Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/01056

 

 

 

 

 

 

 

2022  05  09 

181/ШШ2022/01056

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 20.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, иргэдийн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Жандагхордон ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бартераар тооцон бусдаас авсан авто машинуудаа Жандагхордон ХХК-ийн Панда авто засварын газарт засуулдаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бартерт авсан 78-73УБЕ улсын дугаартай LEXUS 470 маркийн UZJ1000114069 арлын дугаартай автомашиныг засуулахаар авто засварын газарт үлдээсэн. Гэтэл тэр шөнөдөө буюу 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Панда" авто засварын газарт гал гарч дээрх LEXUS 470 маркийн автомашин шатаж сэргээн засварлах ямар ч боломжгүй болсон.

Уг гал түймэр гарсан явдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж Нийслэлийн Сухбаатар дүүргийн прокурорын газрын "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолоор хаасан. Уг тогтоолд: ...Гал түймрийн улмаас хохирол хүлээсэн хохирогч нар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав" гэж заасан. Хариуцагчаас шаардаж буй автомашины хохирлын хэмжээг тухайн үед цагдаагийн байгууллагаас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Авто машин техникийн үнэлгээний тайлан"-гаар тогтоосон 20.500.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Хариуцагч гал түймэр гарсанд буруугүй гэж тайлбарладаг ч шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн гэж тогтоосон. Тухайн аж ахуйн нэгж өөрөө галын аюулгүй байдлыг хангах үүргийг холбогдох хууль тогтоомжоор хүлээдэг.

1.2.Нэхэмжлэгч *******" ХХК нь энэ тээврийн хэрэгслийг 2020 онд иргэн С.Батмягмараас 25.000.000 төгрөгт тооцон бартераар шилжүүлэн авсан. Тухайн үед дээрх авто машин "Апекс финанс" ХХК-ийн зээлийн барьцаанд байсан. Апекс финанс" ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4443 дугаар албан тоот бичгээр Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт хандан "өөрийн нэр дээр байгаа 78-73УБЕ улсын дугаартай Lexus Ix470 маркийн автомашиныг манай нэр дээр шилжүүлж өгнө үү" гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Уг баримт хэрэгт авагдсан байгаа. Авто машин устсан тул шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байгаа болно. Иймд шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

1.3.Хариуцагч утсаар ярьсан даруйд тээврийн хэрэгслээ ирж хүлээн аваагүйгээс хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр бартерт авсан машиныг олон жил засуулж байсан, аваачиж өгөөд маргааш авахаар тохирсон байсан нь ч тогтоогддог. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 20.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргав. Үүнд:2.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан. Хуулийн энэ заалтад заасан гэм хор учруулсан этгээд гэдэг нь бусдын эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бөгөөд тус үйлдэл, эс үйлдэхүйдээ гэм буруутай байх ёстой. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Жандагхордон" ХХК-ийн "Панда" авто засварын төвд гал гарч 78-73 УБЕ улсын дугаартай LEXUS 470 маркийн авто машин шатсан байдаг. Манай компани нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээхийн тулд тухайн гал гарсан үйлдэлд гэм буруутай буюу тухайн гал гарахад нөлөөлсөн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн байх ёстой. Энэ тохиолдолд Галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Хууль дүрмийн дагуу зохих зөвшөөрөл, галын дүгнэлтийг авч үйл ажиллагааг явуулж байсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолд манай зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасаар ирсэн. Энэ хэрэгт "Жандагхордон ХХК мөн хохирогчоор тогтоогдсон. Манай зүгээс галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бүрэн авч ажилласан гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд манайхаас хамааралтай гэж дүгнэсэн байх боловч мөн галын дүгнэлтэд цахилгааны дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөг манайхаас үүдэлтэй эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч цагдаагийн газраас дахин энэ талаар дүгнэлт гаргуулаагүй, галын шалтгааныг бүрэн тогтоогоогүй. Иймд манай зүгээс гал гарч, нэхэмжлэгчид гэм хор учирсан үйлдэлд гэм буруутай гэж үзэхгүй байна.

2.2.Мөн нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдоогүй. С.Батмягмараас бартераар авсан гэж байгаа ч хөрөнгө шилжүүлсэн баримтыг Б.Сугаржаргал гэж хийсэн баримт авагдсан, С.Батмягмарыг Б.Сугаржаргал төлөөлөх эрхтэй баримт авагдаагүй.

2.3.Тээврийн хэрэгслийг засварлуулахаар тухайн өдөр манай авто засварын газарт хүлээлгэн өгснөөр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрч мэдүүлэхдээ машиныг орой нь авахыг мэдэгдсэн боловч утсаар залгахад ирж аваагүй гэдгийг мэдүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээлгэн өгсөн машинаа хугацаанд нь хүлээн аваагүйгээс хохирол учирсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-д зааснаар үр дагаврыг захиалагч хариуцахаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч гэм буруутай гэж үзэж байна, үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүртэл хариуцах ёстой гэж бодож байна гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн С.Батмягмар, "Апекс финанс" ХХК нарын хоорондох зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, 78-73 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, С.Батмягмарын иргэний үнэмлэхний лавлагаа, С.Батмягмарын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт, "Апекс финанс" ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4443 дугаар албан бичиг, тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр тогтоол, "Дамно" ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Б.Сугаржаргал, ******* ХХК нарын хоорондох 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн автомашин хүлээн авсан акт, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг ирүүлжээ. /хх 6-22, 35, 47-56/

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 5/336 тоот хариу мэдэгдэх хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1225 тоот хариу мэдэгдэх хуудас, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Хос Ирвэс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 26, 27, 29, 71, 117-120/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч М.Отгонбаярын мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр гэрч Ч.Гантөмөрийн мэдүүлэг, зохигчдын хүсэлтээр гэрчүүдийг дахин нүүрэлдүүлэн асуусан тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /хх 65-68, 82-86, 102-108/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч******* ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: хариуцагчид тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсний дараа гал гарсан, цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэнээс гал гарсныг шинжээч тогтоосон тул галын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулна гэж тайлбарласан.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: гал гарсанд хариуцагч гэм буруугүй, шинжээч бөмбөлөг юунаас үүссэнийг тогтоох боломжгүй гэж дүгнэлтэд дурдсан, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тээврийн хэрэгслийг залгасан даруйд ирээд авсан бол устахгүй байсан, Иргэний хуулийн 356.2-д зааснаар давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлыг захиалагч болох нэхэмжлэгч хариуцна, түүнчлэн тээврийн хэрэгслийн эзэмшигч биш, шаардах эрхтэй эсэх тодорхойгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүйг үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1-11 тоот хаягт байрлах******* ХХК-ийн эзэмшлийн Панда авто засварын газарт гал гарсан, галын улмаас 78-73 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатсан үйл баримтад зохигчид маргаагүй.

Тухайн үйл явдлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 200902627 дугаартай хэрэг нээж шалгасан, улмаар хэн нэгний буруутай үйлдлээс болж Панда авто засварын газар шатсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гал цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас гарсан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хэргийг хаажээ. Энэ тогтоолд гаргасан хариуцагчийн гомдлыг Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1225 тоо хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. /хх 47-48, 50-51, 117/

4.Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд:Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд маргааны зүйл болсон 78-73 УБЕ улсын дугаартай LEXUS 470 маркийнхар өнгийн суудлын автомашины эзэмшигч Апекс финанс ХХК хэмээн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байна. /хх 19/

Апекс финанс ХХК болон С.Батмягмар нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмшилийг тус компанийн нэр дээр шилжүүлсэн, түүнчлэн С.Батмягмараас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, Апекс финанс ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус тус тухайн тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг бүртгэх байгууллагад гаргасан баримт авагдсан. / хх 11-17/

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч тухайн эд хөрөнгийн хувьд өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан, тухайн тээврийн хэрэгслийг үйл явдал болсон өдөр нэхэмжлэгч байгууллагын ажилтнаас хүлээн авсан болох нь гэрч М.Отгонбаяр, Ч.Гантөмөр нарын мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх тодорхойгүй, ямар гэрээний дагуу тээврийн хэрэгслийг өөрт шилжүүлж авсан нь тодорхойгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

5.Гэм буруугийн талаар: Хэрэгт авагдсан Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн, бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсхүл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг гэж дүгнэжээ. / хх 20-22/

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлийн авто засварын төвд гал гарсан тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр засварлуулахаар өгсөн үйл баримтад талууд маргаагүй. Иймд тээврийн хэрэгсэл шатсаны улмаас учирсан хохирол, хариуцагчийн эзэмшил дэх хөрөнгөд цахилгааны утас бөмбөлөг үүсч гал гарсан эс үйлдэхүй, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч хариуцагч эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

6. Хариуцагч залгасан даруйд тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ирж авсан бол шатаж устахгүй байсан гэж тайлбарлаж, улмаар Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-д зааснаар эрсдэлийг нэхэмжлэгч хариуцна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна гэж заажээ.

Гэрч М.Отгонбаяр,Ч.Гантөмөр нарын шүүхэд өгсөн мэдүүлгээс үзвэл зохигчдын хооронд гал гарсан тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.2-д зааснаар маргааны зүйл болсон тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилж, засварлуулахаар харилцан амаар тохиролцож, гэрээ байгуулсан байна. Түүнчлэн үүнээс өмнө олон удаа тээврийн хэрэгслийг засварлуулахаар өгч, авдаг үйл баримт тогтоогдсон, гал гарсан өдрийн орой нэхэмжлэгч талын хариуцсан ажилтан болох М.Отгонбаяр руу хариуцагч талын ажилтан Ч.Гантөмөр залгасан үйл баримт тогтоогдсон ч энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан гэм буруугийн хариуцлагаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэв. Учир нь цаг хугацааны хувьд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, гал гарсан үйл явдлууд нэг өдрийн дотор болж өнгөрсөн байх тул захиалагч хугацаандаа хүлээн аваагүйгээс устах нөхцлийг бүрдүүлсэн улмаар Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-т зааснаар үр дагаврыг захиалагч хариуцах нөхцөл бүрдээгүй, ердийн боломжит хугацаа өнгөрөөгүй гэж үзэхээр байна.

6.Хохирлын хэмжээний тухайд: Хэрэгт авагдсан баримтаар Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 20.500.000 төгрөг гэж тогтоосон, энэ үнэлгээнд хариуцагчийн зүгээс маргахгүй гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохиролд 20.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч буруутай, хохирлыг хариуцах ёстой хэмээн дүгнэсэн дүгнэлт дээрх байдлаар шүүхийн үндэслэлтэй нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Жандаг хордон ХХК-иас 20.500.000 /хорин сая таван зуун

мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 260.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Г.ЭНХЦЭЦЭГ