Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01513

 

 

 

Ат ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2022/01341 дугаар шийдвэртэй,

Ат ХХК-ийн нэхэмжлэлтэй

Гх ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,757,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ат ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан суманд олборлосон нүүрсээ Гх ХХК-д худалдахаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр НГ2019/04 тоот "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан.

Тус нүүрсийг БНХАУ-д нийлүүлдэг тул үнийг юаниар тогтоон, 1 тонн нүүрсний үнэ 85 юанийг тухайн өдрийн албан ёсны ханшаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээгээр нийт 50 вагон буюу 3500 тонн нүүрс худалдан авахдаа манайхаас 44 вагон нүүрс, иргэн Сүхээгээс 6 вагон нүүрс авахаар болсон. Гэрээгээр тохиролцсон 44 вагон буюу 3345.8 тонн нүүрсийг Олон овоот өртөөгөөр нийлүүлж, төмөр замаар вагоноор тээвэрлэж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр БНХАУ-ын Эрээн хот руу нэвтрүүлсэн. Нүүрсний нийт үнэ 284,393 юань болсон.

Гэрээний 3.2-т заасны дагуу төлбөрийн урьдчилгаанд 30 хувь буюу 89,250 юань төлөхөөр тохирсон ба 2019 оны 12 дугаар сарын 28-нд 35,000,000 төгрөг буюу 89,603 юань /1 юань=390.61₮/ төлж нүүрсээ авсан. Үлдэх төлбөрөө нүүрсийг вагонд ачигдмагц төлөхөөр тохирсон боловч 2020 оны 08 дугаар сарын 28-нд 4,100,000 төгрөг буюу 9,870 юань төлж, үлдэх төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна.

Гэрээ 3.1-д нүүрсний үнийг тухайн өдрийн албан ханшаар тооцохоор тохиролцсоны дагуу үлдэх 184,920 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан ханш 447.53 төгрөгөөр тооцон 82,757,476 төгрөгийг Гх ХХК-аас гаргуулж өгнө үү.

Сүхээгийн 6 вагон нүүрсний тухайд манай компанитай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын хилээр гарсан тул нэхэмжлэлд оруулж тооцсон. Манайх н.Сүхээд нүүрсний үнийг төлнө гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: "Гантигхаус" ХХК нь "Алаг тогоо" ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Hүүрс худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний дагуу 3.500 тонн нүүрсийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл олборлож 1 тонныг 85 юаниар тооцож, өгөхөөр тохиролцсон.

Монгол Улсаас БНХАУ руу заавал 50 вагоноор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Ат ХХК-аас нүүрс бэлэн болсон гэж мэдэгдсэн ч 44 вагон байсан тул 50 вагон болгох шаардлага тавихад өөрсдөө хаанаас ч юм 6 вагон нүүрсийг нэмэлтээр олж ирсэн. Манай байгууллагын зүгээс "Ат" ХХК-тай тохиролцож гэрээ хийснээс Н.Сүхээ гэх хүнтэй харилцаж тохиролцоогүй.

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсаас шөнө зөөж эхлээд маргааш үдээс хойш нь БНХАУ-д нүүрсээ буулгадаг ба 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нүүрсийг ачуулсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орчимд уг нүүрсийг ачсан вагон БНХАУ-ын нутаг дэвсгэрт орсон боловч шатаж, асч эхэлсэн. Тухайн үед "ГХ" ХХК-ийн захирал Д.М БНХАУ-ын Эрээн хотод явж байсан. Гэтэл талбай дээр байсан хүмүүс ... танай ачуулсан нүүрс шатаж байна, ирээрэй ... " гэж мэдэгдсэн. Ингээд үзэхэд нүүрснээс цэнхэр утаа гараад шатсан байдалтай байсан тул бичлэг хийгээд "Алаг тогоо" ХХК-ийн захирал руу явуулсан. Мөн удалгүй шинжилгээний бичгийг ч явуулсан. "Алаг тогоо" ХХК-ийн ачуулсан гэх нүүрсэнд шинжилгээ хийлгэхэд халсан буюу аль хэдийн шаталт явагдчихсан эрчим хүчний шаардлага хангахгүй, чанарын доголдолтой байсан.

Бидний байгуулсан гэрээ нь гүйцэтгэгч нь зохих чанарын шаардлага хангасан бараа бүтээгдхүүн (олборлон, бэлтгэсэн)-ийг захиалагчид нийлүүлэх, захиалагч төлбөр төлөх харилцаа юм. Гэтэл "АТ" ХХК чанаргүй нүүрс нийлүүлснээс шалтгаалан "ГХ" ХХК нүүрс тээвэрлэлтийн зардал, ажиллах зардал, воганы тээврийн зардал зэргээр хохирсон.

Хэрэгт авагдсан баримтаар хилээр гарсан нүүрсний нийт хэмжээ 3345,8 тонн ба Н.С-ийн 6 вагон нүүрс багтсан тул нэхэмжлэгч 6 вагон нүүрсийг шаардах эрхгүй.

Гэрээний 3.1-д төлбөрийг гадаад валютаар хийхээр заасан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасныг баримтлан ГХ ХХК-аас 67,681,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,075,501 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 496,359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ат ХХК нь Гх ХХК-д шаталт явагдсан нүүрс нийлүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн баримтуудаар тогтоогдсон байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй.

АТ ХХК нь газрын гадарга дээр гаргаад удсан буюу 6 сараас 02 жил болсон нүүрсийг ГХ ХХК-д нийлүүлснийг хожим мэдсэн. Хариуцагч талаас нүүрсний шинж байдлыг тогтоолгох, шинжээч томилуулах, нотлох баримт цуглуулах зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

4.2.Шүүх хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчид ашигтай, шударга бус, хуульд үл нийцэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөр төлөх үүргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ханшаар 1 юанийг 387,41 төгрөгөөр тооцох ёстой байхад 447,53 төгрөгөөр тооцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх заалт нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нүүрсний төлбөрийг тухай өдрийн төгрөгийн ханшаар тооцож асуудлыг шийдвэрлэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүх хуульд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч АТ ХХК нь хариуцагч ГХ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,757,476 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Ат ХХК нь Монгол Улсын стандартын шаардлагад тохирсон 3,500 тн нүүрсийг Дорноговь аймаг Даланжаргалан сум, Олон Овоо өртөөгөөр ГХ ХХК-д нийлүүлэх, ГХ ХХК нь 1 тонн нүүрсийг 85 юаниар тухайн өдрийн ханшаар тооцож гэрээгээр тохиролцжээ. /хх7-8/

 

3.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иймд талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

4.а.Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан гэж маргаж нүүрс БНХАУ-ын нутаг дэвсгэрт орж ирэхдээ шатаж байсан, үүнийг Эрээн хотод байсан хүмүүс нотолно гэж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзжээ.

 

4.б.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т талууд барааг нийлүүлэх газрыг Дорноговь аймгийн Даланжаргалан сум байхаар заасан байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 207 дугаар зүйлийн 207.1 дэх хэсэгт зааснаар барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийлүүлснээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

4.в.Хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр АТ ХХК-ийн нийлүүлсэн нүүрсийг ГХ ХХК-ийн нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зам-Үүд дэх Гаалын газрын хяналтын бүсэд оруулж, мөн оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх123-125/

 

4.г.Түүнчлэн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Гаалийн ерөний газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр АТ ХХК-ийн нийлүүлсэн нүүрсний доголдолтой гэх байдал тогтоогдсонгүй. /хх115-116/

Иймд худалдагчийн гэрээний үүргээ биелүүлж нийлүүлснээс хойш бараа БНХАУ-ын нутаг дэвсгэрт шатаж байсан гэх тайлбарт үндэслэн уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй. Харин хэргийн оролцогч өөрөө баримтаа бүрдүүлэх эрх нь нээлттэй байсан байна. Барааг хүлээн авснаас хойш эрсдэлийг худалдан авагч буюу ГХ ХХК хариуцах нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт нийцнэ. Нэхэмжлэгч АТ ХХК нь нүүрсийг шилжүүлж өгөхөөс өмнө биет байдлын доголдолтой буюу шатсан нүүрс худалдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5.а.Хариуцагч ГХ ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 35,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 4,100,000 төгрөг нийт 39,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар болон Ж.Б-ийн Хаан банк ХХК дахь депозит дансны хуулгаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх10-11/

 

5.б.Хариуцагч ГХ ХХК нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч АТ ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн тул төлбөрийн үлдэгдэл 82,757,476 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.в.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт журмын дагуу үнэлж, хариуцагч ГХ ХХК-аас 82,757,476 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгч АТ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо юаниар гэрээний үнийг тогтоосон нь хууль зөрчсөн тул хэлцэл хүчин төгөлдөр бус, шүүх нэхэмжлэл төлбөрийг гаргах үеийн ханшаар бодох байсан гэжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээнд 1 тонн нүүрсний үнийг юаниар илэрхийлээд төлбөр тооцоог тухайн үеийн буюу үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар гүйцэтгэхээр гэрээнд тусгасан нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч тал 1 тонн нүүрсний үнийг 85 юаниар тооцон төлөх үүргийг уг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Хариуцагч ГХ ХХК нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул төлөгдөөгүй үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний гүйцэтгээгүй үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн юаний ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2022/01341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГХ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ