Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2020/00638

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2020/00638

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 байр 221 тоотод оршин суух, эмэгтэй, Кросс ХХК-ийн захирал ******* овогт Лувсангомбын *******гийн /СТ-68100106/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суварга 18-7 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Сөрт Ундарга ХХК-ийн захирал Сутайн бумбат овогт Дагвын *******д /МЯ-61042201/ холбогдох

Үндсэн зээл, хүү, алданги нийт 6,295,200 төгрөг гаргуулах тухай, Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,440,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээндээ заасан. Гэтэл Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хугацааг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгуулахаар хүсэлт гаргасны үндсэнд гэрээг 3 сараар сунгаж өгсөн.

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний данс руу 2,500,000 төгрөгийг Д.******* /Бааска-с/ гэсэн нэрээр шилжүүлсэн нь энэ зээлд хамааралгүй юм. Учир нь Д.*******гийн дүү Д.Алтанчимэг нь байр авахаар Г.Баасанжав гэдэг хүнээр Зээлийн гэрээ хийлгэн зээл авсан бөгөөд зээлээ хугацаандаа төлөөгүй учраас би шүүхэд хандан анхан шатны шүүхээс хяналтын шатны шүүх хүртэл яваад Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлал энэ шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг Г.Баасанжавын төлөх ёстой төлбөрт оруулан тооцсон юм. Энэ 3 жил гаруй хугацаанд зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Миний зээлдүүлсэн 2,440,000 төгрөгийг дүү рүүгээ тэр өдөр шилжүүлсэн нь хамаагүй, би Зээлийн гэрээ хийж зээлээ өгсөн хүнээсээ л зээлээ нэхэмжилж байгаа. Энэ зээлсэн мөнгөө хэндээ шилжүүлж өгөх нь Д.******* эгчийн л асуудал. Иймд Д.*******гаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-нд заасан үндсэн зээл 2,440,000 төгрөг 9 сарын хүү 1,756,800 төгрөг, алданги 2,098,400 төгрөг нийт 6,295,200 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч надаас 3 жилийн дараа мөнгөө нэхлээ гээд байгааг ойлгохгүй байна. Миний бие нь бамбайн булчирхайн хорт хавдартай жил болгон л Солонгос Улс явж удаан хугацаагаар эмчилгээнд явдаг, би мөнгөө мессежээр болон бусад байдлаар нэхдэг байсан. Ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ... гэх.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.*******, манай дүү Д.Алтанчимэг харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулан миний данс руу 2,440,000 төгрөгийг шилжүүлж би 15 минутын дараа Д.Алтанчимэгийн данс руу шилжүүлсэн. Би 2,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.*******гийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээн дээр би гарын үсэг зурсан, зээл, хүү, алдангийг манай дүү төлнө гэж Л.******* манай дүү хоёр харилцан тохиролцсон нь надад хамааралгүй юм. Надаас яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Манай дүү мөнгөө төлсөн гэсэн. 3 жилийн дараа надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би энэ зээлсэн гэх 2,440,000 төгрөгийг аваагүй, надад мөнгө зээлэх шаардлага ч байхгүй. Би өөрөө дэлгүүр ажиллуулдаг. Би хүлээн зөвшөөрөхгүй би Л.*******гаас мөнгө аваагүй гэх.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа тайлбар гаргахдаа:

Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Л.*******гаас зээл авахдаа манай дүү Д.Алтанчимэг хотод орон сууц худалдан авахдаа урьдчилгаа мөнгийг энэ хүнээс зээлж авсан. Тухайн үед би хотод байсан юм. Манай дүү хамт ажиллаж байсан н.Нандин-Эрдэнэ, Г.Баасанжав, миний биеийг зээл авсан мэт гэрээнд гарын үсэг зуруулж, дансаар мөнгө оруулж гаргаж байсныг би сайн ойлгоогүй. Тухайн үед би Д.Алтанчимэг, Л.******* нараас асуухад надад Танд ямар ч хамаагүй, бид хоёрын хоорондын асуудал, санаа зовох зүйлгүй, та гэрээнд гарын үсэг зураад л данс руу шилжүүлсэн мөнгийг аваад өгөхөд л болно гэж тайлбарлаж байсан. Гэтэл Л.******* манай дүү болон биднийг хуурч Д.Алтанчимэг зээлээ төлсөн байхад хууран мэхэлж төөрөгдүүлэн, дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Иймд миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгч буюу хариуцагч Л.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* надаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан зээл авсан. Мөн зээлийн гэрээ сунгуулахад өөрөө бичиж сунгалтаа хийдэг байсан. Д.*******гийн яриад байгаа Д.Алтанчимэг, Г.Баасанжав нар нь надтай тус тусдаа Зээлийн гэрээ хийж мөнгө авсан. Харин Д.*******гаас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний данс руу Д.******* /Бааска-с гэсэн нэг л удаа шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Бааска гэж хүн төлөлт хийгдсэн байна гээд Г.Баасанжавын зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг оруулан тооцож хассан байгаа. Харин Д.******* бид хоёрын зээлийн гэрээ-нд заасан төлбөр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байсаар байгаа. Иймд Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь Д.*******д холбогдуулан ...Д.*******гаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-нд заасан үндсэн зээл 2,440,000 төгрөг 9 сарын хүү 1,756,800 төгрөг, алданги 2,098,400 төгрөг нийт 6,295,200 төгрөгийг нэхэмжилж байна... гэх, мөн хариуцагч Д.******* Л.*******д холбогдуулан ...Л.******* манай дүү болон биднийг хуурч Д.Алтанчимэг зээлээ төлсөн байхад хууран мэхэлж төөрөгдүүлэн, дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Иймд миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

1.Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулж, хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 03 сараар гэрээний хугацааг сунгасан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь өвчтэй байсан болох нь хэрэгт авагдсан Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас-д 2010 оны 05 дугаар сараас Бамбай булчирхайн хорт хавдар онош тогтоогдон 2010, 2016 онуудад Солонгос Улсад 2 удаа иод 131 эмчилгээнд орсон гэх Улсын Нэгдүгээр эмнэлгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/593 дугаартай Тодорхойлолт шүүх хуралдаанд нэхэмжлэгч ...Миний бие нь бамбайн булчирхайн хорт хавдартай жил болгон л Солонгос Улс явж удаан хугацаагаар эмчилгээнд явдаг, би мөнгөө мессежээр болон бусад байдлаар нэхдэг байсан... гэх тайлбар зэргээс үзэхэд хүнд өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар сэргээн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,440,000 төгрөгийг 06 сарын хугацаатай сарын 08 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгийн 05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээл олгох харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,440,000 төгрөгийг 06 сарын хугацаатай, сарын 08 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгийн 05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр гэрээ байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2,440,000 төгрөгийг Д.*******гийн данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкны Дэлгэрэнгүй хуулга-аар нотлогдож байгаа ба зохигчид нь мөнгө шилжүүлэн өгсөн, авсан, мөн хариуцагчийн хүсэлтээр Зээлийн гэрээ-ний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сар бүрийн 08 хувийн хүүтэйгээр сунгасан тал дээр маргаагүй болно.

 

Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээ-ний 3-д заасан Зээл авагч нь авсан зээл болон түүнд ногдох хүүг гэрээнд заасан хугацаанд зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, хүү, алдангийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.*******, манай дүү Д.Алтанчимэгтэй харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулан миний данс руу 2,440,000 төгрөгийг шилжүүлж би 15 минутын дараа Д.Алтанчимэгийн данс руу шилжүүлсэн. Би 2,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.*******гийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээн дээр би гарын үсэг зурсан, зээл, хүү, алдангийг манай дүү төлнө гэж Л.******* манай дүү хоёр харилцан тохиролцсон нь надад хамааралгүй юм...Би энэ зээлсэн гэх 2,440,000 төгрөгийг аваагүй, надад мөнгө зээлэх шаардлага ч байхгүй...хүлээн зөвшөөрөхгүй би Л.*******гаас мөнгө аваагүй гэсэн тайлбар гаргаж байгаа хэдий ч Д.******* нь Л.*******тай Зээлийн гэрээ байгуулан 2,440,000 төгрөгийг сарын 08 хувийн хүүтэй, 06 сарын хугацаатайгаар зээлдүүлж, мөн дахин бичгээр хүсэлт гарган Зээлийн гэрээ-г 3 сарын хугацаагаар сунгаж, гэрээнд заасан хугацаандаа үндсэн зээл 2,440,000 төгрөгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчин 3 жил гаруй хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөөгүй байх тул гэрээнийхээ үүргийг зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч нь шүүх хуралдаанд ...2,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.*******гийн данс руу шилжүүлсэн... гэх боловч энэ нь Г.Баасанжав гэдэг хүний зээлийн төлбөрт тооцогдсон болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дугаартай магадлалын Хянавал хэсэгт: ...Анхан шатны шүүх...Бааскагаас гэсэн 2,500,000 төгрөгийн баримтыг буруу үнэлж 2,500,000 төгрөгийг үүргээс хасаж тооцоогүй...Иймд дээрх 2,500,000 төгрөгийг...Г.Баасанжаваас төлөгдсөн төлбөр гэх үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн ба энэ нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөгийг *******, Бааска-с гэсэн байгаа нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар нотлогдож байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан 2,500,000 төгрөгийн шилжүүлэг нь зохигчдын маргаж буй Зээлийн гэрээ-нд заасан төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгч нь ...Л.******* нь Зээлийн гэрээ-ний 4 дэх заалтад алдангийг 05 хувь гэсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 заасан ...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05 хувиас хэтрэхгүй... гэж заасан байтал хуульд байхгүй 05 гэсэн хэмжээгээр алданги тооцсон байх тул алдангийг хэрэгсэхгүй болгох... гэсэн байгааг шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 0,5 хувь болгон үндсэн зээл 2,440,000 төгрөг түүний 06 сарын хүү нийт 3,611,200 төгрөгөөс тооцон гаргах, мөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгахдаа зөвхөн сар бүр 08 хувийн хүүтэй гэсэн байх бөгөөд зохигчид нь алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэн 3 сарын хүү 585,600 төгрөгийг тооцон гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-нд заасан үндсэн зээл 2,440,000 төгрөг, 09 сарын хүү 1,756,800 төгрөг, алданги 1,805,600 төгрөг нийт 6,002,400 төгрөгийг Д.*******гаас гаргуулан Л.*******д олгож, үлдэх 292,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3.Хариуцагч Д.******* нь талуудын хооронд хийгдсэн 2016 оны 06 дугаарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан, уг Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй илэрхийлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зохигчдын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /115,675+70,200/ нийт 185,875 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,002,400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 110,988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид нь олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03267 дугаартай шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №51 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны №001/ХТ2019/00679 дугаартай тогтоол, Хаан банкны Сэлэнгэ салбарын Л.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Д.*******г гэрчээр асуусан тэмдэглэл, улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3906-000206 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Хаан банк-ны Сэлэнгэ салбарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5675/569 дугаартай албан тоот зэрэг нь нотлох баримтаар авагдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

 

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус д зааснаар Д.*******гаас 6,002,036 төгрөг гаргуулан Л.*******д олгож, үлдэгдэл 292,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар Л.*******д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,675 төгрөг, Д.*******гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******гаас 110,988 төгрөг гаргуулан Л.*******д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА