Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/00488

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар101/ШШ2019/00488

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххх тоотод оршин суух, Ц-н Тгийн /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххх тоотод оршин суух, С-н Дд /РД: ххххххххххх/ холбогдох

4.245.790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Т нь миний охин бөгөөд Нарантуул олон улсын худалдааны төвд ундаа, усны бөөний цэг ажиллуулдаг. С.Д нь охиноос маань бараа зээлээр худалдан авдаг байсан.

С.Д нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380.270 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2.092.320 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.773.200 төгрөгийн, нийт 4.245.790 төгрөгийн бараа зээлээр аваад өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй.

Ц.Тг барааны мөнгөө нэхэхэд С.Д одоохондоо боломж алга, өгнө гэдэг байсан. Бүх зүйлээ шатаасан болохоор хүндрэлтэй байна гэж тайлбарлаж байсан ч сүүлийн жилүүдэд утсаа авахгүй, зугтах маягтай алга болсон.

С.Дтай удаан хугацааны харилцаатай байсан, түүнд итгэж байсан учраас шүүх, цагдаад хандаагүй. Хамгийн сүүлд хэзээ мөнгөө нэхсэн талаар мэдэхгүй байна. Ер нь Нарантуул зах шатсанаас хойш 2 жилийн хугацаанд байнга утсаар ярьж байсан.

Ц.Тгийн ажиллуулдаг хэсэг галд өртөөгүй. Хүнсний захын хэсэг шатсан тул эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй. С.Дд өгсөн барааны тоо, төрөл зэрэгтэй холбоотой баримт байхгүй. Түүнд бараа өгсөн нь үнэн, мөнгөө аваагүй нь үнэн учраас барааны үнэ 4.245.790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Д нь Нарантуул олон улсын худалдааны төвд гал түймэр гарах хүртэл буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тус төвд лангуу ажиллуулдаг байсан. Уг түймрээр лангуу нь шатаж үүнээс хойш худалдаа эрхлээгүй.

Тэрээр нэхэмжлэгч Ц.Тгаас бараа зээлээр худалдан авч борлуулдаг байсан талаар маргахгүй. Тэдний хооронд худалдах худалдан авах харилцаа үүсээд зах шатахаас өмнө төлбөр тооцооны асуудал нь дууссан байсан.

2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380.270 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2.092.320 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.773.200 төгрөгийн, нийт 4.245.790 төгрөгийн бараа зээлээр аваад мөнгийг нь төлөөгүй гэжээ.

Хэрвээ Ц.Тд өртэй байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад шүүхэд хандаагүй вэ. Уг өдрүүдэд хэдэн нэр төрлийн, хичнээн тооны ус, ундаа зээлээр худалдсаныг нотолсон баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хүнсий захад гал түймэр гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт С.Д хохирогчоор тогтоогдоогүй бөгөөд Нарантуулынхан С.Дд шатсан барааны чинь оронд лангуу өгнө гэсэн юм билээ. Гэхдээ өгсөн зүйлгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч С.Дд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.245.790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь С.Д 2013 оны 8 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд нийт 4.245.790 төгрөгийн бараа зээлээр худалдан аваад үнийг нь төлөөгүй тул гаргуулна гэж,

Хариуцагч С.Д нь Ц.Тгаас бараа зээлээр худалдан авч байсан. Барааны үнийг төлж дуусгасан. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч С.Д нар нь Нарантуул олон улсын худалдааны төвд хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдаалдаг, хариуцагч С.Д нь нэхэмжлэгч Ц.Тгаас бараа зээлээр худалдан авч борлуулж байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон ба үүнээс үзэхэд тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байсан бөгөөд зохигч энэ талаар маргахгүй байгаа болно.

 

Хариуцагч С.Д нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380.270 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2.092.320 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.773.200 төгрөгийн, нийт 4.245.790 төгрөгийн ус, ундаа зээлээр худалдан аваад үнийг нь төлөөгүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлалаа.

/ХХ-ийн 117 дугаар хуудасны ар тал, 120, 125 дугаар тал/

 

Дээр дурьдсан өдрүүдэд нийт 4.245.790 төгрөгийн барааг хариуцагч С.Дд зээлээр өгсөн гэх боловч хэдий хэмжээтэй, хичнээн нэр төрлийн бараа өгсөн болох, бараа нэг бүрийн үнэ хэдэн төгрөг болох нь тодорхой бус, барааг хүлээлгэн өгч, хүлээн авсантай холбоотой баримт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь С.Дд бараа хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримт байхгүй хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ц.Тгийн тооцооны дэвтрийн буюу хэргийн 117 дугаар хуудасны ар тал, 120, 125 дугаар тал дах хэсгүүдэд С.Дгийн нэр бичигдсэн байх ч түүнд ямар үнэтэй хэдэн ширхэг бүтээгдэхүүн өгсөн нь тодорхой бус, хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй байгаа зэргээс дүгнэхэд уг тэмдэглэгээг үндэслэн хариуцагчийг барааны үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч С.Дг 2013 оны 8 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд нийт 4.245.790 төгрөгийн бараа зээлээр авч төлбөрөө төлөөгүй гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гал гарч бусдад их хэмжээний хохирол учирсан гэх үйлдэлд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч С.Д нар уг хэрэгт оролцогчоор оролцоогүй талаар хэн аль нь тайлбарласан болохыг дурьдлаа.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр буюу нэхэмжлэгчийн хариуцагч С.Дд барааг хүлээлгэн өгсөн гэх сүүлчийн өдрөөр хугацааг тоолоход нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Тгийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дууссанаас гадна мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч С.Дд холбогдох 4.245.790 төгрөг гаргуулах тухай Ц.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгч Ц.Тд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, хариуцагч С.Дд 2018 оны 8 дугаар сарын 30-ны зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэргийг шүүх хуралдаанаар нийт 3 удаа хэлэлцүүлж байсан болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Дд холбогдох 4.245.790 төгрөг гаргуулах тухай Ц.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 13275 дугаартай захирамжаар хариуцагч С.Дгийн банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 4.245.790 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН