Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00696

 

 

 

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00696

 

 

 

 

                                           Ц.Т-гийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Т-, хариуцагч С.Д-д холбогдуулан 4 245 790 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Т- нь миний охин бөгөөд Нарантуул олон улсын худалдааны төвд ундаа, усны бөөний цэг ажиллуулдаг. С.Д- нь охиноос маань бараа зээлээр худалдан авдаг байсан. С.Д- нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380 270 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 092 320 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 773 200 төгрөгийн, нийт 4 245 790 төгрөгийн бараа зээлээр аваад өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй. Ц.Т-г барааны мөнгөө нэхэхэд С.Д- одоохондоо боломж алга, өгнө гэдэг байсан. Бүх зүйлээ шатаасан болохоор хүндрэлтэй байна гэж тайлбарлаж байсан ч сүүлийн жилүүдэд утсаа авахгүй, зугтах маягтай алга болсон. С.Д-тай удаан хугацааны харилцаатай байсан, түүнд итгэж байсан учраас шүүх, цагдаад хандаагүй. Хамгийн сүүлд хэзээ мөнгөө нэхсэн талаар мэдэхгүй байна. Ер нь Нарантуул зах шатсанаас хойш 2 жилийн хугацаанд байнга утсаар ярьж байсан. Ц.Т-гийн ажиллуулдаг хэсэг галд өртөөгүй. Хүнсний захын хэсэг шатсан тул эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй. С.Д-д өгсөн барааны тоо, төрөл зэрэгтэй холбоотой баримт байхгүй. Түүнд бараа өгсөн нь үнэн, мөнгөө аваагүй нь үнэн учраас барааны үнэ 4 245 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: С.Д- нь Нарантуул олон улсын худалдааны төвд гал түймэр гарах хүртэл буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тус төвд лангуу ажиллуулдаг байсан. Уг түймрээр лангуу нь шатаж үүнээс хойш худалдаа эрхлээгүй. Тэрээр нэхэмжлэгч Ц.Т-гаас бараа зээлээр худалдан авч борлуулдаг байсан талаар маргахгүй. Тэдний хооронд худалдах худалдан авах харилцаа үүсээд зах шатахаас өмнө төлбөр тооцооны асуудал нь дууссан байсан. 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380 270 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 092 320 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 773 200 төгрөгийн, нийт 4 245 790 төгрөгийн бараа зээлээр аваад мөнгийг нь төлөөгүй гэжээ. Хэрвээ Ц.Т-д өртэй байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад шүүхэд хандаагүй вэ. Уг өдрүүдэд хэдэн нэр төрлийн, хичнээн тооны ус, ундаа зээлээр худалдсаныг нотолсон баримт байхгүйбайна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүнсий захад гал түймэр гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт С.Д- хохирогчоор тогтоогдоогүй бөгөөд Нарантуул захынхан С.Д-д шатсан барааны чинь оронд лангуу өгнө гэсэн юм билээ. Гэхдээ өгсөн зүйлгүй гэжээ.

            Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Д-д холбогдох 4 245 790 төгрөг гаргуулах тухай Ц.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 13275 дугаартай захирамжаар хариуцагч С.Д-гийн банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 4 245 790 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьджээ.

            Нэхэмжлэгч Ц.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очирын давж заалдах гомдолд:  Ц.Т- би хариуцагч С.Д-гаас зээлээр худалдсан барааны үнэ 4 245 790 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нотлох баримт дутуу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. С.Д- нь Ц.Т- надаас 4 245 790 төгрөгийн бараа аваад төлбөрөө төлөөгүй нь үнэн, авсан барааныхаа буцааж өгөх байх гэж найдаж байсан. Нотлох баримтын тухайд тооцооны гэх хар дэвтэрт бүх худалдан авагч нарыг бичиж хоорондоо тооцоогоо хийдэг уламжлалтай. Түүнийг тодорхой бус байна гэж үзэж байгаа нь шалтаг гэж ойлгож байна.

С.Д- өмнө нь олон удаа бараа аваад бараагаа зарсаны дараа мөнгөө өгч дундаас нь ашигаа авдаг байсан. 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бараагаа аваад 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө Нарантуул захад гал гарсан байгаа нь хэдийд бараагаа зарж мөнгөө өгсөн байж таарах уу, С.Д- барааны үнэ өгсөн гэдэг нь худал. С.Д-гийн лангуу нь шатсан эсэхийг цагдаагийн байгууллага тогтоогдоогүй. Ц.Т-, С.Д- болон гэрч нарыг оролцуулан байцаалт авч дундаас нь бодит дүгнэлт гаргаагүй. С.Д-гаас авсан барааны төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг байсан. Надад олон янзын шалтаг хэлж, сүүлдээ утсаа авахгүй алга болсон.  Иргэний хуульд нэхэмжлэл гаргахад гэнэтийн бусад давагдашгүй хүчний шинжтэй онцгой байдал ... гэх мэт зүйл саад болсон тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор заасан байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа сунгагдсан гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2379 дүгээр магадлалын дагуу анхан шатны шүүх ажиллагаа хийгээгүй. Иймээс дээрх баримтуудыг үндэслэн хэргийг олон талаас нь харж, бодит дүгнэлт хийж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. Хариуцагч С.Д-гаас барааны үнэ болох 4 245 790  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, эсвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч С.Д-д холбогдуулан 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх гэрээний үүрэгт нийт 4 245 790 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С.Д- нь нэхэмжлэгч Ц.Т-гаас үнийг нь дараа төлөх нөхцөлтэй ус, ундаа зээлээр худалдан авч борлуулж байсан талаар талууд маргаагүй, харин 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 380 270 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 092 320 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1 773 200 төгрөгийн ус, ундаа зэргийг аваад үнийг төлөөгүй гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. /хх180-181/

            Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Шүүх талуудаас ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

            Хэргийн 82-177 дугаар талд нэхэмжлэгчээс ирүүлсэн бараа материалын “тооцооны дэвтэр” гэх баримт авагдсан, уг дэвтрийн 120 дугаар талд 2 092 320 төгрөгийн, 125 дугаар талд дээрхтэй нийлээд нийт 4 245 790 төгрөгийн барааны тооцоог хариуцагч С.Д- хийгээгүй гэж бичсэн боловч хэзээ, хэдэн төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн нь тодорхой бус, хүлээж авсан, хүлээлгэж өгсөн хүний гарын үсэггүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Р. “... хэдэн төгрөгийн, ямар бараа авч байсан, хамгийн сүүлд хэзээ тооцоо нийлснийг сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн байх ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотолсон өөр баримтгүй байна. /хх41-42/

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Гэтэл уг маргаад байгаа үйл баримт нь 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрүүдийг хамарч байна. Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд шаардлага гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 883 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

                                                                               А.МӨНХЗУЛ