Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/01331

 

 

 

 

 

 

 

 

2022 07 20 210/МА2022/01331

 

 

О ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09ий өдрийн 181/ШШ2022/01056 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК -ийн хариуцагч Ж ХХК -д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 20,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бартерт авсан 7873 УБЕ улсын дугаартай LEXUS.LX 470 маркийн UZJ1000114069 арлын дугаартай автомашиныг засуулахаар Ж ХХК -ийн Панда авто засварын газарт үлдээсэн. Гэтэл тэр шөнөдөө авто засварын газарт гал гарч дээрх автомашин шатаж сэргээн засварлах боломжгүй болсон. Уг гал түймэр гарсан явдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...гал түймрийн улмаас хохирол хүлээсэн хохирогч нар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав" гэж заасан. Хохирлын хэмжээг тухайн үед цагдаагийн байгууллагаас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар 20,500,000 төгрөгөөр тогтоосон. Хариуцагч гал түймэр гарсанд буруугүй гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн гэж тогтоосон. Тухайн аж ахуйн нэгж өөрөө галын аюулгүй байдлыг хангах үүргийг холбогдох хууль тогтоомжоор хүлээдэг. Нэхэмжлэгч Орхоны шугуй" ХХК нь тээврийн хэрэгслийг 2020 онд иргэн С.Б аас 25,000,000 төгрөгт тооцон бартераар шилжүүлэн авсан. Тухайн үед дээрх автомашин "Апекс финанс" ХХК-ийн зээлийн барьцаанд байсан. Апекс финанс" ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4443 дугаар албан тоот бичгээр Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт хандан "өөрийн нэр дээр байгаа 7873 УБЕ улсын дугаартай LEXUS.LX 470 маркийн автомашиныг манай нэр дээр шилжүүлж өгнө үү" гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Уг баримт хэрэгт авагдсан байгаа. Автомашин устсан тул шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байгаа болно. Иймд шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч утсаар ярьсан даруйд тээврийн хэрэгслээ ирж хүлээн аваагүйгээс хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр ...бартерт авсан машиныг олон жил засуулж байсан, аваачиж өгөөд маргааш авах-аар тохиролцсон нь тогтоогддог. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 20,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ж ХХК -ийн Панда авто засварын төвд гал гарч 7873 УБЕ улсын дугаартай LEXUS.LX 470 маркийн автомашин шатсан. Манай компани нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээхийн тулд тухайн гал гарсан үйлдэлд гэм буруутай буюу тухайн гал гарахад нөлөөлсөн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн байх ёстой. Манайх Галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Хууль дүрмийн дагуу зохих зөвшөөрөл, галын дүгнэлтийг авч үйл ажиллагааг явуулсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Энэ хэрэгт "Ж ХХК мөн хохирогчоор тогтоогдсон. Манай зүгээс галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бүрэн авч ажилласан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд манайхаас хамааралтай гэж дүгнэсэн байх боловч мөн галын дүгнэлтэд цахилгааны дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөг манайхаас үүдэлтэй эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч цагдаагийн газраас дахин энэ талаар дүгнэлт гаргуулаагүй, галын шалтгааныг бүрэн тогтоогоогүй. Иймд гал гарч, нэхэмжлэгчид гэм хор учирсан үйлдэлд гэм буруутай гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдоогүй. С.Б аас бартераар авсан гэж байгаа ч хөрөнгө шилжүүлсэн баримтыг Б.С гэж хүн хийсэн баримт авагдсан. С.Б ыг Б.С төлөөлөх эрхтэй баримт авагдаагүй. Тээврийн хэрэгслийг засварлуулахаар тухайн өдөр манай авто засварын газарт хүлээлгэн өгснөөр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрч мэдүүлэхдээ ...автомашиныг орой нь авахыг мэдэгдсэн боловч утсаар залгахад ирж аваагүй гэж мэдүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээлгэн өгсөн автомашинаа хугацаанд нь хүлээн аваагүйгээс хохирол учирсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг захиалагч хариуцахаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж ХХК -аас 20,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 260,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анхан шатны шүүхийн үндэслэж буй шинжээчийн дүгнэлт нь Жандаг хордон ХХК-ийн буруутай үйлдлээс болж гал гарсан гэж эцэслэн тогтоогоогүй. Мөн тус дүгнэлтээс үзэхэд 7873 УБЕ улсын дугаартай автомашин галд өртөхөд "Жандаг хордон ХХК-ийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх Жандаг хордон" ХХК-ийн гэм буруутай үйлдлээс үүдэн автомашинд хохирол учирсан гэж эцэслэн тогтоогоогүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм хорын эрх зүйн зохицуулалтаар хэргийг шийдсэн. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Иргэний хуулийн 365 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн ч энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан гэм буруугийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/01056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бүх талаас нь судалж хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон. Хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь зөв үнэлсэн. Хариуцагч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэгт үүнтэй холбоотой хэд хэдэн баримт авагдсан. Хариуцагч Ж ХХК -ийн зүгээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Хэн нэгэн манай байгууламжид гал тавьсан гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаад 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол гарсан. Хэргийн 7 дугаар талд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаар хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоолд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12/232 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүссэн. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал авах, богино холболт шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утаснуудад богино холбоо үүссэн эсхүл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулах гадна богино холбоо үүссэн гэж тусгагдсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 338/1518 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын материал гэрчүүдээс авсан баримтуудаас үзэхэд техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж гал түймэр гарсан, зориуд гал тавьсан шинж тэмдэг үзлэгээр тогтоогдоогүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хохирогч нарт гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагаас манай байгууламжийг хэн нэгэн шатаасан учир тус гэм хорыг хариуцах ёсгүй гэх үндэслэл нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолуудаар няцаагддаг. Шүүх Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд гэм буруутайг нь тогтоосон, тогтоогоогүй гэдэгт дүгнэлт өгөх боломжгүй. Нэгэнт эрх бүхий харьяаллын байгууллага нь шийдвэрээ гаргасан тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэрэгт хэд хэдэн гэрчийн мэдүүлэг авагдсан. Гэрч М.Отгонбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогчоор тогтоогдоод гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн тайлбарласан нөхцөл байдлууд үгүйсгэгддэг. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ж ХХК -д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Панда авто засварын газарт гал гарсны улмаас автомашин шатсан хохирлоо гаргуулан авна гэж, хариуцагч нь тайлбар татгалзлаа ...гал гарахад манай буруутай үйлдэл байсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. А ХХК , С.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмшлийг тус компанийн нэр дээр шилжүүлсэн байх ба С.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус зээлийг бүрэн төлж дуусгасан тул дээрх хөрөнгийг О ХХК -ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг А ХХК уламжлан Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт хандаж нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх7-15/

Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг засуулахаар Ж ХХК -ийн авто засварын газарт үлдээсэн боловч 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай гудамжны 1-11 тоот хаягт байршин үйл ажиллагаа явуулдаг Панда авто засвар үйлчилгээний байранд гал гарч, 7879 УБЕ улсын дугаартай LEXUS.LX 470 маркийн тээврийн хэрэгсэл шатсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх13-18, /

5. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор ...хэн нэгний буруутай үйлдлээс болж Панда авто засварын газар шатсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, гал цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас гарсан байх бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч уг тогтоолд хариуцагч гомдол гаргасныг Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1225 тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх46-47, 112/

Зохигчид тээврийн хэрэгслийг засварлуулахаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр автомашиныг засуулахаар Панда авто засварын газрын хадгалалт, хамгаалалтад үлдээсэн боловч тэр шөнөдөө гал гарч уг тээврийн хэрэгсэл шатсан байна. Ж ХХК -ийн ажилтан Ч.Гантөмөр нь тээврийн хэрэгслийг ирж ав гэж мэдэгдсэн өдөр маргаан бүхий үйл явдал болж өнгөрсөн байх тул захиалагч автомашиныг хугацаандаа хүлээн аваагүйгээс гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд хариуцагч Ж ХХК нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Иймд анхан шатны шүүх Дамно ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгч О ХХК -д учирсан хохирлын хэмжээг 20,500,000 төгрөг гэж тодорхойлон хариуцагч Ж ХХК -аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн иргэдийн төлөөлөгч ...нэхэмжлэгч талын зөв гэж бодож байна. Энэ бол хариуцлага алдсан явдал тул хариуцагч буруутай, хохирлыг хариуцах ёстой гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/01056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН