Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01590

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01590

 

Г.Э-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01078 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Эрдэнбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХБ ХХК-д холбогдох,

Олгогдоогүй цалин хөлс, алданги, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү, ээлжийн амралтын олговорт нийт 28,576,451 төгрөг гаргуулах, 2020 оны 07 дугаар сар, 2021 оны 6-9 дүгээр сарын нийгмийн дааггалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г.Э- 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс ХХБ ХХК-д банкны ажилтнаар анх ажилд орж, салбарын данс хариуцсан ажилтан, байгууллагын банкны данс хариуцсан ажилтан, байгууллагын банкны данс хариуцсан ахлах ажилтан, Торгон хил салбарын захирал, хамгийн сүүлд Ш салбарын захирлаар тус банкинд нийт 15 жил 5 сар ажилласан. Гэтэл тус банкны салбарын удирдлагын газраас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч рүү утсаар ярьж тухайн өдрөө актаар ажлыг хүлээж авсан бөгөөд энэ өдрөөс хойш ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Г.Э-ын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй. Нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авахаас өмнө Ш салбар дээр аудитын шалгалт оруулж, Г.Э-аас нэг удаа тайлбар авч байснаас өөрөөр нэхэмжлэгчид ямар нэгэн сахилгын хариуцлага тооцоогүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгчид холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Ажлыг хүлээн авснаас хойш нэхэмжлэгч Г.Э- банкны захиргаа, хүний нөөцийн газар, хуулийн газраас лавлаж асуухад ...хэрэг явц мөрдлөгийн шатандаа явж байгаа, хэн буруутай нь мэдэгдэхгүй байгаа, удахгүй прокурорт шилжих гэж байгаа гэдгээс өөр тоймтой хариу өгөөгүй, ажлаар хангаагүй, ажлыг хийлгээгүй, ажлаас халсан эсхүл халаагүй аль болох нь тодорхойгүй байсан. Мөн цалин хөлсийг хэрхэн тооцож олгох нь тодорхойгүй, хяналт шалгалт дууссаны дараа бөөнд нь олгох эсэх тодорхойгүй байсан. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр банкны хүний нөөцийн газраас Г.Э-ыг ажлаас түр түдгэлзүүлэх тухай Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б21/920 тоот тушаалыг нэхэмжлэгчийн хувийн и-мэйл хаяг руу илгээснээр, ажлыг түр түдгэлзүүлсэн гэдгийг нэхэмжлэгч анх олж мэдсэн. Энэ нь ажлаас бүрэн чөлөөлсөн тушаал биш байсан учраас нэхэмжлэгчийн хувьд ажлаа хийх боломжтой ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр ажлыг нь хүлээн авч, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, ажлаар хангаагүй, улмаар ажиллуулаагүй хугацааны цалинг ажил олгогчоос олгоогүй. Өнгөрсөн хугацааны цалин хөлсөө авмаар байгаа тухай, мөн ажил хийлгэхгүй байдалтай байвал цаашид ажиллах боломжгүй тул ажлаас гарах тухай өргөдлөө 2021 оны 9 дүгээр сард ажил олгогчдоо бичгээр өгсөн. Ажил олгогчийн зүгээс өргөдөлд ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг бичгээр гаргаж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Ингэж тушаал гаргахдаа өнгөрсөн хугацааны олгоогүй цалин хөлсийг ч олгоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ХХБ ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст бичгээр хандсан боловч, гомдлыг хангаагүй бөгөөд нэхэмжлэгчид ямар нэгэн хариу өгөөгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.1.Нэхэмжлэгчийн авах ёстой 2021 оны 6-10 дугаар сарын хоорондох цалин хөлс, алдангид нийт 17,867,581 төгрөг нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид ажилтныг ажлаас түр түдгэлзүүлэх гэсэн ойлголт байхгүй байхад ажил олгогч ажлаас түр түдгэлзүүлсэн гэх хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, ажлаар хангаагүй, улмаар түүнд цалин хөлс олгоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасны дагуу ажил олгогч нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын бүрэн олгогдсон цалин хөлс буюу 2021 оны 3 дугаар сарын цалин хөлс 4,615,000 төгрөг, 4 дүгээр сарын цалин хөлс 3,009,773 төгрөг, 5 дугаар сарын цалин хөлс 3,960,568 төгрөг, нийт 11,585,341 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 3,861,780 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг 21.5 хоногт хуваан тооцоход 179,617 төгрөг болж байна.

Ажлаас түр түдгэлзүүлэх тушаал гарсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажлын 83 хоногт тооцвол цалин хөлс 14,908,211 төгрөг байна.

Тухайн сарын сүүлийн өдөр дууссаны маргааш өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар сар бүрд ногдох алдангийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хоногийн 0,3 хувиар тооцоход нийт 2,959,370 төгрөг болсон тул нийт цалин хөлс, алдангид 17,867,581 төгрөг шаардсан.

Нэхэмжлэгчийг ажлаас түр түдгэлзүүлсэн тушаалыг түүнд анх 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр и-мэйлээр явуулснаар мэдсэн тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай тайлбар үндэслэлгүй.

1.2.Ээлжийн амралтын олговорт 3,531,608 төгрөг гаргуулна.

Нэхэмжлэгч 2020 онд ээлжийн амралт биеэр эдэлснээс хойш сүүлийн ажлын жилд ээлжийн амралт биеэр эдлээгүй, ээлжийн амралтын олговор аваагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнд ээлжийн амралтын олговор бодож олгоогүй байгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дугээр хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох зааварын 15-д Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэж заасныг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5.3-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч 15 жил 5 сар ажилласан тул нийт 22 ажлын өдөр ээлжийн амралт эдлэх эрхтэй. Нэхэмжлэгч сүүлийн ээлжийн амралтаа 2020 оны 11 сард авсан тул түүний амралт эдлэх ёстой 11 сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 20.16 (22/12*11) өдөр байна. Амралт олгохын өмнөх бүрэн олгогдсон 12 сар (2020.5-2021.5)-ын цалин хөлсний нийлбэр 45,196,255 төгрөг ба үүнийг 12-т хуваахад нэг сарын дундаж цалин хөлс 3.766.354 төгрөг гарч байна. Үүнийг сарын ажлын дундаж өдөр 21.5-д хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 175.179 төгрөг болж байна. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдөр болох 20.16 өдрөөр үржүүлэхэд 3,531,608 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгч авах эрхтэй байна.

1.3.Ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүд 7,177,262 төгрөг гаргуулна.

Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөөгүй, цалин хөлс олгоогүй хэрнээ 2021 оны 7, 8, 9 дүгээр сарын цалинг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс болж нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээ маш багаар авч, ажил олгогчийн буруугаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой хохирч байна.

Нэхэмжлэгч 2006 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал эхлэн нийт 15 жил 5 сар шимтгэл төлж тасралтгүй ажилласан тул хуулийн дагуу түүнд 70 хувиар тэтгэмж бодогдоно. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 3,861,780 төгрөг тул үүнээс журмын дагуу тооцвол 9,690,827 төгрөг авах ёстой байснаас 1,053,962 төгрөг авсан тул зөрүүд 8,636,920 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Нийгмийн даатгалаас ирүүлсэн баримтаар түүнд 70 хувиар биш 60 хувиар тэтгэмж бодогдох ёстой, даатгалаас тэтгэмж 1,129,208 төгрөг авсан тул зөрүү 7,177,262 төгрөг гаргуулахаар энэ шаардлагаа багасгаж байна.

1.4. Үүнээс гадна өнгөрсөн жил буюу 2020 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй мөртлөө ажлаа хийх боломжтой байхад огт ажиллуулаагүй, цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй орхигдуулж тасалдал үүсгэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч ээлжийн амралтаараа Гадаад улсад сургалтад суугаад ирсэн байдаг. Ковид 19 цар тахалтай холбоотойгоор түр хүлээж бай хэмээн ажиллуулаагүй байдаг. Иймд энэ хугацааг болон сүүлийн 2021 оны 6-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дутууг хуулийн дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнд, тус банкны Ш салбараас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Б- нарын этгээдүүд хуурамч баримт бичиг ашиглан харилцагчийн данснаас 2,000,000 ам.доллар залилж авсан бөгөөд энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2109000000706 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэхэмжлэгч Г.Э- тус салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан боловч тус хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй, ажилтнуудын ажил, үүрэгт хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, цаашилбал харилцагчийн дансны мэдээллийг задруулсан, дамжуулсан зэргээр дээрх эрүүгийн хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэх үндэслэл байсан тул түүнийг түр хугацаанд ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байх шийдвэрийг банкны зүгээс гаргасан.

Тодруулбал, банк харилцагчийн итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид харилцагчид хохирол учруулж болзошгүй аливаа эсрдэлээс урьдчилан сэргийлэх, харилцагчийн банканд хадгалуулсан мөнгөн хөрөнгө болон мэдээллийн нууцлалыг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, гэм буруутай этгээд тогтоогдох хүртэл Ш салбарын захирал Г.Э-ыг ажлаас нь түр түдгэлзүүлсэн. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасны дагуу ажил олгогч, түүний харилцагчид их хэмжээний хохирол учирсанд ажилтан буруутай эсэх нь тогтоогдох хүртэл түүнийг ажлаас түр түдгэлзүүлэх нь ажил олгогч хуулиар хориглоогүй арга хэрэгслээр эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр юм. Дээр дурдсан залилах гэмт хэргийн улмаас харилцагчид учирсан хохирлыг ХХБ ХХК хариуцан, бүрэн барагдуулсан бөгөөд тэр хэмжээгээр тус банканд хохирол учирсан тул энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, тус хэрэгт Г.Э-ын оролцоо, гэм буруу байгаа эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдох хүртэл түүний ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ хугацааны цалин хөлсийг олгох эсэхийг дээрх байдал шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж банк үзсэн болно.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч ажиллаагүй гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн тул цалин хөлсийг олгох боломжгүй. Ажиллаагүй хугацаанд цалин хөлс олгох боломжгүй тул алданги, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү шаардсаныг зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын дотор гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж ажил үүрэг гүйцэтгээгүй, ажлыг хүлээлцсэн талаар дурдсан, түүнчлэн тус банкинд олон жил ажилласан тул Хөдөлмөрийн дотоод журмаар сар бүрийн 10 болон 25-ны өдөр цалин хөлс олгодог гэдгийг мэднэ. Иймд цалин хөлс олгоогүй даруйд нэхэмжлэгч мэдэх боломжтой тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Нэхэмжлэгчийн тухайн жилийн ээлжийн амралтын олговорт 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилласан 2021 оны 06 дугаар сарын 07-ны хүртэлх хугацаанд, ажлын 15 хоногоор бодон олговорт 2,751,942 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Манай зүгээс нэхэмжлэгчийн дундаж цалин тооцоолсон дүнд маргахгүй. Мөн 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3.Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн агуулга:

ХХБ ХХК нь Г.Э-т холбогдуулан ажилтны байгууллагад учруулсан хохиролд 23,170,680 төгрөг гаргуулна. Нэр бүхий 4 этгээдүүд бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 11 минутад хуурамч итгэмжлэл үйлдэн тус банкны харилцагч Эрдэнэт лайт ХХК-ийн ам.долларын данснаас 2,000,000 ам.долларыг Ш салбар буюу Г.Э-ын хариуцан ажилладаг салбараас залилан авч санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн. Улмаар, дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдээс 1,450,000 ам.долларыг хураан авч харилцагч болох Эрдэнэт лайт ХХК-д буцаан олгосон бөгөөд үлдэгдэл 554,000 ам.долларын хохирлыг банк өөрийн эх үүсвэрээр харилцагчид барагдуулж өөрийн хөрөнгөөрөө хохирсон. Тухайн үед Г.Э- банктай байгуулсан контрактын гэрээний дагуу тус салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирол учирсан.

Г.Э-ын банктай байгуулсан К-21/49 тоот Контрактын гэрээний 2 дугаар зүйлд ажилтны үүргийг зааснаас 2.2.1, 2.2.2, 2.2.8 2.2.12-т Хариуцсан нэгжийн дотоод хяналтыг үр дүнтэй хийж, хариуцсан ажилтнууддаа зохих ёсны шаардлагыг тавьж, тэдгээрийн ажлын цагийн ирц, цаг ашиглалт, хөдөлмөрийн болон ёс зүйн сахилга, хариуцлагын байдалд байнга хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, зөрчил дутагдал гарсан тухай бүрт Контракт, Банканд мөрдөгдөж байгаа дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах гэж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ холбогдох дурэм, журамд заасны дагуу авч ажиллах гэж, мөн түүний Ажлын байрны тодорхойлолтын 3.3, 4.18, 4.19, 4.24, 4.63, 4.85 дахь хэсэгт "Хариуцсан нэгжийн хэмжээнд банкны мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт, сахилга, дэг журмыг бүрэн хариуцаж аливаа гэмт халдлага, гал түймрийн аюул зэрэг учирч болох бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах, Банк, түүний ажилтан, харилцагчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, зөвхөн Монгол Улсад журамд заасны дагуу мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримтууд болон банкны заавар, хүлээлцэж байх гэж заасан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 болон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүй эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн Г.Э- болон ХХБ ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай 12/349 тоот гэрээний 2.4, түүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан К-21/49 тоот Контрактын гэрээний 10.1-т Ажилтан Контрактад заасан үүргээ зөрчсөн, эсхүл түүний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Банканд ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцна гэж зааснаар шаардаж байна.

Гэмт халдлагад өртсөн Ш салбарын захирал Г.Э- Контрактын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, журамд заасны дагуу салбарын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Банк болон харилцагчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт ажилтнуудад тогтмол анхааруулах, түүнд хяналт тавьж ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас харилцагчийн данснаас их хэмжээний мөнгө залилж авах боломж гэмт этгээдүүдэд олгож тус банкийг 554.000 ам.доллароор хохироход хүргэсэн. Иймд ажилтны байгууллагад учруулсан хохиролд 23,170,680 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манайх анх ажилд орж томилогдоход ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулдаг, харин албан тушаал бүрт хийдэггүй бөгөөд тухайн ажилтныг банкинд ажиллахаа болих хүртэл дагаж мөрддөг тул гэрээ дуусгавар болоогүй. Тус банкны Зузаатгалын журмын 2.1.1-д зузаатгал хүлээн авах захиалгыг “...нэгжийн захирал баталгаажуулна гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч зөрчсөн гэдгээ банкны дотоод аудитад бичгээр өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч бичсэн байгаа. Мөн уг гүйлгээг нэхэмжлэгч өөрөө баталгаажуулсан баримтыг хэрэгт өгсөн. Тэрээр дансыг огт шалгаагүй, хяналтаа тавилгүйгээр 2,5 сая ам.долларыг алдагдахад хүргэсэн. Тус салбараас ийм хэмжээний мөнгө гарч байгаагүй нь хэрэгт өгсөн баримтаас харагдана. Учирсан хохирол нийтдээ 554.000 ам.доллар хэдий ч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон хуулиар 6 сараас хэтрүүлэхгүйгээр эд хөрөнгийн хариуцлагыг хүлээнэ гэж заасан тул хуулийн хэмжээгээр түүний 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцсон. Манай зүгээс нэхэмжлэгч өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг 3,861,780 төгрөг гэж тооцож нэхэмжилсэнд маргаагүй тул энэ хэмжээгээр тооцож шаардсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтны байгууллагад учруулсан хохирлыг шууд шүүхэд гаргахаар заасан тул урьдчилан шийдвэрлэх журам хамааралгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Тухайн гэмт хэрэг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн, банкыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор тогтоосон байдаг. Энэ хугацаанд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 7.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссоор уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хандах боломжтой байсан ч энэ тухай огт яригдаагүй шууд сөрөг нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацаа дууссан байна.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ 2012 онд байгуулагдсан, өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу хийгдсэн хариуцлагын гэрээ байна. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сард тус банкны Ш салбарын захирлаар томилогдсон. Энэ ажилд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй байна. Уг гэрээг шинэчилээгүй, сүүлийн албан тушаалд ийм гэрээ хийгээгүй нь хариуцагчийн өөрийн буруу.

Хэрэг явдлын тухайд банкинд хийгдэж байгаа аливаа зарлагын гүйлгээ нь теллер, ахлах теллер, санхүү бүртгэл хяналтын ажилтан, санхүү бүртгэл хяналтын хэлтсийн захирал гэсэн шат дараалал бүтэцтэйгээр явагддаг, салбарын захирал гүйлгээнд шууд оролцох эрх, үүрэг байхгүй. Тухайн өдрийн гүйлгээг санхүү бүртгэл хяналтын ажилтан хянасан байдаг. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч хамааралгүй болох нь прокуророос ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгчид өөрийн ажил үүргийг зөрчсөний улмаас эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр алга. Үүнээс гадна энэ асуудлаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэрэгт хариуцагч байгууллага хохирогчоор тогтоогдсон, тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан ХХБ ХХК-аас 25,295,095 /хорин таван сая хоёр зуун ерэн таван мянга ерэн таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,281,356 төгрөгийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.Э-аас байгууллагад учруулсан хохиролд 23,170,680 төгрөг гаргуулах тухай ХХБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дуагар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э-ын 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон төлөхийг хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Э-ын 2021 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөхийг хариуцагч ХХБ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,331 /308.131+70.200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,803 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 354,625 /284,425-70,200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.2. Г.Э-ыг 2021 оны 06 цугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын Б-21/920 тоот тушаалаар ажил үүрэг гүйцэтгэхийг нь түдгэлзүүлсэн ба мөн өдөр түүний ажлыг банк хүлээлцэж авсан нь хариуцагч болон нэхэмжлэгчийн шүүх хурал дээр гаргасан тайлбараар нотлогддог. Түүнчлэн, Г.Э- нь тус банканд 15 жил ажилласны хүрээнд банкны цалин сар бүрийн 10, 26-ны өдөр олгогддог гэдгийг мэднэ. Өөрөөр хэлбэл, банк 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр түүнийг ажлыг хүлээлцэж хүлээн авсан, мөн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр түүний цалин дансанд нь ороогүй зэрэг үйл баримтыг үзэхэд Г.Э- нь 2022 оны 06 дугаар сарьн 11-ний өдөр эхлэн түүний эрх зөрчигдсөнийг мэдсэн байна. Гэтэл шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид Б-21/920 тоот тушаалыг и-мэйлээр явуулсан өдрийг түүний эрх зөрчигдсөн өдөр гэж дүгнэж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 4 сар 2 хоногийн дараа гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл байна.

6.3. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно” гээд, мөн зүйлийн 79.5.2-т “11-15 жилд ажлын 5 өдөр” гэж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дугаар зүйлд “Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а. ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, ажилтнаас суутгал тооцох гэж заасан байна. Дээрхээс үзэхэд шүүгч нь Г.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 5 сар гэж үзсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.2-т заасныг хэрэглэхдээ алдаа гаргаж Г.Э-ын ээлжийн амралтын ажлын 15 (арван тав) өдөр дээр 5 өдөр нэмж тооцох ёстой байтал 7 хоног нэмж тооцжээ. Нэхэмжлэгч Г.Э- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн ээлжийн амралт ногдох хугацааны (ажлын жилийн) ээлжийн амралтыг 2020 оны 11 дүгээр сард эдэлсэн болох, мөн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тус банканд ажилласан нь тус тус түүний шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, Г.Э- нь 2020 оны 09 дүгээр сараас 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан хугацаанд буюу 9 сард ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор авах эрхтэй байна. Дүгнэхэд Г.Э- нь ажлаас чөлөөлөгдөх хугацаа хүртэл 9 сарын хугацаанд ажилласан байх ба 9 сарын хугацаанд ногдох 15 хоногт (9сар* 1.67нэг сард ногдох амралт=15хоног) ногдох ээлжийн амралтын олговор авах эрхтэй байтал шийдвэрт 20.16 өдрөөр тооцож 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.2 болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг.

6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж тус тус заасан. Банк нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Э-ын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасны дагуу түүнтэй байгуулсан Контрактыг дуусгавар болгосон байдаг. Тодруулбал ажилтан нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн цалин хөлсийг нөхөн олгохдоо үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үзэхэд эдгээр зохицуулалт нь Цалин хөлсний бүрдэл болон цалин хөлсний сард хэдэн удаа олгох талаар зохицуулсан зохицуулалт байх ба ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтан цалин хөлсийг нөхөн олгох талаар зохицуулсан зохицуулалт биш байна.

Дээрхээс үзэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.5. Г.Э- нь Контрактаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас банканд 554,000 (таван зуун тавин дөрвөн мянга) ам.долларын бодит хохирол учирсан.

Контрактын 2 дугаар зүйлийн дахь хэсэгт “Ажилтан нь дараах үүргийг хүлээнэ:” гээд, мөн зүйлийн 2.2.1-д “стратеги, эрхэм зорилго, зорилт, алсын харааг удирдлага болгон ажиллах бөгөөд Банкны бизнес иж үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бүтээлч санал санаачлагыг гарган ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, энэхүү контрактын хавсралтад тусгасан хариуцсан нэгжийн бизнес төлөвлөгөөг хугацаанд нь чанартай, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлж ажиллах” гэж, 2.2.2-д “Харин нэгжийн үйл ажиллагаандаа өндөр чанартай, үр өгөөжтэй ажиллах удирдлагын арга барил, аргачлалыг баримтлан, бүх шатанд үр дүнтэй, уялдаа холбоотой, хийдэл, давхардалгүй ажиллах орчныг бүрдүүлэн, зохион байгуулах, үйл ажиллагаанаас хамаарах аливаа эрсдэлийг тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх” гэж, 2.2.8-д “Нэгжийн дотоод хяналтыг үр дүнтэй хийж, хариуцсан ажилтнууддаа зохих ёсны шаардлагыг тавьж, тэдгээрийн ажлын цагийн ирц, цаг ашиглалт, хөдөлмөрийн болон ёс зүйн сахилга, хариуцлагын байдалд байнга хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, зөрчил дутагдал гарсан тухай бүрд Контракт, банканд мөрдөгдөж байгаа дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах” гэж, 2.2.12-д “хувьцаа эзэмшигч, бусад ажилтнууд болох харилцагчдын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, бизнесийн нууцыг чанд хадгалах, тэдгээрийн аюулгүй байдалд цаг ямагт анхаарч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох дүрэм, журамд заасны дагуу авч ажиллах” гэж, мөн түүнтэй 2020 оны 02 дугаар сарын 10-ны байгуулсан Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Салбарт үр дүнтэй дотоод хяналтын систем бий болгоход анхаарч, хяналт тавьж ажиллах” гэж, 4 дүгээр зүйлийн 4.18 дэх хэсэгт “Салбарын нээхээс хаах хүртэлх бүхий л явцад хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхдээ үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт ажилтнуудад тогтмол анхааруулах, түүнд хяналт тавьж ажиллах” гэж, 4.19 дэх хэсэгт “Салбарын үйлчилгээ, үйл ажиллагааны бүхий л чиглэлд хяналт, шалгалтыг тогтмол хийж ажлыг зохион байгуулах, гарч буй зөрчил дутагдалд дүгнэлт хийх, холбогдох арга хэмжээ авч ажиллах” гэж, 4.24 дэх хэсэгт “Салбарын үйл ажиллагааны бүхий л чиглэлд үр дүнтэй дотоод хяналтын систем бий болгоход анхаарч, салбарын үйл ажиллагааг нэгдсэн хяналт, удирдлага зохион байгуулалтаар байнга хангаж ажиллах” гэж, 4.63 дэх хэсэгт “Хариуцсан нэгжийн хэмжээнд банкны мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт, сахилга, дэг журмыг бүрэн хариуцаж аливаа гэмт халдлага, гал түймрийн аюул зэрэг учирч болох бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын удирдан зохион байгуулах” гэж, 4.85 дэх хэсэгт “Банк, түүний ажилтан, харилцагчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, зөвхөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримтууд болон банкны заавар, журамд заасны дагуу хүлээлцэж байх гэж заажзэ.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлагад өртсөн Ш салбарын захирал Г.Э- нь дээр дурдсан Контракт, 2020 оны 02 дугаар сарын 10-ны байгуулсан Ажлын байрны тодорхойлолт тус тус заасны дагуу салбарын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Банк болон харилцагчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт ажилтнуудад тогтмол анхааруулах, түүнд хяналт тавьж ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Эрдэнэт лайт” ХХК-ийн ам.долларын данснаас 2,000,000 ам.долларыг залилж авах боломж гэмт этгээдүүдэд олгосон байх ба тус банкийг 554,000 ам.доллароор хохироосон байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Ажилтны хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөхдөө сөрөг нэхэмжлэлд дурдсан сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар дурдсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан 2021 оны 06-10 дугаар саруудын олгогдоогүй цалинд 14,908,211 төгрөг, түүний алдангид 2,959,370 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүд 7,177,262 төгрөг, ээлжийн амралтын олговорт 3,531,608 төгрөг тус тус гаргуулах, 2020 оны 07 дугаар сар, 2021 оны 06-09 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч 2020 оны 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ээлжийн амралтын олговорт 2,751,942 төгрөг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч хохиролд 23,170,680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Г.Э- 2006 онд ХХБ ХХК-д ажилд орж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус банкны Ш салбарын захирлаар томилогдсон, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажил олгогчтой Контракт байгуулсан талаар талууд маргаагүй.

 

3.1. ХХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-21/920 тоот тушаалаар Г.Э-ын ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн байх ба мөн захирлын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ажилтныг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Ажил олгогчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-21/920 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд ажилтныг ажил, албан тушаалыг эрхлэхийг ажил олгогч түдгэлзүүлэх үндэслэлтэй бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар энэ арга хэмжээг авах учиргүй юм.

 

4. Хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийн улмаас ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, улмаар уг хугацаанд тэрээр цалин хөлсөө авч чадаагүй байдлыг хохиролд тооцно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан тохиолдолд цалин хөлс зогсох үр дагавартай бөгөөд ажил олгогч авах ёсгүй арга хэмжээ авснаас нэхэмжлэгчийн цалин хөлс зогсоосныг буруу гэж үзнэ. Ажил олгогчийн үйлдлийг буруу гэж шүүхээс тогтоож буй тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс тоолохгүй юм. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг цалинг зогсоосон өдрөөс тоолно гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.1. Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэснийг засах боломжтой. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсийг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөсөн үр дүнд тохируулан олгодог. Өөрөөр хэлбэл цалин хөлсийг хийсэн ажлын үр дүнд авах юм. Гэтэл нэхэмжлэгчийн “цалин хөлс” гэж тодорхойлж шаардсан шаардлага нь ажилтны ажил, албан тушаалыг нь эрхлүүлээгүйгээс цалин хөлсөө авч чадаагүй буюу хохирол шаардсан байна. Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд цалин хөлс авч чадаагүйтэй холбоотой хохирлыг олговор гэж тодорхойлдог. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг гаргуулах урьдчилсан нөхцөл нь ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн байх юм. Энэ тохиолдолд ажилтныг ажил албан тушаал эрхлэхийг буруу түдгэлзүүлснээс цалин хөлс авч чадаагүй үеийн хохирол буюу олговрыг гаргуулах талаар зохицуулаагүй буюу урьдчилсан нөхцөл нь хамаарахгүй байна.

 

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэнэ” гэж зааснаар ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг буруу түдгэлзүүлснээс цалин хөлсөө авч чадаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор олгох тухай өөр заалтыг төсөөтэй хэрэглэх нь зүйтэй байна.

 

4.2. Иймд ажилтан нь түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр цалин хөлс авч чадаагүй хохирол буюу олговрыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажлын 83 хоногоор тооцож 14,908,211 /11,585,341:3=3,861,780:21,5=179.617*83хоног/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэлээс ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд төлөөгүй үндэслэлээр шаардсан алданги гаргуулах хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

6. Нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цалин хөлсийг олгоогүйгээс сүүлийн 3 сарын цалин буруу тодорхойлогдсоны улмаас тэрээр ажилгүйдлийн тэтгэмжийг дутуу авч зөрүү үүссэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар дээр олгосон 14,908,211 төгрөгөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсоны зөрүүг тооцож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас уг зөрүү 7,177,262 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч, шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дүгнэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

 

Контракт нь урт хугацааны гэрээнд хамаарах бөгөөд уг гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан талууд гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцалбал, мөн 221 дүгээр зүйлийн 221.6 дахь хэсэгт зааснаар хохирлыг шаардана. Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 хамаарна.

 

7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн амралтын хугацааг 22 хоног гэж тооцсон нь алдаатай болжээ. Ажилтан нь 2006 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 15 жил 03 сар 15 хоног ажилласан байх тул түүний ээлжийн амралт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар ажлын 15 хоног, мөн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 өдрийг нэмвэл нийт ажлын 20 хоног байна. /хх 9-11/

 

7.1. Нэхэмжлэгчийн өмнөх оны /2020 оны/ ээлжийн амралтын хугацаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07 хүртэлх 13 сар 03 хоногийн хугацаагаар түүнд ногдох ээлжийн амралтын өдрийг тооцож олгох бөгөөд энэхүү хугацаанд түүний авсан болон авах олговрын нийт хэмжээ 53,309,525 төгрөг, сарын дундаж 4,100,732 төгрөг байх тул, түүний ээлжийн амралтын цалинд 2000 оны Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар, журмын дагуу тооцоход нэг өдрийн хөлс нь 205,036 /4,100,732:20хоног/ төгрөг байх ба, түүний амралтад ноогдох хоногийг 20:12=1.67*13сар=21.7 хоног гэж бодоход 4,449,281 /205,036*21,7/ төгрөг байна. Иймд ээлжийн амралтын цалинг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 3,531,608 төгрөгөөр гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгчээс шаардсан 2020 оны 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаж буй тохиолдолд мөн хуулийн 106 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг тусад нь шийдвэрлэж буй нь оновчгүй болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцүүлэн уг холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

8.1. Мөн нэхэмжлэгчид 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 14,908,211 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тул түүний үр дагавар болох мөн хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөн дүнгээс нөхөн төлүүлэх шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

 

9. Хариуцагч ХХБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Ажил олгогч нь ажилтан Г.Э-аас түүнтэй байгуулсан Контракт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн байгууллагад учирсан хохиролд 23,170,680 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба ажилтны захирлаар ажиллаж байсан банкны салбараас 2,000,000 ам.долларыг нэр бүхий этгээдүүд хуурамч итгэмжлэл үйлдэн залилан мэхэлж авсан үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг болон банканд учруулсан хохирлын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэж заасан байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлын заримыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХБ ХХК-аас 25,295,095 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-т олгож, нэхэмжлэлээс 3,281,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э-т холбогдох 23,170,680 төгрөг гаргуулах тухай хариуцагч ХХБ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж оруулж,

3 дахь заалтад “Г.Э-ын” гэсний дараа “2020 оны 07 дугаар сар,” гэж нэмж,

            4 дэх заалтад “56.2” гэсний дараа “59 дүгээр зүйлийн 59.1” гэж нэмж, “хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,803 төгрөгийг тус тус” гэснийг “хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,803 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,279 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ