Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00364

 

Э Т М С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/04159 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э Т М С ХХК-ийн хариуцагч Н.Зд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 681 875 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, хариуцагч Н.З, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Зтай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Н.З нь 5 000 000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 500 000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 12 сарын туршид 375 000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцсон. Үүний дараа Н.З нь эхний 500 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 375 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, нийт 875 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш буюу 2020 оны 02 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй, үлдэгдэл төлбөр 4 125 000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан ба тооцож үзвэл 9 сар /270 хоног/ хугацаагаар тооцно. Алданги нь 1 113 750 төгрөг болж байгаа ба нийт 5 238 750 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч Н.Зд эвлэрэх санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан алданги болох 1 113 750 төгрөгийг 50 хувиар багасгаж 556 875 төгрөг болгон бууруулж байна. Иймд Н.Згаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4 125 000 төгрөг, алданги 556 875 төгрөг, нийт 4 681 875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байхад цэвэрлэгээний уурын төхөөрөмж танилцуулна гээд 2 залуу орж ирээд гэр цэвэрлэж үзүүлсэн. Одоохондоо авах боломж байхгүй гэж хэлсэн боловч гуйсаар байгаад урд нь хэрэглэж байсан хуучин төхөөрөмжийг 5 000 000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 500 000 төгрөг төлөөд авсан. 2020 оны 01 дүгээр сард гэрээний дагуу 375 000 төгрөг төлсөн. Ингээд 2020 оны 02 дугаар сард гэр бүлийн хамт Швед улс руу явж, Ковид-19 болоод тэнд 7 сар гацсан. Тухайн үед нөхцөл байдлаа тайлбарлаад одоогоор боломжгүй, хэцүү байдалд байгаагаа хэлсэн. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл 4 125 000 төгрөгийг эдийн засаг сэргэчихвэл 2021 оны 7 дугаар сараас өөрийн боломж, бололцоогоор төлнө, харин алдангийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Н.Згаас үлдэгдэл төлбөр 4 125 000 төгрөг, алданги 556 875 төгрөг, нийт 4 681 875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э Т М С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Н.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 89 860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э Т М С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2020 оны 02 дугаар сард Швед Улс руу явж, 2020 оны 9 дүгээр сард Монгол Улсдаа буцаж ирсэн, Ковид 19 цар тахал дэгдэж, орлого буурснаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс гадна уг төлбөрийг төлөөгүй гол шалтгаан нь нэхэмжлэгчийн зээлээр худалдсан төхөөрөмж нь ойр ойрхон 2 удаа эвдэрсэн, тухай бүрт нэхэмжлэгчид буцаан өгч, өөрөөр нь засуулсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.4-д заасны дагуу барааг сольж өгөхийг олон удаа нэхэмжлэгчээс шаардсан, сольж өгөөгүй, одоо ч уг төхөөрөмж эвдэрхий хэвээрээ байгаа. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан дээрхи үүргээ биелүүлээгүй, төхөөрөмжийг сольж өгөөгүй, сольж өгнө гэсэн боловч солиогүй, худлаа хэлсээр өдий хүрсэн. Мөн гэрээний 2.1-д заасан байтал нэхэмжлэгч гэрээний дагуу АМ 0306676018 сери дугаартай барааг надад өгөөгүй, өөр сери дугаартай буюу АМ0306692 18 сери дугаартай бараа өгсөн. Дуудлага өгч, барааг сольж өгөхийг шаардахад "... Засаад өгнө, түр хэрэглэж бай, удахгүй сольж өгнө " гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд эвдэрхий, доголдолтой бараа надад нийлүүлсэн атлаа ямар ч доголдолгүй, шинэ барааны үнэ надаас гаргуулахаар шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э Т М С ХХК нь хариуцагч Н.Зд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 238 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 4 681 875 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 4 125 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 556 875 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ахуйн цэвэрлэгээний EVapor 3000i төхөөрөмжийг 5 000 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа төлбөр 500 000 төгрөг, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр 375 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-7 дугаар тал/ Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд хүлээлгэн өгсөн, хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 375 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хариуцагчаас 2020 оны 02 дугаар сард Швед Улс руу явж, цар тахлын улмаас 7 сар гацсан, уг төхөөрөмж 2 удаа эвдэрч, тухай бүрд засуулж байсан бөгөөд одоог хүртэл эвдэрхий байгаа гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Тухайлбал, уг төхөөрөмж доголдолтой байсны улмаас худалдагчид хандаж шаардлага гаргасан гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Н.Згаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу тоос сорогчийн үлдэгдэл төлбөрт 4 125 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Т М С ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1.2-т ...худалдан авагч энэхүү гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги тооцох болно. гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох зохицуулалтад нийцээгүй. Учир нь дээрх алданги тооцсон гэрээний заалтад алдангийг нийт үнийн дүнгээс тооцохоор заасан нь гүйцэтгээгүй үүрэг буюу төлөгдөөгүй төлбөрөөс тооцох агуулгагүй байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч буюу хариуцагч талд ойлгомжгүй байдлаар тайлбарласан байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана. гэж заасан нэхэмжлэгч буюу энэхүү стандарт нөхцөлт гэрээний худалдагч тал алданги шаардах эрхгүй болно. Иймд алдангид 556 875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/04159 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Згаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 125 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Т М С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 556 875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дах заалтын 89 860 гэснийг 80 950 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХТӨР