Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2022/00204

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00204

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/03028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.З, Ж.Б-т нарт холбогдох гэм хорын хохиролд 2,483,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Б-тийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, хариуцагч Ж.Б-т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 7/5-р байрны 33 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2021 оны 07 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед дээд давхрын 38 тоот айлаас ус алдаж угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөөний таазны замаск эмульс их хэмжээгээр урсан шарлаж, гал тогоо болон коридор, зочны өрөө, 2 коридорын ханын цаас хөндийрч, угаалгын өрөөний ханын плита баруун, хойд талаараа хөндийрч ховхорсон. Мөн унтлагын өрөө, хоёр коридор болон гал тогооны паркет шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Тухайн үед даруй сантехникийн ажилтанд дуудлага өгч ус алдалтыг зогсоосон. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газраас манай гэрт ирж гэмтлийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр дээд давхрын 38 тоот айлын ванн 00-ын өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр цоорч ус алдсан болох нь тогтоогдсон. Тухайн үед 38 тоотын оршин суугч Ж.З, Ж.Б-т нар засвар хийлгэж хохиролгүй болгож өгөх талаар ярьж байсан боловч хэд хоногийн дараа засвар хийлгэж өгөхгүй шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Виннэр Вэй ХХК-аар хөрөнгийн хохирлын үнэлгээ гаргуулсан бөгөөд барилгын засал хийдэг хувь хүн, албан байгууллага, мэргэжлийн хүмүүст хандаж гэрийн норж сүйдсэн хэсгүүдийг үзүүлж зөвлөгөө авсан бөгөөд замаск, эмульс, обой, паркетан шалыг хуулж, норж хөгцөрсөн зүйлийг хатааж, дахин шинээр засвар хийх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн. Заслын ажил хийх байгууллага нь манай гэр бүлийг эрүүл мэнд болон аюулгүй ажиллагааны үүднээс байраа суллаж өгөхийг зөвлөсөн бөгөөд заслын ажлыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэсэн. Үүний дагуу манай гэр бүл Найрамдал хүүхдийн зуслангийн дэргэд 10 хоногийн хугацаатай байр түрээслэхээр тохиролцсон бөгөөд гэрийн тавилга болон эд хогшил нүүлгэхээр Рandamoving ХХК-д хандсан тул нүүлгэлт хийхэд гарах зардлын талаар манайд нэхэмжлэх ирүүлсэн бөгөөд төлбөр тооцоо хийсний дараа нүүлгэлт хийхээр тохирсон. 38 тоотын оршин суугч Ж.З, Ж.Б-т нар өнөөдрийг хүртэл засвар хийж хохирол барагдуулаагүй бөгөөд манай гэр бүлийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнд нөхцөл байдалд амьдруулж байна. Иймд Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээний 1,313,948 төгрөг, үйлчилгээний хөлс 70,000 төгрөг, Рandamoving ХХК-ийн нүүлгэлтийн зардал 1,100,000 төгрөг нийт 2,483,948 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн 2 хороо, 2 хороолол барилгын 7/5 дугаар байрны 38 тоот орон сууцыг төрсөн дүүгийн хамт түрээслэн амьдарч байсан. 2021 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед бидний амьдарч байсан орон сууцны хаалгыг маш чангаар цохиход нь цочиж сэрэхэд ариун цэврийн өрөөнд ус алдаж байсныг мэдсэн бөгөөд дуудлагын төвийн 70005454 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тухай үед Бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдаж байсан бөгөөд уян холбоосыг суултуур руу барьж ариун цэврийн өрөө болон үүдээр тогтсон усыг шавхаж, ус алдалтыг зогсоосон. Ус алдсан асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд тухайн суултуурын хоолой хэзээ цоорох, задрахыг хэн ч мэдэх боломжгүй. Иймээс тухайн ус алдсан үйлдэлд хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байхгүй. Уг ус алдсан хохирлын хариуцагч нь тус байрны өмчлөгчид байх тул нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь хэрэгт өгсөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж байх боловч уг дүгнэлт нь нэг талын хүсэлтээр гарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.З, Ж.Б-т нараас 1,383,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.З, Ж.Б-т нараас улсын тэмдэгтийн хураамжид 37,093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.Б-тийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Виннер Вэй ХХК-ийн үнэлгээний тайлан нь нэг талын хүсэлтээр хийгдсэн тул тухайн тайланг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд бидний амьдарч байсан орон сууцнаас ус алдсаныг хариуцагч нарын буруутай үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн үйлдлээс болж ус алдсан талаар баримт хэрэгт огт авагдаагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч нарын гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад тодруулалгүй шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах буюу нөхөн гүйцээх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Ж.З, Ж.Б-т нарт холбогдуулан ...өөрийнх нь өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 7/5-р байрны 33 тоот хаягт байрлах орон сууцанд дээд давхрын 38 тоот айлаас ус алдаж хохирол хүлээсэн нь хариуцагч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан гэж тайлбарлан, гэм хор учруулснаас учирсан хохиролд 1,313,948 төгрөг, үйлчилгээний хөлс 70,000 төгрөг, Рandamoving ХХК-ийн нүүлгэлтийн зардал 1,100,000 төгрөг нийт 2,483,948 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ...уг 38 тоот орон сууцыг түрээсэлж амьдардаг бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж маргажээ. /хх 1-2, 20/

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд хариуцагчийн хууль бус үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан, уг үйлдэл тогтоогдсон байх ёстой бөгөөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд шаардагдах урьдчилсан нөхцөл нь гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй буюу гэм буруутай байдал, учирсан хохирол болон буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой эсэх нөхцөл байдал юм.

Нэхэмжлэгч М.Б- нь бусдын өмчлөлийн орон сууцнаас өөрийнх нь хөрөнгөнд хохирол учирсан үндэслэлээр уг хохирлоо арилгуулахаар шаардсан байна. Хариуцагч Ж.З, Ж.Б-т нар хариу тайлбартаа Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 7/5-р байрны 38 тоот хаягт байрлах орон сууцыг түрээсэлж амьдардаг гэсэн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Б-ийн өмчлөлийн орон сууцанд ус алдсанаас учирсан хохирлыг хэн хариуцаж арилгах нь тодорхойгүй буюу ус алдсан үйл баримт нь хариуцагч Ж.З, Ж.Б-т нарын гэм буруутай үйлдлээс эсхүл тухайн орон сууцыг өмчлөгч этгээдийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан эсэх нөхцөл байдлыг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/03028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,093 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН