Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01554

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01554

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/02088 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Нт холбогдох

Гуравдагч этгээд: Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 1,800,000,000 төгрөгийн зээл авч эхний 3 жилийн хугацаанд 582,218,734 төгрөг төлсөн боловч 2018 оноос эдийн засгийн уналт валютын уналтын улмаас төлбөр хийх санхүүгийн чадамжгүй болсон.

1.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02175 дугаар шийдвэрээр С ХХК-аас 2,304,373,266.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч С ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2,076 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 4 давхар барилгын Б корпус, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 00000000 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв талбайтай газарт Х ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний компани эд хөрөнгийг 4,724,785,741 төгрөгөөр үнэлсэн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан.

1.б. Манайх өөрийн эд хөрөнгийг 20,000,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал хүргүүлсэн. Үнэлгээний компани энэ саналаас даруй 4 дахин бага үнээр үнэлсэн. Уг объект нь хотын төвийн А бүсэд, төв зам дагуу байрлалтай, нийт 8,300 м.кв талбай бүхий цогцолбор байгууламж. Цогцолбор нь төмөр карказ тоосгон хана, угсармал төмөр бетон хучилттай, агааржилтын тоног төхөөрөмж бүхий олон орц гарцтай А, Б корпус бүхий бие даасан барилга. Цахилгаан дэд өртөө, гүний худаг, усан сан, 12 машины дулаан гараш, 60 машины зогсоол, агуулах, хашаан доторх 2,500 м.кв ногоон байгууламж зэргээс бүрддэг.

1.в. Барилгын Б корпусын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь талбайн хэмжээг 2,076 м.кв хэмээн тэмдэглэгдсэн. Гэвч энэ нь гэрчилгээ авч байх үед дурдагдаад байсан ашигтай талбайн хэмжээнд тулгуурласан байх ба талбайн бодит хэмжилт хийгээгүй. Газрын үнэлгээг тусгайлан тооцоолоогүй нь эд хөрөнгийн бодит үнэлгээ хийгдээгүй болохыг нотолж байна. Барилга 18 м өргөн, 34 м урт, 4 давхар барилга буюу нийт талбайн хэмжээ нь 2,450 м.кв болно. Эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 4,724,785,741 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгүүлж, төлбөр төлөгч С ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын 000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр аы гудамж-000 тоот хаягт байрлах, 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын Б корпус. Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 00000000 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороонд байрлах, 13,733 м.кв талбайтай газрын хамт 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/21250280 дугаар тогтоолоор битүүмжилсэн.

2.а. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02/21250280 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч С ХХК нь 20,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Х ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй, зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу Х ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 4,724,785,741 төгрөгөөр үнийг тогтоосон.

2.б. Төлбөр төлөгч С ХХК болон төлбөр авагч Х ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 4-171/4507, 4-171/4508 тоотоор тус тус үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Х ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банк шүүхэд хандаж С ХХК-аас зээлийн төлбөрт 2,316,123,283 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,750,017 төгрөгийн хамт гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай шүүхийн гүйцэтгэх хуудас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээг 2021 оны 00 дүгээр сарын 02-ны өдөр байгуулан ажиллаж байгаа боловч энэ хугацаанд төлөлт хийгдээгүй.

3.а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 4 давхар барилгын Б корпус, 13,733 м.кв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 4,724,785,741 төгрөгөөр үнэлэгдсэн.

3.б. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүгчийн 2022 оны 00 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 102/ШЗ2022/06984 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Х ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайлан нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн огноотой. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Отгонбаярын гарын үсэг бүхий 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн огноотой 4-171/4507 тоот мэдэгдлийг манай компани 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан. Энэ тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан ба анх тус шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхөд мэдээлэл зүйн ажилтан баталгаат шуудангийн дугтуйн дээрх огноог харгалзан үзэж бидний нэхэмжлэх болон хавсаргасан нотлох баримтыг хуулийн хугацаанд нийцсэн байна хэмээн хүлээн авч, улмаар тус шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.а. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг буюу 1, 2 дугаар талд манай тал шүүх хуралдааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан гэж хэлсэн хэмээн тэмдэглэж, улмаар үндэслэх хэсгийн 4-т энэ нь баримтаар нотлогдсон гэсэн байгаа нь үнэнд огт нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч талын байр суурийг гуйвуулсан, шүүхийн зүгээс хэргийн бодит үнэнийг олж тогтоох хүсэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хайхрамжгүй хандсан болохыг илтгэж байна.

5.б. Шүүхийн шийдвэрийн 5, 6, 7-д хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан Х ХХК-ийн үнэлгээ хийсэн аргачлалын талаар товч дурдсан боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэх болон шүүх хуралдаанд танилцуулсан нотлох баримт болох тухайн үнэлгээнд хамаарах үл хөдлөх хөрөнгийн хөрөнгийн танилцуулга, план зураг, газрын төлөв байдал зэрэг нөхцөл байдлын тайлбар, асуудлыг огт авч хэлэлцээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсныг нотолж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч нараас үнэлгээ гаргасан. Манай компанийн зүгээс зах зээлийн үнэлгээгээр 4,724,785,741 төгрөгөөр үнэлэхэд С ХХК нь өөрийн үнэлгээгээр 20,000,000,000 төгрөг гэж үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн. Манай байгууллага Х ХХК-аар үнэлүүлэхэд 4,724,785,741 төгрөгөөр үнэлсэн. Манай барьцаанд байгаа хөрөнгийг стандартын дагуу үнэлж үнэлгээ гаргасан. Зах зээлийн дагуу үнэлгээг гаргасан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2,15/

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02175 дугаар шийдвэрээр С ХХК-аас 2,304,373,266.51 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож, хариуцагч нь 2,304,373,266.51 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол С ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аы гудамж-000 тоот хаягт байрлах 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 00000000 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000 дугаар бүхий Баянгол дүүрэг 0 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх.16-19/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.а. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21250280 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх.19 ар тал/, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/21250280 дугаар тогтоолоор битүүмжилж /хх.20-21/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21250280/05 дугаар тогтоолоор хураан авсан /хх.22-23/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 50 дүгээр зүйлд нийцжээ.

4.б. Төлбөр төлөгч С ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах а гудамж-000 байршилтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын Б корпус болох эрхийн улсын бүртгэлийн 000000000 улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн нийт 20,000,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн. /хх 24/ Уг үнийн саналыг эс зөвшөөрч төлбөр авагч Х ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2/44 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр Х ХХК-ийг томилсон. /хх.25/

4.в. Шинжээч Х ХХК нь Баянгол дүүрэг 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аы гудамж-000 тоот хаягт байрлах, 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын Б корпус, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 00000000 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000 дугаартай, Баянгол дүүрэг 0 дүгээр хороонд байрлах, 13,733 м.кв талбайтай газрын хамт зах зээлийн үнэлгээг 4,724,785,741 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх.26/ Улмаар хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4-171/4507 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх.42/

4.г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шинжээчийн үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох боловч тэрээр үнэлгээний талаар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан гэх боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч уг мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан талаар тайлбар гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь хэргийн нотлох баримт болох бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үнэлгээний талаархи мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хүлээн авсан гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.д. Шинжээч Х ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу биш байна. /хх 31-41/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт бага үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/02088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН