Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/01491

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/01491

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, ******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60.859.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60.859.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Анх 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний бие өөрийн худалдан авсан нэгж талбарын дугаар бүхий газрыг 250.000 ам доллараар******* ХХК-д худалдахаар тохирч гэрээг байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийн зарим хэсэгт тээврийн хэрэгсэл тооцож авах, орон сууц авах, зарим хэсгийг бэлнээр авах зэргээр нийт 237.000 ам долларыг авсан. Гэрээний дагуу үүргээ биелүүлж Нийслэлийн газрын албанд өргөдлөө өгснөөр 3 сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ******* ХХК-ийн нэр дээр шилжиж гарсан. Ингээд мөнгөө нэхэхээр нэг, хоёр сая төгрөгөөр цувуулж өгдөг байсан. Ингэж цувуулж авсаар байгаад 13.000 ам доллар үлдсэн байсан. Гэтэл нэг жил болж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаар газрын албанаас гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. 2016 оны 5 дугаар сард хариуцагчаас надад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг Улсын дээд шүүх 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ гэрээг хүчин төгөлдөр, гэрээний дагуу үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн. Энэ шийдвэрийг хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байдаг. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул төлөөгүй үлдэх 13.000 ам долларыг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Монголбанкны албан ханшаар тооцон 40.573.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээнд заасны дагуу алдангийг 50 хувиар бодож 20.286.500 төгрөгийг нэмж нийт 60.859.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Газар эзэмших эрхийг цуцалсанд нэхэмжлэгч хамааралгүй, харин хариуцагч өөрөө барилгаа хугацаандаа барьж эхлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хүчингүй болгосон байдаг. Тус шүүхэд хариуцагчаас үлдэх мөнгийг гаргуулахаар удаа дараа хандаж байсан баримтыг хэрэгт өгсөн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Уг газрыг би дуудлага худалдаагаар 10 сая төгрөгөөр анх худалдаж авсан гэв.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Манай компани барилга барих, барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд 2014 онд иргэн ******* нь өөрийн өмчлөлийн барилга барих зориулалттай газар байна, худалдан авах уу гэж санал болгосны үндсэн дээрээс манай компани нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан газрыг худалдан авахаар болсон байдаг. Хариуцагч талын зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөр мөнгийг төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч болох ******* өөрийн өмчлөлийн бус бусдын эзэмших эрхтэй газрыг манай талд шилжүүлэн өгсөн. Тус газар нь газрын албаны дүгнэлт болоод бусад шүүхийн шийдвэрийн баримтуудаар барилга барих боломжгүй, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг, тус эмнэлэгийн 10 кв цахилгааны дамжуулах болон цэвэр, бохир ус, борооны ус зайлуулах магистраль шугамтай давхцалтай, дулааны шугамын хамгаалалтын бүсэд тулсан байдалтай буюу эмнэлгийн хамгаалалтын зурваст байрлалтай, халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаан дотор байршиж байгаа эмнэлгийн хамгаалалтын зурвас, эмнэлгийн эдэлбэр газар, хашаан дотор орсон, тухайн байрлалд барилга барих боломжгүй нөхцөл байдалтай байсан газрыг бидэнд худлаа хэлж итгүүлэн шилжүүлсэн байдаг.

Ямар үндэслэлээр тухайн газарт гэрчилгээ гаргуулан авсан нь тодорхойгүй боловч тус газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эзэмшлийн газарт хамаардаг болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогддог юм.

136004/0145 нэгж талбарын дугаартай тухайн газар анхнаасаа барилга барих боломжгүй, худалдах боломжгүй газар байсныг мэдсээр байж нэхэмжлэгч бидэнд худалдсан байдаг. Манай талын зүгээс гэрээний төлбөрийг төлсөн гэж үзэж байна.

Манай компаний зүгээс уг асуудалд маш их хохирол хүлээж, олон жилийн шүүхийн маргаантай явсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрүүдээр манай компани худалдан авсан гэх газаргүй болсон, мөн дээр нь нэхэмжлэгчид 491.689.680 төгрөг өгч хохироод өнөөдрийг хүрээд байна. Гэтэл *******ын зүгээс мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, шударга ёсны үүднээс ч нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хэргийн шүүхээс өмнө нь энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн шийдвэртэй буюу ******* болон******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч үлдэгдэл мөнгийг сөрөг нэхэмжлэлээр шаардах эрхтэй байсан ч шаардаагүй тул шаардах эрхээ алдсан, мөн гэрээтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн 60.000.000 төгрөг нэхэмжилж байсан нэхэмжлэл одоо нэхэмжилж байгаа 13.000 ам доллар мөн эсэхийг мэдэхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэсгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2021/12721 дүгээр шүүгчийн захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2018/04024 дүгээр шүүгчийн захирамж,******* ХХК-ийн гаргаж байсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн хувь, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2018/00794 дүгээр шүүгчийн захирамж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00586 дугаар тогтоол,******* ХХК-ийн гаргаж байсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн хувь, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн газар худалдах худалдан авах тухай гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 342 дугаар магадлал, мөн өдрийн хуралдааны тэмдэглэл, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01339 дүгээр шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШТ2022/00056 дугаар тогтоол, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШТ2018/00160 дугаар тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2019/09233 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 3-37, 55-60, 67-75/

Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлжээ. /хх 76-77/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч ******* нь МДТоф ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 60.859.500 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: талууд худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний дагуу газрын эзэмших эрхийг шилжүүлсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээ хүчин төгөлдөр гэж тогтоосон тул төлөөгүй үлдэх 13.000 ам долларыг алдангийн хамт гаргуулна, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон явдал нэхэмжлэгчид хамааралгүй, хариуцагчийн өөрийн үйлдлээс хамааралтай, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Нэхэмжлэгч анхнаасаа барилга барих боломжгүй бусдын газрыг худалдсан, уг газар эмнэлгийн хамгаалалтын зурваст багтдаг, барилга барих боломжгүй газар болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон, газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хариуцагч одоо ямар ч газаргүй болж энэ гэрээнээс үүдэлтэй хохирсон, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас *******, нөгөө талаас МДТоф ХХК нар харилцан тохиролцож 2014 оны 5 дугаар сарын 26ы өдөр Газар худалдах худалдан авах гэрээбайгуулжээ. Уг гэрээгээр Худалдагч ******* нь Хатан цацал ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 6004/0145 дугаар бүхий Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн хүлээн авах тасгийн баруун талд байрлах 650 мкв газрыг******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр, Худалдан авагч******* ХХК үнэ 250.000 ам долларыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тус тус тохирчээ. /хэргийн 14-16 дах тал/

4.2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн 181/ШШ2016/01339 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 342 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00586 дугаар тогтоолоор МДТоф ХХК-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох талуудын хоорондох 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, төлбөрт төлсөн 491.689.680 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий хэргийг шийдвэрлэжээ. Уг шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Түүнчлэн МДТоф ХХК-иас гаргасан шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШТ2022/00056 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ. /хэргийн 11-12, 22-37, 56-60 дах тал/

Дээрх шийдвэрт: ******* болон МДТоф ХХК нарын хооронд Хатан цацал ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 6004/0145 дугаар бүхий 650 мкв газрын эзэмших эрхийг худалдахаар харилцан тохиролцсон гэрээ Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д нийцсэн, талуудын хоорондох хэлцэл хүчин төгөлдөр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдээгүй, түүнчлэн гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тухайн газрын эзэмших эрх******* ХХК-ийн нэр дээр шилжснээр ******* гэрээний үүргээ биелүүлсэн, тэрээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг худалдахыг Хатан цацал ХХК-иас дэмжиж маргаагүй, газрын үнэд 237.000 ам доллар төлөгдсөн болохыг тус тус дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул талуудын хоорондох гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нийт үнэ, төлсөн дүн болоод нэхэмжлэгч үүргээ хэрэгжүүлсэн байдлын талаар дахин дүгнэх шаардлагагүй.

5.Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д эрх, шаардлага худалдах худалдан авахад худалдах худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заажээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлдээ тухайн газар эмнэлгийн хамгаалалтын зурваст багтдаг, барилга барих боломжгүй газар болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон хэмээн доголдлын талаар тайлбарласан ч энэ талаарх дэмжих баримтыг ирүүлээгүйгээс гадна талуудын хоорондох гэрээнд тухайн газрыг худалдан авч байгаа зорилгын талаар анхнаасаа тусгагдаагүй байна. Үүнээс гадна хариуцагч компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээд гэж тайлбарласан тул тэрээр Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар гэрээ байгуулж газрын эзэмшлийг шилжүүлж авах үедээ мэдэх боломжтой гэж үзэх тул доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алджээ.

6. Талууд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд маргасан.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх-аар, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2018/00794 дүгээр шүүгчийн захирамжаар *******ын нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг захирамжид ******* нэхэмжлэлийг тус шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн тухай дурдсан байна. Үүнээс гадна МДТоф ХХК-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2018/04024 дүгээр шүүгчийн захирамжаар нэгж талбарын 6004/0145 дугаар бүхий газартай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгож байжээ. /хэргийн 4-6, 7-8,10, 67-73/

Талуудын хоорондох гэрээгээр төлбөр төлөх эцсийн хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байхаар заасан, нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан, дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2021/12721 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, улмаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.

Түүнчлэн урьд тус шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01339 дүгээр шийдвэрээр энэ гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх үед *******оос сөрөг нэхэмжлэл гаргаагүй явдал нэхэмжлэгчийг одоо шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд талууд анхнаасаа хэлцлийн үнийг 250.000 ам доллар байхаар тохирсон, хариуцагч 237.000 ам доллар төлсөн үйл баримт тогтоогдсон тул шүүх үлдэх 13.000 ам долларыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг баримтлан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах албан ханш болох 3.121,03 төгрөгөөр тооцон 40.573.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч ийнхүү үүрэг үүсэх үеийн ханшаар тооцон нэхэмжлэх эрхтэй хэдий ч маргааны энэ тохиолдолд талуудын хоорондох гэрээний 2.1-д ам долларыг Монголбанкны 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албан ханшаар буюу 1.825,34 төгрөгөөр тооцно гэж тухайлан тохиролцсон байх тул шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын үүднээс үлдэх 13.000 ам долларыг гэрээгээр тохиролцсон 1.825,34 төгрөгөөр тооцон 23.729.420 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзэв.

8.Түүнчлэн гэрээний 6.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тул 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох алдангийг мөн зүйлийн 232.4, 232.6-д зааснаар тооцвол алданги 11.864.710 төгрөг байна.

Дээрхийг нэгтгээд шүүх үлдэгдэл 23.729.420 төгрөг, алданги 11.864.710 төгрөг, нийт 35.594.130 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 462.248 төгрөг төлөхөөс 618.950 /342.950+205.000+71.000/ төгрөг төлсөн байх тул илүү төлсөн хэсгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хуульд заасан хувь, хэмжээгээр тооцон зохигчдод хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан******* ХХК-иас 35.594.130 /гучин таван сая таван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун гучин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 25.265.370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618.150 төгрөгөөс 462.248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 126.328 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 335.920 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид огосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ