Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01022

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01022

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Ачиткапитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, С.Чинбат -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 106.390.345 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ачиткапитал ББСБ ХХК*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106.390.345 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай байгууллага 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээгээр 49.700.000 төгрөгийг Сэнгэдоржийн Чинбатад сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьж зээлийн эргэн төлөлтөө хийхийг сануулж, фидуцийн гэрээнд заасан автомашиныг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа буюу бодитойгоор гаргуулан авах боломжгүй болсон тул зээлийн гэрээний үнийн дүнг мөнгөн хэлбэрээр нь гаргулахаар шүүхэд хандаж байна.

Хэрэгт баримтаар өгсөн энэ зээлийн гэрээний хүү, тооцооллоор нийт 17.158.852 төгрөгийг хариуцагч төлсөн. Тэрээр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 49.621.406 төгрөг, хүү 51.104.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.664.181 төгрөг, нийт 106.390.345 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү.

Хариуцагч Э.Онон энэ зээлээс гадна манай байгууллагаас хэд хэдэн удаа зээл авч, төлж байсан. Манай зүгээс уг зээлүүдийг төлж дууссан тул уг зээлийн гэрээний дагуу шаардаагүй, харин хамгийн сүүлд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа. Хариуцагч талаас баримтаар ирүүлсэн төлбөр төлсөн баримтууд өмнөх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 50.000.000 төгрөгийн зээлд тооцогдсон дүнгүүд байна. Үүнээс гадна дахин 2017 оны 10 сард нэг удаагийн 60.000.000 төгрөгийн зээл олгосон ч уг зээлийг удаагүй төлж дуусгасан байдаг. Хариуцагчийн хүсэлтийн дагуу өмнөх зээлүүдийн хүү тооцооллыг хэрэгт баримтаар өгсөн. Уг баримтад хариуцагчийн ирүүлсэн төлбөр төлсөн дүнгүүд тухайн өмнөх зээлд тооцогдсон нь харагдана. Иймд өмнөх зээлд төлсөн мөнгө энэ хэрэгт хамааралгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хэрэв хамгийн сүүлд төлбөр төлсөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл төлсөн баримт байгаа бол манай зүгээс тооцоонд оруулж хасахад татгалзахгүй. Зөвхөн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 400.000 төгрөг зээлд ороогүй гэдгийг зөвшөөрч байх тул үүнийг хасахад татгалзахгүй. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1.900.000 төгрөгийг зээлээс хасуулна гэж тайлбарлаж байгаа ч үүнийг барьцаа хөрөнгийн даатгалд төлсөн болох нь дансны хуулга дах утгад бичигдсэн байгаа. Хариуцагч нэхэмжилсэн гэрээнээс гадна бусад төлөгдсөн зээлийн дүнг оруулж тооцон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд зэлийн гэрээний 2.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т заасны дагуу зээлдэгчээс 106.390.345 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: С.Чинбат миний бие 78-38 УНУ дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 160.000.000 төгрөгөөр худалдаж авсан ба төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр Ачиткапитал банк ББСБ ХХК-д уг автомашиныг барьцаалан 6 сарын хугацаатай 50.000.000 төгрөгийн зээл авч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлж байсан. Миний бие өөрийн автомашинуудаа Л.Зууннаст гэдэг эмэгтэйд 2017 оны 7 дугаар сараас түрээсэлж байтал энэ эмэгтэй 2017 оны 12 дугаар сараас сураггүй алга болж, миний бие өөрийн 3, хамаатан найз нарын 3, нийт 6 автомашиныг алдаж, мөнгө санхүүгийн алдагдалд орсон, уг асуудлаар цагдаагийн байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргаж, хууль хяналтын байгууллага шалгаж байсан тул Ачиткапитал банк ББСБ ХХК-тай дахин 3 удаа гэрээ байгуулсан. Тухайлбал:

1.2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөг зээлж, Зээлийн гэрээ /№3Г-2017/35/, фидуцийн гэрээ /№ФГ-2017/18/ байгуулсан.

2.2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмж 30.000.000 төгрөг зээлж, ЗГ-2017/71 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Нэмж зээлж авсан мөнгөөрөө хуваарийн дагуу зээлийн төлбөр, зээлийн хүүгээ төлсөн.

3.2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-2017/35 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан /№3Г-2018/13/.

4.2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 49.700.000 төгрөгийг зээлж зээлийн гэрээ /№3Г-2018/64/, фидуцийн гэрээ /№ФГ 2018/34/ байгуулсан. Зээлж авсан мөнгөөрөө хуваарийн дагуу өмнөх зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж Зээлийн гэрээ /№3Г 2017/35/, фидуцийн гэрээ /№ФГ-2017/18/ болон зээлийн гэрээ /ЗГ 2017/71/-г тус тус хаасан.

Эрүүгийн 1806002940458 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, надад тээврийн хэрэгслийг олгохоор заасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээн шийдвэрлэсэн. Гэвч хэрэгт эд мөрийн баримтаар Б.Алтанзаяагийн хадгалалтад шилжүүлэн лацадсан байсан 78-38 УНУ дугаартай Ниссан Патрол автомашин алга болж өнөөг болтол хаана байгаа нь мэдэгдэхгүй, уг машин бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа.

Ачиткапитал банк ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа 78-38 УНУ дугаартай автомашин өнөөдрийн байдлаар Б.Алтанзаяад байгаа,******* миний бие гэмт хэргийн улмаас өнөөг хүртэл 4 жил 4 сарын хугацаанд уг тээврийн хэрэгслийг буцаан авч чадаагүй, ашиглаагүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Миний бие Ачиткапитал банк ББСБ ХХК-аас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөг, тус ББСБ-аас авсан зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр дахин 2 удаа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 49.700.000 төгрөгийг тус тус зээлэн, нийтдээ Зээлийн гэрээ 3 удаа, Фидуцийн гэрээ 2 удаа, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ 1 удаа байгуулсан.

Миний бие бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэж, гэр бүлийн амьжиргаандаа ашиглаж байсан өндөр өртөгтэй 3 тээврийн хэрэгслийг эрүүгийн хэргийн улмаас залуулж, санхүүгийн тэнцвэр алдагдан, төрийн байгууллагуудад татвар, нийгмийн даатгалын зэрэг өр төлбөр үүсч хуримтлагдан, улмаар банк банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, зээлийн хуу, алдангийн хэмжээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар өр зээлийн хэмжээ 500.000.000 гаруй болоод, сэтгэл зүйн дарамтанд орсон. Гэмт хэргийн улмаас Ачиткапитал банк ББСБ ХХК-тай удаа дараа байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж чадаагүй Иргэний хуулийн 17 дугаар бүлэг дэх Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал үүссэн, мөн иргэн******* миний бие эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байгааг анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Энэ хугацаанд тус байгууллагаас 187.581.066 төгрөг авч, 193.107.943 төгрөг төлсөн байна. Сүүлийн зээлийн гэрээгээр мөнгийг бодитоор хүлээж аваагүй тул өмнөх зээлийн гэрээ хамт тооцогдох ёстой. Иймд эрүүгийн хэрэг үүссэн өдрөөс гэрээг дуусгавар болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээлийн хүүг зогсоож, иргэн******* намайг үндсэн зээлийг төлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний хавсралт, мөн өдрийн фидуцийн гэрээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, зээлийн хүү тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө шилжүүлсэн бэлэн мөнгөний зарлагын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,*******ын иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрүүдийн зээл хүүгийн тооцооллын хүснэгтүүд, мөн өдрүүдийн зээл олгосон мемориалын баримт, зээл төлсөн депозит дансны хуулгууд зэргийг ирүүлжээ.

/1хх 3-13, 236-237, 2хх 11-53/

Хариуцагчаас нотлох баримтаар:Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1044 тоот магадлалаас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсууд, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хариу, С.Чинбатаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлт, тайлбар, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тайлбар, хүсэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гомдол, хүсэлтүүд, Мөрдөн байцаах албанд гаргасан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гомдол, хүсэлтүүд, Гурвангал эмнэлгийн эрүүл мэндийн акт, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-2017/35 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн фидуцийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-2017/71 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн фидуцийн гэрээ, ЗГ-2017/35 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-2018/64 тоот зээлийн болон мөн өдрийн фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа хуулбараар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/998 шийтгэх тогтоолын зарим хэсгээс, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын лавлагаа, нэхэмжлэгч байгууллагад гаргасан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт, шуудангийн баримт, зээлийн хүү тооцооллын хүснэгтүүд,*******ын оршин суух хаягийн лавлагаа, Засаг даргын тодорхойлолт, зээл төлсөн Хаан банк, Голомт банкны дансны хуулгууд, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 110 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2/814 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлсөн баримтууд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 2022 оны 03/358 тоот албан бичиг, шуудангийн магадлагаа, төлбөр авагчаас олгосон итгэмжлэл, хэрэг бүртгэлтийг нээх тухай тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоор тогтоосон, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолууд, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх мөрдөгчийн санал, ******* ХХК-иас цагдаад гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтууд, цагдаад гаргасан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх зээл хүүгийн тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 35 тоот, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 262 тоот прокурорын тогтоолууд, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 5/1278, 5/1351 тоот хариу мэдэгдэх хуудас, Мөрдөн байцаах албаны 2018 оны 11/4-5425, 11/4-6305 тоот хариу, 2018 оны 9 дүгээр сарын 10, 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, дуудан ирүүлэх хуудас, Б.Алтанзаяа оршин суудаггүй тухай хорооны тодорхойлолт, илтгэх хуудас, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд, эрүүгийн шүүхийн мэдэгдэх хуудас, илтгэх хуудас, хорооны тодорхойлолт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлт, өөрийн Хаан банк, Голомт банкны дансны хуулгууд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 606 тоот гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04-158/8644 тоот албан бичиг, гэрээ зэргийг ирүүлжээ.

/1хх 25, 26-111, 118-132,133-193, 197-202, 203-204, 214-216, 229, 247, 2хх 4, 69-84, 92-128, 132-176/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Ачиткапитал ББСБ ХХК нь*******ад холбогдуулан ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49.621.406 төгрөг, хүү 51.104.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.664.181 төгрөг нийт 106.390.345 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулна гэж шаардсан. Түүнчлэн урьд хэд хэдэн удаа хариуцагчид зээл олгосон, уг зээлүүдийг төлж дуусгасан тул энэ хэрэгт хамааралгүй, хариуцагчийн баримтаар ирүүлсэн төлбөр төлсөн баримтууд өмнөх зээлд хамаарна гэж тайлбарласан.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх бичгээр ирүүлсэн тайлбараас өөрөөр буюу нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан. Үүнд: ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй, өмнөх зээлийг төлсөн, нэхэмжлэгчээс авсан мөнгөн дүнгээс илүүг буцаан төлсөн, түүнчлэн гэмт хэргийн улмаас фидуцийн зүйлийг алдсан, уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэг талаас Ачиткапитал ББСБ ХХК, нөгөө талаас******* нар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 49.700.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 3,5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр тохиролцож ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг*******ын эзэмшлийн 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслээр хангуулахаар мөн өдрөө ФГ-2018/34 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулжээ. /1хх 3-7, 128-132/ Гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бэлнээр олгосон зарлагын баримт хэрэгт авагджээ. /1хх-12/

3.2.Үүнээс гадна зохигчид харилцан тохиролцож 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-2017/35 тоот гэрээгээр 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар, үүргийн гүйцэтгэлийг 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслээр хангуулахаар ФГ-2017/18 тоот фидуцийн гэрээг, энэ зээлийн гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгах, гэрээний бусад нөхцөл хэвээр байхаар тохирч 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулжээ. /1хх 118-122, 126-127/ Энэ гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 48.050.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн Голомт банкны дансны хуулга баримтаар авагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /2хх12/

3.3.Мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-2017/71 тоот гэрээгээр 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр тохиролцжээ. /1хх 124-125/ Энэ гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 29.850.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн Голомт банкны дансны хуулга баримтаар авагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /2хх 11/

3.4.Фидуцийн зүйл болох 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч******* 2017 оны 9 дүгээр сард бусдад өгч залилуулсан, тээврийн хэрэгслийг эрүүгийн хэргийн явцад хураасан, шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэсэн ч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч буцаан аваагүй байгаа үйл баримт хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/988 тоот шийтгэх тогтоол, магадлал, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол болоод тухайн эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 04-158/8644 тоот албан бичгүүдээр тогтоогдсон. /1хх 26-28, 142-144, 2хх 92, 122-123,127, 174-175/

4.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчдын хоорондох дээр дурдсан гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангасан гэрээ байна. Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээг бичгээр байгуулсан ч нэхэмжилж буй ЗГ-2018/64 тоот гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй, өмнөх зээлд суутгаж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Харин нэхэмжлэгч өмнөх зээлийн гэрээнүүд энэ хэрэгт хамааралгүй, тэдгээр зээлийг төлж дуусгасан, ЗГ-2018/64 тоот гэрээний дагуу шаардаж байгаа хэмээн тайлбарласан. Улмаар өмнөх зээл хүүгийн тооцооллыг баримтаар ирүүлсэн. /1хх 236-237/ Хэрэгт авагдсан дээрх тооцооллоос үзвэл:

4.1.нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-2017/35 тоот гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 24.416.725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.186 төгрөг, нийт 74.638.912 төгрөг төлснөөр дуусгавар болгожээ. Энэ зээлд хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 49.681.066 төгрөг төлснөөр зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт болон мөн өдрийн мөнгө бэлнээр хүлээн авсан кассын орлогын баримтад тусгагдсан байна. /1хх 237, 2хх 43/

4.2.2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-2017/71 тоот гэрээний дагуу хариуцагч зээлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 8.556.937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 604.057 төгрөг, нийт 39.160.994 төгрөг төлснөөр зээлийг хаажээ.

4.3.Харин нэхэмжилж буй ЗГ-2018/64 тоот гэрээний дагуу хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээл төлсөн, үүнээс хойш төлөлт хийгдээгүй, нийтдээ үндсэн зээлд 78.593 төгрөг, хүү 15.024.417 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.055.841 төгрөг нийт 17.158.852 төгрөг төлсөн тухай хүү тооцооллын хүснэгтэд тусгагджээ. /1хх 9-10/

Хариуцагч гурван зээлд нийт 193.107.943 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч өмнөх зээлд төлсөн дүнгээ нэмж тооцсон гэж хэн алин нь төлсөн мөнгөн дүн болоод тухайн төлсөн мөнгө аль зээлд тооцогдсон болох түүнчлэн нэхэмжилж буй зээлээс хасагдах эсэхэд тус тус маргаж, хэн алин нь дансны хуулгуудыг баримтаар ирүүлсэн тул шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

5.Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-2018/64 тоот гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 49.700.000 төгрөгийг бэлнээр олгосон баримт авагдсан ч, хариуцагч мөн өдөр 49.681.066 төгрөг төлснөөр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-2017/35 тоот зээлийг хаасан баримт авагдсан тул энэ гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй байна. Энэ тохиолдолд зээлийг бодитоор олгоогүй, өмнөх зээлийг хаасан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Харин шүүх дээрх гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийж харилцан тохиролцож өмнөх 2017 оны ЗГ-2017/35 тоот зээлийн гэрээний хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгасан, ийнхүү сунгахдаа зээлийн хүүг нэг сарын 4 хувь байсныг бууруулж нэг сард 3,5 хувь болгосон нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээ гэж үзэх тул энэ гэрээг дүгнэж тооцох нь зүйтэй.

 

6.Шүүх зохигч талуудын баримтаар ирүүлсэн дансны хуулгууд, зээлийн хүү тооцооллын хүснэгтүүд болон шүүх хуралдааны явцад талуудын маргасан мөнгөн дүн зэргийг харьцуулан дүгнэвэл зээлийн үлдэгдлийг дараах байдлаар тооцохоор байна. Үүнд:

6.1.Шүүх дээрх байдлаар нэмэлт гэрээ гэж үзсэн, нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн зээлийн тооцоолол дахь хариуцагчийн төлсөн төлбөрийг нэгтгэвэл ЗГ-2017/35 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 397.527 /318.934 +78.593/ төгрөг, хүү 39.441.142 /15.024.417+ 24.416.725/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.278.027 /2.055.841+222.186/ төгрөг, нийт 42.116.696 төгрөг тооцон авчээ. /1хх 9, 10, 237/

6.2.ЗГ-2017/35 тоот зээлийн гэрээний хугацааг талууд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож 6 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг адил байхаар тохиролцсон байна.

Шүүх гэрээний дагуу төлбөл зохих хүүг талуудын тохиролцсны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сарын 4 хувиар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу тооцвол үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 14.002.147 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс нэхэмжлэгч зээлийн хүүнд 24.416.725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.186 төгрөг тус тус тооцон авсан болох нь баримтаар ирүүлсэн хүү тооцооллын хүснэгтэд тусгагджээ. Иймд шүүх 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн бодит үлдэгдэл 49.700.000 төгрөг бус харин бодитоор 39.363.236 төгрөг байсан гэж /50.000.000+14.002.147=64.002.147-24.416.725-222.186/ үзэхээр байна.

6.3.2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаа сунгасан гэрээгээр нэг сард 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай байхаар тохиролцсон тул шүүх зээлийн бодит үлдэгдэл болох 39.363.236 төгрөгөөс хугацаа дуусах 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Монголбанкны ерөнхийлөгчийн журмын дагуу тооцвол төлбөл зохих хүү 4.960.132 төгрөг байна.

6.4.Үүнээс гадна хэрэгт баримтаар ирүүлсэн зээл төлсөн дүнд талууд маргасан тул маргасан хэсэгт нэгбүрчлэн дүгнэвэл зээлээс дараах дүнг хасч тооцохоор байна.

6.4.1.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банкаар хүү Rangerover гэж төлсөн баримт авагдсан ч уг мөнгийг нэхэмжлэгч аль ч зээлээс хасч тооцоогүй /2017 оны 30.000.000, 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ/ болох нь баримтаар ирүүлсэн зээлийн тооцооллуудаас тогтоогдож байна. /1хх 236, 237, 2хх 71/

6.4.2.Мөн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 1.500.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг дээрх хоёр зээлд хуваан хасч тооцсон, харин үлдэх 500.000 төгрөгийг хасаагүй байна. /30.000.000 төгрөгийн зээлээс үндсэн 461.595 төгрөг + хүү 534.956 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 3.448 төгрөг, 50.000.000 төгрөгийн зээлээс нэмэгдүүлсэн хүү 10.909 төгрөг гэж хассан/ /1хх 236, 237, 2хх 17, 149/

6.4.3.2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 2.130.411 төгрөгийг мөн аль ч зээлээс хасаагүй, ирүүлсэн тооцоололд байхгүй байна. /2хх 142/

6.4.4.Түүнчлэн хариуцагч шүүх хуралдааны явцад 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн төлсөн 400.000 төгрөг зээлээс хасагдаагүй, тооцоонд ороогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. /2хх 171/

6.4.5.Харин зохигчдын маргасан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг ЗГ-2017/71 тоот зээлд тооцож хассан, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20.000.000 төгрөгийг ЗГ-2017/35 болон ЗГ-2017/71 тоот хоёр зээл хувааж хасагдсан байх тул энэ мөнгөнүүд хасагдаагүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /2хх 168,172/

6.4.6.зохигчид баримтаар ирүүлээгүй ч талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-нд мөн 60.000.000 төгрөгийн /2хх-137/ зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээл хаав утгаар 50.000.000 төгрөг /2хх145/, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9.000.000 төгрөгийг /2хх144/ тооцсон хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж, хуралдааны явцад хариуцагч үүнд маргаагүй зөвшөөрсөн тул энэ хэрэгт хамааралгүй гэж үзэв. /2хх 137,144, 145/

 

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д гэрээгээр ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д тодорхой зориулалт, хугацаатайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасан тул банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хугацаатай байхыг шаардах бөгөөд гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2 жил 9 сарын дараа, хамгийн сүүлд төлөлт хийсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2 жил 3 сарын дараа нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, үүнээс өмнө зээл төлөхийг шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үр дагавар нэхэмжлэгчид үүснэ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эрүүгийн хэргийн улмаас байхгүй болсон гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгч 2018 оны 01 дүгээр сард мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргээс ирүүлсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тодорхойлсон тус байгууллагын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтууд, хүү тооцоолол, зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5/851 тоот хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон. /1хх 72, 2хх 98,99-106/ Мөн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг байгуулах тухайн үед барьцааны хөрөнгө байхгүй болсон, эрүүгийн журмаар шалгагдаж байгааг мэдэж байсан хэрнээ фидуцийн зүйлд даатгалын төлбөр гэж 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1.900.000 төгрөг үндэслэлгүй төлүүлсэн гэж үзэхээр байна.

 

8.Шүүх 6, 7 дах хэсгийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн төлбөл зохих зээлийн үлдэгдэл 19.234.105 төгрөг байна.

/39.363.236 + хүү 4.960.132 = 44.323.368 - төлсөн 17.158.852 = 27.164.516 төгрөг, үүнээс тооцоонд тусгагдаагүй 3.000.000 +500.000 +2.130.411 +400.000 + даатгалын 1.900.000 хасах/

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа үндсэн төлбөр буюу 49.621.406 төгрөг төлөхийг зөвшөөрч ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тооцон гаргуулах нь зүйтэй. Шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ тайлбарыг үгүйсгэсэн ч төлөөлөгч төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлэх тул хариуцагчийн бичгээр гарын үсэг зурж ирүүлсэн тайлбарыг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан*******аас 49.621.406 /дөчин есөн сая зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөг гаргуулж, Ачиткапитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56.768.939 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689.902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 406.057 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ