Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01379

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01379

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт байрлах, ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Танан импекс ХХК-ийн аж ахуйн хашаан дотор байрлах токарын цехэд байгаа 219 голчтой нийт 24.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 17 ширхэг турба, 40 см урттай 10 ширхэг турбаг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулж хууль бус эзэмшлээс 24.000.000 төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг турбаг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр "Бартан Гоулд" ХХК нь "Их Цог Өндөр" ХХК-тай хийсэн гэрээний дагуу ажил гүйцэтгэхээр болж БНХАУ-руу ажилд шаардлагатай 219 мм хэмжээтэй труба захиалаад, түүндээ резьба татуулахаар 2021 оны 7 дугаар сарын 7-нд Танан импекс ХХК-ийн хашаанд байрлах токерын цехийн М.Чинзоригт өгсөн. Түүнтэй ажил гүйцэтгэх 3.500.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. Төмрөө 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авах болтол Худалдаа Хөгжлийн Банк битүүмжилсэн байснаас өнөөг хүртэл гаргаж өгөөгүй байна. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл "Худалдаа Хөгжлийн Банк"-нд холбогдох бичиг баримт албан тоотуудаа удаа дараа өгөн хөөцөлдсөн. Манай компани "Их Цог Өндөр" ХХК-тай хийсэн гэрээний дагуу ажилдаа гарч чадаагүй, хоног хугацаа өнгөрөх тусам гэрээ цуцлагдах, гэрээнд заасан алдагдал хүлээх болж байгаа тул хууль бусаар, шүүхийн шийдвэргүйгээр битүүмжилсэн. Иймд Танан импекс ХХК-ийн аж ахуйн хашаан дотор байрлах токарын цехэд байгаа манай өмчлөлийн 219 мм голчтой нийт 24.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 17 ширхэг турба, 40 см урттай 10 ширхэг турбаг тус тус чөлөөлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд Танан импекс ХХК-ийн хашаанд байсан эсэх нь тодорхойгүй, манай банк битүүмжилсэн зэрэг нь нотлогдохгүй байна.

Танан импекс ХХК-ийн аж ахуйн хашаа дах үл хөдлөх хөрөнгүүд нь*******ны өмч биш бөгөөд уг хэд хэдэн газрын нэгж талбар, хэд хэдэн хашаанаас бүрдэх уг газрын зөвхөн зарим хэсгийн газар нь банкны эзэмшилд байдаг. Иймээс маргаж байгаа хөрөнгө хэний өмчлөлийн хөрөнгө, эсхүл эзэшлийн газарт байгаа, уг хөрөнгийг хэн эзэмшиж байгаа талаар маргаж байгаа нь тодорхойгүй. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө Ти Ди Би Лизинг ХХК-ийн өмчлөлийнх тул манайх хариуцагч биш. Битүүмжлэх ажиллагааг банк хийсэн үү эсхүл Ти Ди Би Лизинг ХХК хийсэн үү гэдэг тодорхойгүй, үүнд би оролцоогүй тул мэдэхгүй байна. Банк зээлдэгч гэдэг утгаар битүүмжлэх ажиллагаанд оролцсон байхыг үгүйсгэхгүй. Ти Ди Би Лизинг ХХК болон манай банк харилцан хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд гэдэгт маргахгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжлэгч эд хөрөнгөө шилжүүлж өгсөн байдаг. ******* ХХК нь хөрөнгөө М.Чинзоригтой байгуулсан гэрээний 4.1-т зааснаар эзэмшил ашиглалтад шилжүүлсэн тул хөрөнгийг шаардах эрх нэхэмжлэгчид биш М.Чинзоригтод байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн компанийн дүрэм, ******* ХХК-ийн захирлын тушаал, 2021 оны 7-р сарын 07-ны өдрийн М.Чинзоригтой хийсэн Ажил гүйцэтгэх гэрээ, Ж.Бат-Эрдэнийн Хаан банкны дансны хуулга, Сайн ББСБ-ийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримт, 2021 оны 02-р сарын 24-ний өдөр Их Цог Өндөр ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хууулбараар ирүүлжээ. /хх 4-19,35, 47, 143-144/

Хариуцагчаас нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн Танан Импекс ХХК-тай байгуулсан №Ф/СС160115007-3-16 тоот фидуцийн гэрээ, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн Танан Импекс ХХК-тай байгуулсан №Б/СС160115007-16/01 тоот Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн Танан Импекс ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн Танан Импекс ХХК-тай байгуулсан №ЗБ/СС160115007-16/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн №ЗБ/СС160115007-16/01-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн Танан Импекс ХХК-тай байгуулсан №ЗБ/СС160115007-16/01/02 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн Танан ИмпексХХК, Ти Ди Би Лизинг ХХК-тай байгуулсан №БГ/СС160115007-16/01/01 тоот Гурван талт баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. / хх 23-26, 75-85, 111-131 /

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/04544 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу******* ХХК-иас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хариу, бараа материалын бүртгэлийн 9 хуудас баримт, гэрч М.Чинзоригт, Б.Энхбаярын мэдүүлэг, шүүхийн журмаар хийсэн тухайн газарт үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /хх 54-63, 64, 65-74, 94-109/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: банк бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр битүүмжлэхдээ нэхэмжлэгчийн хөдлөх хөрөнгийг хамт битүүмжилсэн тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Банк битүүмжлээгүй, тухайн токарын цех Ти Ди Би Лизинг ХХК-ийн өмчлөлийнх тул хариуцагч биш, түүнчлэн нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарласан.

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

Хэрэг авагдсан баримтаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК болон М.Чинзоригт нар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу 27 ширхэг 219-н турбанд 50 ширхэг резьба токарьдах ажлыг гүйцэтгэхээр, захиалагч ажлын хөлсөд 3.500.000 төгрөг төлөхөөр тохирчээ.

Гэрч М.Чинзоригтоос гэрээний дагуу 219 мм голчтой 17 ширхэг трубаг 4 метр орчим урттайгаар тайрч резьба хийсэн, үлдэгдэл тайрсан хэсгээс 40 см орчим урттай 10 ширхэг жижиг труба хийсэн, эдний труба шинэ учраас бусдаас ялгагдана, гол хаалгаар ороод ертөнцийн зүгээр хаалганы зүүн хойд талд эдний труба байгаа гэж мэдүүлсэн. /хх 55-59/

Шүүхийн журмаар зохигчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт, Хайгуулчдын гудамж, 108/1 тоотод байрлах Танан импекс ХХК-ийн хашаа дах токарын цехэд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үзлэгийг хийж гүйцэтгэсэн. Үзлэгийн тэмдэглэлээр шинэвтэр 219 мм голчтой 4 метр орчим урттай, резьба татсан 17 ширхэг труба тухайн токарийн цехэд ертөнцийн зүгээр зүүн талд нь, мөн цехийн зүүн хойд талын буланд байгаа жижиг олон ширхэг трубанууд дотор харьцангуй шинэвтэр зэвгүй 219 мм голчтой 40 см урттай 10 ширхэг труба байгаа болох нь /үзлэгийн хавсралт зураг 3, 4, 6, 8/ тогтоогдсон бөгөөд гэрч М.Чинзоригтийн шүүхэд өгсөн мэдүүлэгт дурдсан хөдлөх хөрөнгийг адил төстэй бусад хөрөнгөөс ялгаж тодорхойлж болох дүрсэлсэн шинж тэмдэгтэй тохирч байна. /хх 94-109/

Хариуцагч маргааны зүйл болсон дээрх 27 ширхэг труба токарын цехэд байгаа эсэхэд маргасан ч шүүх хуралдааны явцад энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

4.Нэхэмжлэгч компанийн захирал Ж.Бат-Эрдэнээс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр QING SHAN-д 122.850 юаныг Сайн ББСБ-р дамжуулан шилжүүлсэн болох нь тус байгууллагын мөнгөн гуйвуулгын баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тухайн трубаг БНХАУ-с худалдан авсан гэж тайлбарлан нэхэмжлэлээ нотлохоор дээрх мөнгөн гуйвуулгын баримтыг ирүүлсэн, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-г өмчлөгч гэж үзнэ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа турба ******* ХХК-ийн хөрөнгө мөн эсэх тодорхойгүй гэж маргасан ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг тухайн трубаны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

5.Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар 2021 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт, Хайгуулчдын гудамж, 108/1 тоотод байрлах Танан импекс ХХК-ийн байрыг битүүмжилсэн, ийнхүү битүүмжилэхэд токарын цехэд байгаа маргааны зүйл болсон трубанууд хамт битүүмжлэгдсэн, одоо тэнд байгаа үйл баримтууд тогтоогдсон. Үүнд маргаагүй.

Харин хариуцагчаас дээрх битүүмжлэх ажиллагааг банк гүйцэтгээгүй Ти Ди Би Лизинг ХХК хийсэн тул хариуцагч биш гэж тайлбарлав.

Гэрч М.Чинзоригтийн 2021 оны 8 дугаар сарын 20-с хойш санагдаж байна, гэнэт нэг өдөр 30-40 хүн орж ирээд биднийг хөөгөөд гаргасан,*******ных л гэж хэлсэн, сүүлд би н.Энхбаяртай уулзаад банкных гэдгийг мэдсэн,******* дээр юмаа авахаар хоёр удаа очсон, өргөдөл бичиж өгсөн, дахин өргөдөл гаргаснаар өөрийнхөө цехэд байсан хувцас хэрэглэлээ банкны ажилтан н.Энхбаяртай хамт очиж байж токарын цехээс авсан, тоног төхөөрөмж төмөр эдлэл багаж хэрэглэлийг өгөөгүй гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхбаярын 2021 онд*******инд Хөрөнгийн менежментийн хэлтэст хөрөнгийн мэргэжилтнээр ажиллаж байсан, хөрөнгийн менежментийн хэлтэст байхдаа банкны холбогдолтой хөрөнгийг менежмент хийдэг, банкны хөрөнгийг худалдан борлуулах, зарах, түрээслүүлэх, тог цахилгааны төлбөрийг төлөх гэх мэтээр бүхй л талаас менежментийг хийдэг, тухайн газар обьектыг манай хэлтэс хариуцаж байсан тул хүмүүстэй уулзсан, өргөдлийн дагуу У.Бат-Эрдэнэтэй токарын цехэд хамт очсон, Ж.Бат-Эрдэнээс гадна хэд хэдэн хүний өргөдлийн дагуу бөөндөө 2021 оны 10 сар хавьд очсон, би удирдлагуудад материал бэлдээд танилцуулсан, удирдлагуудын зүгээс өгөхгүй гэж шийдсэн, 2021 оны 11 дүгээр сард чанаргүй активын хорооны хуралд танилцуулсан гэсэн мэдүүлэг болоод хэрэгт баримтаар авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Танан импекс ХХК болон******* ХХК нарын хооронд байгуулсан Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ-ний дагуу мөн өдрөө Танан импекс ХХК,******* ХХК, Ти Ди Би Лизинг ХХК нар гурван талт баталгааны гэрээг байгуулж улмаар хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ти Ди Би Лизинг ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Мөн тухайн битүүмжилсэн ажиллагаанд банк оролцоогүй тухай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэргүйгээр тухайн хураах, битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн гэдэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, энэ тухай 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид тусгагдсан. Түүнчлэн банк зохих байгууллага, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр бусдын хөрөнгийг битүүмжилсэн үйлдэл нь хуульд заасан арга хэрэгслийн дагуу Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан үйлдэл гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт, Хайгуулчдын гудамж, 108/1 тоотод байрлах Танан импекс ХХК-ийн хашаа, хашаа дотор байрлах токарын цехэд байх хөрөнгийг хууль бусаар битүүмжлэхдээ хамтатган өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлж авсан ******* ХХК-ийн 24 сая төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг трубаг чөлөөлж, буцаан өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт, Хайгуулчдын гудамж, 108/1 тоотод байрлах Танан импекс ХХК-ийн хашаа, хашаа дотор байрлах токарын цехэд байгаа 24.000.000 төгрөгийн үнэ бүхий 219 мм голчтой 4 метр орчим урттай, резьба татсан 17 ширхэг багцалж тавьсан труба, цехийн зүүн хойд талын буланд байгаа трубанууд дотроос шинэвтэр 219 мм голчтой 40 см урттай 10 ширхэг труба, нийт 27 ширхэг трубаг хариуцагч******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан өгөхийг даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.960 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 270.760 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ