Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/03507

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/03507

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатао хот, Хан-Уул дүүрэг 00-р хороо Ар зайсан 00-р байр 00 тоотод оршин суух М овогт Б-ын Ц /РД:Ч000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р байр 00 тоотод оршин суух, Б овогт С.Д /РД:0000000/-т холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,003,312 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

С.Д нь Б.Ц-аас 6,031,722 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би АНУ-ын Иллойнос мужийн Чикаго хотод 2008 оны 09 сараас 2016 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл амьдарч байгаад Монголдоо 2016 оны 04 сарын 26-нд Монгол Улсад ирсэн. АНУ-д байхдаа Монгол улсын консулаар дамжуулан тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг нөхөр Д.Дт явуулсан, би сар болгон мөнгийг шилжүүлж Д.Д тушааж 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн.

Би тэтгэвэрийн мөнгийг банкнаас авах итгэмжлэлийг С.Д олгоогүй гэтэл миний 2016 оны 1 сараас 4 сарыг дуусталхи тэтгэвэр болох 3,003,312 төгрөгийг авсан тул хариуцагч Д-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүлийн хүмүүс бидний дундаас 2 хүүхэд бий бага охиноо 7 настай байхад Б.Ц АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. Явах үед нь би визийг нь хөөцөлдөж өгсөн. Манай бага охин Хятадад сурдаг миний бие нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж охин Д.О -ийн зардлыг гаргах боломжгүй болсон тул салсан эхнэр охины ээж Б.Ц-аас мөнгө хүсэхэд өөрийнхөө тэтгэвэрийн мөнгийг авч хэрэглэхийг зөвшөөрч АНУ-аас надад итгэмжлэл явуулсан тул би 2016 оны 1-4 сарын тэтгэвэрийг авсан.

Гэвч Б.Ц нь төрсөн хүүхдийнхээ гадаадын оюутны зардалд төлөх зорилгоор түүний тэтгэвэрийн авахыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон тэр итгэмжлэл нь одоо надад байхгүй Нийгмийн даатгалд өгсөн гэж бодсон боловч тэндээс гарч ирээгүй би л алга болгосон юм шиг байна. Б.Ц-ын тэтгэвэрийн мөнгийг охиндоо зориулсан тул буцаан төлөхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас охин Д.О-ийн зардлыг төлөх боломжгүй болсон тул салсан эхнэр Б.Ц-аас охиныхоо зардлыг төлж сургуулийг төгсгөх хүсэлт тавьсан. Б.Ц өөрийн тэтгэвэрийг авахыг зөвшөөрч надад АНУ-аас итгэмжлэл явуулсан. Мөн ээж Л-ийн тэтгэвэрийг авахыг зөвшөөрч итгэмжлэл явуулсан боловч 2018 оны 5 сард ээж Л-ийн нэрээр нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр би 6,031,722 төгрөг төлөх болсон.

Шүүхээр тогтоосон 6,031,722 төгрөг нь Б.Ц-ын ээжийн нийт тэтгэвэрийн дүнгээс түүний өөрөө авч хэрэглэсэн дүнг хасаж гаргасан тоцоо бөгөөд охины оюутны зардал ороогүй. Иймд миний бие уг шүүхийн шийдвэр нь охины оюутны зардалд хэрэглэгдсэн тул Б.Ц-аас 6,031,722 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Д-ийн гаргасан 6,031,722 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр энэ мөнгөний асуудлыг шийдсэн. Манай охин Хятадад 100 хувийн тэтгэлэгээр суралцдаг би охиныхоо мөнгийг төлж байсан АНУ-д байхдаа Д.Д-т сар бүр 1000 ам доллар явуулдаг байсан.

Охин Д.О-ийн зардалд 6,031,722 төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа тийм учраас зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Д-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,003,312 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Д.Д нь Б.Ц-д холбогдуулан 6,031,722 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, намайг тэтгэвэрийн мөнгөө авахыг зөвшөөрсөн уг мөнгийг охин Д.О-д зарцуулсан гэж маргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.Ц, С.Д нар нь гэр бүл байсан бөгөөд тэдний дундаас 2 хүүхэд төрсөн бага охин Д.О нь БНХАУ-д суралцаж төгссөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.Ц нь АНУ-д ажиллаж амьдарч байхдаа С.Д-т мөнгө шилжүүлэн өөрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн болох нь зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. /х.х-ийн 7,8 хуу/

Б.Ц-д олгох тэтгэвэрийн хэмжээг сард 750,828 төгрөгөөр тогтоосон бөгөөд түүний 2016 оны 1,2,3,4-ийн саруудын өндөр насны тэтгэвэрийг хариуцагч Д.Д-г нь гарын үсэг зурж хүлээн авсан нь түүний тайлбараар тогтоогдов.

Хариуцагч Д.Д нь түүний тэтгэвэрийг охин Д.О-д зарцуулсан гэж тайлбаласан боловч түүнийгээ нотлоогүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж авч чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч Д.Д нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч Б.Ц нь шаардах эрхтэй гэж үзэн 750,828*4=3,003,312 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Д-оос 3,003,312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Б.Ц-д холбогдуулан 6,031,722 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгт өгсөн гэж маргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 25-ний өдрийн 1832 тоот шийдвэрээр хариуцагч Д.Д-оос 6,031,722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Л-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Д нь Б.Ц-ын ээж Х.Л-ийн өндөр насны тэтгэвэрийн мөнгийг надад олгосон итгэмжлэлийн дагуу авч Б.Ц бидний дундаас төрсөн охин Д.О-ийн сургалтанд зарцуулсан гэж тайлбарласан боловч түүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй.

Д.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд Д.Д-ийн Б.Ц-д холбогдуулан 6,031,722 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч Д.Д-оос 3,003,312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож, хариуцагч Д.Д-ийн нэхэмжлэгч Б.Ц-д холбогдуулан 6,031,722 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 63,005 төгрөг, хариуцагч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 111,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-оос 63,005 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ