Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А***** Ч*****- ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А******,

            Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр тушаалын А***** Ч*****- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Баянзүрх дүүрэг дэх *******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар ******* га газрыг ашиглах эрхтэй болж, ******* дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар авч, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан байна.

3. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд хавсралтын 141-т нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК-ийн газар оржээ.

4. Уг тушаалыг Бо*******ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1513 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

5. Нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч анх 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

6. Иймд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн шалгаад, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2022/6003 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7. Улмаар нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

8. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "А***** Ч*****- ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *******ын ам нэртэй газарт ******* га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон ба 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчилгээгээ авсан.

8.1. Гэтэл Н******* газар эзэмших эрх авсан "Ө* Ю* Ж* С* С* С*С* ХХК-д газрын давхцалтай гэж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8.2. Түүний дараагаар "А***** Ч*****-" ХХК газрын давхцалтай хэсгийг хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргахад Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнд
хамаарахгүй асуудлаар буюу газар эзэмших эрх олгох эрхгүй газраа эзэмшүүлсэн
шийдвэр гаргасан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор тогтоосон. Гуравдагч этгээдээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр хүлээн авах үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн.

8.3. Гэтэл газрын маргаан дуусаад удаагүй байхад Байгаль орчин, аялал
жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр
тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ
эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан
ашиглаагүй" гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

8.4. Энэ хугацаанд авто замын бүтээн байгуулалтын ажилд зориулан Нийслэлийн авто зам хөгжлийн газраас газрыг ашиглаж, машин тоног төхөөрөмж, хэрэглэх материалаа байрлуулж байсан тул зориулалтын дагуу газраа ашиглах боломжгүй байсан болно. Мөн бүтээн байгуулалтын ажилд газраа ашиглуулсан тул төлбөрийн асуудлыг ажил дууссаны дараа тохиролцохоор ярилцсан байсан.

8.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсны улмаас газрын төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний энэ нөхцөл байдлыг судлалгүйгээр, газрын маргаантай болон бүтээн байгуулалтад ашиглаж байгааг мэдсээр байж, бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүй газар ашиглах эрхийг цуцалсан байна.

8.6. Иймд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит
нөхцөл байдлыг тогтоогоогүй, түүнд нийцээгүй бөгөөд мөн хуулийн 27 дугаар
зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг сонсох
ажиллагаа хийгдээгүй алдаатай, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д нийцээгүй шийдвэр байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр тушаалын "А***** Ч*****-" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож хангаж өгнө үү. гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар "А***** Ч*****-" ХХК Богдхан уулын дархан цаазат газрын *******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар ******* га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

9.1. "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...", мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д *.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-д ".. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

9.2. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

9.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 114-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

9.4. Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

9.5. Гэтэл А***** Ч*****- ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар "А***** Ч*****-" ХХК Богдхан уулын дархан цаазат газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

9.6. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Баянзүрх дүүрэг дэх *******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар ******* га газрыг ашиглах эрхтэй болж, ******* дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар авч, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан байна.

Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд хавсралтын 141-т нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК-ийн газар оржээ.

Хариуцагчаас ...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.16-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж нэхэмжлэгчээс ...шүүхэд удаа дараа газрын давхцалын талаар маргаж байсан, автозамын бүтээн байгуулалтын ажилд манай газрыг ашиглаж байсан зэргээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, мөн коронавирусын цар тахалын нөлөөгөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсны улмаас газрын төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзээгүй, бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүй газар ашиглах эрхийг цуцалсан... гэж тус тус маргасан.

Нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь газрын төлбөрөө 2016-2018 онд төлсөн хэдий ч 2018 оноос хойш төлөөгүй болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[1][1]-аар нотлогдох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын маргаан, коронавирусын цар тахлын улмаас газрын төлбөр төлөх боломжгүй байсан гэж тайлбарлажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ., Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: ...35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан байна.

Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ...аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна, 7 дугаар зүйлийн 2-т Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтаас үзэхэд, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газрын маргаантай байсан, цар тахал гарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн боломжгүй юм.

Иймд нэгэнт нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Харин хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь маргаан бүхий газартаа хашаа барьснаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдох боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0163 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор Ө* Ю* Ж* С* С* С*С* ХХК-ийн нэхэмжлэлтэй газрын маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд уг хэрэгт нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон.

Мөн нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК-ийн ашиглах эрх бүхий одоо маргаж буй газарт Баянзүрх дүүргийн Засаг дарга, Н******* газар эзэмших эрхийг иргэн М.Б********д давхцуулан олгосны улмаас нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0178 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Эдгээр захиргааны хэргийн маргаануудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариуцагчаар оролцож байжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК нь газар ашиглах эрх авч, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулснаас хойш удаа дараа газрын давхцалын асуудлаар шүүхэд маргаж байсан буюу газраа зориулалтын дагуу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ашиглах боломжгүй байсан гэдэг нь тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг хариуцагч мэдэх боломжтой байсан атлаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд, энэ маргааны тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай******* дүгээр тушаалын А***** Ч*****- ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8233 тоот албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч үүнийгээ нэхэмжлэгчид ямар хаягаар хүргүүлсэн болохоо нотолж маргаагүй. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зөрчлийг үгүйсгэхгүй учраас энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр тушаалын А***** Ч*****- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч А***** Ч*****- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ