Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/02088

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/02088

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МТ ХХК

Хариуцагч: НШШГГ

Гуравдагч этгээд: ХХБ ХХК.

  Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч МТ ХХК-ийн захирал Б.Ж, хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МТ ХХК нь хариуцагч НШШГГ холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч МТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Б.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХХБ ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 1,800,000,000 төгрөгний зээл авч эхний 3 жилийн хугацаанд 582,218,734 төгрөг төлсөн боловч 2018 оноос эдийн засгийн уналт валютын уналтын улмаас төлбөр хийх санхүүгийн чадамжгүй болсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .... тоот шийдвэрээр МТ ХХК-иас 2,304,373,266.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж улмаар төлбөр төлөгч МТ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... нутаг дэвсгэрт байрлах ... мкв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай ... давхар барилгын БК, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий ... байрлах ... мкв газарт ХЭ ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг зөвшөөрөхгүй. Үнэлгээний компани эд хөрөнгийг 4,724,785,741 төгрөгөөр үнэлсэн талаарх ШШГГ мэдэгдлийг манай компани 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан. Манайх өөрийн эд хөрөнгийг 20,000,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал хүргүүлсэн байхад үнэлгээний компани энэ саналаас даруй 4 дахин бага үнээр үнэлсэн. Энэ үнэлгээ нь бодит үнэлгээ биш. Уг объект хотын төвийн А бүсэд төв зам дагуу байрлалтай нийт ... мкв талбай бүхий цогцолбор байгууламж. Цогцолбор нь төмөр карказ тоосгон хана, угсармал төмөр бетон хучилттай агааржилтын тоног төхөөрөмж бүхий олон орц гарцтай А, Б корпус бүхий бие даасан барилга болон цахилгаан дэд өртөө, гүний худаг, усан сан, 12 машины дулаан гараш, 60 машины зогсоол, агуулах, хашаан доторх ... мкв ногоон байгууламж зэргээс бүрддэг. Тухайн цогцолборын

А, Б корпус нь тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй боловч газрын гэрчилгээ нь нэг юм. Иймээс Б корпусыг дуудлага худалдаанд оруулахаас өмнө газрын гэрчилгээг салгаж А корпусын эзэмшил дээр манай компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа тул энэхүү асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Барилгын Б корпусын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь талбайн хэмжээг ... мкв хэмээн тэмдэглэгдсэн байна. Гэвч энэ нь гэрчилгээ авч байх үед дурдагдаад байсан ашигтай талбайн хэмжээнд тулгуурласан байх ба талбайн бодит хэмжилт хийгээгүй байна. Газрын үнэлгээг тусгайлан тооцоолоогүй нь эд хөрөнгийн бодит үнэлгээ хийгдээгүй болохыг нотолж байна гэж үзэж байна. Өнөөдөр зах зээлд барилгын талбайг хананаас хана хүртэл хэмжээст тулгуурлаж үнэлдэг болсон. Барилга .. м өргөн .. м урт .. давхар барилга буюу нийт талбайн хэмжээ нь ... мкв болно. Үүнд барилгын план зургийг хавсаргасан. Эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул улсын ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 4,724,785,741 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар ... шийдвэрээр МТ ХХК-аас 2,316,123,283 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгүүлж төлбөр төлөгч МТ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй ... хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий ... давхар барилгын Б корпус, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн .... дугаар гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий ... хороонд байрлах ... м.кв талбайтай газрын хамт 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч МТ ХХК нь 20,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч ХХБ ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ШШГ тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу ХЭ ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 4,724,785,741 төгрөгөөр үнийг тогтоосон байна. Төлбөр төлөгч МТ ХХК болон төлбөр авагч ХХБ ХХК-нд 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 4-..., 4-... тоотоор тус тус үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МТ ХХК нь ХХБ ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 1,800,000,000 төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэртэй зээлийн хувьд жилийн 9,0 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, ХХБ эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай хүүхдийн нэмэлт хоолны үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банк шүүхэд хандаж МТ ХХК-аас зээлийн төлбөрт 2,316,123,283 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,750,017 төгрөгийн хамт гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай шүүхийн гүйцэтгэх хуудас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарч энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэхээр НШШГ албатай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ-г 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулан ажиллаж байгаа боловч энэ хугацаанд нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй өнөөдрийн байдлаар бодит үр дүн гараагүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч МТ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хаягт байрлах ... мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай ... давхар барилгын Б корпус, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаар бүхий ... хороонд байрлах ... мкв газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 4,724,785,741 төгрөгөөр үнэлэгдсэн. МТ ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс ШШГ газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл, ХХБ ХХК-нд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг зээл төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000,000 төгрөг төлсөн баримт, объктын Б корпусын ... давхарын байгууламжийн зураг,

6. Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээч томилох тогтоол, ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, МТ ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь үнэлгээг багаар үнэлсэн, үнэлгээг тооцоолохдоо зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээст тулгуурласан, бодит хэмжилт хийгээгүй тул үнэлгээг хүчингүй болгох

3. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар .... шийдвэрээр хариуцагч МТ ХХК-аас 2,304,373,266,51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хаягт байрлах ... мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий ... давхар барилгын Б корпус, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн .... дугаар гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий .... хороонд байрлах ... мкв газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2021 оны 03 дугаар сарын 15-нд шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж эд хөрөнгийг хураасан байна.

2022 оны 02 дугаар сарын 18, 21-ны өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд үнийн саналд тохиролцоогүй тул 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч томилох тогтоолоор ХЭ ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.

Шинжээчийн ХЭ ХХК-ийн дүгнэлтээр .... хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоот хаягт байрлах ... мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий ... давхар барилгын Б корпус, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий ..... мкв газрын зах зээлийн үнэ цэнийг 4,724,785,741 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... НШШГГ албан бичгээр төлбөр төлөгч МТ ХХК, төлбөр авагч ХХБ ХХК-нд тус тус мэдэгдэл хүргүүлсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.

5. Хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хаягт байрлах ... мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий .. давхар барилгын Б корпус, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий ... хороонд байрлах ... мкв газрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Тус Хөрөнгө үнэлгээний компани нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

6. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ..., үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

7. Нэхэмжлэгч нь А, Б корпус тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй боловч газрын гэрчилгээ нь нэг тул Б корпусыг дуудлага худалдаанд оруулахаас өмнө газрын гэрчилгээг салгаж, А корпусын эзэмшил дээр компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах шаардлагатай, энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан боловч энэ байдлыг хүсэлтээр шийдвэрлэх боломжгүй. Шинжээч нь хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Үнэлэгдэж буй хөрөнгийн онцлог, зах зээлийн судалгаа, шинжилгээг үзлэг хийсэн өдрөөс эхлэн үнэлгээний тайлан бэлтгэх хүртэл хийж 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэн дуусган хүлээлгэн өгсөн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээний талаар шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдоогүй болно.

9. Иймд хариуцагч НШШГГ холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч МТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч МТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА