Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01336

 

 

 

 

 

 

2022 07 20 210/МА2022/01336

 

 

АК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03ы өдрийн 181/ШШ2022/01022 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн хариуцагч С.Чад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 106,390,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай байгууллага 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээгээр 49,700,000 төгрөгийг Сэнгэдоржийн Чинбатад сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьж зээлийн эргэн төлөлтөө хийхийг сануулж, фидуцийн гэрээнд заасан автомашиныг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа буюу бодитойгоор гаргуулан авах боломжгүй болсон тул зээлийн гэрээний үнийн дүнг мөнгөн хэлбэрээр нь гаргуулахаар шүүхэд хандаж байна. Хэрэгт баримтаар өгсөн энэ зээлийн гэрээний хүү, тооцооллоор нийт 17,158,852 төгрөгийг хариуцагч төлсөн. Тэрээр 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 49,621,406 төгрөг, хүү 51,104,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,664,181 төгрөг, нийт 106,390,345 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Манай байгууллагын зүгээс уг зээлүүдийг төлж дууссан тул уг зээлийн гэрээний дагуу шаардаагүй, харин хамгийн сүүлд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа. Хариуцагч талаас баримтаар ирүүлсэн төлбөр төлсөн баримтууд өмнөх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлд тооцогдсон дүнгүүд байна. Үүнээс гадна дахин 2017 оны 10 сард нэг удаагийн 60,000,000 төгрөгийн зээл олгосон ч уг зээлийг удаагүй төлж дуусгасан байдаг. Хариуцагчийн хүсэлтийн дагуу өмнөх зээлүүдийн хүү тооцооллыг хэрэгт баримтаар өгсөн. Уг баримтад хариуцагчийн ирүүлсэн төлбөр төлсөн дүнгүүд өмнөх зээлд тооцогдсон нь харагдана. Хэрэв хамгийн сүүлд төлбөр төлсөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл төлсөн баримт байгаа бол манай зүгээс тооцоонд оруулж хасахад татгалзахгүй. Зөвхөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 400.000 төгрөг зээлд ороогүй гэдгийг зөвшөөрч байх тул үүнийг хасахад татгалзахгүй. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1,900,000 төгрөгийг зээлээс хасуулна гэж тайлбарлаж байгаа ч үүнийг барьцаа хөрөнгийн даатгалд төлсөн болох нь дансны хуулга дах утгад бичигдсэн байгаа. Хариуцагч нэхэмжилсэн гэрээнээс гадна бусад төлөгдсөн зээлийн дүнг оруулж тооцон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд зэлийн гэрээний 2.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т заасны дагуу зээлдэгчээс 106.390.345 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: С.Ч миний бие 78-38 УНУ дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр АК ББСБ ХХК-д уг автомашиныг барьцаалан 6 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийн зээл авч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлж байсан. Миний бие өөрийн автомашинуудаа Л.Зууннаст гэдэг эмэгтэйд 2017 оны 7 дугаар сараас түрээсэлж байтал энэ эмэгтэй 2017 оны 12 дугаар сараас сураггүй алга болж, миний бие өөрийн 3, хамаатан найз нарын 3, нийт 6 автомашиныг алдаж, мөнгө санхүүгийн алдагдалд орсон, уг асуудлаар цагдаагийн байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргаж, хууль хяналтын байгууллага шалгаж байсан тул АК ББСБ ХХК-тай дахин 3 удаа гэрээ байгуулсан. Тухайлбал 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг зээлж, зээлийн болон фидуцийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмж 30,000,000 төгрөг зээлж, ЗГ-2017/71 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Нэмж зээлж авсан мөнгөөрөө хуваарийн дагуу зээлийн төлбөр, зээлийн хүүгээ төлсөн, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-2017/35 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан /№3Г-2018/13/, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 49,700,000 төгрөгийг зээлж зээлийн гэрээ /№3Г-2018/64/, фидуцийн гэрээ /№ФГ 2018/34/ байгуулсан. Зээлж авсан мөнгөөрөө хуваарийн дагуу өмнөх зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж Зээлийн гэрээ /№3Г 2017/35/, фидуцийн гэрээ /№ФГ-2017/18/ болон зээлийн гэрээ /ЗГ 2017/71/-г тус тус хаасан.

Эрүүгийн 1806002940458 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, надад тээврийн хэрэгслийг олгохоор заасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээн шийдвэрлэсэн. Гэвч хэрэгт эд мөрийн баримтаар Б.Алтанзаяагийн хадгалалтад шилжүүлэн лацадсан байсан 78-38 УНУ дугаартай Ниссан Патрол автомашин алга болж өнөөг болтол хаана байгаа нь мэдэгдэхгүй, уг машин бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа.

АК ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа 78-38 УНУ дугаартай автомашин өнөөдрийн байдлаар Б.Алтанзаяад байгаа, С.Ч миний бие гэмт хэргийн улмаас өнөөг хүртэл 4 жил 4 сарын хугацаанд уг тээврийн хэрэгслийг буцаан авч чадаагүй, ашиглаагүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Миний бие АК банк ББСБ ХХК-аас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг, тус ББСБ-аас авсан зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр дахин 2 удаа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 49,700,000 төгрөгийг тус тус зээлэн, нийтдээ Зээлийн гэрээ 3 удаа, Фидуцийн гэрээ 2 удаа, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ 1 удаа байгуулсан.

Миний бие бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэж, гэр бүлийн амьжиргаандаа ашиглаж байсан өндөр өртөгтэй 3 тээврийн хэрэгслийг эрүүгийн хэргийн улмаас залуулж, санхүүгийн тэнцвэр алдагдан, төрийн байгууллагуудад татвар, нийгмийн даатгалын зэрэг өр төлбөр үүсч хуримтлагдан, улмаар банк банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, зээлийн хуу, алдангийн хэмжээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар өр зээлийн хэмжээ 500,000,000 гаруй болоод, сэтгэл зүйн дарамтанд орсон. Гэмт хэргийн улмаас АК банк ББСБ ХХК-тай удаа дараа байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж чадаагүй Иргэний хуулийн 17 дугаар бүлэг дэх Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал үүссэн, мөн иргэн С.Ч миний бие эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байгааг анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Энэ хугацаанд тус байгууллагаас 187,581,066 төгрөг авч, 193,107,943 төгрөг төлсөн байна. Сүүлийн зээлийн гэрээгээр мөнгийг бодитоор хүлээж аваагүй тул өмнөх зээлийн гэрээ хамт тооцогдох ёстой. Иймд эрүүгийн хэрэг үүссэн өдрөөс гэрээг дуусгавар болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээлийн хүүг зогсоож, иргэн С.Ч намайг үндсэн зээлийг төлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэв. гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан С.Чаас 49,621,406 /дөчин есөн сая зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөг гаргуулж, АК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56,768,939 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 406,057 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. С.Ч миний бие зээл авахдаа барьцаалсан 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийг бусдад алдсан, энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг нэхэмжлэгч байгууллага мэдсэн. Гэтэл нэхэмжлэгч уг автомашиныг хаанаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа буюу бодитоор гаргуулан авах боломжгүй тул зээлийн гэрээний үнийн дүнг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шүүхэд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

4.б. Нэхэмжлэгч АК ББСБ ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн дансны хуулгууд болон өөрийн Хаан банк, Голомт банкны дансны хуулгуудыг авч нэгтгэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 1 жил 10 сарын хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 141,173,966 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч тал нь миний эргэн төлөлт хийсэн 7 удаагийн гүйлгээний харилцан дансны хуулгууд, гэрээ тус бүрийн зээлийн дансны хуулгууд болон хүү тооцооллын хүснэгтүүдийг шүүхэд нотлох баримтаар бүрэн ирүүлээгүй. Мөн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэгтгэлээс харахад 4 удаагийн зээлээр 187,581,066 төгрөгийн зээл авч, 3 удаагийн зээлийг хаан 156,000,00 төгрөг төлж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн эргэн төлөлт 37,048,000 төгрөгийг нэмэхэд 48 удаагийн гүйлгээгээр нийтдээ 193,107,943 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэн, эргэн төлөлт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас миний харилцах дансны хуулгыг ирүүлэхдээ 10 удаагийн гүйлгээг дутуу ирүүлсэн буюу нийт 68,040,411 төгрөгийг тооцоогүй. Иймээс анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/03627 дугаартай шүүгчийн захирамж бүрэн хангагдаагүй.

4.в. Хэдийгээр шүүхийн шийтгэх тогтоолын шийдвэрийг биелүүлэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 78-38 УНҮ улсын дугаартай Ниссэн патрол маркийн тээврийн хэрэгслийг олж чадаагүй байна.

4.г. Мөн хэрэгт авагдсан зээлийн хүү тооцооллын хүснэгт хэтэрхий жижиг фондоор хэвлэсэн, унших боломжгүй, албан хэрэг хөтлөлтийн стандартыг зөрчсөн байна. Мөн зээлийн тооцооллын хүснэгтүүд, зээлийн дансны хуулгуудыг бүрэн ирүүлэхгүй байгаа нь 187,000,000 төгрөгийн зээлэнд 193,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байгааг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэхгүй, нууж байгаатай холбоотой. Иймд АК ББСБ ХХК-д хууль тогтоомжийн дагуу тус компанид арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.

4.д. Мөн миний бие зээлийн барьцаанд байгаа автомашиныг 4 жил 9 сарын хугацаанд уг тээврийн хэрэгслийг буцаан авч чадаагүй, огт ашиглаагүй автомашины зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөн хохирсон.

Иймд АК ББСБ ХХК-д илүү төлсөн 5,526,877 төгрөгийг түүнд буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь хариуцагч С.Чад холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,621,406 төгрөг, хүү 51,104,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,664,181 төгрөг, нийт 106,390,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлдэгч С.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-2018/64 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,621,406 төгрөг, хүү 51,104,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,664,181 төгрөг, нийт 106,390,345 төгрөгийг гаргуулна, өмнөх зээл энэ хэрэгт хамааралгүй гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг эргүүлэн төлөхөөр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 49,700,000 төгрөгийг тус тус зээлсэн бөгөөд нийт 187,581,066 төгрөг зээлж, 193,107,943 төгрөгийг эргүүлэн төлсөн, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 49,700,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй тул өмнөх зээлийн гэрээтэй хамтдаа тооцогдох ёстой гэж тус тус тайлбарласан.

3. Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийн, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 49,700,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан ба эдгээрээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн болон 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 49,681,066 төгрөгийг төлснөөр тооцож дуусгавар болгон дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. Харин зээлийн гэрээний үүргийн биелэлтийг аль гэрээгээр шаардах болон үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болж, зохигчид энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Зээлийн гэрээний талууд өмнө үүссэн зээлийн тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулсан нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй. Зохигчдын тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч С.Ч нь нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус зээлсэн, талууд уг хоёр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 118-127/

Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцохдоо 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ нь 2017 оны ЗГ-2017/35 тоот зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт өөрчлөлтийн гэрээ гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

4. Хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч С.Чад 49,700,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. /1хх 3-5/

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдсон байна. /1хх 9-10/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 49,621,406.59 төгрөг, хүү 51,104,757.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,664,181.55 төгрөг, нийт 106,390,345.17 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. Зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар гүйцэтгэнэ гэж заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул гэрээний уг заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусахад тус тус төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөр 60,137,000 төгрөгөөс гэрээний хугацаанд 13,848,000 төгрөг төлж үлдэх хэсгийг биелүүлээгүй байна. Иймд гэрээний хугацаа дуусах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 46,289,000 төгрөг байжээ. Гэрээний хугацаа дууссан 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлсөн 23,200,000 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 46,289,000 төгрөгөөс хасахад 23,089,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон байх тул 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 25,859,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,171,936 төгрөг, нийт 54,120,616 төгрөг төлөхөөр байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 49,621,406 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба шийдвэрт нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй болно.

5. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.а. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн хүү сарын 3.5 хувь, 2.6-д нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний байхаар, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус заасан байх тул хариуцагч нь үндсэн зээлийг төлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

5.б. Хэрэгт зээл авсан, эргэн төлөлт хийсэн талаар хариуцагчийн гаргаж өгсөн тооцоолол авагдсан байх ба уг баримтад заасан хэмжээгээр хариуцагчийн төлсөн төлбөрийг тооцоход түүний гүйцэтгээгүй үүрэг 54,120,616 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 5,526,877 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.в. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ачит капитал ББСБ ХХК-ийн эзэмшилд байгаа 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэх-ээр гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

5.г. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8.-д иргэний хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулахаар заажээ. Иймд бичмэл нотлох баримтыг гарган өгөх шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг дээрх хуулиар анхан шатны шүүхэд харьяалуулсан байх тул давж заалдах шатны шүүх тухайн зөрчлийг хянан шийдвэрлэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03ы өдрийн 181/ШШ2022/01022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,057 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.БЯМБАСҮРЭН