Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 144/2021/00032/И |
Дугаар | 181/ШШ2022/01639 |
Огноо | 2022-07-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2022/01639
2022 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2022/01639 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Өмнөговь аймагт байрлах, ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух, Ч.Баатар нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 167.312.400 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нар цахимаар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар танхимаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Уугуул хишигтэн групп ХХК, Ч.Баатар нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 167.312.400 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Уугуул хишигтэн групп ХХК болон ******* ХХК нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г/102 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны сүүлээр******* ХХК үйл ажиллагаагаа явуулахгүй болж ******* ХХК-ийн колонкоос дизель түлш авахаа зогсоосон. Үүний дараагаар төлбөрийн нийт үлдэгдэл болон алдангийг гэрээний дагуу тооцоолон хариуцагч талд мэдэгдсэн. Захирал Ч.Баатар тухайн үед төлбөрийг алдангитай удаахгүй барагдуулна, хүнээс авах мөнгөн авлагаа авахаар бүгдийг төлж барагдуулна гэж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй. Энэ гэрээнээс өмнө хариуцагч ******* ХХК-ийн захирал С.Мөнхчимэгийн гэрээгээр ажиллаж байсан Өсөх говь ХХК-тай түлш худалдан авах гэрээтэй байсан. Уг гэрээнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй байсан тул 2018 онд гэрээ байгуулсан ч шатахуун нийлүүлээгүй байсан. Гэрээний хавсралтад огноог техникийн алдаа гаргаж буруу бичсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 03-нд 20.000 литр, 5 дугаар сарын 08-нд 31.080 литр, 2019 оны 9 дүгээр сарын 12-нд 4.000 литр нийт гурван удаагийн 55.080 литр дизель түлш авсан. Ч.Баатар захирлын хэлсэн машинд шатахууныг ачуулсан. Энэ тухай харилцсан мэссэнжерт байгаа. Гоё меридиан ХХК, Эрдэнэ цэций хайрхан ХХК нартай манайх гэрээ байгуулаагүй, зөвхөн Ч.Баатарын хэлсэн машинд шатахууныг ачуулсан тул хариуцагч өөрөө худалдсан хүмүүстэйгээ тооцоог хийх ёстой. Манайд 20.000.000 төгрөгийг дансаар төлсөн. Сүүлд 9.000 литр түлшийг хариуцагчаас 18.810.000 төгрөгт тооцон авсан. Энэ мөнгийг алдангид тооцон авсан. Иймд үндсэн үнэ 111.541.600 төгрөг, алданги 55.770.800 төгрөг, нийт 167.312.400 төгрөгийг******* ХХК болон түүний захирал Ч.Баатар нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Уугуул хишигтэн групп ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч ******* ХХК-нийн гаргасан нэхэмжлэл бодит үнэнд нийцээгүй, тодорхой бус. Тухайлбал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан******* ХХК Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх Г/102 тоот гэрээний дагуу 55080 литр түлш авсан гэж байгаа нь үнэнд нийцэхгүй зүйл байна. Манай компани тэр колонкоос 55.080 литр түлш авсан зүйл байхгүй. Мөн ямар нэгэн төлбөр хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Ямар ч тодорхой биш үндэслэлгүй төлбөрийг, алдангийн хамт манайхаас нэхэмжилж байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Уг гэрээ тухайн өдрөө зурагдаагүй, сүүлд 2019 оны 7 дугаар сард гарын үсэг хүчээр зуруулсан байдаг. Мөн гэрээнд литр тутамд хэдэн төгрөг гэдгийг ч тусгаагүй, цаг хугацааны хувьд ч гэрээ, гэрээний хавсралт дах огноо таарахгүй байгаа. Үүнээс гадна нэхэмжилж байгаа 55.080 литр түлшний 20.000 литр түлшийг Гое меридиан ХХК авч ашигласан. Мөн Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалан гучин мянган литр түлшийг авсан. Н.Амгалан гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрөө авсан, төлбөрөөс 20.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг төлнө гэдгээ мэдүүлсэн. Иймд аваагүй түлшний мөнгийг гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ч.Баатар захирлаас түлшний мөнгө өгнө, авна гэж чат бичсэн асуудал Өсөх говь ХХК-ийн төлбөртэй холбоотой асуудал. Харин энэ гэрээний дагуу ******* ХХК-д төлнө гэж зөвшөөрсөн зүйл биш. Сүүлд авсан гэх 4.000 литр түлшийг компани аваагүй, тухайн ажилтан өөрөө хувьдаа авсан гэж үзэж байна. Компанийн тайлан тооцоонд ч тусгагдаагүй гэдгийг гэрч мэдүүлсэн, мөн ажилтан компанийг төлөөлөх эрхгүй этгээд. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Ч.Баатар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний дагуу 55.080 литр түлш Ч.Баатарт нийлүүлсэн зүйл байхгүй. Ч.Баатар Таван толгойн нүүрсний аман дээр байрлах клонкоос түлш авсан юм байхгүй. Уугуул Хишигтэн групп ХХК-тай хамтран ажиллаж байсан Гое меридиан ХХК 20 тонн түлшийг тус компаниас авсан байсан ч түүний дараахан 9 тонн түлшийг нэхэмжлэгч өөрөө буцаан авсан байдаг. Энэ талаар Эрдэнэ цэций хайрхан ХХК-ны захирал н.Амгалан гэдэг хүн авсан түлшнийхээ төлбөрийг төлж байсан дансны хуулга байдаг. С.Мөнхчимэг өөрөө н.Амгалантай холбогдож төлбөр мөнгөө авч байсан. Энэ талаараа буюу түлшний төлбөр н.Амгалангаас авсан талаараа мөн өөрөө ярьж Язгууртны говь компани руу шилжүүлсэн 9 тонн түлш зэргээ тооцолгүй Ч.Баатараас үндэслэлгүй 55000 литр түлшний төлбөр нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Ч.Баатараас төлбөр тооцоо хийсэн, төлбөрийн үлдэгдэл зөвшөөрсөн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
4.Хариуцагч Уугуул хишигтэн групп ХХК-иас ******* ХХК-д холбогдуулан хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Манай компани одоогийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхчимэгийн өмнө нягтлангаар ажиллаж байсан Өсөх говь ХХК-тай 2018 онд дизель түлш нийлүүлэх гэрээгээр түлш авдаг байсан. Тэр үеэс С.Мөнхчимэгийг мэдэх болсон. С.Мөнхчимэг хувиараа манай компанитай 2019 оны эхээр холбогдож Би тусдаа ******* гэдэг компаниар үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө нь асуудалгүй хамтарч ажилладаг байсан учир найдвартай түлш нийлүүлнэ, түлш шатахуун байвал надтай холбогдоорой гэж захиралтай ярьсан байсан. Энэ үед Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалан түлш асуухад хэлж өгсөн. Гео Медириан ХХК-ийн захирал н.Ундрах түлш асууж холбогдоход нь ******* ХХК-д хэлж өгсөн. Н.Ундрахад 20 тонн түлш өгчихөөрэй тооцоог нь удахгүй хийчих байх гэж манай компаниас С.Мөнхчимэгт хэлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа 2019 оны намар С.Мөнхчимэг манай компани руу холбогдож санхүүгийн шалгалт ирэх гээд байна, мөн хөрөнгө оруулалт татах гэж байгаа Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн 30 тонн болон Гео Меридиан ХХК-ийн 20 тонн түлшний асуудлыг нэгтгээд нэг гэрээ болгож шалгалтын хүмүүст харуулах хэрэгтэй байна. Бодитой гэрээ байхгүй бол болохгүй байна, гэрээнд гарын үсэг зураад өгчих гэсэн. Тухайн үед манайх аваагүй юм чинь гарын үсэг зурахгүй, манайд хамааралгүй гэж тайлбарлаж байсан. Харин ч 9 тонн түлш танайх авсан байгаа гэдгийг нь хэлэхэд хүлээн зөвшөөрөөд дараа нь хэдүүлээ алданги тооцохгүй учраа олчихно шүү дээ гэж байсан. Гэрээ хийхгүй гэхэд захирал Ч.Баатарын аав н.Чинбат руу холбогдож танай хүү чинь гэрээнд гарын үсэг зурж өгөөгүй байна. Би шалгалт санхүүгийн асуудалд орох гээд байна. Гэрээнд зүгээр л гарын үсэг зураад өгчих, энэ гэрээ бол ач холбогдолгүй алданги нэхэхгүй, хөрөнгө оруулах хүмүүст харуулах зүйл гэж хэлж өдөр шөнөгүй утасдах, шалах байдлаар шахалт дарамт үзүүлсээр хүчээр гарын үсэг зуруулах болсон байдаг.
Захирал Ч.Баатар Өмнөговь аймагт байхгүй байгаагаа хэлэхэд байгаа газар чинь яваад очъё гарын үсэг хурдан зураад өг гээд утсаар болон ааваар нь дамжуулан дарамт үүсгэж Улаанбаатар хотод 3 хороололд С.Мөнхчимэг өөрийн дүү н.Өнөболд, н.Сараа гэх 2 хүнийг явуулж бэлдсэн гэрээ хэд хэдэн хуудас дээр гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн үед захиралд компанийн тамга байгаагүй. Дараа нь тамгаа дараад өгчих гэж С.Мөнхчимэг дүү нараа өдөр шөнөгүй захирлын гэрийнх нь гадаа байлгаж дагуулсан, орсон гарсан газарт нь салахгүй дагаад байсан учир аргагүйн эрхэнд Өмнөговиос компанийн тамгыг ааваараа авч ирүүлж гэрээн дээр дарж өгсөн байгаа. Энэ мэтчилэн С.Мөнхчимэгийн тухайн үед ил далд дарамт шахалт үзүүлэн, гэрээний хугацааг нөхөж бичин гарын үсэг зуруулсан шалтгаан нь гэрээгүйгээр өөрөө Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгаланд өгсөн 30 тонн түлш болон аман хэлцлээр Гео меридиан ХХК-д өгсөн 20 тонн түлшний алдангийг манай компаниар төлүүлэх гэсэн далд санаа байсан гэдгийг сүүлд шүүхэд хандахад нь мэдсэн. Үүнээс үзэхэд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхчимэгийн хүч хэрэглэх замаар гэрээнд нөхөж буюу 2019 оны 8 дугаар сард өөрийн дүү нараар дарамтлуулан гарын үсэг зуруулсан. Алданги төлүүлэх далд санаа зорилготой хүчээр хийсэн үйлдэл байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлүүдийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №102 тоот гэрээний зарим хэсэг буюу 5.1 дэх заалтыг хүч хэрэглэж хийсэн, хүчин төгөлдөр бусд тооцож 5.1 дэх заалтын дагуу нэхэмжилсэн алданги 55.770.800 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Сөрөг нэхэмжлэлд 2019 оны намар С.Мөнхчимэг манай компанируу холбогдож санхүүгийн шалгалт ирэх гээд байна, мөн хөрөнгө оруулалт татах гэж байгаа Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн 30 тонн болон Гео Меридиан ХХК-ийн 20 тонн түлшний асуудлыг нэгтгээд нэг гэрээ болгож шалгалтын хүмүүст харуулах хэрэгтэй байна. Бодитой гэрээ байхгүй бол болохгүй байна, гэрээнд гарын үсэг зураад өгчих гэсэн гэж ямар ч ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Эрдэнэ Цэций хайрхан ХХК-тай Өсөх говь ХХК түлш нийлүүлэх тусдаа гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан. Гео меридиан ХХК гэдэг компанийг огт мэдэхгүй анх удаа сонсож байна. Тухайн үед санхүүгийн ямар нэгэн шалгалт ирж байгаагүй. Энд ******* ХХК нь Эрдэнэ цэций хайрхан ХХК-д 30 тн, Гео меридиан ХХК-д 20 тн түлш өгсөн мэт бичсэн байгаа нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд эдгээр компаниудтай ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно.******* ХХК-д Улаанбаатар хотоос 20,000 л түлш олгосныг Уугуул хишигтэн ХХК-ийн захирал Ч.Баатар өөрөө Эрдэнэ цэций хайрхан ХХК-д хэдэн төгрөг нэмээд ашиг олох зорилгоор н.Амгаланд олгосон, танд үнэнээ хэлээгүйд мөн хугацаа хэтрэлт гаргаж байгаадаа уучлалт гуйж, сүүлд нь надад ярьж байсан. 2019 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар Уугуул хишигтэн ХХК-ийн захирал Ч.Баатартай тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан байхад 2019 оны намар гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үндэслэлгүй тайлбар хийж байна. Алданги тооцохгүй, дараа нь учраа олчихно гэж хэзээ ч хэлж байгаагүй, ийм яриа болж байгаагүй.******* ХХК-ийн захирал Ч.Баатараас өрөө төлөхийг шаардаж удаа дараа уулзаж утсаар холбогдох бүрт одоо удахгүй төлнө Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалангаас би авлагатай, түүнийг авч танд төлөх ёстой юм, та н.Амгалан захирал руу залгаж хэлж өгөөч гэж гуйсны дагуу би н.Амгалантай холбогдож асуухад Амгалан: би Ч.Баатарт багахан хэмжээний өглөг байгаа нь үнэн, удаахгүй төлнөө Баатар танайхаас түлш авч манайд өгсөн юмуу? Одоо мэдэж байна гэх яриа болсон ба үүний дараа Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалан******* ХХК-ийн нэрийн өмнөөс манайд 20.000.000 төгрөг төлсөн ба энэ нь******* ХХК-н ******* ХХК-д төлөх төлбөрөөс хасагдсан ба нэхэмжлэлийн шаардлагад ороогүй болно.
Ч.Баатар анхандаа буюу өр үүссэнээс хойш 5, 6 сарын хугацаанд холбоо барьж тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж уулзаж байсан ба сүүлийн 1 жил гаруй хугацаанд утсаа, цахим хаягаа блоклох, зугтаах, хаана байгаагаа нууцлах зэргээр холбоо тасарсан тул Ч.Баатарын аав болох н.Чинбатад яаралтай надтай холбогдооч гэж дамжуулж өгөөч мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайгаа хэлсэн.
Уугуул хишигтэн групп ХХК-н ******* ХХК-д гүйцэтгээгүй үүргийн үндсэн өрийн дүн 111.541.600 төгрөг, сар бүр дүгнэгдэх гэрээний алданги тухайн өдрөөр 118.244.844 төгрөгийн өр үүссэнээс******* ХХК-н төлсөн 9000 литр түлшний үнэ болох 18.810.000 төгрөг болон******* ХХК-н нэрийн өмнөөс н.Амгалангийн төлсөн 20.000.000 төгрөг төлөгдөх алдангийн дүнгээс хасагдаж 79.434.844 төгрөгийн алдангийн өр үлдсэн болно.
Түлш нийлүүлэх гэрээ байгуулах, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор ярьж тохироод гарын үсэг зурах үед харин Ч.Баатар нь зурахгүй хойшлуулаад байсан. Тухайлбал, тухайн үед миний бие Ч.Баатарт итгээд гэрээгээ word файлаар нь мэйлээр явуулаад хэвлэж аваад гарын үсэг зураад буцаагаад явуулаарай гэхэд за гээд хэвлээд гарын үсэг зураад явуулсан байсан. Уг гэрээг хянаж үзэхэд гэрээний 5.1 дэх заалтад алдангийг хоног тутамд гэсний хоног гэснийг хассан байсан. Үүнийг мэдээд залруулж гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахдаа айлгаж сүрдүүлсэн, дарамталсан, хүчээр гарын үсэг зуруулсан зүйлгүй. Уг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол сүүлд нөхөж гарын үсэг зурахгүй, түлш авахгүй байх байсан. Гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахаар тохиролцож түлш авчихаад гарын үсэг зурахгүй байсан нь мөн төлбөрөө төлөхгүй нэхэмжлэлд огт хамааралгүй этгээдүүдийг хамаатай болгон энэхүү тайлбартаа бичсэн байгаа зэрэг нь харин ч төлбөр гүйцэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийх, залилах гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Мөнхчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны тодорхойлолт, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Г/102 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, Дизель түлш олгосон жагсаалт, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* ХХК шинэ толгойт агуулахаас шатахуун худалдан авсан баримт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй задаргаа, фэйсбүүк чатаар харилцсан захидал, Хаан банкны дансны хуулга, гэрээний хавсралт зэргийг ирүүлжээ. /1хх 3-11, 69, 133-135, 151-156, 157-172, 206-207, 216-219, 2хх 83-85 /
Хариуцагчаас нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримт, Хаан банкны дансны хуулга хуулбараар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн түлшний орлогын тооцоо, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн оффисын талбайн түрээсийн гэрээ, хороон засаг даргын тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 27-29, 49, 54, 57, 65-67, 74, 110, 117, 118, 177-186, 2хх 117-119/
Шүүхийн журмаар: гэрч Н.Амгалан, Б.Уранчимэг, Х.Отгонжаргал, Н.Сарангэрэл нарын мэдүүлэг, фэйсбүүк мэссэнжерт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүгчийн захирамжийн дагуу Өсөх говь ХХК-иас ирүүлсэн хариу тайлбар, хавсаргасан дансны хуулга зэргийг бүрдүүлжээ. /1хх 230-237, 2хх 6-80, 98-100, 104-114/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу түлшийг хариуцагчийн нэрлэсэн этгээдэд өгсөн тул үнийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нар дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Үүнд: Гэрээг хүчээр сүүлд нөхөн зуруулсан, гэрээний дагуу шатахууныг хүлээн аваагүй, өөр этгээдэд хүлээлгэн өгсөн тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч гэрээг хүч хэрэглэж дарамтлуулсны үндсэн дээр зуруулсан тул гэрээний 5.1-д заасан заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг гэрээнд хүч хэрэглэж зуруулаагүй, сүүлд зуруулсан боловч анх гэрээ байгуулагдах үед цахимаар хариуцагчид төслийг явуулсан байсан гэж тайлбарласан.
6.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас******* ХХК нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Худалдагч хавсралтад заасан тоо хэмжээ, хугацаанд чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж барагдуулахаар Г-102 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулжээ. /1 хх 7-8, 169-172/
6.1.Зохигчид гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй ч гэрээний гол нөхцөл болох тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, хугацааг гэрээнд тусгаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлав.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд нэг бүрийн үнэ, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, хугацааг гэрээний хавсралтаар тогтоохоор тохиролцсон, хавтаст хэргийн 206 дугаар талд баримтаар авагдсан гэрээний хавсралтад нэг литр шатахууныг Өмнөговь - Тавантолгой ШТС нөхцлөөр 2580 төгрөг байхаар, хэрэв өөр газраас бүтээгдэхүүн худалдан авахаар бол тухайн ШТС-ийн мөрдөж байгаа жижиглэнгийн үнээр тооцох-оор гэрээний хавсралтад заасан, гэрээний 2.3-т тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдрийн дотор төлөх-өөр, гэрээний 2.4-т дээд хэмжээ 600 сая төгрөг гэж тус тус зааснаас үзвэл шүүх талууд гэрээний гол нөхцлийг тохиролцсон гэж үзнэ.
6.2.Хариуцагчаас Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хүч хэрэглэж хийсэн үндэслэлээр дээрх гэрээний зарим хэсгийг буюу 5.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Гэрээний хавсралт дах огноогоор тухайн үед гэрээ байгуулагдаагүй нь тогтоогдоно, гэрээг сүүлд нөхөж хүчээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхэд хуулиар гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй, харин Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар талууд хэн алин нь хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлсэн, нөгөө тал хүлээн зөвшөөрч хөрөнгийг шилжүүлсэн байхыг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан.
Хэргийн баримт, гэрч Н.Сарангэрэлийн мэдүүлэг зэргээс үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөө гэрээнд талууд биечлэн гарын үсэг зураагүй, харин 2019 оны 7 дугаар сард зурсан үйл баримт тогтоогдсон боловч үзлэгийн тэмдэглэлээр хуулийн этгээдийн эрх бүхий этгээдүүд болох С.Мөнхчимэг, Ч.Баатар нарын хооронд цахимаар харилцсан захидлаар анх 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээний төслийг файлаар хүргүүлж байсан, гэрээ байгуулах талаар харилцаж байсан үйл баримт тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар нэгэнт хэлэлцэн тохиролцсон хэлцлийг хожим хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан явдал тухайн гэрээг байгуулагдаагүй, талуудын хооронд харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн хэргийн баримтаар гэрээнд хүч хэрэглэж зуруулсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үүнээс гадна хэрэв хариуцагч гэрээг хүч хэрэглэж хийсэн гэж үзсэн бол Иргэний хулуийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан нэг жилийн дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан баримтгүйг дурдав.
6.3.Нэхэмжлэгч талын тайлбараас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш болох нь тогтоогдож байх боловч тусгай зөвшөөрөл бүхий Өсөх говь ХХК-тай гэрээтэй, хамтран ажилладаг тул шатахууныг худалдан авч хариуцагч байгууллагын захирал Ч.Баатарын хүсэлтийн дагуу нийлүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн зүгээс энэ талаар маргаагүй, шүүх хуралдааны явцад ч мөн маргаагүй, нэхэмжлэгч өөрийн худалдан авсан түлшийг хариуцагчид дамжуулан худалдахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул шүүх талуудын зарчмын үүднээс маргаагүй асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд талуудын хоорондох дээрх гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч гэрээний дагуу гурван удаа буюу 2019 оны 5 дугаар сарын 03-нд 20.000 литр, 5 дугаар сарын 08-нд 31.080 литр, 2019 оны 9 дүгээр сарын 12-нд 4.000 литр түлш нийлүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч түлшийг хүлээн аваагүй гэж мөн маргасан.
7.1.Хэргийн баримтаар 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 23-70 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр 20.000 тонн түлш, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 85-79 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 31.080 тонн түлш тус тус ******* ХХК-ийн нэрээр өөр бусад шатахуун түгээх станц буюу Ник ХХК-ийн толгойт агуулахаас гарсан баримт авагдсан. /2хх-83/
Гэрч Н.Саранчимэгээс тухайн хоёр удаагийн түлшийг нэхэмжлэгчийн хүсэлтээр баримтад гарын үсэг зурж хүлээн авч, Ч.Баатарын хэлсэн тээврийн хэрэгсэл жолоочид шатахууныг ачуулсан талаар мэдүүлсэн. Мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэгээр хариуцагч компанийн захирал Ч.Баатараас нэхэмжлэгч компанийн захирал С.Мөнхчимэгтэй фэйсбүүк чатаар 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр харилцсан захидалд машины дугаар 23-70 УБН, жолооч Эрдэнэбилэг гэж, нэгжийн үнийг 2020 гэж, машин 20.000 литр гэж, түлшийг НИК-с ачих талаар тус тус дурдсан харилцан захидлууд авагдсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 30 тн авах, машины дугаар 85-79 УНЧ Сайнбуян, 95113940 гэж харилцсан, тухайн өдөр нэхэмжлэгч компанийн нэрээр Ник ХХК-ийн колонкоос шатахууныг жолооч Эрдэнэбилэг, Сайнбуян нар гарын үсэг зуруулж хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /2хх 16-22, 23-24/
Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг ... эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө-өөр хүлээлгэн өгсөнд тооцохоор заасан, хариуцагчийн нэрлэн заасан тээврийн хэрэгсэлд тухайн өдрүүдэд нэхэмжлэгч шатахууныг ачуулсан үйл баримт тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
7.2.Гэрч Н.Амгалангийн мэдүүлгээс үзвэл 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 31.080 литр түлшийг хэрэглэсэн болох нь тогтоогдсон ч, нэгэнт хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд нэхэмжлэгч түлшийг хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар гуравдагч этгээдэд дамжуулсан, худалдсан явдал хариуцагч компанийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн үйл явдал болсон үеийн харилцсан цахим захидалд түлшийг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар анхнаасаа тусгагдаагүй тул бусдад зуучилсан гэж үзэх боломжгүй, улмаар түлшийг хүлээн аваагүй, гуравдагч этгээдүүд үнийг төлөх тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
7.3.Мөн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 4.000 литр түлшийг хүлээлгэн өгсөн баримт авагдсан. /1хх-9/ Энэ 4.000 литр түлшийг хүлээн авч, гарын үсэг зурсан Наранцэцэг гэх хүн нь хариуцагч******* ХХК-ийн ажилтан гэдэгт хариуцагч маргаагүй, энэ талаар гэрч Б.Уранчимэг, Х.Отгонжаргал нарын мэдүүлгээр тогтоогдсон. Харин байгууллага тухайн түлшийг хүлээн аваагүй, ажилтан хувьдаа авч зарцуулсан, компанийн санхүү тайлан балансад тусгагдаагүй гэж хариуцагч татгалзлаа тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
8.Худалдан авагч үнийг төлөх үүрэг хүлээх тул хариуцагч******* ХХК хүлээн авсан түлшний үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Хэргийн 156 дах талд авагдсан тооцоолол болон дээрх байдлаар 55.080 литр түлш худалдан авсан нь тогтоогдсон түүний үнэ 111.541.600 төгрөгийг /20.000 литр * 2020 + 31.080 литр * 2020 + 4.000 литр * 2.090/ төлөх үүрэгтэй.
Үүнээс нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 9.000 литр түлш, литр тутам 2.090 төгрөг, нийт 18.810.000 төгрөгт тооцон, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20.000.000 /15.000.000 +5.000.000/ төгрөг дансаар нийт 38.810.000 төгрөг хүлээн авсан, дээрх 38.810.000 төгрөгийг нэхэмжлэгч алдангид тооцсон үндэслэлээр нэхэмжлэлээс хасч тооцоогүй болох нь тогтоогдсон тул хасвал 72.731.600 төгрөг /111.541.600 төгрөг -38.810.000/ байна.
Хариуцагчийн зүгээс 9.000 литр түлшийн нэгжийн үнийг 2.200 төгрөг, улмаар 19.800.000 төгрөгийн түлш буцаан авсан гэж тайлбарлаж хэргийн 65-67 дах талд авагдсан баримтуудыг ирүүлсэн. Уг баримтууд нэхэмжлэгчид бус харин******* ХХК-иас Эзора майнинг ХХК, Язгууртны говь ХХК-д түлш хүлээлгэн өгсөн зарлагын баримт, тооцооны хуудас байх тул шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцох нь зүйтэй.
9.Талуудын хоорондох гэрээний 5.1-д хугацаандаа төлбөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзсэн тул алданги 36.365.800 төгрөг гаргуулав.
Дээрхийг нэгтгээд хариуцагч компаниас нийт 109.097.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10.Нэхэмжлэгчээс******* ХХК-ийн захирал Ч.Баатарыг хамтран хариуцагчаар тодорхойлсон хэдий ч хэргийн баримтаар хуулийн этгээдүүдийн хооронд харилцаа үүссэн тул Ч.Баатараас иргэний хувиар шаардах үндэслэлгүй, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
11.Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэн, өмгөөлөх эрхээр хангаагүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д зааснаар шүүгчийг ттагалзан гаргах хүсэлт гаргасан. Хариуцагч талын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ЗТ2022/00986 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхаас гадна шүүх хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал хуульд заасан үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2022/08786 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, хуралдааныг хойшлуулж байсан. Иймд дахин татгалзан гаргах тухай хариуцагчийн тайлбарыг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хүлээн аваагүйг дурдав.
12.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00107 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байх тул тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй. Мөн хуульд зааснаар хураамжийг хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар******* ХХК-иас 109.097.400 /нэг зуун есөн сая ерэн долоон мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58.215.000 төгрөг болон хариуцагч Ч.Баатарт холбогдох шаардлагыг, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан талуудын хоорондох гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 994.512 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 703.437 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144/ШЗ2021/00118 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ