Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00256

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00256

 

 

Б.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03507 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Цын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Дт холбогдох

 

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 003 312 төгрөг гаргуулах үндсэн,

- 6 031 722 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ц

Хариуцагч: Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би АНУ-ын Иллойнос мужийн Чикаго хотод 2008 оны 9 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл амьдарч байсан. АНУ-д байхдаа тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг нөхөр С.Дт Монгол улсын консулаар дамжуулан явуулсан. Д.Дт сар бүр мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд миний шилжүүлсэн мөнгийг тушааснаар 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс надад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн. Би Монгол улсад 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн. Тэтгэврийн мөнгийг банкнаас авах итгэмжлэл олгоогүй атал 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны тэтгэвэр болох 3 003 312 төгрөгийг авсан байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нэг гэр бүлийн хүмүүс ба дундаасаа 2 хүүхэдтэй. Бага охиноо 7 настай байхад АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. Тухайн үед би виз хөөцөлдөж өгч байсан. Бага охин Д.Ононзаяа нь Хятад улсад сурдаг бөгөөд миний бие хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас сургалтын зардлыг нь төлөх боломжгүй болсон. Салсан эхнэр Б.Цаас мөнгө хүсэхэд өөрийнхөө тэтгэврийг авч хэрэглэхийг зөвшөөрч АНУ-аас итгэмжлэл явуулсан. Ингээд би 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны тэтгэврийг нь авсан. Б.Ц төрсөн охиныхоо сургалтын зардлыг төлөх зорилгоор надад итгэмжлэл олгосон боловч тэр нь одоо байхгүй. Итгэмжлэлийг Нийгмийн даатгалын газарт өгсөн гэж бодсон боловч гарч ирээгүй тул би алга болгосон байх. Мөнгийг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулсан тул буцаан төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас охин Д.Ононзаяагийн сургалтын төлбөрийг төлөх боломжгүй болж охиныхоо сургалтын зардлыг төлж сургуулийг нь төгсгөх хүсэлтийг салсан эхнэр Б.Цд тавьсан. Б.Ц өөрийн тэтгэврийг авахыг зөвшөөрч АНУ-аас итгэмжлэл явуулсан. Мөн ээж Х.Лхамсүрэнгийн тэтгэврийг авахыг зөвшөөрч итгэмжлэл явуулсан боловч 2018 оны 5 дугаар сард ээж Х.Лхамсүрэнгийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэр гарч би 6 031 722 төгрөг төлөх болсон. Шүүхээс төлүүлэхээр тогтоосон 6 031 722 төгрөг нь Б.Цын ээжийн нийт тэтгэврийн дүнгээс түүний өөрөө авч хэрэглэсэн дүнг хасаж гаргасан тооцоо юм. Уг мөнгө охины оюутны зардалд хэрэглэгдсэн тул Б.Цаас 6 031 722 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Д.Дийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэсэн. Охин маань Хятад улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг. Би охиныхоо сургалтын зардлыг төлдөг байсан ба АНУ-д байхдаа Д.Дт сар бүр 1 000 ам доллар явуулдаг байсан. Охиныхоо сургалтын зардалд 6 031 722 төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Доос 3 003 312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгож, хариуцагч Д.Дийн нэхэмжлэгч Б.Цд холбогдуулан 6 031 722 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 005 төгрөг, хариуцагч Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 63 005 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Д давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би нэхэмжлэгч Б.Ц болон түүний ээж Х.Лхамсүрэнгийн өндөр насны тэтгэврийг тэдний олгосон итгэмжлэлээр 2015-2016 онуудад авч байсан бөгөөд өөрсдийнх нь хэрэгцээнд болон бидний дундаас төрсөн охин Д.Ононзаяагийн Хятад улсад дээд сургуульд суралцаж байсан замын зардал, амьжиргааны зардал, нэмэлт шалгалт, дадлагын ажлын зардлуудад зарцуулсан. Охин Д.Ононзаяа маань Хятад улсад тэтгэлгээр суралцдаг байсан тул биднээс их хэмжээний зардал гараагүй. Миний бие 2015 оноос хараа муудаж хөгжлийн бэрхшээлтэй болсон тул охиныхоо ээжид хандан оюутны зардлыг нь дааж сургуулийг нь төгсгөх боломж олгохыг хүсэхэд зөвшөөрснөөр дээрх тэтгэврийн мөнгийг авдаг болсон юм. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б.Ц бид хоёр нийт тэтгэврийн мөнгө, түүний зарцуулалтын талаар тооцоо нийлж, миний бие Б.Цд 4 500 000 төгрөг төлснөөр өр, авлагагүй болох тухай хэлцлийн баримт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус мөнгийг би 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр өндөр насны тэтгэврийн зээл авч барагдуулж дуусгасан /банкны хуулгыг хавсаргасан болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хэлцэл хийсэн баримтын талаар дурдаагүй, үүнийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүх миний бүрдүүлсэн баримт болох оюутан хүүхдийн шалгалтын зардалд 2030 юань /635 000 төгрөг/ шилжүүлсэн баримтыг үнэлээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн тэжээн тэтгэх үүргээ биелүүлж төрсөн охиныхоо гадаад улсад 2015-2016 онуудад суралцаж төгсөхдөө хэрэглэсэн зардал, 2016 онд Хятад улсад зүрхний операци хийлгэсэн зардлыг төлөлцөх ёстой талаар хариуцагчийн гаргасан үндэслэлийг үнэлж шийдвэрлээгүй болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран оюутан хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул Б.Цын гаргасан үндсэн нэхэмжлэлийн дүнгийн 50 хувь болох 1 501 656 төгрөгийг надаас гаргуулж Б.Цд олгож, С.Д миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь болох 3 015 861 төгрөгийг Б.Цаас гаргуулж С.Д надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Дт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 003 312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 6 031 722 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид өөрийн тэтгэврийн мөнгийг захиран зарцуулах эрхийг олгоогүй гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт Б.Цд 2015 оны 12 сарын 9-ний өдөр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийг 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлсэн, мөн тэтгэврийг олгосон тухай бичгийн баримтууд хэрэгт авагджээ. /хх7-8/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Б.Ц надад миний тэтгэврийг аваад охиныхоо сургалтад зарцуулаарай гэсэн тайлбар гаргаж, 2016 оны 1-4 дүгээр саруудын тэтгэврийн мөнгийг авсан болохоо үгүйсгээгүй байх боловч тэтгэврийн мөнгийг захиран зарцуулах итгэмжлэл олгосон болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. /хх 67 дугаар тал/

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Дт өөрийн тэтгэврийг хүлээн авч, захиран зарцуулах эрхийг олгоогүй бөгөөд хэргийн 63 дугаар талд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19/762 тоот албан бичигт ...тус хэлтсийн архиваас шүүхэд 2016 онд иргэн Д.Дт итгэмжлэл олгосон бүртгэл байхгүй байна гэсэн бичгийн баримт авагдсан байна.

 

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн этгээдээс өмчлөгч буюу эзэмшигч нь хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Д.Доос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 003 312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь заалттай нийцжээ.

 

Хариуцагч Д.Д сөрөг нэхэмжлэлээр 6 031 722 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ нэхэмжлэгч Б.Ц ээжийнхээ тэтгэврийг авах эрхийг надад олгож, уг мөнгийг охин Д.Ононзаяагийн сургалтад зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайн байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01832 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Доос тэтгэврийн мөнгө 6 031 722 төгрөг гаргуулан Х.Лхамсүрэнд олгохоор шийдвэрлэжээ./хх43-45/

 

Хариуцагч Д.Д давж заалдах гомдолдоо ... Ц, ээжийнх нь нийт тэтгэвэр 25 530 000 төгрөг болсон, Ц үлдэгдэл 4 500 000 төгрөгийг Доос авна гэсэн зохигчдын гарын үсэг зурсан бичгийн баримтыг үндэслэж мөнгө төлөхгүй гэсэн үндэслэл зааж байгаа боловч энэ баримт нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үнэлэгдсэн, дээрх мөнгийг хариуцагч төлж барагдуулсан болохыг хэн аль үгүйсгээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 87 231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО