Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01078

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01078

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух,  ******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Олгогдоогүй цалин хөлс, алданги, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү, ээлжийн амралтын олговорт нийт 28.576.451 төгрөг гаргуулах, 2020 оны 7 дугаар сар, 2021 оны 6-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ажилтны байгууллагад учруулсан хохиролд 23.170.680 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ************** ХХК-д холбогдуулан 2021 оны 6-10 дугаар сарын олгогдоогүй цалин хөлс 14.908.211 төгрөг, түүнд ногдох алданги 2.959.370 төгрөг, ээлжийн амралтын олговор 3.531.608 төгрөг, хохиролд ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү 7.177.262 төгрөг, нийт 28.576.451 төгрөг гаргуулах, 2020 оны 7 сар, 2021 оны 6-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Гэлэгбаярын Эрдэнэбаяр 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс "Худалдаа хөгжлийн банк ХХК-д банкны ажилтнаар анх ажилд орж, салбарын данс хариуцсан ажилтан, байгууллагын банкны данс хариуцсан ажилтан, байгууллагын банкны данс хариуцсан ахлах ажилтан, "Торгон хил" салбарын захирал, хамгийн сүүлд "Шангри-ла" салбарын захирлаар тус банкинд нийт 15 жил, 5 сар ажилласан.

Гэтэл тус банкны салбарын удирдлагын газраас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч рүү утсаар ярьж тухайн өдрөө актаар ажлыг хүлээж авсан бөгөөд энэ өдрөөс хойш ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч *******ын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй. Нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авахаас өмнө Шангри-ла салбар дээр аудитын шалгалт оруулж, *******аас нэг удаа тайлбар авч байснаас өөрөөр нэхэмжлэгчид ямар нэгэн сахилгын хариуцлага тооцоогүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй байдаг. Мөн түүнчлэн нэхэмжлэгчид холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Ажлыг хүлээн авсанаас хойш нэхэмжлэгч ******* банкны захиргаа хүний нөөцийн газар, хуулийн газраас лавлаж асуухад ...хэрэг явц мөрдлөгийн шатандаа явж байгаа, хэн буруутай нь мэдэгдэхгүй байгаа, удахгүй прокурорт шилжих гэж байгаа" гэдгээс өөр тоймтой хариу өгөөгүй, ажлаар хангаагүй, ажлыг хийлгээгүй, ажлаас халсан эсхүл халаагүй алин болох нь тодорхойгүй байсан байдаг. Мөн цалин хөлсийг хэрхэн тооцож олгох нь тодорхойгүй, хяналт шалгалт дууссаны дараа бөөнд нь олгох эсэх тодорхойгүй байсан. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр банкны хүний нөөцийн газраас *******ыг ажлаас түр түдгэлзүүлэх тухай" Гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б21/920 тоот тушаалыг нэхэмжлэгчийн хувийн и-мэйл хаяг руу илгээснээр, ажлыг түр түдгэлзүүлсэн гэдгийг нэхэмжлэгч анх олж мэдсэн. Энэ нь ажлаас бүрэн чөлөөлсөн тушаал биш байсан учраас нэхэмжлэгчийн хувьд ажлаа хийх боломжтой байхад, ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр ажлыг нь хүлээн авч, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, ажлаар хангаагүй, улмаар ажиллуулаагүй хугацааны цалинг ажил олгогчоос олгоогүй. Өнгөрсөн хугацааны цалин хөлсөө авмаар байгаа тухай, мөн ажил хийлгэхгүй ийм байдалтай байвал цаашид ажиллах боломжгүй тул ажлаас гарах тухай өргөдлөө 2021 оны 9 дүгээр сард ажил олгогчдоо бичгээр өгсөн. Ажил олгогчийн зүгээс өргөдөлд ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг бичгээр гаргаж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Ингэж тушаал гаргахдаа өнгөрсөн хугацааны олгоогүй цалин хөлсийг ч олгоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст бичгээр хандсан боловч, гомдлыг хангаагүй бөгөөд нэхэмжлэгчид ямар нэгэн хариу өгөөгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.1.Нэхэмжлэгчийн авах ёстой 2021 оны 6-10 дугаар сарын хоорондох цалин хөлс, алдангид нийт 17.867.581 төгрөг нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид ажилтныг ажлаас түр түдгэлзүүлэх гэсэн ойлголт байхгүй байхад ажил олгогч ажлаас түр түдгэлзүүлсэн гэх хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, ажлаар хангаагүй, улмаар түүнд цалин хөлс олгоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т "Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дунд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141-р зүйлийн 141.4-д Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шуух ногдуулж, ажилтанд олгоно." гэж заасны дагуу ажил олгогч нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын бүрэн олгогдсон цалин хөлс буюу 2021 оны 3 дугаар сарын цалин хөлс 4.615.000 төгрөг, 4 дүгээр сарын цалин хөлс 3.009.773 төгрөг, 5 дугаар сарын цалин хөлс 3.960.568 төгрөг, нийт 11.585.341 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 3.861.780 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг 21.5 хоногт хуваан тооцоход 179.617 төгрөг болж байна.

Ажлаас түр түдгэлзүүлэх тушаал гарсан 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажлын 83 хоногт тооцвол цалин хөлс 14.908.211 төгрөг байна.

Алдангийн тухайд тухайн сарын сүүлийн өдөр дууссаны маргааш өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар сар бүрт ногдох алдангийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хоногийн 0,3 хувиар тооцоход нийт 2.959.370 төгрөг болсон тул нийт цалин хөлс, алдангид 17.867.581 төгрөг шаардсан.

Нэхэмжлэгчийг ажлаас түр түдгэлзүүлсэн тушаалыг түүнд анх 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэйлээр явуулснаар мэдсэн тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай тайлбар үндэслэлгүй.

1.2.Ээлжийн амралтын олговорт 3.531.608 төгрөг гаргуулна.

Нэхэмжлэгч 2020 онд ээлжийн амралт биеэр эдэлсэнээс хойш сүүлийн ажлын жилд ээлжийн амралт биеэр эдлээгүй, ээлжийн амралтын олговор аваагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнд ээлжийн амралтын олговор бодож олгоогүй байгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дугээр хавсралтаар баталсан "Ээлжийн амралт олгох заавар"-ын 15-д "Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ." гэж заасныг зөрчсөн.

А.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5.3-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч 15 жил 5 сар улсад ажилласан тул нийт 22 ажлын өдөр ээлжийн амралт эдлэх эрхтэй. Нэхэмжлэгч сүүлийн ээлжийн амралтаа 2020 оны 11 сард авсан тул түүний амралт эдлэх ёстой 11 сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 20.16 (22/12*11) өдөр байна.

Б. Амралт олгохын өмнөх бүрэн олгогдсон 12 сар (2020.5-2021.5)-ын цалин хөлсний нийлбэр 45.196.255 төгрөг ба үүнийг 12-т хуваахад нэг сарын дундаж цалин хөлс 3.766.354 төгрөг гарч байна. Үүнийг сарын ажлын дундаж өдөр 21.5-д хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 175.179 төгрөг болж байна. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдөр болох 20.16 өдрөөр үржүүлэхэд 3.531.608 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгч авах эрхтэй байна.

1.3.Ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүд 7.177.262 төгрөг гаргуулна.

Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөөгүй, цалин хөлс олгоогүй хэрнээ 2021 оны 7, 8, 9 дүгээр сарын цалинг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөөс болж нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээ маш багаар авч, ажил олгогчийн буруугаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой хохирч байна.

Нэхэмжлэгч 2006 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал эхлэн нийт 15 жил 5 сар шимтгэл төлж тасралтгүй ажилласан тул хуулийн дагуу түүнд 70 хувиар тэтгэмж бодогдоно. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 3.861.780 төгрөг тул үүнээс журмын дагуу тооцвол 9,690,827 төгрөг авах ёстой байснаас 1,053,962 төгрөг авсан тул зөрүүд 8.636.920 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Нийгмийн даатгалаас ирүүлсэн баримтаар түүнд 70 хувиар биш 60 хувиар тэтгэмж бодогдох ёстой, даатгалаас тэтгэмж 1.129.208 төгрөг авсан тул зөрүү 7.177.262 төгрөг гаргуулахаар энэ шаардлагаа багасгаж байна.

1.5.Үүнээс гадна өнгөрсөн жил буюу 2020 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй мөртлөө ажлаа хийх боломжтой байхад огт ажиллуулаагүй, цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй орхигдуулж тасалдал үүсгэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч ээлжийн амралтаараа Гадаад улсад сургалтад суугаад ирсэн байдаг. Ковид 19 цар тахалтай холбоотойгоор түр хүлээж бай хэмээн ажиллуулаагүй байдаг. Иймд энэ хугацааг болон сүүлийн 2021 оны 6-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дутууг хуулийн дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргажээ. Үүнд: Тус банкны Шангри-ла салбараас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.Бямбадорж нарын этгээдүүд хуурамч баримт бичиг ашиглан харилцагчийн данснаас 2.000.000 ам.доллар залилж авсан бөгөөд энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2109000000706 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэхэмжлэгч ******* тус салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан боловч тус хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй, ажилтнуудын ажил, үүрэгт хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, цаашилбал харилцагчийн дансны мэдээллийг задруулсан, дамжуулсан зэргээр дээрх эрүүгийн хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэх үндэслэл байсан тул түүнийг түр хугацаанд ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байх шийдвэрийг банкны зүгээс гаргасан.

Тодруулбал, Банк харилцагчийн итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид харилцагчид хохирол учруулж болзошгүй аливаа эсрдэлээс урьдчилан сэргийлэх, харилцагчийн банканд хадгалуулсан мөнгөн хөрөнгө болон мэдээллийн нууцлалыг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, гэм буруутай этгээд тогтоогдох хүртэл Шангри-Ла салбарын захирал *******ыг ажлаас нь түр түдгэлзүүлсэн.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно" гэж заасны дагуу ажил олгогч, түүний харилцагчид их хэмжээний хохирол учирсанд ажилтан буруутай эсэх нь тогтоогдох хүртэл түүнийг ажлаас түр түдгэлзүүлэх нь ажил олгогч хуулиар хориглоогүй арга хэрэгслээр эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр юм. Дээр дурдсан залилах гэмт хэргийн улмаас харилцагчид учирсан хохирлыг Худалдаа, хөгжлийн банк хариуцан, бүрэн барагдуулсан бөгөөд тэр хэмжээгээр тус банканд хохирол учирсан тул энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, тус хэрэгт *******ын оролцоо, гэм буруу байгаа эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдох хүртэл түүний ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ хугацааны цалин хөлсийг олгох эсэхийг дээрх байдал шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж банк үзсэн болно.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч ажиллаагүй, ажиллаагүй гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн тул цалин хөлсийг олгох боломжгүй. Ажиллаагүй хугацаанд цалин хөлс олгох боломжгүй тул алданги, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү шаардсныг зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж ажил үүрэг гүйцэтгээгүй, ажлыг хүлээлцсэн талаар дурдсан, түүнчлэн тус банкинд олон жил ажилласан тул Хөдөлмөрийн дотоод журмаар сар бүрийн 10 болон 25-ны өдөр цалин хөлс олгодог гэдгийг мэднэ. Иймд цалин хөлс олгоогүй даруйд нэхэмжлэгч мэдэх боломжтой тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Харин ээлжийн амралтын олговрын тухайд нэхэмжлэгчийн тухайн жилийн ээлжийн амралтын олговорт 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилласан 2021 оны 6 дугаар сарын 07-ны хүртэлх хугацаанд, ажлын 15 хоногоор бодон олговорт 2.751.942 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Манай зүгээс нэхэмжлэгчийн дундаж цалин тооцоолсон дүнд маргахгүй. Мөн 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч******* ХХК-аас *******т холбогдуулан ажилтны байгууллагад учруулсан хохиролд 23.170.680 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэр бүхий 4 этгээдүүд бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 11 минутад хуурамч итгэмжлэл үйлдэн тус банкны харилцагч Эрдэнэт лайт ХХК-ийн ам.долларын данснаас 2.000.000 ам.долларыг Шангри-Ла салбар буюу *******ын хариуцан ажилладаг салбараас залилан авч санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн. Улмаар, дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдээс 1.450.000 ам.долларыг хураан авч харилцагч болох Эрдэнэт лайт ХХК-д буцаан олгосон бөгөөд үлдэгдэл 554.000 ам.долларын хохирлыг банк өөрийн эх үүсвэрээр харилцагчид барагдуулж өөрийн хөрөнгөөрөө хохирсон. Тухайн үед ******* банктай байгуулсан Контрактын гэрээний дагуу тус салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирол учирсан.

*******ын банктай байгуулсан К-21/49 тоот Контрактын гэрээний 2 дугаар зүйлд ажилтны үүргийг зааснаас 2.2.1, 2.2.2, 2.2.8 2.2.12-т Хариуцсан нэгжийн дотоод хяналтыг үр дүнтэй хийж, хариуцсан ажилтнууддаа зохих ёсны шаардлагыг тавьж, тэдгээрийн ажлын цагийн ирц, цаг ашиглалт, хөдөлмөрийн болон ёс зүйн сахилга, хариуцлагын байдалд байнга хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, зөрчил дутагдал гарсан тухай бүрт Контракт, Банканд мөрдөгдөж байгаа дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах гэж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжэх холбогдох дурэм, журамд заасны дагуу авч ажиллах;" гэж, мөн түүний Ажлын байрны тодорхойлолтын 3.3, 4.18, 4.19, 4.24, 4.63, 4.85 дахь хэсэгт "Хариуцсан нэгжийн хэмжээнд банкны мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт, сахилга, дэг журмыг бүрэн хариуцаж аливаа гэмт халдлага, гал түймрийн аюул зэрэг учирч болох бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах;", "Банк, түүний ажилтан, харилцагчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, зөвхөн Монгол Улсад журамд заасны дагуу мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримтууд болон банкны заавар, хүлээлцэж байх;" гэж заасан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, болон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д "Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүй эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн ******* болон******* ХХК нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай 12/349 тоот гэрээний 2.4, түүнтэй 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан К-21/49 тоот Контрактын гэрээний 10.1-т "Ажилтан Контрактад заасан үүргээ зөрчсөн, эсхүл түүний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Банканд ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцна" гэж зааснаар шаардаж байгаа.

Гэмт халдлагад өртсөн Шангри-Ла салбарын захирал ******* Контрактын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, журамд заасны дагуу салбарын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Банк болон харилцагчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт ажилтнуудад тогтмол анхааруулах, түүнд хяналт тавьж ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас харилцагчийн данснаас их хэмжээний мөнгө залилж авах боломж гэмт этгээдүүдэд олгож тус банкийг 554.000 ам.доллароор хохироход хүргэсэн. Иймд ажилтны байгууллагад учруулсан хохиролд 23.170.680 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манайх анх ажилд орж томилогдоход ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулдаг, харин албан тушаал бүрт хийдэггүй бөгөөд тухайн ажилтныг банкинд ажиллахаа болих хүртэл дагаж мөрддөг тул гэрээ дуусгавар болоогүй. Тус банкны Зузаатгалын журмын 2.1.1-д зузаатгал хүлээн авах захиалгыг ..... нэгжийн захирал ...баталгаажуулна гэж заасан байдаг. Үүнийг нэхэмжлэгч зөрчсөн гэдгээ банкны дотоод аудитад бичгээр өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч бичсэн байгаа. Мөн уг гүйлгээг нэхэмжлэгч өөрөө баталгаажуулсан баримтыг хэрэгт өгсөн. Тэрээр дансыг огт шалгаагүй, хяналтаа тавилгүйгээр 2,5 сая ам долларыг алдагдахад хүргэсэн. Тус салбараас ийм хэмжээний мөнгө гарч байгаагүй нь хэрэгт өгсөн баримтаас харагдана. Учирсан хохирол нийтдээ 554.000 ам доллар хэдий ч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон хуулиар 6 сараас хэтрүүлэхгүйгээр эд хөрөнгийн хариуцлагыг хүлээнэ гэж заасан тул хуулийн хэмжээгээр түүний 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцсон. Манай зүгээс нэхэмжлэгч өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг 3.861.780 төгрөг гэж тооцож нэхэмжилсэнд маргаагүй тул энэ хэмжээгээр тооцож шаардсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д ажилтны байгууллагад учруулсан хохирлыг шууд шүүхэд гаргахаар заасан тул урьдчилан шийдвэрлэх журам хамааралгүй гэв.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Тухайн гэмт хэрэг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн, банкыг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор тогтоосон байдаг. Энэ хугацаанд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 7.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссоор уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хандах боломжтой байсан ч энэ тухай огт яригдаагүй шууд сөрөг нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сар-ын хугацаа дууссан байна.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ 2012 онд байгуулагдсан, өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу хийгдсэн хариуцлагын гэрээ байна. Гэтэл нэхэмжлэгч 2020 он 02 дугаар сард тус банкны Шангри-Ла салбарын захирлаар томилогдсон. Энэ ажилд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй байна. Уг гэрээг шинэчилээгүй, сүүлийн албан тушаалд ийм гэрээ хийгээгүй нь хариуцагчийн өөрийн буруу.

Хэрэг явдлын тухайд банкинд хийгдэж байгаа аливаа зарлагын гүйлгээ нь теллер, ахлах теллер, санхүү бүртгэл хяналтын ажилтан, санхүү бүртгэл хяналтын хэлтсийн захирал гэсэн шат дараалал бүтэцтэйгээр явагддаг, салбарын захирал гүйлгээнд шууд оролцох эрх үүрэг байхгүй. Тухайн өдрийн гүйлгээг санхүү бүртгэл хяналтын ажилтан хянасан байдаг. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч хамааралгүй болох нь прокуророос ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгчид өөрийн ажил үүргийг зөрчсөний улмаас эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр алга. Үүнээс гадна энэ асуудлаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэрэгт хариуцагч байгууллага хохирогчоор тогтоогдсон, тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжийн материал хүлээлгэн өгсөн хуудас,******* ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, уг гомдлыг шуудангаар явуулсан баримт, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б-21/920 тоот гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б-21/1884 тоот гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариуцагчид явуулсан мэйл, *******ын депозит дансны хуулга, хариуцагч байгууллагын ажилтантай харилцсан мэйлүүд, өөрийн дансны хуулга, захиргаанд гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, сургууль төгссөн дипломын хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 8-17, 30-31, 68-70, 102-107, 124-125, 126, 152-155/

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Эрдэнэт Лайт ХХК-ийн дансны хуулгууд, Худалдаа, хөгжлийн банкны дотоод дансны гүйлгээний хуулга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/724 тоот хариу мэдэгдэх хуудас, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12/349 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, салбарын захирлын Ажлын байрны тодорхойлолт, *******ын банкны дотоод аудитын газарт гаргасан бичгийн тайлбар, Ти Би И ХХК-ийн дансны хуулга, зузаатгалын тайлангийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 22-25, 132-144,187-189, 236-241/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2021/13818, 181/ШЗ2021/14189 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 689 тоот хариу, түүний хавсралтууд,*******наас ирүүлсэн 2022 онд батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажлаас түр түдгэлзүүлэх тухай тушаал, 2020 оны ээлжийн амралтын олговор олгосон баримт, 2020, 2021 оны цалингийн тооцооны карт, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн контрактын гэрээ, тус шүүхийн 181/ШЗ2022/02831 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2019 оны Хөдөлмөрийн дотоод журам, мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн 181/ШЗ2022/03572 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас гаргуулсан *******ын 495022679 тоот дансны хуулга, зохигчдын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/04848 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хариу, түүний хавсралтууд, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 43-55, 85-101, 117-121, 145-151, 186, 201, 202-229/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч ******* нь******* ХХК-д холбогдуулан 2021 оны 6-10 дугаар сарын олгогдоогүй цалин хөлс 14.908.211 төгрөг, түүний алданги 2.959.370 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү 8.636.920 төгрөг, ээлжийн амралтын олговор 3.531.608 төгрөг тус тус гаргуулах, 2020 оны 7 дугаар сар, 2021 оны 6-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага анх гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажилтны байгууллагад учруулсан хохиролд 23.170.680 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү 8.636.920 төгрөг гаргуулах шаардлагаа 7.177.262 төгрөг болгож багасгасан тул нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ хэсгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Харин үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг зохигчид хэн алин нь эс зөвшөөрч маргаж байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: захиргаа ажилтныг хууль бусаар ажлаас түдгэлзүүлснээр 2021 оны 6-10 дугаар сард олговол зохих цалин хөлсийг олгоогүй тул алдангийн хамт гаргуулна, ажил хөдөлмөрөөр хангах өөрийн үүргээ захиргаа биелүүлээгүй, ажил хийх боломжгүй нөхцлийг үүсгэсэн, түүнчлэн цалин хөлсийг бүрэн олгоогүйгээс ажилгүйдлийн тэтгэмж багаар тогтоогдсон тул зөрүүг хохиролд тооцон гаргуулна, ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг гардуулаагүй, сүүлд мэйлээр явуулснаар мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн хариуцсан салбараас их хэмжээний мөнгө алдагдаж гэмт хэрэг үйлдэгдсэн тул ажлаас түр түдгэлзүүлсэн, банк харилцагчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, нэгэнт ажиллаагүй тул цалин хөлс олгох улмаар алданги болон ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү төлөх үндэслэлгүй, түүнчлэн ажлаас түдгэлзүүлснийг ажлаа хүлээлгэн өгсөн даруйд мэдсэн тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлав.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: салбарын захирлын хувьд ажлын байрны тодорхойлолт, контрактын гэрээ, холбогдох журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хяналтыг тавиагүйгээс хариуцсан салбараас их хэмжээний мөнгө алдагдаж банкинд 554.000 ам долларын хохирол учирсан, дотоод аудитын газарт бичгээр өгсөн тайлбартаа тухайн алдагдсан 2.000.000 ам долларын гүйлгээг шалгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, аудитын дүгнэлтэд энэ талаар тусгагдсан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хуулийн дагуу ажилтны байгууллагад учруулсан хохирлыг гаргуулна гэж тайлбарлав. Мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам энэ шаардлагад хамааралгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ дуусгавар болоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлав.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: хариуцсан ажилтнуудын хэн нь ямар ажил үүргийн дутагдал гаргасны улмаас хэдий хэмжээний бодит хохирол байгууллагад учирсныг тогтоосон баримтгүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй, эрүүгийн хэргийн хохирлыг нэхэмжлэгчээс шаардсан тул тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй, хөөн хэлэлцэх гурван сар-ын хугацаа хэтэрсэн гэж тайлбарлав.

6.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Нэхэмжлэгч ************** ХХК-д 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түр ажилтан-аар анх томилогдсноор талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус банкны Шангри-Ла салбарын захирлаар томилогдсон, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр К-21/49 тоот контрактын гэрээг байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэл, гэрээ зэргээр тогтоогдсон. /хх 11, 98-101/

6.2.Тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б-21/920 тоот тушаалаар нэхэмжлэгчийг салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйн улмаас ноцтой зөрчил гарч мөнгөн хөрөнгө халдлагад өртсөн үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс уг асуудлыг эрх бүхий байгууллага шалгаж шийдвэрлэх хүртэлх хугацаагаар ажлаас түр түдгэлзүүлжээ. /хх 94/

6.3.Тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б-21/1884 тоот тушаалаар ажилтны өөрийн хүсэлтээр түүнийг мөн өдрөөс Шангри-Ла салбарын захирлын ажлаас чөлөөлж, гэрээг дуусгавар болгожээ. /хх 93/

6.4.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан тус банкны Шангри-ла салбараас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэр бүхий иргэд бүлэглэн хуурамч итгэмжлэлийг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 ам долларыг залилсан гэмт хэрэг үйлдэгдсэн, эрүүгийн хэргийн явцад тэдгээрээс 1.450.000 ам долларыг буцаан авсан, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй шалгагдаж байгаа,******* ХХК-иас харилцагч байгууллагад өөрөөс үлдэх 554.000 ам долларыг төлсөн үйл баримтууд тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй. /хх 132-135, 202/

7.Нэхэмжлэгч гүйцэтгэх захирлын Б-21/1884 тоот тушаалд маргаагүй, харин Б-21/920 тоот тушаалыг эс зөвшөөрч улмаар олгоогүй цалин хөлсийг шаардсан.

7.1.Дээрх Б-21/920 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44 дүгээр зүйлийн 44.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.3, контрактын гэрээний 3.1.5, 10.3-т заасныг баримталжээ.

Хэрэгт баримтаар авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.3-т ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрйин сахилгын шийтгэл, эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага болон бусад хариуцлагыг холбогдох үндэслэлийн дагуу хүлээлгэх гэж, контрактын гэрээний 3.1.5-д ажилтан зөрчил дутагдал гаргасан, контрактаар хүлээсэн үүргээ зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, Банкинд эрсдэл учруулсан тухай бүр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу холбогдох арга хэмжээ авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл удирдлагын багаас бүрсэн ажлын хэсгийг ажиллуулан, ажилтны үйл ажиллагаанд шалгалт хийлгэх, 10.3-т Контрактаар хүлээсэн үүргээ зөрчсөн, Банкны холбогдох заавар, журам, бодлого, дүрэм зөрчсөн, өөрийн хариуцсан газар, хэлтэс, нэгжийн үйл ажиллагаанд эрсдэл учруулсан тухай бүрт Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг гүйцэтгэх удирдлагаас авах гэж заасан байх тул дээрх тушаалд баримталсан энэ заалтууд ажилтны ажил үүргийг түдгэлзүүлэх зохицуулалтад шууд хамааралгүй, ерөнхий зохицуулалтууд байна. /хх145-151, 98-101/

Харин 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно. гэж заасан боловч ийнхүү эрх бүхий этгээдээс буюу эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байхаар шаардаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Иймд Б-21/920 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. Банк харилцагчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн ажил үүргийг гйүцэтгүүлээгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, банкны өөртөө туслах арга хуулийн хүрээнд хэрэгжих ёстойг дурдав.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажилтныг ажлаар хангах өөрийн үүргээ захиргаа хэрэгжүүлээгүй, ажил гүйцэтгэх боломжгүй нөхцлийг үүсгэсэн болох нь түүнтэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй хэрнээ ажлыг хүлээлцсэн үйл баримтаар тогтоогдож байх тул ажиллаагүй хугацааны цалин хөлс олгохгүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. Иймд ажилтанд олгоогүй цалин хөлсийг нөхөн олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.

7.2.Хариуцагч Б-21/920 тоот тушаалыг тухайн өдөрт нь нэхэмжлэгчид танилцуулсан, мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэлд бичсэнээр нотлогдож байгаа тул 2021 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлав. Харин нэхэмжлэгч тушаалыг 2021 оны 8 дугаар сарын 25-нд анх мэйлээр авснаар мэдсэн гэж тайлбарласан.

Хэрэгт баримтаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид тушаалыг цахим мэйлээр явуулсан болох нь шүүхээс мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, захиргаа тушаалыг ажилтанд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөө танилцуулсан болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр энэ нэхэмжлэлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах гурван сарын хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна.

8.Нэхэмжлэгч өөрийн дундаж цалин хөлсийг сүүлийн гурван сарын дундажаас бодож нэг сард 3.861.780 төгрөг, нэг хоногт 179.617 төгрөг гэж тооцсон, хариуцагч тооцооллын хувьд маргаагүй. Ажлаас түдгэлзүүлсэн тушаал гарсан 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажлын 83 хоногоор тооцсон нэхэмжлэгчийг тооцоолол үндэслэлтэй байна. 2021 оны 6 дугаар сард олгогдоогүй 2.873.872 төгрөг, 2021 оны 7 дугаар сард 3.233.106 төгрөг, 8 дугаар сард 3.951.574 төгрөг, 9 дүгээр сард 3.951.574 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 5 хоногт 898.085 төгрөг байх тул хариуцагчаас цалин хөлсөд 14.908.211 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулахаар заасан, нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар сар бүрийн цалин хөлсөд алданги тооцож нийт 2.959.370 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүх хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

10.Нэхэмжлэгч тухайн жилийн ээлжийн амралтын олговорт 3.531.608 төгрөг шаардснаас хариуцагч 2.751.942 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Нэхэмжлэгч энэ шаардлагаа өмнөх жилийн ээлжийн амралтаа эдэлж дуусаад орсон 2020 оны 11 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 11 сарын хугацаанд, нийт амралтын 20,16 хоног, нэг сарын дундаж 3.766.354 төгрөг, нэг өдрийн дундаж 175.179 төгрөгөөр тооцож шаардсан.

Хариуцагч 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилласан хугацаанд, нийт ажлын 15 хоногт ногдох олговрыг тооцоход 2.751.942 төгрөг гэж тайлбарласан. Мөн ажлаас түдгэлзүүлснээс хойш ажиллаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан. /хх 95-96, 97/

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгох бөгөөд 79.2.-т зааснаар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна, 79.5.-д заасан үндэслэлээр нэмэгдэл амралт олгохоор зохицуулжээ. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 137 сар гэж нийгмийн даатгалын байгууллагаас тооцоолсон баримт авагдсан буюу 11 жил 5 сар гэж баталгаажуулсан тул тэрээр хуулийн дагуу ажлын 22 /15+7/ хоног амрана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох-оор заасан, ээлжийн амралт олгох заавар-ын 15-д Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.  Ээлжийн амралтын тооцоог ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч энэ олговрыг тооцохдоо ажлын 20.16 тооцсон, харин хариуцагч 15 хоногоор тооцсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид өмнөх 2020 оны олговрыг 2020 оны 9 дүгээр сарын 01-нд олгосон тул өмнөх жилийн ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаад орсон 2020 оны 11 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 11 сарын хугацаанд ногдох хоногийг тооцсон нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Харин захиргаа 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дээрх тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй тул энэ хүртэлх хугацаанд ажлын 15 хоногоор тооцсон нь үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч нэг өдрийн хөлсийг 175.179 төгрөгөөр тооцохдоо 2020 оны 5 дугаар сараас хойшхи хугацааны цалин хөлсний нийлбэрээс тооцсон нь журамд заасан Тухайн ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тооцоход оруулсан хугацааны дундаж цалин хөлсийг давхардуулан оруулж тооцохгүй. Хэрэв өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын хөлсийг тооцоход оруулсан саруудын дундаж цалин хөлс орохоор байвал уг хугацааг хасч, үлдсэн хугацааны дунджаар тооцно гэж заасантай нийцээгүй буруу, түүнд өмнөх жилийн олговрыг олгосон 2020 оны 9 дүгээр сараас хойшхи хугацааны цалин хөлсний дундажаас тооцох ёстой байжээ. Гэвч хариуцагч нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор тооцоход нэг өдрийн хөлсийг 183.462 /2.751.942 :15хоног/ төгрөгөөр тооцож зөвшөөрсөн тул шүүх энэ шаардлагыг нэхэмжлэлийн хүрээгээр тооцож 3.531.608 /20,16* 175.179 төгрөг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж үзлээ.

11.Нэхэмжлэгч цалин хөлсийг бүрэн олгоогүйгээс ажилгүйдлийн тэтгэмжид 1.129.208 төгрөг авсан үндэслэлээр зөрүү 7.177.262 төгрөг шаардсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, Ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх-ээр, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцох, үүнээс 10-15 жилд 60 хувиар тооцох-оор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д ажлын 76 өдрийн хугацаа-нд олгохоор тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалаас нэхэмжлэгч хуулийн дагуу энэ төрлийн тэтгэмж авах эрх нээгдсэн, тэтгэмжид сүүлийн 3 сарын 420.000 төгрөгөөс тооцож журмын 4.6-д зааснаар бодон 1.129.208 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, тэтгэмж бодох хувийг 60 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан тус байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. /хх 43-55/

Нэхэмжлэгчийн цалин хөлсийг захиргаа 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш олгоогүйгээс авбал зохих ажилгүйдлийн тэтгэмж буурсан нь тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтууд болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохиролд тооцон ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүг олгох нь зүйтэй.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 4.2.1-4.2.4-т заасан аргачлалаар нэхэмжлэгчид олговол зохих тэтгэмжийг тооцвол 7.984.484 төгрөг байх тул олгосон 1.129.208 төгрөгийг хасч, зөрүү 6.855.276 төгрөгийг гаргуулж, энэ шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

/ 2021 оны 7 сард 3.233.106 төгрөг, 8 сард 3.951.574 төгрөг, 9 сард 3.951.574 төгрөг/

3.233.106 +3.951.574 +3.951.574= 11.136.254 төгрөг: 3= 3.712.085 * 60% =2.227.251 : 21,2=105.059 *76=7.984.484/

12.Нэхэмжлэгчийн 2021 оны 7, 8, 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцож төлсөн, дээрх байдлаар цалин хөлсийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн тул зөрүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй. /хх 12/

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 10.1-д контрактад заасан үүргээ зөрчсөн, эсхүл түүний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас банкинд ямар нэг хохирол учирсан тохиолдолд хохирлыг ажилтан бүрэн хариуцна гэж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын 12/349 тоот гэрээний 2.4контрактаар ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас учруулсан эд хөрөнгийн хохирлоо зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгана гэж заасан байх тул нэхэмжлэгч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд болох нь тогтоогдож байна. /хх 98-101, 137-138/

Хэрэгт авагдсан дээрх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч энэ гэрээний хугацаа дууссан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй гэж тайлбарласан. Хариуцагч байгууллагын зүгээс анх ороход нэг удаа гэрээг байгуулдаг, ажлын байр болгоноор хийдэггүй гэж тайлбарласан.

Энэ 12/349 тоот гэрээг нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ******* нар байгуулсан байх бөгөөд уг гэрээнд ажлын байр нэршил болоод гэрээний хугацааг тусгаагүй ерөнхий гэрээ байх бөгөөд гэрээний 5.1-д гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, ажилтан ажил олгогчийн хооронд байгуулсан контракт, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор түүнийг дагаж дуусгавар болно гэж зааснаас үзвэл маргааны энэ тохиолдолд ажлын байр бус ажилтныг дагаж гэрээг байгуулдаг, тухайн гэрээ дуусгавар болоогүй байсан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Харин хариуцсан салбараас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр их хэмжээний мөнгийг гуравдагч этгээдүүд залилсан үйл явдалд нэхэмжлэгч ямар дүрэм журамд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйлдэл эс үйлдэхүй гаргасан болох, тэр нь ямар баримтаар тогтоогдож нотлогдсон, түүнчлэн хариуцсан салбар дах ажилтан тус бүрийн хэн хэний ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй байснаас үйл явдал болж байгууллагад хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичигт *******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдээгүй тухай дурдсан байх тул нэхэмжлэгчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс шалтгаалж түүний хариуцаж ажиллаж байсан салбарт гэмт хэрэг гарсан, мөнгө алдагдахад хүргэсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч тус байгууллагад мөрдөгддөг зузаатгалын журмын 2.1.1-д заасныг зөрчсөн, шалгаж нягтлаагүй их хэмжээний гүйлгээний баримтыг баталгаажуулсан, энэ талаар тогтоосон аудитын дүгнэлт гарсан гэж хариуцагч шүүх хуралдааны явцад тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ тухай дэмжих баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч тус банкны дотоод аудит өөрийн гараар бичиж өгсөн баримтад дансны үлдэгдлийг нээн хараагүй санагдаж байна гэж бичсэн, энэ нь журмыг зөрчсөн алдаагаа хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдоно гэж хариуцагч тайлбарласан.

Хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгчийн Дотоод аудитын газарт өгсөн тайлбарт Ти Би Ти ХХК-ийн дансны мэдээллийг тухайн үед шалгаж харах зорилгоор нэвтэрсэн ба дансны үлдэгдлийг нээж хараагүй санагдаж байна гэж бичигдсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч өөрийн ажил албан тушаалын үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл эс үйлдэхүй гэж үзэхэд учир дутагдалтай, холбогдох бусад дүрэм журмыг хариуцагч баримтаар ирүүлээгүй тул үүрэг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. /хх 187-189/

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117.1 зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тухайн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө ажилтны учруулсан эд хөрөнгийн хохирол шаардсан энэ шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сар-ын хугацаа хэтэрсэн, хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам хангаагүй тухай нэхэмжлэгчийн татгалзал мөн үндэслэлгүйг дурдав.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 25.295.095 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.281.356 төгрөг болон хариуагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

/Цалин хөлс 14.908.211 + ээлжийн амралтын олговор 3.531.608 + тэтгэмжийн зөрүү 6.855.276 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан******* ХХК-иас 25.295.095 /хорин таван сая хоёр зуун ерэн таван мянга ерэн таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.281.356 төгрөгийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******аас байгууллагад учруулсан хохиролд 23.170.680 төгрөг гаргуулах тухай******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дуагар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон төлөхийг хариуцагч******* ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******ын 2021 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөхийг хариуцагч******* ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378.331 /308.131+70.200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273.803 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 354.625 /284.425-70.200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ