тaxлaac урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт "Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх" гэж заасан бөгөөд цар тахлын хүндрэл болоод удирдлагын хүндээр өвчилсөн байдлаас шалтгаалан манай компанийн үйл ажиллагаа бүрэн сэргээгүй болно. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх материалыг хуульчилсан бөгөөд "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг хавсарган өгөхөөр заажээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын татвар бөгөөд манай компани дээр дурдсанаар татварыг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанд нь төлж чадаагүй юм. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа..." зэрэг шалтгааныг ойлгохоор хуульчилжээ. "Дээрх хүндээр өвдөж хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр буюу татвараа хугацаанд нь төлж чадалгүй тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж чадаагүй тул бидний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж, бидний хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг холбогдох баримтын хамт хүлээн авч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү" гэх агуулга бүхий өргөдлийг 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Уг өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 25- ний өдрийн 1/2875 тоот албан бичгээр манай" хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэж тайлбар өгч, дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа зэргийг огт харгалзаж үзэлгүй татгалзсан байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж зааснаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын манай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл нь тус эс үйлдэхүйд хамаарч байх юм. Эс үйлдэхүй нь татгалзсан шийдвэр болон огт шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээр илэрдэг бөгөөд манай тохиолдолд татгалзсан шийдвэр гарсан. Маргаан бүхий албан бичигт хугацаа хэтрүүлсэн тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Бидний хувьд хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай тул өргөдлийг шийдвэрлэж өгөөч гэх агуулгаар өргөдөл гаргасан гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг үнэлж дүгнэлгүй татгалзсан нь манай байгууллагын эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа үндэслэлгүй шийдвэр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад "захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ..." гэж нэхэмжлэлийн төрлийг тодорхойлсон байдаг. Даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь дараах хоёр хэлбэртэй байна. Үүнд: захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр акт байна гэж тайлбарласан байх бөгөөд манай тохиолдлын хувьд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө төлж чадаагүй тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгаж өгөх талаар холбогдох захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан байх тул бид татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. Даалгах нэхэмжлэл нь 1/ Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр юмуу эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон, 2/ Нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргах хангалттай үндэслэл байгаа бол үндэслэлтэй гэж үздэг. Тус тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь : Т*************** ХХК-ийн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвараа хугацаанд нь төлж чадаагүй тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан байх тул даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангаж байх юм. Энэ утгаараа "бидний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө хугацаандаа өгөөгүй" байдлыг судлахгүйгээр сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах хугацаа дуусгавар болсон гэж шууд хүлээж авахгүй байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох"-ыг хүссэн шаардлага үндэслэлтэй болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, Ашигт малтмалын тухай хуульд заасан "хугацаа сунгуулах өргөдөл, уг өргөдлийг гаргах хугацааны талаар болон хугацаандаа гаргасан, эс гаргасан талаарх" зохицуулалтын талаар маргахгүй байна, харин өөрт нь тохиолдсон учир шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй, уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар гаргасан өргөдлийг үндэслэлтэй шийдвэрлээгүй талаар маргаж байна. Маргаан бүхий энэ тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д "өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх" талаарх албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг зөрчигдсөн байна. Үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг шүүхээр даалгаж шийдвэрлэх үндэслэл болж байна. Захиргааны актын эрх зүйн үр дагавар шууд бий болгох гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн тайлбар 3-т "Захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдэд ямар нэг эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцааны үр дүнд нэгэнт хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул эрх зүйн харилцааны нөгөө субъектэд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэнэ. ... Өргөдөлд татгалзсан шийдвэр байж болно." гэж тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл бид дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг "хүндэтгэн үзэх шалтгаан"-аар хэтрүүлсэн учир тус шалтгаанаа тайлбарлан, тусгай зөвшөөрлөө сунгуулахыг хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл тус албан бичгээр “хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэж хариу өгсөн нь эрх зүйн шууд үр дагавар бий болгож байгаа буюу нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэх үндсэн эрхийг шууд зөрчсөн эрх зүйн үр дагаврыг бий болгож байх тул тус захиргааны актын тус шинжийг хангаагүй гэж үзсэн шүүгчийн шийдвэр нь үндэслэлгүй байна. Иймд Т*************** ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, : Т*************** ХХК -ийн эзэмшдэг ХВ-******, ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацаа хэтрүүлсэн тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлагыг хамтран хариуцагч нарт хамааруулж гаргасан. 2019 онд 3 жилийн хугацаатайгаар сунгуулсан. Гэтэл 2020 онд тусгай зөвшөөрлийг цуцалсан тул ашиглаж чадаагүй 2 жилийн хугацаагаа ашигламаар байна гэж хандсан. 2020, 2021 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гээд цуцлагдсаныг сүүлд мэдсэн. Хүндэтгэн үзэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй байсан. Нөхөж төлөх гээд тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай өргөдөл гаргатал уг өргөдлийг хүлээж авахгүй, шийдвэрлэхгүй байна. Ашигт малтмал газрын тосны газарт : Т*************** ХХК-иас хүргүүлсэн гэх баримтуудаас хэрэгт дутуу ирсэн гэх гаргуулах баримт байхгүй. Баримтууд нь ирсэн байна. Нэмж гаргаж өгөх, бусдаас гаргуулах нотлох баримт байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт ямар шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүй талаар дурдаж, мөн тусгай зөвшөөрөл цуцлахдаа манай компанид мэдэгдэл хийгээгүй байж яагаад цуцалсан, цуцалсан шийдвэр байгаа эсэх, манай компанийн асуудлыг шийдвэрлэх эсэх талаар аман хэлбэрээр тодруулж хандсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн. Үүний дагуу бид Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд заасан тухайн захиргааны актыг гаргасан дээд шатны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж тусгай зөвшөөрлийн төлбөрөө яагаад төлж чадаагүй талаар тайлбарлан, тусгай зөвшөөрлийг цуцлахдаа манай компанид мэдэгдээгүй учраас 2 жил ашиглаагүй зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэж 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргатал 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхгүй гэсэн хариу ирүүлсэн. Үүнээс үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийсэн гэдэг нь харагдана. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай. Уг эс үйлдэхүй хэрхэн илрэх вэ гэхээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/2875 албан тоотоор “өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл гаргасан өргөдөлд хариу тайлбар өгөхгүйгээр шууд хүлээж авахаас татгалзсан гэсэн үг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шийдвэрлэхгүй орхигдуулж буй нь эс үйлдэхүйн шинжийг хангаж байгаа. Улмаар эс үйлдэхүй хууль бус гэж үзээд, хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу өргөдлийг хүлээж авч шийдвэрлэж өгөхийг даалгах шаардлага гаргасан. Мөн хууль бус хэмээн үзэж буй нь нэгдүгээрт, сунгуулах өргөдөлд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул шийдвэрлэж өгөх боломжтой эсэх талаар хандсан. Гэтэл өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэхгүйгээр шууд хүлээж авахаас татгалзсан, өөрөөр хэлбэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасан. Гэтэл бидний гаргасан өргөдлийг шийдвэрлэхээр хариу өгөөгүй тул үүргээ зөрчиж байна гэж үзсэн. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө яагаад төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж, шаардлагатай материалуудыг хавсаргаад шийдвэрлүүлэх гэтэл хүлээж авахгүй, шийдвэрлэхгүй гэж татгалзаж буй нь төрийн байгууллаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ зөрчиж байна. Гуравдугаарт, нэгэнт хууль бус эс үйлдэхүйгээр татгалзсан шийдвэр байвал тухайн шийдвэрийг гаргахыг захиргааны байгууллагад даалгах гэж нэхэмжлэлийн зүйлийг тодорхойлсон байдаг. Иймд татгалзаж буй эс үйлдэхүй хууль бус учраас : Т***************ХХК-иас гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагчаас 12 жилийн хугацаанд 3 удаагийн сунгалт хийлгэсэн гэж ярьж байна. Захиргааны байгууллагын гаргах шийдвэрийн агуулгад бид маргаагүй, анх бидэнд хариу өгөхдөө тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгалт хийж, нийт 12 жил тусгай зөвшөөрөл эзэмшсэн тул гэж хариу өгөөгүй. Бид Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан тул тусгай зөвшөөрлийг ашиглаагүй 2 жилийг сэргээж өгнө үү гэж хүссэн. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй, шийдвэрлээгүй. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбарыг өгснөөр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа.” гэв. 2.1 Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн гашуун нэртэй 916 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын (*******) ХВ-*********дугаартай тусгай зөвшөөрлийг, Зүүн далан нэртэй 2145,77 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын (******) ХВ-****** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 514 дугаартай шийдвэрээр : Т*************** ХХК-д анх олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй" гэж заасны дагуу : Т*************** ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******, ХВ-******** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 336 дугаар шийдвэр, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 308, 311 дүгээр шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 283 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 удаа сунгуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон хайгуулын ажлын 12 жилийн хугацаа 2008 оноос 2022 онд дуусгавар болсон. Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө." гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй тул төрийн захиргааны байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 8/1447 дугаартай албан бичгийг : Т*************** ХХК -д хүргүүлсэн. : Т*************** ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална." гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална", 56.1.2 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 143 дугаар шийдвэрээр цуцалж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 8/1969, 8/1970 дугаартай албан бичгүүдээр мэдэгдлийг хүргүүлсэн. Т***************ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн "Хүсэлт гаргах нь" 001 дугаартай албан бичгээр агентлагийн даргад хүсэлт гаргасны дагуу төрийн захиргааны байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/2875 дугаартай албан бичгээр "... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах бөгөөд захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна..." гэсэн хариуг хүргүүлсэн. "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" мэдэгдлийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хандаагүй мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3 дахь хэсэгт "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан бөгөөд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн нөхцөл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 143 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тул эзэмшигч биш болно. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад эзэмшигч байх шаардлагатай. Гэтэл тусгай зөвшөөрлийг цуцалсан байхад сунгуулах хүсэлт гаргах боломжгүй. Нэхэмжлэгч Т*************** ХХК тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдлөө маягтын дагуу гаргаж үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, тайлан төлөвлөгөө зэргийг бүрдүүлэх ёстой. Ийм хавсаргасан баримтуудгүй сунгуулах өргөдөл гаргасан гээд байна. Хүсэлт гаргах, хугацаа сунгуулах өргөдөл гаргах хоёр өөр. Түүнчлэн 2008 онд тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу 2011, 2014, 2019 онд 3 удаа сунгуулсан, 12 жилийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул дахин сунгуулах боломжгүй.” гэв. 2.2 Хамтран хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: : Т*************** ХХК -ийн гаргасан тус компанийн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, : Т*************** ХХК -ийн эзэмшдэг XB-******, ХВ********** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах" утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1/ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг "Далангийн гашуун" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-******** дугаартай тусгай зөвшөөрлийг, мөн сумын нутаг "Зүүн далан" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-********* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газраас 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр : Т***************ХХК-д анх олгожээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" эрхтэй" гэж заасны дагуу : Т*************** ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XB-******, ХВ-****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2011, 2014, 2019 онуудад 3 удаа сунгуулсан байна. 2/ Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж хуульчилсан. Нэхэмжлэгч дагуу : Т*************** ХХК ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******, ХВ-0****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т заасны дагуу 3 удаа сунгуулсан тул дахин сунгуулах эрхгүй юм. : Т*************** ХХК нь дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг дахин сунгуулах боломжгүй гэж мэдэж байсан тул төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын XB-********, XB-********дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг гаргаж байгаагүй байна. 3/ Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу : Т*************** ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул ашигт малтмалын хайгуулын ХВ-********0, XB-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэжээ. : Т*************** ХХК 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай газарт хандсан "хүсэлт гаргах тухай" албан бичигт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/2875 тоот албан бичгээр "...ХВ-*******, ХВ-********* тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд алдангийн хамт бүрэн төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг хүргүүлсэн байна. 4/ Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” үндэслэлээр : Т*************** ХХК -ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Эс үйлдэхүйтэй холбоотой тайлбар хэлье. Нэгдүгээрт, хавтаст хэргийг судлах явцад нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөөгүй болох нь харагдсан. Учир нь нэхэмжлэгч компанийн захирал Б.О******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-нд : Т*************** ХХК -ийг эзэмших эрхтэй болсон бөгөөд тусгай зөвшөөрөл нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цуцлагдсан байна. Иймд тусгай зөвшөөрөлгүйгээр зөвхөн компанийг шилжүүлж авсан байна. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгч компани 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрийн захиргааны байгууллагад хандсан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдолд аман болон бичгэн хариу өгч болно гэсний дагуу амаар хариу өгч шийдвэрт хуулбар үнэн тэмдэг дарж хариу өгсөн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан эс үйлдэхүйн шинж байхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрийн байгууллагад сунгуулах өргөдлийг өгсөн гэх боловч энэ нь сунгуулах өргөдөл биш. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 12 жил байна. Уг хугацааны турш 3 удаа сунгуулахаар зохицуулсны дагуу 3 удаа сунгасан байх тул дахин сунгуулах боломж байхгүй. Энэ тухайгаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрийн захиргааны байгууллагаас “хугацаа дууссан, 12 жилийн хугацаанд 3 удаагийн сунгалт хийлгэсэн” хариу өгсөн. Гэтэл нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг өөрөөр тайлбарлаад байна. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл аман эсхүл бичгэн хэлбэрээр хариу өгөөгүй байгааг эс үйлдэхүй гэж үзэхээр зохицуулжээ. Төрийн байгууллагаас шийдвэрлэх боломжгүй байна гэж бичгээр хариу өгчихсөн байхад үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “хүндэтгэн үзэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүйн улмаас цуцлагдсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/2875 тоот албан бичгээр “хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу өгснийг өргөдлийг хүлээж авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хэмээн үзэж хууль бус болохыг тогтоолгохоор, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт болон тус газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь “өргөдөл гомдлыг хянан үзэж үндэслэлтэй шийдвэрлэж хариу өгөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүрэгтэй тул хүндэтгэн үзэх шалтгаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус” гэж маргаж, хариуцагч нар нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан, цуцалсан шийдвэрт гомдол гаргах хугацаа дууссан, хуулиар тогтоосон сунгагдах боломжтой хугацаа дууссан, хугацаа сунгуулах өргөдлөө маягтын дагуу хуулиар тогтоосон материалууд хавсаргаж гаргаагүй тул хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, энэ талаар бичгээр хариу өгсөн тул шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй” гэж тайлбарлажээ. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 1. Маргаанд хамаарах ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр цуцалсан байх бөгөөд энэ шийдвэртэй маргаж гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч энэ шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ийнхүү 2 жилийн өмнө цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах боломжгүй. 2. Хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хугацааг хэдэн удаа сунгуулах эрхтэйг, хугацаа сунгуулах өргөдлийг хэдийд, хэрхэн гаргахыг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Тухайлбал 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар “3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй” бөгөөд : Т*************** ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-********, ХВ********* дугаартай тусгай зөвшөөрлүүд 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 514 дугаартай шийдвэрээр тус компанид анх олгогдсоноос хойш 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 336, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 308, 311, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 283 дугаар шийдвэрээр нийт 3 удаа сунгуулсан, өөрөөр хэлбэл үүнээс цааш хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хууль зүйн боломжгүй тул хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. 3. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2-т заасан "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-т заасан "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-т заасан "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт"-ыг тус тус хавсаргахыг заасан. Цуцлагдсан, хүчин төгөлдөр биш тусгай зөвшөөрлийн хувьд дээрх ажиллагаа хийгдэхгүй бөгөөд дээрх баримтуудыг хавсаргаагүй тус компанийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг маягтын дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргаагүйн дээр 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан 01 тоот албан бичигтээ аливаа баримт хавсаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудыг тухайн үед бүрдүүлсэн байсан талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, өөр бусад этгээдээс энэ талаарх баримт гаргуулах хүсэлт гаргаагүй. 4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж ойлгоно. Тус компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот албан бичгээр гаргасан “хүндэтгэн үзэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүйн улмаас цуцлагдсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/2875 тоот албан бичгээр “хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу өгсөн байх тул “өргөдлийг хүлээж авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж үзэхгүй. Ашигт малтмал, газрын тосны газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх” хугацааны дотор буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өргөдөлд 5 дугаар сарын 25-ны өдөр бичгээр хариу өгсөн байна. 5. Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д заасан өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргээ хариуцагчаар тодорхойлогдсон Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгжүүлж, тухайн тусгай зөвшөөрлүүд хэдийд олгогдсон, цуцлагдсан үндэслэл, түүнд гомдол гаргах хугацаа хэтэрсэн талаар болон хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгчээ гэж шүүх үзлээ. 6. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах нөхцөл шаардлага болохыг хуулиар тогтоосон. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцална.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах нөхцөл, шаардлага болохыг, энэ нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, төлбөрөө алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах, хайгуулын тухайн шатны ажлын төлөвлөгөө, гүйцэтгэсэн тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан баталгаажуулах, хүргүүлэх зэрэг хангуулах нөхцөл шаардлагууд бий. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч : Т*************** ХХК нь маргаанд хамаарах 2 тусгай зөвшөөрлийн 2020 оны төлбөрийг төлөөгүй атал ийнхүү 2020 онд цуцлагдсаныг 2022 онд мэдсэн хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй. 7. Тусгай зөвшөөрлүүд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цуцлагдсанаас 1 жил гаруйн хойно тус компанийн гүйцэтгэх удирдлага 2021 оны 8 дугаар сарын 13-нд өөрчлөгдсөн байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл түүнийг өвчний улмаас ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгаа нь энэ хэрэгт хамааралгүй, түүнчлэн түүнийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өвчний учир ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгаа энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлүүдийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаанд хамааралгүй, өмнө нь тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан иргэн тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтдээ гаргаж өгөөгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 8. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд хуулиар тогтоосон боломжийн хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулиар тогтоосон журмын дагуу гаргаж байж хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлагыг шүүх шийдвэрлэх ба энэ маргаанд хамаарах 2 тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах хугацаа байхгүй, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл шаардлагыг хангаагүйгээс цуцлагдсан, цуцалсан шийдвэр хүчинтэй байхад үлдэх хугацааг сэргээн эдлүүлэх үндэслэлгүй байх тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлага мөн хангагдахгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, 16 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг баримтлан “ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, ХВ-********* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” тухай : Т*************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ