Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 787

 

О.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00432 дугаар шийдвэртэй, О.М-ийн нэхэмжлэлтэй, ХХААХҮЯ-анд холбогдох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01767 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1598 дугаар магадлалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б-23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаа буюу шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 сар 11 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 723 754 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг 2 сар 11 хоног буюу ажлын 55 хоногоор тооцсон байна. Урьд, ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид 6 832 889 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үеийн нэхэмжлэлд заасан хугацаа нь 6 сар байсан тул нэг сард ногдох цалин хөлсийг 1 138 871 орчим төгрөг гэж тооцно. Үүнийг 22 хоногт хуваахаар нэг хоногийн цалин, хөлс нь 51 764 төгрөг юм. Нэхэмжлэгчийн дурдсан 55 хоногоор дээрх үнийн дүнг үржүүлэхэд 2 847 037 төгрөг байна. Энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх:             Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХААХҮЯ-наас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 674 289 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49 465 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч О.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХХААХҮЯ-анд үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮЯ-наас 73 738 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 847 037 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нь баяр, амралтын өдрүүдийг хасч тооцсон тул дээрх дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа дүнгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч ХХААХҮЯ-анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр буюу шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь томилсон ажил олгогчийн тушаал гарсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөх олговорт нийт 3 723 754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал зарим хэсгийг зөвшөөрч нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн цалин хөлс 51 764 төгрөг тул ажилгүй байсан 55 хоногт тооцож нийт 2 847 037 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар зарим хэсгийг хангаж, 49 465 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх боловч эдгээрийн хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй байна. Хэргийн баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01767 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг сарын цалинг 1 482 608 төгрөг гэж тогтоожээ. /хх4-10,33-35/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу ажлын өдрийг тооцож үзвэл нийт 49 өдрийн нөхөх олговор тооцогдохоор байна. Шүүхийн өмнөх шийдвэрээр нэг сард ногдох цалин хөлсний хэмжээ нь 1 482 608 төгрөгөөр тогтоогдсон байх тул ажлын нэг өдөрт 67 391 төгрөг тооцогдож, ажилгүй байсан нийт 49 өдөрт 3 302 159 төгрөг болж байна. Иймд хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан 2 847 037 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагаас 3 302 159 төгрөгийг хариуцагч ХХААХҮЯ-наас гаргуулж, үлдэх 421 595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж бусад хэсгийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00432 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХААХҮЯ-наас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 302 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 421 595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮЯ-наас 67 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.М-т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

     Т.ТУЯА