Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01598

 

2022 оны 08 сарын 26 210/МА2022/01598

 

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01379 дугаар шийдвэртэй ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй, ббб ХХК-д холбогдох ооо ХХК-ийн аж ахуйн хашаан дотор байрлах токарын цехэд байгаа 219 голчтой нийт 24,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 17 ширхэг турба, 40 см урттай 10 ширхэг турбаг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ххх ХХК нь ццц ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх байгуулж, ажилд шаардлагатай 219 мм хэмжээтэй трубаг БНХАУ-аас захиалаад, түүндээ резьба татуулахаар 2021 оны 07 дугаар сарын 07-нд ооо ХХК-ийн хашаанд байрлах токерын цехийн М.Чинзоригт өгсөн. Ингэхдээ түүнтэй 3,500,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр турбагаа авах болоход ббб ХХК битүүмжилсэн байсан тул одоог хүртэл гаргаж өгөөгүй. Энэ хугацаанд ббб ХХК-д холбогдох бичиг баримт, албан тоотуудыг удаа дараа өгсөн.

Манай компани "ццц" ХХК-тай хийсэн гэрээний дагуу ажилдаа гарч чадаагүй, хоног хугацаа өнгөрөх тусам гэрээ цуцлагдах, гэрээнд заасан алдагдал хүлээх нөхцөл үүсэж байна.

Иймд ооо ХХК-ийн аж ахуйн хашаан дотор байрлах токарын цехэд байгаа манай өмчлөлийн 219 мм голчтой нийт 24,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 17 ширхэг турба, 40 см урттай 10 ширхэг турбаг тус тус чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд ооо ХХК-ийн хашаанд байсан эсэх нь тодорхойгүй, манай банк битүүмжилсэн зэрэг нь нотлогдохгүй байна.

ооо ХХК-ийн аж ахуйн хашаа дахь үл хөдлөх хөрөнгүүд нь ббб ХХК-ийн өмч биш бөгөөд уг хэд хэдэн газрын нэгж талбар, хашаанаас бүрдэх уг газрын зарим хэсэг нь банкны эзэмшилд байдаг. Иймээс маргаж байгаа хөрөнгө хэний өмчлөлийн хөрөнгө, эсхүл эзэшлийн газарт байгаа, уг хөрөнгийг хэн эзэмшиж байгаа талаар маргаж байгаа нь тодорхойгүй.

Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө ттт ХХК-ийн өмчлөлийнх тул манай банк хариуцагч биш. Битүүмжлэх ажиллагааг банк хийсэн үү, эсхүл Ти Ди Би Лизинг ХХК хийсэн үү гэдэг тодорхойгүй байна. Банк зээлдэгчийн хувьд битүүмжлэх ажиллагаанд оролцсон байхыг үгүйсгэхгүй.

Ти Ди Би Лизинг ХХК болон манай банк харилцан хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд гэдэгт маргахгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжлэгч эд хөрөнгөө шилжүүлж өгсөн. ххх ХХК нь хөрөнгөө М.Чинзоригтой байгуулсан гэрээний 4.1-т зааснаар эзэмшил ашиглалтад шилжүүлсэн тул хөрөнгийг шаардах эрх нэхэмжлэгчид биш М.Ч-д байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт, Хайгуулчдын гудамж, 108/1 тоотод байрлах ооо ХХК-ийн хашаа, хашаа дотор байрлах токарын цехэд байгаа 24.000.000 төгрөгийн үнэ бүхий 219 мм голчтой 4 метр орчим урттай, резьба татсан 17 ширхэг багцалж тавьсан труба, цехийн зүүн хойд талын буланд байгаа трубанууд дотроос шинэвтэр 219 мм голчтой 40 см урттай 10 ширхэг труба, нийт 27 ширхэг трубаг хариуцагч ббб ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ххх ХХК-д буцаан өгөхийг даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,960 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 270,760 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох хөрөнгийг шилжүүлэн өгөх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар эд зүйлийг шилжүүлэх үүргийг М.Чинзориг хариуцахаар байна.

Иймд ббб ХХК нь уг хөрөнгийг гарган өгөх үүрэгтэй этгээд биш байхад шүүх хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэж шаардах эрхтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

4.2. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч маргааны зүйл болсон ажлын үр дүнг хариуцагчийн эзэмшлийн газар, гуравдагч этгээдийн хөрөнгө дотор хийж гүйцэтгэсэн бол хариуцагчаас зөвшөөрөл авсан эсэх, түрээс төлбөр зэрэг төлөгдсөн эсэх зэрэг сөрөг болон хариу шаардлага гаргах боломжтой. Шүүхээс шаардлага гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг дордуулсан.

4.3. Мөн ххх ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас харахад С.С нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал байна. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Ж.Б-ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байх боловч энэ талаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Ж.Б-ийг тус компанийн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхгүй.

Хэрэгт Ж.Б-г ххх ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар захирлын тушаал байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлыг шинээр томилсон талаар бүртгүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй. Мөн түүнд хуулийн этгээдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл бүрдсэн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ххх ХХК-ийн итгэмжлэл олгох тухай албан бичгийн агуулгаас харахд Ж.Б-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж Ө.Б-д төлөөлөх эрх олгосон байх ба мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ө.Б-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж Ж.Б-д төлөөлөх эрх олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар Ө.Б, Ж.Б нарт олгосон итгэмжлэлүүд нь дуусгавар босон байхад шүүх төлөөлөх эрхгүй этгээд болох Ө.Б-г оролцуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар:

5.1. ххх ХХК нь М.Ч-той Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компаниас өөрийн өмчлөлийн материалыг гүйцэтгэгч талд өгсөн. Гэтэл гуравдагч тал болох ббб ХХК нь манай өмчлөлийн зүйлийг хууль бусаар битүүмжилсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг шаардаагүй, харин өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг гуравдагч этгээдээс авахаар шаардсан.

Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан, өөр шүүх хуралдаантай давхацсан тул Ж.Б-д итгэмжлэл олгосон. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч ббб ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэх шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч ххх ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ооо ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь 27 ширхэг 219-ийн турбанд 50 ширхэг резьба, токарьдах, захиалагч нь 3,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх9-11/

 

Тус гэрээний 4.1-д зааснаар захиалагч ххх ХХК нь 50 ширхэг резьба, 27 ширхэг турбаг ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ооо ХХК-ийн аж ахуйн хашаан дотор байрлах токарын цехэд байгаа өөрийн өмчлөлийн 219 мм голчтой нийт 24,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 17 ширхэг турба, 40 см урттай 10 ширхэг турбаг чөлөөлүүлнэ гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ...маргаж буй эд хөрөнгө нь хэний өмчлөлийн хөрөнгө, хэний эзэмшлийн газарт байгаа, уг хөрөнгийг хэн эзэмшиж байгаа талаар маргаж буй нь тодорхойгүй, тухайн токарын цех ттт ХХК-ийн эзэмшлийнх тул банк хариуцахгүй, тухайн хөрөнгийг шаардах эрхтэй этгээд нь нэхэмжлэгч биш гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

2.б. Хариуцагч ббб ХХК нь ооо ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ байгуулж, банк 11,706,825.16 төгрөгийн үнийн дүнгээр харилцагчийн бүрдүүлсэн баталгааны даалгаврын дагуу ттт ХХК руу ооо ХХК-ийн төлбөрийн баталгаа гаргах зориулалтаар байгуулжээ. /хх78-80/

 

Уг гэрээний дагуу ббб ХХК нь ооо ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн, хариуцагч ббб ХХК нь ттт ХХК-тай харилцан хамааралтай, нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээд гэх тайлбарыг хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

2.б. ооо ХХК-ийн хашаанд буюу эзэмшилд байгаа нэхэмжлэгчийн шаардаж буй турбануудыг хариуцагч ббб ХХК битүүмжилсэн эсэх нөхцөл байдал хэргийн баримтаар тодорхойгүй байна.

 

Түүнчлэн, ооо ХХК-ийн аж ахуйн хашаанд байгаа токарийн цехийг битүүмжилэхтэй зэрэгцэн тэнд байсан эд хөрөнгийг хариуцагчийн зүгээс өгөхгүй байгаа нөхцөлд токарийн цехийг битүүмжилсэн үйл ажиллагаа нь маргаж буй турбануудтай шууд хамааралтай гэдгийг эргэлзээгүй тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

2.в. Энэ тохиолдолд ооо ХХК-ийг хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нөхцөл байдал буюу эд хөрөнгийн шууд эзэмшил хэнд байгааг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

3. Иймд дээрх үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01379 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ббб ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ