Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/02214

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/02214

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Ж.З

Хариуцагч: Ж.Б

Хохиролд 2,483,948 төгрөг гаргуулах хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ж.Б, өмгөөлөгч Ц., иргэдийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагч Ж.З хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ж.З, Ж.Б нарт холбогдуулж гэм хорын хохиролд 2,483,948 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 1,383,948 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Б нь ... тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч. Манайх байрандаа бүрэн засвар хийж тавилгын захиалгаа өгөөд хийгдэж явсан үе. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 29-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед дээд давхарын ... тоот айлаас ус алдаж угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөө, коридорт их хэмжээгээр 2 хоног ус гоожсоноос хананы обой хөндийрч, угаалгын өрөөний ханын плита баруун хойд талаараа хөндийрч ховхорсон. Мөн унтлагын өрөө, коридор болон гал тогооны паркет шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Дээд айл руу тэр даруй орж усыг зогсоолгож сантехникийн ажилтанд дуудлага өгсан. Тухайн үед дээд айлын хүмүүс хохиролыг барагдуулна гэсээр өдийг хүрсэн. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газраас хүмүүс ирж гэмтлийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр дээд давхарын ... тоот айлын ванны 00-ийн өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр цоорч ус алдсан гэсэн дүгнэлт гаргасан. Хариуцагч нар хохиролгүй болгож өгнө гэж байсан боловч хэл амаа ололцохоо больж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөрөнгө даатгал хохиролын үнэлгээний ВВ ХХК-иар хөрөнгийн хохиролын үнэлгээ гаргуулж 1,313,948 төгрөгний хохирол учирсанг тогтоож, үйлчилгээний хөлс 70,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нараас хохиролд 1,383,948 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нүүлгэлтийн зардал 1,100,000 төгрөгний шаардлагаас татгалзаж байна гэв.

2. Хариуцагч Ж.Б, Ж.З нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол Барилгын ... дугаар байрны ... тоот орон сууцыг түрээслэн амьдарч байна. 2021 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед бидний амьдарч байсан орон сууцны хаалгыг маш чангаар цохиход нь ариун цэврийн өрөөнд ус алдаж байсныг мэдсэн бөгөөд дуудлага өгсөн. Тухайн үед бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдаж байсан бөгөөд уян холбоосыг суултуур руу барьж ариун цэврийн өрөө болон үүдээр тогтсон усыг шавхаж, ус алдалтыг зогсоосон. Тогтсон усыг арчиж цэвэрлэж дуусах үед дуудлагын засварчин ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлаас ирэхэд хаалга нүдэж М.Б элдэвээр харааж орж ирсэн. Тухайн үед ус алдсан асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд ус алдсан асуудал бидний аливаа үйлдэлтэй шууд холбоогүй. Тухайн суултуурын хоолой хэзээ цоорох, задрахыг хэн ч таашгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүү Ж.З хамт Барилгын ... дугаар байрны ... тоот орон сууцыг түрээслэн амьдарч байсан. Тэр шөнө дүү бид хоёрыг унтаж байхад хаалга хүчтэй нүдээд хаалгаа нээтэл ус алдаад байна гэсэн. Тэр дор нь дуудлага өгсөн. Манай дүү энэ хүнтэй нийлж усыг зогсоосон. Манай дүү уурхайд ажилладаг бөгөөд дүүг эзгүйд хаалга үүд өшигчин хэл амаар доромжилдог байсан. Бид шинэ байр захиалаад түр энэ байрыг хөлслөн амьдарч байсан юм. Удалгүй захиалгын байр ашиглалтад орж бид гарсан. Манай буруутай үйл ажиллагаа байхгүй. Манайхыг анх ороход 00 нь бидэ суултууртай байсан. Тухайн түрээслэж байсан орон сууцны 00-ийн бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдсан байдалд бидний буруу байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Н.Э бодит байдал дээр нэхэмжлэгч М.Б гэрт ус алдаж эд хөрөнгөнд хохирол учирсан тул гэм хорын хохирол 1,313,948 төгрөгийг хариуцагч Ж.З, Ж.Б нар барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

5. Нэхэмжлэгчээс орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, шинжээчид төлбөр төлсөн орлогын баримт, ВВ ХХК-ийн үнэлгээний тайлан,

6. Зохигч талуудын хүсэлтээр ... тоот орон сууцны өмчлөгчийн талаарх 2021, 2022 оны лавлагаа гэх баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь дээд давхарын ... тоот айлын ванны 00 өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр цоорч ус алдаж, хариуцагч нар хохиролгүй болгож өгнө гэсэн боловч төлбөрийг төлөөгүй. Энэ хүмүүс амьдарч байсан тул хохирлоо нэхэмжилнэ гэж шаардах эрхээ тодорхойлсон,

3. Хариуцагч нь бидний түрээслэн амьдарч байсан орон сууцны 00-ийн бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдсан байдалд бидний буруу байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2021 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн үед .. тоот орон сууцны ариун цэврийн өрөөний хэрэгцээний хүйтэн усны бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдаж нэхэмжлэгч М.Б гэрийн тааз, коридор, гал тогоо, ариун цэврийн өрөөний таазны замаск хөвхийж, хууларч шарлаж зарим хэсгээр хууларч, гал тогооны өрөөний таазны замаск хууларч, шарлаж, урссан обой хөвхийж хууларч зарим хэсгээрээ урагдсан, коридорын өрөөний таазны замаск хууларч эмульс шарласан, том өрөөний таазны эмульс хууларч шарлаж хагарсан, өрөөнүүдийн паркет ус алдсаны улмаас хөвхийж, зай завсар гарсан, зарим хэсгээрээ хөвхийж хөндийрсэн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, Хөрөнгө даатгалын ВВ ХХК-ийн хохиролын үнэлгээ гэсэн баримтуудаар тогтоогдож, ... тоот орон сууцыг хариуцагч нар түрээслэн амьдарч байсан үйл баримтад талууд маргаагүй.

6. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээд айлын буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан, хариуцагч нар хохиролыг барагдуулна гэсэн, хариуцагч 00 өрөөний бидэ суултуурын уян холбоосноос ус алдсан нь бидний буруутай, санаатай үйлдлээс болоогүй хэмээн маргасан.

Шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь ванны 00 өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр буюу бидэ суултуурын уян холбоос цоорч ус алдсан байдалд хариуцагч нарын хууль бус үйлдэл, үйлдэл ба хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас М.Б эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол учирсан гэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй.

... тоот орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М.Л бүртгэгдэж 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өмчлөл Н.С шилжиж орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан ба өмчлөгч өмчлөлийн зүйлээ арчлан хамгаалаагүйгээс уян холбоос цоорч бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Иргэдийн төлөөлөгч хариуцагчийг ус алдаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай, хохиролыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тэдний буруугаас гэм хор учирсан нь тогтоогдоогүй тул дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

8. Иймд хариуцагч Ж.Б, Ж.З нарт холбогдох гэм хорын хохиролд 1,383,948 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Б, Ж.З нарт холбогдох гэм хорын хохиролд 1,383,948 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ