Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2023/0003

 

             Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Гүлбарша даргалж, шүүгч М.Риза /илтгэгч/, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: М,Х

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,

             Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл хоорондын тэтгэвэр тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, иргэдийн төлөөлөгч Р.Жанарбек, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд тус тус холбогдуулан “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

              2. Нэхэмжлэгч М.Хаас малчин-даатгуулагчийн хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  гаргасан байх ба тус байгууллагаас түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

              3. Энэ талаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу авснаар шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

              4. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргахаас өмнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор түүнийг 1995-2000 оныг дуустал 6 жил малчнаар ажилласнаар тооцсон байх боловч уг шийдвэрийг тус зөвлөл нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 01 дугаартай хуралдааны тэмдэглэлээр хүчингүй болгожээ.

              5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  ихэсгэсэн байна.

              6. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

              6.1. Нэхэмжлэгч М.Х нь 55 нас хүрсэн.

              6.2. Улсад 20-иос доошгүй жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.

              6.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаартай шийдвэрээр М.Хыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчнаар ажилласан 12 жилийг тогтоосон.  

              Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал 6 жил малчнаар ажилласныг тогтоосон.  Мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-нийг дуустал, түүнчлэн 2020 онд бүтэн  мал маллаж малчнаар ажилласан нийт 1 жил 5 сарын хугацаа байна.

              Үүгээр М.Хы мал маллаж малчин байсан нийт хугацаа 19 жил 5 сар болж байгаа ба үүнээс Нийгмийн даатгалын хэлтсийн  зөвшөөрөхгүй байгаа нь М.Хы лам санваартнаар ажилласан гэх 2015  оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жил 4 сарыг хасаж тооцсон ч М.Хы нийт малчнаар ажилласан жил  нь 17 жил 1 сар  тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах шаардлагыг нэхэмжлэгч хангаж байна.

              6.4. Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 1995-2000 онуудын мал тооллогын “А” дансыг үндэслэж,  М.Хы малчин байсан 6 жилийг тогтоож, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай  тогтоол гаргаснаар   1995 оноос хойш 6 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. М.Хы 1995-2000 онуудын малчнаар ажилласан жил нь маргаантай. 1998, 2000 оны “А” дансны лавлагаа байгаа, 1999 оны “А” дансны лавлагаа байхгүй тохиолдолд дундын 1999 оныг малчнаар ажилласнаар тогтоодог журамтай.  Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл үүний дагуу шийдсэн. Гэхдээ бид зөвлөлийн шийдвэрт эргэлзээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4/1 дугаартай зөвлөлийн бүх гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан тогтоол нь хүчинтэй учраас шүүхээр давхар тогтоох шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан нь  хүчин төгөлдөр юм.  Шүүхээс шийдвэр гарангуут Нийгмийн даатгалын хэлтэс тус зөвлөлөөс М.Хы малчнаар ажилласан жилийг тогтоосон асуудлыг хуурамч нотлох баримт гэж үзэж, Цагдаагийн газарт шалгуулахад  зөвлөлийн тухайн  тогтоолыг хуурамч нотлох баримт биш, ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан материал хэрэгт авагдсан.

              6.5. Дараа нь зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай хуралдааны тэмдэглэл гарсан. Уг хуралдаанд зөвлөлийн 3 гишүүн оролцоогүй байхад тухайн гишүүд нь оролцсон болгоод өмнөх 4/1 тогтоолыг хүчингүй болгосон. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын сайдын тушаалаар баталсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-д зааснаар зөвлөлөөс гарсан тогтоолыг зөвлөл өөрөө тэмдэглэлийн хэлбэрээр хүчингүй болгох эрх олгогдоогүй.

              6.6. М.Хы хувьд түүнийг малчин байсныг тодорхойлох 1995, 1998, 2000 онуудын “А” дансны лавлагаа байхгүй, 1996, 1997, 1999 онуудын  “А” дансны лавлагаа гарсан. Гэхдээ 1995, 1998, 2000 онуудад холбогдох бусад нотлох баримтуудыг цуглуулж өгсөн. М.Х 1995-2000 он хүртэл тасралтгүй мал маллаж байсан гэдэг нь нотлогдсон. Дээрх  жилүүдийн “А” дансны лавлагаа нь гарахгүй байна. “А” дансны лавлагааг малчин өөрөө хадгалах боломжгүй гэжээ.

              7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

7.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;” гэж заасан болзлоос 15-аас доошгүй жил  малчнаар ажилласан байх гэснийг нэхэмжлэгч хангахгүй байна.

Энэ хугацааг тооцож үзвэл, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2019 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал мал маллаж малчин байсныг шүүхээр тогтоосон боловч уг 12 жил дотор 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс  2018 оны 02 дугаар сарыг дуустал 2 жил 4 сар нэхэмжлэгчийн Монголын Мусульманы нийгэмлэгт лам, санваартнаар ажиллаж албан журмаар даатгуулсан хугацаа орсон байна. Үүнийг хасаж тооцохоор 9 жил 8 сар малчнаар ажиллаж шимтгэл төлсөн.

7.2. 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар дуустал 3 жил 2 сар сайн дураар даатгал төлсөн хугацаанд малчнаар мал тоолуулж байсан учир уг хугацааг малчнаар тооцно.

7.3. Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 он дуустал нийт 6 жил нөхөн тооцуулсан хугацааны 1997, 1999 онд нь малчин өрхөөр бүртгүүлж мал тоолуулж байсан тул уг 2 жилийг малчнаар ажилласнаар тооцно. Дээрх хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 7, 8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн тооллого”-ын бүртгэлд зааснаар шууд нотлогдож байгаа хугацаа. Гэвч энэ нь 15 жил хүрэхгүй байгаа учир малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Харин шүүхэд гаргасан нэмэлт нотлох баримтаар М.Хы 1995, 1996, 1998, 2000 онд малчнаар ажилласан эсэхийг  сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөр дахин хэлэлцүүлж малчнаар ажилласнаар тогтоолгосон тохиолдолд малчин-даатгуулагчийн хувиар тэтгэвэр тогтоох боломжтой.

7.4. Анх тэтгэвэр тогтоолгохоор хандах үед 1998 оны “А” дансны лавлагаа гэж гаргаж  өгсөн материал нь 1999 оных байсан. 1998 оны “А” дансны лавлагаанд  овог нь зөрүүтэй,  “Ы.Х” гэдэг нэрээр бүртгэгдсэн мал тооллогын баримт байна. Холбогдох журамд заасны дагуу хэрэв овог зөрүүтэй тохиолдолд уг хугацааг шүүхээр тогтоолгох ёстой. Энэ хугацааг шүүхээр тогтоолгоогүй учраас дээрх 4 жилийн хугацаанд нэхэмжлэгчийг малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй гэжээ.

              8. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл шүүхэд дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

8.1. М.Хыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоосон тус зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоол нь малчин гэж тооцох боломжгүй гэж гарсан.  Тухайн үед хөтөлсөн хуралдааны тэмдэглэлд М.Хы малчин болохыг тогтоох боломжгүй гэж тусгасан боловч техникийн алдаа гарч тогтоолд тооцно гэсэн үг тусгасан байна.  2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 4/1 дугаартай тогтоолын хавсралт тухайн үед алдаатай болсныг бид мэдээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагаас шалгахад мэдэж,  хянан үзэхэд  “малчнаар тооцно” гэж буруу бичигдсэн болохыг олж мэдсэн. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зөвлөл хуралдаж дээрх тогтоолд залруулга хийж, хүчингүй болгосон болно.

8.2. Хариуцагч Ш.Е, М.С, У.Б бид зөвлөлийн гишүүд бөгөөд тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцоогүй гэжээ.

              9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:

              9.1. Нэхэмжлэгч нийт 19 жил мал маллаж малчнаар ажилласан, 3000 гаруй малтай.              Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт жил болон насны хувьд маргаагүй байна. Иргэн М.Хы өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

              1.Нэхэмжлэгч М.Хы шүүхэд гаргасан “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

           2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д  “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;” гэж тус тус заасан ба нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч М.Хыг хуульд заасан нийт 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

              3. Хэргийн нотлох баримтаас үзэхэд,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаартай шийдвэрээр М.Хыг   2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 12 жил малчин байсныг тогтоосон байх боловч дээрх хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 2 жил 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг  ажил олгогч Монголын мусульманы нийгэмлэгээс лам санваартны  төрлөөр, “37” гэсэн кодоор  бүртгэж төлжээ.

              4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д заасан  “малчин” гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно.

              Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Малчинд тэтгэвэр тогтоох болон  тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална” гэж заасныг  үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг баталсан.  Уг журмын Хоёрын 2.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, Гурвын 3.9-д  “Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид  суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаа,...-г малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын  сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн /эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох/ бол тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно”  гэж тус тус заажээ.

              5. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр  нэхэмжлэгчийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  нийт 12 жил  малчин байсныг тогтоосон боловч нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 2 жил 4 сарын хугацаанд  малчнаас өөр ажил эрхэлж малчин-даатгуулагчийн хувиар биш санваартны хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг малчнаар тогтоосон нийт 12 жилийн  хугацаанд хамаарах дээрх 2 жил 4 сарын хугацаа нь  малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд хамаарахгүй гэж үзэхээр байна. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбарыг  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

              Ингэснээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт хугацаанаас нэхэмжлэгчийн  лам санваартнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2 жил 4 сарын хугацааг хасаж тооцоход нэхэмжлэгчийн малчин-даатгуулагчийн хувьд  шимтгэл төлсөн хугацаа нь 9 жил 8 сар байх ба энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй болно.

            6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4  дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана” гэж, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “тэтгэврийн даатгал;”, 2-т “тэтгэмжийн даатгал;”, 4-т “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;” гэж тус тус заасан.

 

7. Нэхэмжлэгч 2020 онд, мөн  2021 оны 01-05 дугаар саруудад буюу нийт 1 жил 5 сарын хугацаанд тэтгэврийн даатгалд сайн дураар даатгуулж, шимтгэл төлсөн нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 319 дугаартай албан бичиг, түүний хавсралт бүхий нотлох баримтаар нотлогдсон ба хариуцагч талаас “М.Х нь сайн дураар даатгуулсан хугацаанд малчнаар мал тоолуулж байсан учир уг хугацааг малчнаар ажилласанд тооцно” гэж тайлбарласан.

 

              8. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолоор батлагдсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын Гурвын 3.1.5-д зааснаар даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн хугацаа нь малчнаар ажилласан хугацаанд хамаарахаар байгаа тул  нэхэмжлэгч энэ үндэслэлээр 2020 он, 2021 оны 01-05 дугаар сард шимтгэл төлснөөр малчнаар ажилласан жилд хамаарах хугацаа нь 1 жил 5 сар байна.

              9. “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.2-т “Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагаа, ...байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлно” гэж заажээ.

              10. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч М.Хыг 1995-2000 оныг дуустал 6 жил тус  сумын Цагааннуур багт оршин сууж, малчнаар ажилласнаар тооцсон байх боловч уг тогтоолыг тус Зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрээр хүчингүй болгосон байна.

              11. Энэ талаар хариуцагчаас “...Зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоолоор М.Хыг малчин гэж тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн боловч техникийн алдаа гарч тогтоолд “тооцно” гэж бичигдсэн, үүнийг  Зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар залруулсан. Тухайн үед үйлдсэн хуралдааны тэмдэглэлд М.Хыг малчин болохыг тогтоох боломжгүй  гэж тусгагдсан” гэж тайлбарласан.

              12. Дээрх байдлаар Зөвлөлөөс нэхэмжлэгч М.Хыг анх 1995-2000 онд 6 жил малчнаар ажилласныг тогтоосон агуулгатай тогтоол гаргаснаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу эрх бүхий этгээдээс даатгуулагч М.Хы ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил  /1995-2000  он/-ээр  нөхөн тооцож баталгаажуулсан байна.

              13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Х оршин сууж байсан Ногооннуур сумын Цагааннуур тосгоны “Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 1995, 1996, 2000 онуудын тооллогын “А” дансны лавлагааг архивт шилжүүлээгүй талаар Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 260 дугаар албан бичгээр шүүхэд хариу мэдэгдэж,  М.Хд холбогдох 1997, 1999 оны “А” дансны лавлагааг ирүүлсэн.

              Харин архивт хадгалагдаж буй “Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны 1 дүгээр хэсгийн 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс” бүхий баримтад шүүхээс үзлэг хийхэд уг баримтын хувийн малтай өрхийн жагсаалтын дэс дугаарын 11-д  “Ы.Х” гэж, 1998 оны эцэст тоологдсон малын толгой “бүгд 90”, “үүнээс адуу 6”, “үхэр 4”, “хонь 40”, “ямаа 40” гэж бүртгэгдсэн байх ба энэ нь хэрэгт авагдсан  нэхэмжлэгч М.Хы өрхийн 1999 оны “А” дансны лавлагааны баримтын “1998 оны эцсийн тооллогоор байсан” гэх хэсгийн  “бүгд 90”, “адуу 6”, “үхэр 4”, “хонь 40”, “ямаа 40” гэж бүртгэгдсэн малын тооны мэдээлэлтэй ижил байна.

              14. Эдгээр нотлох баримттай холбогдуулж хариуцагчаас “Нэхэмжлэгчийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацааг 1995-2000 он дуустал нийт 6 жилээр  нөхөн тооцуулснаас 1997, 1999 онд нь малчин өрхөөр бүртгүүлж, мал тоолуулж байсан 2 жилийг малчнаар ажилласнаар тооцно. 1998 оны “А” дансны лавлагаанд нэхэмжлэгчийн овог зөрүүтэй “Ы.Х” гэдэг нэрээр бүртгэгдсэн.

              Овог зөрүүтэй тохиолдолд уг хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай учраас 1998 онд нэхэмжлэгчийг  малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй.  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэмэлт нотлох баримтыг үндэслэн 1995, 1996, 1998, 2000 онд нэхэмжлэгч малчин байсан эсэхийг Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус  байнгын зөвлөлөөр дахин хэлэлцүүлж малчнаар ажилласнаар тогтоолгосон тохиолдолд М.Хд малчин-даатгуулагчийн хувиар тэтгэвэр тогтоох боломжтой.” гэж тайлбарласан.

            15. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:”, 1 дэх хэсгийн 9-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол ...1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох "Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын бүртгэл, лавлагаа” гэж тус тус заасан.

           

16. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 он дуустал нийт 6 жилээр  шимтгэл төлснөөр  нөхөн тооцуулсан хугацаанаас 1997, 1999 онд малчнаар ажилласан нь тухайн онуудын  “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын бүртгэл, лавлагаа” бүхий баримтаар тогтоогдсон,  1995, 1996, 2000 онд малчнаар ажилласныг нотлох “А” дансны лавлагаа бүхий баримт байхгүй, 1998 оны “А” дансны лавлагаанд “Ы.Х” гэж бүртгэгдсэн буюу овгийн эхний үсэг өөрөөр бүртгэгдсэн зэргээс нэхэмжлэгчийн хувьд 1995, 1996, 1998, 2000 онуудад малчнаар ажилласан эсэх асуудал нь маргаантай байна.

 

17. Нэхэмжлэгч 1995 оноос хойш тухайлбал 1997, 1999 онд малчнаар ажилласныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн ба дээрх байдлаар 1995-2000 онд нэхэмжлэгч малчнаар ажилласныг тогтоосон Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоолыг тус Зөвлөлөөс хүчингүй болгосон, “А” дансны лавлагаагүй 1995, 1996, 2000 он, мөн “А” дансны лавлагааны мэдээлэл нь зөрүүтэй 1998 онд нэхэмжлэгч малчнаар ажилласан эсэхийг  холбогдох журамд заасны дагуу Зөвлөл дахин хэлэлцэж шийдвэрлээгүй байна.

 

18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.Хыг 1995, 1996, 1998, 2000  онд малчнаар ажилласныг нотлох холбогдох бусад нотлох баримтууд гэх М.Х нь 1999-2000 онд Цагааннуур тосгонд малчин байсныг тодорхойлсон тус тосгоны захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаартай албан бичиг, М.Хы хүүхдүүд болох Х.М, Х.Лаззат нарын сурагчийн хувийн хэрэг, нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс 1996 онд Ногооннуур сумаас газар эзэмшүүлсэн гэрээ, баярын бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч дээрх хугацаанд малчин байсан эсэхэд  захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан “хүний ажиллаж байсан байдал” нь 135 дугаар зүйлд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах  бөгөөд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь мөн хуулийн 133 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийн шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

  Ингэснээр нэхэмжлэгчийн 1995 оноос хойш малчнаар ажилласан жил нь 1997, 1999  оны “А” дансны лавлагаагаар тогтоогдсон 2 жил байна.

           

19. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн малчнаар ажилласан нийт жил нь 13 жил 1 сар байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д заасан 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангахгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

20. Нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргаанд дараах хууль зүйн дүгнэлт хийлээ.

 

20.1 “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын Гурвын 3.2-т “Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагаа, ...байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлно” гэж заасан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийн Гурвын 3.5-д “Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонхийн санал, зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ...тогтоол гаргана” гэж заасан.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 4/1 дугаар тогтоол нь  нэхэмжлэгч М.Хыг  1995-2000 онд нийт 6 жил малчнаар ажилласнаар тооцсон агуулгатай гарсан байх боловч мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, холбогдох жилүүдийн “А” дансны лавлагаа дутуу гэх үндэслэлээр М.Хы малчнаар ажилласан байдлыг шүүхээр тогтоохыг санал болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоолын талаар “...Тухайн үед М.Хыг малчин гэж тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн боловч техникийн алдаа гарч тогтоолд “тооцно” гэсэн үг тусгагдсан” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/089 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал”-аас үзэхэд, дээрх нөхцөл байдал нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас явуулсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Ингэснээр утга агуулгын зөрчилтэй дээрх 4/1 дугаар тогтоолыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх байдлаар Зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч  М.Хыг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоож шийдвэрлээгүй байхад тус хуралдаанаас гаргасан 4/1 дугаар тогтоолд түүнийг дээрх хугацаанд малчнаар ажилласнаар тооцож тусгасан нь утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр гэж үзэхээр байна.

 Энэ тохиолдолд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарах бөгөөд 47.2-т зааснаар  илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

 Иймээс Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь  2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар урьд гаргасан утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр болох 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

20.2. “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийн Хоёрын 2.1-д “Зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.3-т заасны дагуу 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулна” гэж заасан.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд  зөвлөлийн дарга Т.Е, нарийн бичгийн дарга Х.Т, гишүүд У.Б, Х.Ш, О.Х, А.А,А.Б, Ш.Е нарын 8 хүн оролцсоноор тэмдэглэлд тусгагджээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн бүрэлдэхүүн болох 9 хүнээс гишүүд Ш.Е, М.С, У.Б нар нь зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцоогүй гэж, бусад 6 хүн нь хуралдаанд оролцогчийн  хувьд шүүхэд тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэгч талаас зөвлөлийн бүрэлдэхүүнээс 3 хүн тухайн хуралдаанд оролцоогүй гэж маргасан боловч “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийн Гурвын 3.3-т зөвлөлийн хуралдаан гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдахаар заасан байх тул зөвлөлийн бүрэлдэхүүний 9 хүнээс 6 хүн нь 2022 оны 01 дүгээр сарын 23- өдрийн хуралдаанд оролцсон нь хуралдааны ирцийн шаардлагыг хангасан байна.

Иймд Зөвлөлийн бүрэлдэхүүний 3 хүн тухайн хуралдаанд оролцоогүйг мөн өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй  гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг тус байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ГҮЛБАРША

ШҮҮГЧ      С.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ               М.РИЗА