Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00278

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00278

 

 

 

ХТ-ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03305 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХТ-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х, болон ФЗТ- ХХК-д холбогдох 15,094,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,, хариуцагч Ж.Х,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

ХТ-ХХК 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Оросын холбооны улсын РТТ ХХК-тай гэрээ байгуулж, захиалгын дагуу сантехникийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирдэг болсон. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бид бүхэн ээлжит захиалгаа хийж, төлбөрийг шилжүүлсэн. Энэхүү захиалгын татан авалтыг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.М-тай утсаар холбогдоход 90 метр кубийн ачааны хэмжээтэй автомашиныг Ж.Х, Орос улсаас оруулж ирэх гэж байна, энэ автомашинд ачаа ачуулах уу гэх санал тавьсан. Уг саналын дагуу Б.М- биднийг Ж.Х,тай холбож өгсөн бөгөөд Ж.Х,ын тээврийн хэрэгсэлд 8,500,000 төгрөгөөр ачаад Монгол улсад ачаа буусны дараа төлбөрөө  авъя гэж тохирч ачуулахаар болж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ж.Х,ын захиалсан тээврийн хэрэгслийг түүний итгэмжлэгдсэн Беларус улсын жолооч жолоодон Москва хотоос замдаа гарсан. Гэтэл тус автомашин Монгол улс руу ирж байх замдаа 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орос улсын нутаг дэвсгэрт осолд орж манай ачааг жолооч хаяж явсан. Бид нийлүүлэгч компани РТТ ХХК-тай холбогдож тус компани бараа бүтээгдэхүүнийг очиж авч Оросын үйлдвэр рүү татан авалт хийсэн. Тухайн ослоос шалтгаалж манай компанийн захиалсан нэр төрлийн бараанууд гэмтэж, дутуу ирсэн. Бид Ж.Х,тай удаа дараа холбогдоод ачаа бараа тоолох саналыг тавьж байсан боловч Ж.Х, ирээгүй. Автомашин осолдох үед Орос улсын цагдаагийн газар хэргийн газрын үзлэг хийхэд автомашины эзэмшигч ФЗТ- ХХК бүртгэлтэй байсан.

           Иймд хариуцагч Ж.Х,, ФЗТ- ХХК-аас дутуу ирсэн барааны үнэ 8,840,211 төгрөг, ачаанд нэмж төлсөн 6,254,263 нийт 15,094,474 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.Х,ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Б.М- ХТ-ХХК-тай харилцан тохиролцоод, Ж.Х,тай ярилцаж байсан боловч ямар хэмжээний барааг, хаанаас, хэзээ тээвэрлэх талаар яриагүй. Автомашин осолдсоны дараа Ж.Х, бараа бүтээгдэхүүн ачиж явж байгаад осолдсоныг нь мэдсэн. Нэхэмжлэгч ачаа барааг хэдэн төгрөгөөр хэзээ ачих талаар Ж.Х,тай харилцан тохиролцоогүй, ачааг Ж.Х,ын автомашинд дур мэдэн ачуулсан байсан. ХТ-ХХК, РТТ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд тээвэрлэлтийг хэн хариуцах, тээвэрлэлтээс үүсэх үр дагаврыг хэн хүлээх талаар дурдаагүй байна.

        2.2.  Хавтас хэрэгт авагдсан баримтууд дунд гарын үсэг дутуу, орчуулга буруу хийгдсэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд авагдсан байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ачилтын баримт дээр тулгаж ачилтын зөрүүг гаргасан боловч ослын дараа ХТ-ХХК, РТТ ХХК-тай холбогдож үйлдвэрт барааг буцааж, 10 дугаар сард дахин ачааг тээвэрлэсэн. Гэвч Орос улсын осол болсон газарт байсан барааг ачихдаа ямар хэмжээний бараа байсан талаарх тооллого хийхгүй үйлдвэр рүү ачсан тул тооллого зөрүүтэй  байх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дутсан бараа гэж тусгасан боловч уг бараа дутсан бараа юу? эвдэрсэн бараа юу? гэдэг нь тодорхой бус хэргийн бодит үйл баримт нотлогдоогүй, ХТ-ХХК, Ж.Х, нарын хооронд байгуулсан тохиролцоо байхгүй. ХТ-ХХК, Б.М-тай холбогдож дур мэдэн ачаа ачсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ФЗТ- ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

ОХУ-аас ирсэн баримтад манай компанийн нэрийг оролцуулсан учир нь тээврийн хэрэгслийн чиргүүл манай компанийн нэр дээр орж ирдэг. Хэрэв ачаа ачих тохиолдолд манай компанитай гэрээ хийж, олон улсын даатгалд хамрагдаж байж ачаа ачдаг. Автомашинд чирч байгаа чиргүүл ачаа гэж хилээр орж ирдэг тул энэ нь манай компанид хамааралгүй бөгөөд зөвхөн хил гааль дээр манай компанийн нэрийг ашигладаг тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХТ-ХХК, манай компанитай гэрээ байгуулж, тохирсон зүйл байгаагүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Х,аас 15,094,474 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХТ-ХХК-д олгож, хариуцагч ФЗТ- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,423 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 233,423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.а. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хурлын үеэр нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулан Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг бөгөөд энэ нь тус шүүх хурлын тэмдэглэлийн 5 дахь талд авагдсан байна. Ж.Х, нь тухайн гэм хорыг хариуцах үүрэг хүлээх этгээд биш юм.

5.б. "Хос тэгш" ХХК нь Монгол улс руу ирж байсан Ж.Х,ын захиалсан машинд замаас нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг дур мэдэн ачсан байдаг. "Хос тэгш" ХХК нь ажлын шугамаар урьд холбогдож байсан Б.М- гэх хүнтэй холбогдож, Ж.Х,ын автомашин нь газраар ОХУ-ын хил дайрч явахыг мэдсэн тул түүний захиалсан автомашинд өөрийн бараагаа дур мэдэн замаас нь ачсан. Ж.Х, болон "Хос тэгш" ХХК-ийн хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй, энэ талаар болон бусад асуудлын талаар хэлэлцэж тохирч байсан зүйлгүй, урьдаас огт холбоо тогтоож байгаагүй бөгөөд гагцхүү ослоос хоёр сарын дараа Ж.Х,ын и-мэйл хаяг руу ямар ч бичсэн зурвасгүй зураг ирснээс өөр холбоо тогтоосон зүйлгүй байдаг.

5.в.Төлбөр тооцооны асуудлыг хэлэлцсэн, өгч авалцсан үйл баримт ч байдаггүй. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдааны үеэр ямар ч баримтгүйгээр талууд 8,500,000 төгрөгөөр тээвэрлэлт хийхээр тохирсон, ослын газраас Новосибирск рүү 6,254,263 төгрөгөөр барааг буцааж ачсан гэдэг. Гэтэл ослын газраас Новосибирск хүртэл зайнаас даруй 4-5 дахин их зам туулах ОХУ-ын Леличи тосгоноос Монгол улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийн зардал нь хэрхэвч 8,500,000 төгрөг байх боломжгүй. Хэрэв талууд тээвэрлэлт хийхээр тохирсон бол дээрх 6,254,263 төгрөгөөс даруй 4-5 дахин их төгрөгөөр тээврийн зардлыг тохиролцсон байх байсан.

5.г. Нэхэмжлэгч "Хос тэгш" ХХК нь тооллогын баримтыг үйлдэхдээ 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ачилтын баримт бичигтэй тулгасан бололтой харагддаг. Гэвч нэхэмжлэгч нь ослын дараа "РТТ" ХХК-тай холбогдож Новосибирск хотын үйлдвэрт барааг буцааж, тухайн үйлдвэрээс 10 дугаар сард дахин тээвэрлэсэн гэж байгаа тул ослын газар үйлдсэн баримтыг 10 дугаар сарын ачилтын баримттай тулгах нь зохистой юм. Цаашлаад 15,094,474 төгрөгийн хохирол учирсан гэх тооцооллыг гаргасан дээрх тооллогод хоёр тал оролцоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

3. Нэхэмжлэгч "Хос тэгш" ХХК нь хариуцагч Ж.Х,т холбогдуулж хохирол 15,094,474 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд заасан гэм буруугийн үндэслэлээр тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирол гэж тодруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. / хх-ийн 198 / Энэ тохиолдолд талуудын нотлох үүрэг ч өөрчлөгдөх юм.

4. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй үндэслэлээр буюу хохирол гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбож гэм хорын хохирол нэхэмжилсэн агуулгаар гаргасан байхад шүүх мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дангаараа хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

5. Мөн хэргийн 96-99 дүгээр талд авагдсан ОХУ-ын Челябинск мужийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын газрын шинжээчийн хэргийн газар үйлдсэн баримт бичгүүд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Х,аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ