Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02526

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02526

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Р.Алтантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХТ  ХХК.

Хариуцагч: Ж.Х

Хариуцагч:  ФЗТ ХХК

Хохиролд 15,094,474 төгрөг гаргуулах хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

Хариуцагч ФЗТ ХХК-ийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбарыг гаргасан тул оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХТ ХХК нь хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК-нд холбогдуулж хохиролд 15,094,474 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Г.А нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХТ ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 19-нд ... тоот ам долларын гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 31-нд ... тоот рублийн гэрээг ОХУ-ын РТТ ХХК-тай байгуулан, захиалгын гэрээ сантехникийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт импортлон оруулж ирдэг болсон. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ээлжит захиалга хийж, төлбөрийг шилжүүлсэн бөгөөд энэхүү захиалгын татан авалтыг хийх үед 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол, Орос улсын хооронд ачаа тээвэрлэдэг жолоочийн асуудлыг шийдвэрлэдэг иргэн Н.М холбогдсон бөгөөд тэрээр ... мкуб ачааны хэмжээтэй Ж.Х эзэмшлийн автомашинаар хүргэх санал тавьж зуучилж өгсөн. Ж.Х нь гадаадаас Монгол улс руу том машин оруулж ирж байгаа, ачаагүй хоосон гэсэн тул түүнтэй тээврийн хөлсийг тохиролцож ачаагаа ачсан. Тээврийн хөлсийг Монголд ирсэн хойно төлөхөөр тохирсон юм. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ж.Х итгэмжлэгдсэн жолооч Беларус улсын иргэн К.С.В жолоодон Москва хотоос гарсан байдаг. Тус автомашин нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн ослын улмаас саатаж манай компаний бараа материал гэмтэж, дутуу ирсэн. Иргэн Ж.Х нь манай бараа материалыг хариуцах эзэнгүй хаяж явж өөрийн эзэмшлийн автомашиныг засварын газарт засуулаад Монгол улсад аваад ирсэн. Нэхэмжлэгч нь Ж.Х Монгол улсад ирсний хойно осол болсоны дараа нийлүүлэгч РТТ ХХК-тай холбогдон ... мкуб ачааны багтаамжтай автомашинаар осолдсон газрын кузов засварын газраас Новосибирск хотын үйлдвэр хүртэл ачуулахад тээврийн зардал, ачилт буулгалтын хөлс 152,543 рубль төлж өөр ачааны автомашинд ачуулан импортолсон. Энэхүү барааг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхийн тулд захиалгын хэмжээгээ нэмж 30 мкуб бараа захиалсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Эдгээр барааг буухаас урд өдөр нь Ж.Х утсаар холбогдон маргааш нь гааль дээр ирж бараатайгаа танилцан, тоо ширхэгээр нь хүлээлцсэн акт хийе гэсэн боловч ирээгүй. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Х уулзаж барааны бүртгэлээр дутсан барааны тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар мэдэгдэж, холбогдох зураг материалуудыг түүнийн өөрийнх нь цахим хаяг руу илгээсэн. Энэ үед Ж.Х нь учирсан хохирлыг арилгана гэж амаар мэдэгдсэн. Хариуцагчийн өмгөөлөгч бараа материал ачуулсан гэдэгт маргахгүй байна. Нэхэмжлэгч ийм хэмжээний бараа материал дутсан гэдгийг Оросын талын нийлүүлэгч РТТ ХХК-тай тооцоо нийлж акт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулсан. ФЗТ ХХК нь Ж.Х гэж хүний автомашиныг зуучлан Монгол улсад оруулж ирсэн тул хариуцагчаар оролцож байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ж.Х нь ХТ ХХК-тай тээвэрлэлтийн харилцаанд орсон гэдэг нь хангалттай нотлогддог. Тээврийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр хэлцэл тул хэлцлийн үндсэн дээр шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т зааснаар хохиролд хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК-наас 15,094,474 төгрөгийг тэнцүү хувааж нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч Ж.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Х үүргээ биелүүлээгүй учраас компанид хохирол учруулсан гэж тайлбарладаг боловч ямар үүрэг хүлээсэн нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтаар Ж.Х холбогдож гэрээ байгуулж, санал тавьсан нэг ч баримт байхгүй. Т.М дамжуулсан гэж байгаа боловч Т.М нь энэ улсуудыг холбож өгөөд гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ж.Х нь ФЗТ ХХК-тай холбогдож ачаа ачих талаар санал гаргаж байгаагүй. Ж.Х нь том машин захиалж машинаа Монгол улсад ирэхийг хүлээж байсан. Гэтэл машин осолдсон мэдээг сонсоод даруй Орос улс руу явж машинаа засварт өгөхөд машинд тодорхой хэмжээний ачаа байсан. Гэхдээ хэний ямар ачаа байсан гэдгийг мэдэхгүй учир тэнд нь орхиод явсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг ямар ч тохиролцоо байхгүй. Захиалсан тээврийн хэрэгсэлд замаас нь өөр хүмүүс бараа материал ачаад хил хүргүүлэх ч гэдэг юм уу тийм зүйл байсан байж болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учирсан бол учруулсан этгээд өөрөө гэм хорын хохирлыг барагдуулахаар заасан. Тодруулбал Беларусь улсын иргэн жолооч К.С.В учруулсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг энэ хүнд итгэмжлэл өгөөгүй. Энэ машин яаж ирж байгаа талаар Ж.Х мэдээлэл байхгүй. Зөвхөн машинаа Монголд ирэхэд нь хүлээж авах хүн. Хэрэгт авагдсан баримтаар ачаа тээврийн баримт буюу тухайн ачааг ачсан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн баримт дээр тээвэрлэгч нь Ч.А.Н гэдэг хүн бичигдсэн. ХТ ХХК-ийн бараа осол болсон үед эсвэл ослын газраас цааш ачигдах үед хаана нь алга болсон нь тодорхойгүй. Акт үйлдсэн гэдэг боловч ачаа нь Монголд ирснээс хойш нэхэмжлэгч компаний 3 ажилтан баримт үйлдсэн. Өөрөөр ямар ч тооллого байдаггүй. Осол болсноос хойш 2 сарын дараа Ж.Х луу ямар нэг зурвас тайлбаргүй бараа материалын зураг бүхий мэйл явуулсан. Өөрийн захиалсан машиныг гадаадаас ирэхийг хүлээж байсан хүн хохиролыг хариуцах үүрэг хүлээгээгүй гэв.

3. Хариуцагч ФЗТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны гишүүн байгууллага бөгөөд Европын холбооны улсын гишүүн байгууллагуудаар дамжин худалдан авсан автомашиныг ТИР дэвтрийн тусламжтай хил гаалиар нэвтрүүлдэг болно. Иргэн Ж.Х нь ... ТИР дэвтэр ашиглан ХБНГерман улсаас S. SK... маркийн WS..... аралын дугаартай цагаан өнгийн хөргүүртэй чиргүүл, V F. маркийн YV.... аралын дугаартай хөх өнгийн чирэгчийн хамт оруулж ирсэн нь үнэн болно. Иргэн Ж.Х нь тухайн үед өөрийн эзэмшлийн автомашины зам тээврийн ослын талаар болон ямар нэгэн бараа материал тээвэрлэсэн талаар компанид мэдээлэл өгөөгүй. Иймд иргэн Ж.Х хувь хүний тохиролцооны асуудлыг манай компаний зүгээс хариуцах үндэслэлгүй гэж үзэн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул тайлбарын хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч ХТ ХХК нь Оросоос захиалга хийсэн. Бараа материалын баримт зөрсөн. Бараа ачих талаар Н.М санал болгосон. Машиныг Орос хүн барьж явж осол гаргасан. Ж.Х нь осол болоход өөрийн машиныг янзалж Монголд ирсэн. Хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК нь хувь тэнцүүлж хувааж төлөх нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.

5. Нэхэмжлэгчээс барааны жагсаалт, Олон улсын ачаа тээврийн хуудас, РТТ ХХК болон ХТ ХХК-ийн хоорондын 2020 онд харилцан тооцоо нийлсэн акт, төлбөрийн нэхэмжлэх, ХТ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр осолдсон гэх тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг, гэрчээр Б.М мэдүүлэг авч, М.Б Б нэртэй фейсбүк хаягт шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т зааснаар хохирол шаардана хэмээн шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь ачаа бараа тээвэрлэх гэрээ байгуулагдаагүй тул үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ХТ ХХК нь ОХУ-ын РТТ ХХК-наас сантехникийн бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг бөгөөд өмнө нь өөрийн импортын ачааг ачиж оруулж ирсэн гэх Т.М 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр фейсбүк чатаар холбогдон Т.М нь 2020 оны 07 дугаар сарын 31, 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд ачааны автомашины зураг болон тээвэрлэгч Ч.А.Н, Беларусь улсын жолооч К.С.В нарын паспортын зургийг явуулж, нэхэмжлэгчээс машины эзэн Ж.Х холбогдох тухай харьцсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба Ж.Х эзэмшлийн ачааны автомашинд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Е дүүргийн Л суурингаас Монгол улс гэсэн томилогдсон маршрутын дагуу бараа материалыг ачин тээврийн хэрэгслийг Беларусь улсын иргэн К.С.В жолоодон явахдаа 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Москва-Челябинскийн зам дээр осолд орж, ачааг зорьсон газарт хүргэх боломжгүй болсон.

Уг ачааг илгээгч нь ОХУ-ын РТП ХХК, ачаа хүлээн авагч нь ХТ ХХК, дамжуулан тээвэрлэгчийн нэр Ч.А.Н гэсэн олон улсын ачаа тээврийн хуудас 2020 оны 08 дугаар сарын 06, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус үйлдсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж ачааг цааш зорьсон газарт нь хүргэхийн тулд .... чиргүүлтэй Маз .... тээврийн хэрэгсэлд ачааг шилжүүлж тээврийн хэрэгслийг сольсон болох дээрх үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Олон улсын ачаа тээврийн хуудас, шаардлагатай газарт гэх нэртэй баримт, гэрч Т.М мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-9-13, 17, 175-176/

4.2. Олон улсын ачаа тээврийн хуудас гэх баримтаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн ... тоот хавсаргасан баримт бичгийг үндэслэн ачаа илгээгч РТР ХХК, ачаа хүлээн авагч ХТ ХХК, тээвэрлэгч Ч.А.Н нар харилцан үүрэг хүлээж тээвэрлэлт хийхээр тохиролцсон болох нь Олон улсын ачаа тээврийн хуудас гэх баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан тул хохиролыг хувь тэнцүүлэн гаргуулна гэж тайлбарласан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэх баримтгүй, гэрээ байгуулагдсан болох үйл баримт тэдний тайлбар, баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК, нэхэмжлэгч ХТ ХХК-ийн хооронд ачаа тээвэрлэх гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нар хохирол төлөх үүрэгтэй болох нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар хохирол шаардах эрхгүй байна.

4.3. Иймд хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК-нд холбогдох хохиролд 15,094,474 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ХТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5. Иргэдийн төлөөлөгчийн хариуцагч Ж.Х, Форевер зуун транс ХХК нь хувь тэнцүүлж хохиролыг хувааж төлөх нь зөв гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т зааснаар хариуцагч Ж.Х, ФЗТ ХХК-нд холбогдох хохиролд 15,094,474 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ХТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,423 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА

 

Х.ЭНХЗАЯА