Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2022/01341

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2022/01341

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт байрлах, ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Гантигхаус ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 82.757.476 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Гантигхаус ХХК-д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүрэгт 82.757.476 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХХК нь уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд олборлосон нүүрсээ Гантигхаус ХХК-д худалдахаар тохиролцон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг тонн нүүрсний үнэ 85 юань байхаар №НГ2019/04 тоот "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. БНХАУ-д нийлүүлдэг бөгөөд эцсийн хэрэглэгчийн байдлаас шалтгаалж үнийг юаниар тогтоон тухайн өдрийн албан ханшаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Нийт 50 вагон буюу 3500 тонн нүүрс худалдан авахаар тохиролцон, манайхаас 44 вагон нүүрс, иргэн Сүхээгээс 6 вагон нүүрс авахаар болсон. Сүхээ манайхтай хамтатган тооцоо хийхээр болсон боловч дараа нь Гантигхаус ХХК-д ажиллах болсон бөгөөд түүгээрээ тооцоогоо авахаар болсон тул өөрийн компанийн нийлүүлсэн нүүрсний төлбөрийг нэхэмжилж байна. Гэрээгээр тохиролцсон 44 вагон буюу нийт 3345.8 тонн нүүрсийг Олон овоот өртөөгөөр нийлүүлж, төмөр замаар вагоноор тээвэрлэж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр БНХАУ-ын Эрээн хот руу нэвтрүүлсэн. Нүүрсний нийт үнэ 284.393 юань болсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасны дагуу төлбөрийн урьдчилгаанд 30 хувь буюу 89.250 юань төлөхөөр тохирсон ба 2019 оны 12 дугаар сарын 28-нд 35.000.000 төгрөг буюу 89.603 юань /1 юань=390.61/ төлж нүүрсээ авсан. Үлдэх төлбөрөө нүүрсийг вагонд ачигдмагц төлөхөөр тохирсон боловч янз бүрийн тайлбар хэлж, мөнгө орж ирээгүй байна хүлээгээч гэж байснаа 2020 оны 5 дугаар сард төлбөрийг хувааж төлье, сар бүр 50.000 юань төлмөөр байна гэсэн ч уг амлалтандаа хүрээгүй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 28-нд 4.100.000 төгрөг буюу 9870 юань төлж, үлдэх төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Гадагшаа гаргаад худалдан борлуулсан хэрнээ төлбөрийг төлөхгүй санаатай зайлсхийж, удаа дараа гэрээний төлбөрөө төлөхийг шаардсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэрэглэн, төлөхгүй хугацаа авах болсон. Гэрээгээр тохирсон үнэ БНХАУ-ын юаниар тооцон тухайн өдрийн албан ханшаар тооцохоор гэрээний 3.1-д заасан бөгөөд үлдэх 184.920 юанийн төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан ханш 447.53 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Иймд Гантигхаус ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл төлбөрт 82.757.476 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 218-д зааснаар төлбөр төлөх үеийн ханшаар төлөхөөр заасан тул нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон. Түүнчлэн нүүрс шатсан, доголдолтой тухай хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй. 6 вагон нүүрсний тухайд нүүрс манайхтай байгуулсан гэрээний дагуу Монгол улсын хилээр гарсан тул нэхэмжлэлд оруулж тооцсон. Манайх цаашаагаа н.Сүхээд нүүрсний үнийг төлнө гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

"Гантигхаус" ХХК нь "*******" ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Hүүрс худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний дагуу 3.500 тонн нүүрсийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл олборлож 1 тонныг 85 юаниар тооцож, өгөхөөр тохиролцсон. 2019 онд "Гантигхаус" ХХК нь тухайн үед нүүрс борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж дөнгөж эхэлж байсан. Тиймээс "*******" ХХК-ийн нүүрс нийлүүлэлтийн үйл ажиллагааг ...чанартай гүйцэтгэнэ" гэж итгэж гэрээг байгуулсан. Мөн 1 ч тонн нүүрсийг аваагүй байхдаа 35.000.000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн. Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад заавал 50 вагон болсон тохиолдолд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахаар вагон тавьж, үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл "*******" ХХК-аас нүүрс бэлэн болсон гэж мэдэгдсэн ч 44 вагон байсан тул 50 вагон болгох шаардлагыг тавьсан. Гэтэл өөрсдөө хаанаас ч юм 6 вагон нүүрсийг нэмэлтээр олж ирсэн. Манай байгууллагын зүгээс "*******" ХХК-тай тохиролцож гэрээ хийснээс Н.Сүхээ гэх хүнтэй харилцаж тохиролцсон зүйлгүй. Тухайн үед "*******" ХХК-ийн удирдлагууд, хариуцаж байсан ажилтан гэх хүмүүст удаа дараа " ...танай нүүрс чанартай биз дээ. Асуудал гарахгүй биз дээ... гэж тодруулахад ...асуудалгүй. Ачуулж болно..." гэж мэдэгдэж, хэлж байсан.

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсаас шөнө зөөж эхлээд маргааш үдээс хойш нь БНХАУ-д нүүрсээ буулгадаг. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нүүрсийг ачуулсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орчимд уг нүүрсийг ачсан вагон БНХАУ-ын нутаг дэвсгэрт орсон боловч нүүрс шатаж, асч эхэлсэн. Тухайн үед "Гантигхаус" ХХК-ийн захирал Д.Мөнх-Очир миний бие БНХАУ-ын Эрээн хотод явж байсан. Гэтэл талбай дээр байсан хүмүүс надад " ... танай ачуулсан нүүрс шатаж байна. Ирээрэй ... " гэж мэдэгдсэн. Ингээд биечлэн үзэхэд нүүрснээс цэнхэр утаа гараад шатсан байдалтай байсан. Тиймээс бичлэг хийгээд "*******" ХХК-ийн захирал руу явуулсан. Мөн удалгүй шинжилгээний бичгийг ч явуулсан. Мөн "*******" ХХК-ийн ачуулсан гэх нүүрсэнд шинжилгээ хийлгэж үзэхэд халсан буюу аль хэдийн шаталт явагдчихсан эрчим хүчний шаардлага хангахгүй, чанарын доголдолтой байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд "...үлдэх төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Гадагшаа гаргаж, худалдаж борлуулсан хэрнээ төлбөрийг төлөхгүй санаатай зайлсхийж, удаа дараа гэрээний төлбөрөө төлөхийг шаардсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэрэглэн төлөхгүй хугацаа авах болсон... " гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зүйн утгаар нь авч үзвэл бидний байгуулсан гэрээ нь гүйцэтгэгч нь зохих чанарын шаардлага хангасан бараа бүтээгдхүүн (олборлон, бэлтгэсэн)-ийг захиалагчид нийлүүлэх, захиалагч төлбөр төлөх харилцаа юм. Гэтэл "*******" ХХК чанаргүй нүүрс нийлүүлснээс шалтгаалан "Гантигхаус" ХХК нүүрс тээвэрлэлтийн зардал, ажиллах зардал, воганы тээврийн зардал зэргийг гаргаж хохирсон. "*******" ХХК нь чанаргүй, нүүрс нийлүүлснийхээ хариуцлагыг хүлээж, хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар хилээр гарсан нүүрсний нийт хэмжээ 3345,8 тонн байгаа. Үүнд сүхээгийн 6 вагон нүүрс багтаж орсон. Нэхэмжлэгч талаас манай нэрээр гарсан үндэслэлээр 50 вагон вагон нүүрсний үнийг бүхэлд нь шаардаж байх боловч шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийднэ. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ н.Сүхээгийн 6 вагоныг хасч 44 вагон гэж бичсэн хэрнээ 50 вагоноор тооцон нэхэмжилсэн. Мөн н.Сүхээгийн 6 вагоныг шаардах эрх байхгүй байна. Гэрээнд төлбөрийг гадаад валютаар хийхээр заасан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчсөн, нийцэхгүй. Мөн гэрээний 3.1-д зааснаар тухайн үеийн ханшаар тооцохоор заасан болно.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн компанийн дүрэм, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан №НГ2019/04 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны дансны хуулга 2 хуудас, Монгол банкны албан ханшны мэдээ, тээврийн баримтын хуулбар, тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/09849 дүгээр шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/13145 дугаар шүүгчийн захирамж, гар утас дах захидлын хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн гаалийн ерөнхий газрын төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт зэргийг баримтаар ирүүлжээ.

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, СД-д хуулсан гар утас дах бичлэг зэргийг баримтаар ирүүлжээ.

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Ж.Баярцэнгэлийн мэдүүлэг, гар утас дахь мэссэж болон wechat-р харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 181/ШЗ2022/05281 дүгээр захирамжийн дагуу ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01-3/1309 тоот хариу, түүний хавсралтууд, Замын үүд дэх гаалийн газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 02/308 тоот хариу, түүний хавсралтууд,

Хариуцагч талын хүсэлтээр гэрч Г.Гэсэржавын мэдүүлэг, СД бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Гантигхаус ХХК-д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүрэгт 82.757.476 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: талууд худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний дагуу нүүрсийг худалдагч нийлүүлсэн тул төлөөгүй үлдсэн үнийг гаргуулна гэж шаардсан. Гэрээний зүйл нүүрс, эцсийн худалдан авагч БНХАУ-д байдаг онцлогоос хамаарч үнийг юанаар тогтоосон, 6 вагон нүүрс иргэн н.Сүхээгийнх мөн ч манай нэрээр гэрээ байгуулагдаж Монгол Улсын хилээр гарсан тул дээрх 6 вагон нүүрсний үнийг нэмж тооцон шаардсан, Иргэний хуулийн 218.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар үнийг тооцсон гэж тайлбарлав.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нүүрс чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой байснаас Монгол Улсын хилээр гарсны дараа шатсан, 6 вагоны нүүрсний үнийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, гэрээнд төлбөрийг гадаад валютаар гүйцэтгэхээр тохирсон нь хуульд нийцээгүй, гэрээний 3.1-д үнийг тухайн үнийн ханшаар тооцохоор заасан тул өнөөгийн ханшаар тооцон шаардах үндэсгүй гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Гантигхаус ХХК нар харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар, Худалдагч нь Дорноговь аймгйн даланжаргалан суманд байрлах уурхайгаас Монгол улсын стандартын шаардлага хангасан 3500 тонн нүүрсийг Олон овоо өртөөгөөр нийлүүлэхээр, Худалдан авагч нэг тоноо тутамд 85 юанаар тооцон үнийг гэрээнд зааснаар хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцож НГ2019/04 тоот гэрээг байгуулжээ. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлэн хэлцлийг байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн гэдэгт маргаагүй.

3.2.Дээрх гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гантигхаус ХХК-ийн нэрээр 50 вагон буюу 3.345,8 тн коксжих нүүрс Монгол Улсын хилээр нэвтрэхээр Зам-үүд дэх гаалын газрын төмөр замын хяналтын бүсэд орж 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ руу нэвтэрч, хилээр гарсан болох нь хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, түүнд хавсаргасан Монгол улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдсон. Хариуцагч гэрээний дагуу 50 вагон буюу 3.345,8 тн нүүрс хүлээн авсанд маргаагүй.

3.3.Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 35.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 4.100.000 төгрөг нийт 39.100.000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

 

4.Харин нүүрс Монгол Улсын хилээр гарсны дараа шатсан буюу доголдолтой байсан гэж хариуцагч маргасан. Нүүрс шатсан доголдолтой байсан үйл баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн лавлагаагаар тухайн хилээр нэвтрүүлсэн нүүрсэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт хийгдсэн, уг дүгнэлтээр шаардлага хангасан байх тул дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч татгалзлаа нотлохоор тухайн үйл баримтыг гар утаст буулгасан гэж тайлбарлан СД бичлэг ирүүлсэн. Шүүхийн журмаар дээрх бичлэгт хийсэн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр дээрх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн бичлэг дэх вагоны дугаарууд Зам-Үүдийн гаалийн газраас ирүүлсэн тухайн үед нэвтрүүлсэн гаалийн мэдүүлгийн хавсралтад дурдсан 50 вагоны дугаартай тохироогүй.

Гэрч Г.Гэсэржаваас нүүрс шатсан гэж мэдүүлсэн ч гэрчийн дээрх мэдүүлгийг дэмжих бичгийн баримт авагдаагүй тул шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авсан зүйлийн үнийг төлөх үүргийг хариуцагч хүлээнэ.

 

5.Нэхэмжлэгч 50 вагон нүүрсний 44 вагон өөрийнх 6 вагон иргэн н.Сүхээгийн компаниас авч нийлүүлсэн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан энэ талаар маргаагүй тул өмчлөгчөөс шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан эсхүл төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг олгосон баримтыг ирүүлээгүй. Иймд 6 вагон нүүсний хувьд нэхэмжлэгч шаардах эрхгүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан гаалийн мэдүүлгийн хавсралтад дурдсан 50 вагон нүүрснээс шүүх сүүлийн 6 вагон буюу 44-50 хүртэл дугаарласан нүүрсийг нийт 3345.800 тонн нүүрснээс хасвал 2949500 кг буюу 2.949,5 тонн нүүрс байна.

/64.200+68.300+67.800+62.200+67.500+66.300=369.300 кг -3345800 /

 

6.Талуудын хоорондох гэрээний 3.1-д нүүрсний үнэ: нэг тонн нүүрс 85 юань байх ба тухайн өдрийн ханшаар тооцно. гэж заажээ.

Хариуцагч гэрээгэр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхээр тохирсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, түүнчлэн дээрх заалтаар тухайн үеийн ханш буюу нүүрс нийлүүлсэн үеийн ханшаар тооцохоор тохирсон гэж тайлбарласан.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж заасан. Талуудын хоорондох гэрээгээр үнийг юанаар төлөхөөр тохирсон явдал хуулийн дээрх зохицуулалтай нийцээгүй хэдий ч иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж гэрээний нөхцлийг тохиролцжээ. Маргааны энэ тохиолдолд нүүрсийг Монгол Улсын хилээс гадагш БНХАУ-д нийлүүлж байгаагаас шалтгаалж төлбөрийг юань-р тохирсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тул гадаад валютаар тохирсон явдал гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүх гэрээний 3.1-д заалт нүүрсний үнэ: нэг тонн нүүрс 85 юань байх ба тухайн өдрийн ханшаар тооцно. гэж заасныг нүүрс нийлүүлсэн үеийн ханшаар тооцохоор талууд гэрээгээр тохиролцсон байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн мөнгийг тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож 89.603 юань, 9870 юань төлсөнд тооцож үлдэх хэсгийг шаардсан.

Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар тооцож, хариуцагчаас нийт 67.681.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

/2949,5 тонн * 85юань = 250707,5 юань - төлсөн 89.603 - 9870 юань = 151234,5 юань буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БНХАУ-ын юань төгрөгтэй харьцах албан ханш болох 447.53 ханшаар тооцвол =67.681.975 төгрөг байна./

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Гантигхаус ХХК-иас 67.681.975 /жаран долоон сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.075.501 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571.737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 496.359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ