Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02107

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/02107

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  БИД ББСБ ХХК

Хариуцагч: Х.Б

Гэрээний үүргийн биелэлтэд 14,752,308.32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагчийн төлөөлөгч Д.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БИД банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Х.Б 14,752,308,32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 13,402,308.32 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг шаардсан байна.

Нэхэмжлэгч БИД банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Х.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд ... тоот гэрчилгээний дугаартай ... талбайтай хувийн сууц, ... талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 24 сарын хугацаатай 7.000.000 төгрөгийг нэг сарын 4.30 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Х.Б байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй. Иймд зээлдэгч Х.Б зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 6,490,141.56 төгрөг, зээлийн хүүнд 5,422,006.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,490,160.24 төгрөг бүгд 13,402,308.32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 1,350,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БИД банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Х.Б нь 7,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4,30 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн .... талбайтай хувийн сууц, ... талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан болох нь зээл хүсэгч Х.Б өргөдөл, нэхэмжлэгчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч нь гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээний 4.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлэх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагч Х.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Х.Б гэрээний үүрэгт 13,402,308.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БИД банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13а дугаар байр 90 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий орон сууцаар хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Х.Батчулуунаас 13,402,308.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БИД банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.Б өмчлөлийн ... тоот ... талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ... талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,911,55 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Б 295.162 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БИД банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА