Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01346

 

Төсөл 2022.07.22 №1346

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02107 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 13,402,308.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Х.Б нь 2019 оны 11 сарын 18-ны өдөр 0000000000000000 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн 0-0000000000 тоот дугаартай, ... тоот хаягт байршилтай 77.9 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн 0-000000000 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, Б ХХК-аас 24 сарын хугацаатай 7,000,000 төгрөгийг нэг сарын 4.30 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй. Иймд зээлдэгч Х.Б аас үндсэн зээл 6,490,141.56 төгрөг, зээлийн хүү 5,422,006.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,490,160.24 төгрөг, нийт 13,402,308.32 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Б аас 13,402,308.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б ы өмчлөлийн ... м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,911.55 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Б аас 295,162 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хариуцагч нийт 4,000,000 төгрөг төлсөн болох нь зээлийн хүү болон үндсэн зээлийг төлсөн графикаар бүрэн нотлогдоно. Энэхүү төлсөн 4,000,000 төгрөгийн 500,000 төгрөгийг зээлийн хүүнд суутган авсан гэж тайлбарласан. Нэг сарын хүү 238,000 төгрөг, 24 сарын хүү 5,712,000 төгрөг болж байна. Үүн дээр нэхэмжлэл гаргах хүртэлх 6 сарын хүү нэмэгдээд нийт төлөх хүү 7,140,000 төгрөг, үүнээс хүүнд суутган авсан 3,500,000 төгрөгийг хасаад 3,640,000 төгрөг төлөхөөр байна. Төлөөгүй 3,640,000 төгрөгийн зээлийн хүүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцоход 728,000 төгрөг болж байна. Үндсэн зээл 6,490,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 728,000 төгрөг, зээлийн хүү 3,640,000 төгрөг, нийт 10,858,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр байтал шүүх төлөх үүргийг буруу тооцоолсон буюу үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.

4.б. Нэхэмжлэгч хууль зүйн туслалцааны зардал 1,350,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх төлөх үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцоогүй.

Иймд илүү тооцож гаргуулсан /13,858,000-10,585,000/=2,544,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөр 1,350,000 төгрөг, нийт 3,894,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Манай байгууллагын зүгээс холбогдох хуулийн дагуу зээлийн үүргийг боддог. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зардал 1,300,050 төгрөгөөс татгалзсан тул хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Х.Б д холбогдуулан үндсэн зээл 6,490,141.56 төгрөг, зээлийн хүү 5,422,006.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,490,160.24 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардал 1,350,000 төгрөг, нийт 14,752,308.32 төгрөг гаргуулах нэхэмжлэл анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өмгөөллийн үйлчилгээний зардал 1,350,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас нийт 13,402,308.32 төгрөг гаргуулахыг хүссэн.

 

Ийнхүү нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан Нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл гардуулсан тухай баримтаас үзвэл шүүхийн зүгээс хариуцагч Х.Б д нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 сарын 05-ны өдөр гардуулж, 2022 оны 05 сарын 19-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх 22/

 

Хариуцагч Х.Б хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Б ыг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй юм.

 

5. Хэрэгт авагдсан 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 0000000000000000 тоот Зээлийн гэрээ, 0000000000000000 тоот Барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны 2019 оны 11 сарын 22-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Б ХХК-аас 7,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 4.30 хувийн хүүтэйгээр зээлдэн авах, хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлд бүртгэлтэй ... хаягт байршилтай 77.9 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газрыг барьцаалуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан, улмаар нэхэмжлэгч Б ХХК нь 2019 оны 11 сарын 22-ны өдөр хариуцагч Х.Б ы эзэмшдэг 0000000000 тоот данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэргийн 3-р талд авагдсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөв байхаас гадна хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан ...анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг буруу тооцоолж 2,544,000 төгрөгийг илүү гаргуулсан, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1,350,000 төгрөгийг хасч тооцоогүй... гэх гомдол үндэслэлгүй байх тул түүнийг хангахгүй орхих нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчБ ХХК нь хариуцагч Х.Б д холбогдуулан гаргасан өмгөөллийн үйлчилгээний зардал 1,350,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 3 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж өөрчлөн дугаарлаж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 77,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР