Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00155

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00155

Булган сум

ЗОХИГЧДЫН ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багт оршин суух, РД:УС82111026, Тайжийнхан овогт Баатарнямын Ууганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Засаг даргад холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23418734 төгрөг, үр дүнгийн урамшуулал 1371294 төгрөг, нийт 24790028 төгрөгийг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч *******уганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******уганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн иргэн Тайжийнхан овогт Баатарнямын Ууганбаяр миний бие Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвд нийт 10 жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ ажилласан.

Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Т.Батсүхийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай 3 захирамжаар миний биеийг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэн, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай *******уганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжлэлийн дагууд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00001 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00921 дугаартай тогтоол гарсан ба хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Т.Батсүх тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/03 тоот Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын захирамжаар Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргэн томилогдсон. Миний бие 2017 оны 10 дугаар сараас ээлжийн амралт аван 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 07 сар хүртэл 08 сарын хугацаанд Хавдар судлалын үндэсний төвд Эмэгтэйчүүдийн хавдар судлалаар төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ хугацаанд нэмэгдэлгүйгээр сарын үндсэн цалингаа аван суралцсан, суралцаж ирээд 2 сарын хугацаанд ажиллан үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо өмнө нь бүтэн ажиллаж байсан 3 сарын цалингийн дундаж цалин хөлснөөс тооцож ажилгүй байсан хугацааны цалин, улирлын үр дүнгийн урамшууллыг тооцон, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 22077719 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 2752309 төгрөг нийт 24790028 төгрөгийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар судалж 2021 оны төсөв батлагдсан бөгөөд төсөвт тусгагдаагүй тул Засаг даргын тамгын газраас төлөх боломжгүй гэсэн тайлбарыг хүргүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******уганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 09 сарын 04-нд ажлаас халагдаад 2019 оны 03 сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орсон. Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу өдрийн дундаж цалинг 64869 төгрөгөөр тооцож 19525569 төгрөг нэхэмжилж байна. Үр дүнгийн урамшуулал 1371294 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн шаардлагаа 3893165 төгрөгөөр багасгаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээгээр буюу 19525569 төгрөгийг төлөх саналтай байна. Үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй гэв.

Нэхэмжлэгч *******уганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: *******уганбаярын нэхэмжлэлтэй Үенч сумын Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч *******уганбаяр болон хариуцагчийн төлөөлөгч Б.Нямжаргал бид дараах байдлаар эвлэрч байна.

Нэхэмжлэгч *******уганбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 24790028 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал нэхэмжилснээс үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19525569 төгрөгийг хариуцагч Үенч сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, дээрх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтрүүдэд бичилт хийхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******уганбаяр нь хариуцагч Үенч сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23418734 төгрөг, үр дүнгийн урамшуулал 1371294 төгрөг, нийт 24790028 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид нь нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулал 1371294 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн шаардлагаа 3893165 төгрөгөөр багасгаж, 19525569 төгрөгийг Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтрүүдэд бичилт хийхээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч *******уганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нар эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/650 дугаартай албан бичгээр Б.Нямжаргалд итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******уганбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 19525569 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 255578 төгрөгийн тал хувь болох 127789 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******уганбаярт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******уганбаярын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23418734 төгрөг, үр дүнгийн урамшуулал 1371294 төгрөг, нийт 24790028 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 19525569 /арван есөн сая таван зуун хорин таван мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******уганбаярт төлөхөөр, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган нөхөн төлж, дэвтрүүдэд бичилт хийхээр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 3893165 төгрөгөөр багасгаж, үр дүнгийн урамшуулал 1371294 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж нэхэмжлэгч *******уганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******уганбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 255578 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127789 /нэг зуун хорин долоон мянга долоон зуун наян ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ