Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/04159

 

 

 

 

2020 12 21 101/ШШ2020/04159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, ЭТМС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Н.З-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,681,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С,

Хариуцагч Н.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн Н.З-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Н.З нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 500,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 12 сарын туршид 375,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгээр тохиролцон гэрээ байгуулсан.

Үүний дараа Н.З нь эхний 500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 375,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, нийт 875,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш буюу 2020 оны 02 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй, үлдэгдэл төлбөр 4,125,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна.

Гэрээнийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан ба тооцож үзвэл 9 сар /270 хоног/ өнгөрсөн байгаа юм. Алданги нь 1,113,750 төгрөг болж байгаа ба нийт 5,238,750 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хариуцагч Н.З-д эвлэрэх санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөхгүй, бид эвлэрч чадахгүй байна. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан алданги болох 1,113,750 төгрөгийг 50 хувиар багасгаж 556,875 төгрөг болгон бууруулж байна.

Иймд Н.З-аас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4.125.000 төгрөг, алданги 556,875 төгрөг, нийт 4,681,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байхад цэвэрлэгээний уурын төхөөрөмж танилцуулна гээд 2 залуу орж ирээд гэр цэвэрлэж үзүүлсэн юм. Одоохондоо авах боломж байхгүй гэж хэлсэн боловч гуйсаар байгаад урд нь хэрэглэж байсан хуучин төхөөрөмж 5,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 500,000 төгрөг төлөөд авсан юм. 2020 оны 01 дүгээр сард гэрээний дагуу 375,000 төгрөг төлсөн.

Ингээд 2020 оны 02 дугаар сард гэр бүлийн хамт Швед улс руу яваад Ковид-19 болоод тэнд 7 сар гацаж байгаад 2020 оны 09 дүгээр сард ирэхэд уг төхөөрөмжийн хүн нь ярьж мөнгөө нэхсэн. Би нөхцөл байдлаа тайлбарлаад одоогоор боломжгүй, хэцүү байдалд байна. Хил гааль гайгүй болохоор мөнгө цаасыг нь өгнө гэж тайлбарласан боловч хүлээж аваагүй болно.

Уг төхөөрөмж нь манай гэрт ирээд 7 хонохгүй эвдэрч бүр хоёр ч удаа буцаан явуулж засуулсан юм. Дэлхий нийтээрээ хүнд байдалд орсон өнөөгийн нөхцөлд уг компани нь алданги тооцох нь битгий хэл үндсэн мөнгөө хэл амаа ололцон тохиролцоод авахыг хүсэхгүй байгаа нөхцөлд би ч мөн адил төлсөн мөнгөө буцааж авахын зэрэгцээ нэг ч удаа хэрэглэж амжаагүй уурын төхөөрөмжийг нь буцааж өгмөөр байна. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа боллоо.

Иймд төхөөрөмжийн үлдэгдэл 4.125.000 төгрөгийг эдийн засаг маань сэргэчихвэл 2021 оны 7 дугаар сараас өөрийн боломж, бололцоогоор төлнө, харин алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭТМС ХХК нь хариуцагч Н.З-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 4,125,000 төгрөг, алданги 1,113,750 төгрөг, нийт 5,238,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийг 556,875 төгрөгөөр багасгаж, нийт 4,681,875 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

Нэхэмжлэгч ЭТМС ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Н.З-тай Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч ЭТМС ХХК нь худалдан авагч Н.З-д ахуйн цэвэрлэгээний EVapor 3000i төхөөрөмжийг 5.000.000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа төлбөр 500.000 төгрөгийг гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор, үлдэх төлбөрийг 11 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр 375.000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохирчээ.

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээндээ гэрээний үнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа зааснаас хүү тооцохоор тохиролцоогүй байгаагаас үзэхэд уг гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Уг гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурсан, хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд тамга даран баталгаажуулсан, гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь төхөөрөмжийг Н.З-д хүлээлгэн өгсөн, хариуцагч нь төхөөрөмжийн үнэ 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 375.000 төгрөг, нийт 875.000 төгрөгийг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгдээгүй, зохигч үүнтэй маргаагүй.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3.3.2-т Үлдсэн төлбөрийг 11 сарын хугацаанд 375.000 төгрөгөөр төлж дуусгавар болгоно. Сар бүрийн 30-нд төлбөрөө төлж байна гэж заасны дагуу хариуцагч Н.З нь төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.З нь гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгааныг 2020 оны 02 дугаар сард Швед улс руу явж, 09 дүгээр сард буцаж ирсэн, Ковид-19 цар тахал дэгдэж орлого буурсан тул эдийн засаг сэргэсэн тохиолдолд өөрийн боломж, бололцоогоор 2021 оны 07 дугаар сараас үлдэгдэл төлбөр 4.125.000 төгрөгийг төлөх бөгөөд алданги 556,875 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Тэрээр гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй, Монгол Улсад байгаагүй, өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас төлбөрийг төлөх боломжгүй гэх байдлаа нэхэмжлэгчид мэдэгдсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Н.З нь өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т:Худалдан авагч энэхүү гэрээний 3.2 заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги тооцох болно. ... хэмээн тохиролцсон нь дээр дурдсан хуульд нийцэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Н.З-аас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4,125,000 төгрөг, алданги 556,875 төгрөг, нийт 4,681,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Н.З-аас үлдэгдэл төлбөр 4,125,000 төгрөг, алданги 556,875 төгрөг, нийт 4,681,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 89,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ