Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 786

 

 “Ц” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/00299 дугаар шийдвэртэй, “Ц” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-ад холбогдох, нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 15 052 718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Э.Э-ын сөрөг нэхэмжлэл бүхий нийгмийн даатгалын дэвтэр, дээд сургууль төгссөн дипломын эх хувийг гаргуулах, “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч Э.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Ц” ХХК- нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Э.Э- нь тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа хохирол учруулсан нь 2016 оны 6 дугаар сарын 22, 24-ний өдрүүдийн камерын бичлэг, шүүхээс уг бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн байдлаар нотлогдоно.

Мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2 сар байгууллагын санхүүгийн баримтуудыг өөр нягтлан бодогчоор шалгуулахад хариуцагч нь 13 752 000 төгрөгийн дутагдал гаргаж, байгууллагыг хохироосон нь тогтоогдсон.

Тухайн үед Э.Э-аас дээрх хохирлыг яаж гаргасан тухай асуухад эхлээд “учрыг нь хэлнэ” гэж байгаад сүүлдээ “мэдэхгүй” гэсэн тул шүүхэд хандсан. Э.Э- дээрх хугацааны тооцоог хийгээд хэвлэсэн баримтуудаа устгасныг бид олж авч хэрэгт хавсаргасан. Э.Э-ыг хууль бусаар, нууцаар компанийн өмч хөрөнгийг ашиглаж, хохирол учруулсан гэдгийг камерын бичлэг болон мэргэжлийн “Шинэ баланс аудит” ХХК-ийн хүчин төгөлдөр дүгнэлт нотолж байна.

Мөн нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 9 ширхэг орлогын бүртгэл буюу 14 хоногоор тооцоо хийж байсан гар бичмэл бүхий дэвтрүүдийг өгсөн нь хариуцагчийг гэм буруутай болохыг нотолно. Компанийн зүгээс Э.Э-ыг эд хариуцагч Алтанцэцэгийн оронд жор баригчаар ажиллахыг зөвшөөрөөгүй, албан ёсоор тушаал гаргаагүй. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр ажиллаж байсан гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Камерын бичлэгт Э.Э- эмийн орлогын мөнгөнөөс нууцаар, хууль бусаар авч байгаа нь маш тодорхой харагддаг. Ийм байдлаар олон удаа мөнгө авч ашиглаж байгууллагыг хохироосон гэж үзэж байна. Хэрэв мөнгө аваагүй, билл авсан юм бол нууж авах шаардлагагүй.

Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад дээрх асуудлаар гомдол гаргасан боловч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа данс, тооцоо хөтлөхдөө алдаа гаргаж орлого, зарлагыг дутуу буруу хүлээлцсэн бус, харин хууль бус зөвшөөрөлгүйгээр мөнгө авч, хохирол учруулсан үйлдэл гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан гэж үзэж байна. Дээрх хууль бус үйлдлийн улмаас учирсан 13 752 718 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсны төлбөрт төлсөн 1 300 000 төгрөг, нийт 15 052 718 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ц” ХХК--д 2015 оны 02 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажилласан. Тус компанийн караоке, эмийн сангийн тооцоог хариуцдаг байсан. Байгууллагын удирдлагын даалгавраар заримдаа жор баригчаар ажилласан. Ихэвчлэн жор баригч н.Алтанцэцэг ажилдаа ирээгүй үед нь хийж байсан.

Эмийн сангийн орлогын мөнгө халаасандаа удаа дараа авч хийсэн, тооцооны дутагдал гаргасан гэж байгаад гомдолтой. Камерын бичлэгт тусгагдсан миний авч байгаа зүйл мөнгө биш тооцооны баримт билл юм. Мөнгөний хайрцагт мөнгөнөөс гадна караокены тооцооны баримт, билл, эм зэрэг өөр бусад зүйлс байдаг. Энэ тооцооны баримтыг өдөр тутам авч тооцоо хийдэг ба надаас гадна 2 нягтлан бодогч тухайн үед нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан.

“Шинэ баланс аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, аудитын байгууллага дүгнэлт гаргахдаа үндэслэсэн үлдэгдлийн дүнгүүд нь санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангаагүй гэж шинжээч дүгнэлтдээ тодорхой дурдсан. Би тухай бүрт тооцоо хийж эд хариуцагч болох жор баригч, захирал нарт танилцуулдаг байсан бөгөөд дутагдал гарвал эд хариуцагч нар төлж байгууллагыг ямар ч хохиролгүй болгодог байсан. Тооллогын бүртгэлийг тухайн үед эд хариуцагч нарт нь өгч эм, барааны нэр, төрөл, үнэ, тоо ширхэгийн тооцоо үнэн зөв эсэхийг хянуулсны үндсэн дээр тооцоо гаргадаг байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч Э.Э- сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: “Ц” ХХК- нь миний А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Соёмбо” дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг нэхэмжилсэн боловч надад хүлээлгэн өгсөн тул энэ шаардлагаас татгалзана. Харин “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаар тайлан буюу аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Энэ дүгнэлт нь санхүүгийн анхан шатны хүчин төгөлдөр баримтад үндэслээгүй, тоонууд нь зохиомол, үндэслэлгүй болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1251 дугаартай тогтоолоор нотлогдсон. Уг дүгнэлтээр эмийн сангийн борлуултын орлогыг 343 862 585 төгрөг гэж тодорхойлсон байхад дээрх хугацааны НӨАТ-ын тайлангаар 108 167 623 төгрөг гэж татварын байгууллагад тайлагнасан байдаг. 

Борлуулалтын орлогын дүн 235 694 962 төгрөгөөр зөрүүтэй байгаа нь уг дүгнэлт үнэн зөв байх үндэслэлгүйг нотолж байна. Тус “Ц” ХХК--д эмийн барааг хариуцаж, хүлээн авч, худалдан борлуулж, орлого бэлэн мөнгөтэй харьцаж байсан н.Алтанцэцэг, н.Уянга, н.Төртогтох, н.Мажигсүрэн болон ээлжээр ажилладаг оюутнууд бэлэн мөнгийг хүлээн авч, захиралд хүлээлгэн өгдөг бө энэ ажиллагаанд нягтлан бодогч н.Цэцэгдарь хяналт тавьдаг байсан.

Гэтэл аудит зөвхөн Э.Э- тооцооны дутагдал гаргасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Иймд миний эрхийг зөрчсөн “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай гүйцэтгэсэн ажлын гэрээт тайлан буюу аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс диплом, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримт бичгийг сайн дураараа өгсөн. Харин аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах сөрөг шаардлага нь үндэслэлгүй. Аудитын дүгнэлт гаргахад шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтыг хүчин төгөлдөр байлгах нь нягтлан бодогчийн үүрэг бөгөөд Э.Э-ын ажил үүргийн хуваарьт байдаг. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг хүчингүй гэх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК--ийн хариуцагч Э.Э-аас 15 052 718 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Э-ын “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаар аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК- нь хариуцагч Э.Э-ын нийгмийн даатгалын дэвтэр, дээд сургууль төгссөн дипломыг хариуцагчид хүлээлгэн өгч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 214 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 297 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож,

шинжээчийн ажлын хөлс 800 000 төгрөгийг нэхэмжлэгч “Ц” ХХК--иас гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Э- нь “Ц” ХХК--тай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар нягтлан бодогчоор ажилласан. Энэ хугацаанд байгууллагаас 13 500 000 төгрөг дутагдуулсан. Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хяналтын камерын бичлэгт шалгалт хийснээр илэрсэн. Бичлэгт хариуцагч Э.Э- 2 өдөр дараалан мөнгөний хайрцагнаас бэлэн мөнгө халаасандаа хийж байгаа нь тусгагдсан. Бид өөрсдийн тайлан тооцоог нягтлах зорилгоор “Шинэ баланс аудит” ХХК-д хандсан ба 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр Э.Э-ыг 13 752 718 төгрөгийн дутагдал гаргасан гэсэн.

Иймд Э.Э-аас “Ц” ХХК--д учруулсан хохирол 13 752 718 төгрөг, аудит хийлгэсэн төлбөр 1 300 000 төгрөг, нийт 15 052 718 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, Э.Э- нь манай байгууллагын мөнгөн хөрөнгийг нууц, далд аргаар халааслан хохирол учруулсан.

Гэтэл шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Камерын бичлэгт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, “Шинэ баланс аудит” ХХК-ийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт зэрэг нь хэрэгт авагдсан.

Камерын бичлэгээс хариуцагч кассын орлогыг авч байгааг тодорхой харж болно. Тухайн орлогыг нууцаар авч буй бичлэгт шинжээч томилж, хэдэн ширхэг мөнгөн дэвсгэрт авч байгаа талаар дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх огт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болгосон нотлох баримтыг үзлэг төдийгөөр хэрэгт ашигласан байна. Өөрөөр хэлбэл, шүүх үзлэг хийж бэхжүүлсэн боловч хэдэн төгрөг авч байгааг тодруулах ажиллагаа хийгээгүй, үзлэгийг дутуу хийсэн ба уг ажиллагааг тогтоох боломжгүй гэж үзвэл талуудад шинжээч томилуулах боломж олгох байсан. Үзлэг хийсэн тэмдэглэлд мөнгө тоолсон гэх боловч хэдэн төгрөг тоолоод түүнийг аваад байгааг огт тэмдэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үзлэг хийх нь шүүхийн ажиллагаа бөгөөд уг үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхгүй.

Харин “Шинэ баланс аудит” ХХК-ийн дүгнэлтээр 13 752 718 төгрөгийг эм ханган нийлүүлэгчээс худалдан авсан эмийн орлогын дутуу, тооцооны зөрүү гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байх ба эдгээр нь нийт дүнд хэрхэн хуваагдаж байгаа нь тодорхойгүй байна гэжээ. Гэвч орлогын дутуу, тооцооны зөрүү гэж байгаа нь учирсан хохирлын хэмжээг ялган заагласан хэлбэр болохоос дутагдаагүй гэсэн ойлголт биш байна. Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шүүх шинжээчээр томилж, 2018 оны 5 сарын 31-ний өдөр 67 дугаар дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр “Шинэ баланс аудит” ХХК-ийн гаргасан хохирол гэж тооцсон 13 752 718 төгрөг нь тооцооллын хувьд зөв гэж дүгнэснээс үзэхэд тус аудит үнэн зөв дүгнэлт гаргасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд 3 ширхэг хавтаст хэрэг, нотлох баримт гэж хаягласан 14 ширхэг баримт, 15-23 хүртэл дугаартай гар бичмэл 9 ширхэг дэвтэр зэргээр тухайн дутагдлын эхний үлдэгдэл гэж үзсэн мөнгөн дүнг үнэн зөв эсэхийг тогтоох боломжгүй гэжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт зааснаар баримт бичгийг хөтлөх, бүрдүүлэх үүрэг бүхий этгээд нь  Э.Э- бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр үндэслэл бүхий эргэлзээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд шинжээчээс гаргасан тайлбар, дүгнэлт нь хоорондоо эрс өөр байхад шүүх дахин шинжээч томилох, хохирлыг тогтоох асуудлаар ажиллагаа хийхгүй хэт нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсэн.

Тодруулбал, эд хариуцагч гарын үсэг зураагүй гэсэн бөгөөд эд хариуцагчийг хянах, шалгах үүрэгтэй этгээд хариуцагч нь ажлын хариуцлагагүйн улмаас анхан шатны баримтад гарын үсэг зураагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК- нь хариуцагч Э.Э-ад холбогдуулан түүний хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирол 13 752 718 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсны төлбөр 1 300 000 төгрөг, нийт 15 052 718 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.Э- бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын дэвтэр, дээд сургууль төгссөн дипломын эх хувийг гаргуулах, “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардсан бичиг баримтыг Э.Э-ад бүрэн хүлээлгэн өгснөөр шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нэхэмжлэгч биелүүлснийг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан “Ц” ХХК--ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ажилд авах тухай тушаал /1хх 4/, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Ажлаас халах тухай тушаал /1хх5/, хөдөлмөрийн гэрээ /1хх10/ болон талуудын тайлбараар хариуцагч Э.Э- нь тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдох бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ “хариуцагч Э.Э-ыг нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тухайн байгууллагын мөнгөн хөрөнгийг нууцаар буюу хууль бус далд аргаар авч компанид 13 752 718 төгрөгийн хохирол учруулсан нь мэргэшсэн аудитын байгууллагын дүгнэлт, камерын бичлэг, шүүхээс уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон учир дутагдуулсан хөрөнгийг буцаан гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан /1хх15-37/, уг тайлан дүгнэлтийг гаргахад үндэслэл болгосон “Ц” ХХК--ийн санхүүгийн баримтууд /14 хавтас/, эмийн сан тус бүрийн жор баригч нарын тушаасан бэлэн мөнгөний орлого, зарлагыг бүртгэсэн гэх дэвтэр /9 ширхэг/, тус эмийн санд байршуулсан камерын бичлэг бүхий сиди /CD/ /1хх65/ зэргийг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э-ыг хууль бус аргаар тухайн компанийн мөнгөн хөрөнгийг дутагдуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулсан байх боловч уг ажиллагааны явцад хариуцагч нь өөрийн ажил, албан тушаалын байдлыг ашиглан бусдын эд зүйлийг завшсан буюу нууц далд аргаар авсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 ны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1251 дугаартай тогтоолоор хариуцагч Э. Энхсувдад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх ба нэхэмжлэгч “Ц” ХХК- нь энэхүү тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна. /3хх88/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг удаа дараа тодруулан тайлбарлахдаа дээрх хуульд заасан үндэслэлээр буюу нууц далд буюу хууль бус аргаар гэм хор учруулсантай холбоотой мөнгөн төлбөрийн хохирол гэсэн агуулгаар шаардсан талаар шүүх эрх зүйн дүгнэлтийг зөв хийж хэргийг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан гэж үзэж хохирол шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь нөгөө этгээдийн гэм буруу, хохирол учруулсан нөхцөл байдлыг өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч Э.Э-ыг нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг далд, нууц аргаар авч, улмаар хэдийд, хичнээн төгрөгийн гэм хорын хохирол учруулсныг нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд байх боловч энэ үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ирүүлсэн “Шинэ баланс аудит” ХХК-ийн Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан гэх баримтыг хариуцагч тал эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Тус байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ./3хх102-116/

 

Шинжээчийн дээрх дүгнэлтэд “... “Шинэ баланс аудит” ХХК-ийн гаргасан хохирол гэж тооцсон 13 752 718 төгрөг нь тооцоололын хувьд үнэн зөв байна, харин тооцоог бодит, үнэн зөв үлдэгдлээр хийгээгүй, нотлох баримтаар ирүүлсэн материалуудаар тухайн дутагдлын эхний үлдэгдэл гэж үзсэн мөнгөн дүн үнэн зөв эсэхийг тогтоох боломжгүй, “Ц” ХХК- нь нягтлан бодох бүртгэлээ зөв тайлагнаж гаргадаггүй, компанийн тавих хяналтыг сулруулсан, ажил хүлээлцэхэд тооллого тооцоог чанартай үнэн зөв, бодитоор хийдэггүй зэргээс тухайн дутагдал зөрчил гарахад нөлөөлсөн байна” гэж тодорхойлон дүгнэсэн байна.  

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар ямар нэгэн үйл баримт болсон нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр “Шинэ баланс аудит” ХХК нь санхүүгийн анхан шатны үндэслэлтэй баримтад тулгуурлаж, дутагдсан гэх төлбөр, тооцооллыг эргэлзээгүй байдлаар дүгнээгүй талаарх агуулгыг илэрхийлжээ. Уг дүгнэлтийг “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаар ажлын тайлантай харьцуулан үзвэл хариуцагч Э.Э- нь 13 752 718 төгрөгийг өөртөө хууль бус аргаар авч, нэхэмжлэгч байгууллагад дурдсан хэмжээний гэм хорын хохирол учруулсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн болон дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн “... шүүх дахин шинжээч томилох, хохирлыг тогтоох асуудлаар ажиллагаа хийгээгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э-ыг байгууллагын мөнгөн хөрөнгийг далд, нууц аргаар авсан гэх тайлбараа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 13 минутаас 09 цаг 16 минут 08 секунд хүртэл хугацааны, мөн оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 15 минутаас 09 цаг 21 минут 03 секунд хүртэл хугацааны “Ц” ХХК--ийн эмийн санд байршуулсан камерын бичлэгт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийж, тэмдэглэл үйлджээ./1хх93-94/

 

Үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, хариуцагч Э.Э- нь “...хайрцагнаас мөнгө авч байгаа, хоёр тийш хүн хараад байсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг таамаг гэж үзэхээр байна. Уг тэмдэглэлд тусгагдсанаар “хариуцагч Э.Э- тухайн үед эмийн санд байсан нь тогтоогдсон боловч шургуулганы ойролцоох хэсгээс ямар нэгэн үл харагдах юм аваад халаасандаа хийв” гэснийг “орлогын мөнгө” авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Мөн дээрх хоёр удаагийн камерын бичлэгээр 13 752 718 төгрөгийг хууль бус аргаар авсан, хоёр тийш харж буй хөдөлгөөнийг хүн байгаа эсэхийг шалгасан гэж шууд дүгнэх нь нотлох баримт үнэлэх үндсэн зарчимд үл нийцнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дотоод итгэлээр үнэлэх учиртай.

 

Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “шүүх камерын бичлэгт үзлэг хийх ажиллагааг дутуу хийсэн, уг бичлэгт шинжээч томилж, хэдэн төгрөгний хэдэн ширхэг мөнгөн дэвсгэрт авч байгаа талаар дүгнэлт гаргуулах ажиллагааг огт хийгээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь шинжлээгүй” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх “...хариуцагч Э.Э-ын удаа дараагийн хууль бус, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эмийн сангийн эмийн орлогоос нэхэмжлэлд дурдсан хэмжээний мөнгө дутагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ 13 752 718 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Э-ын гаргасан “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар буюу тухайн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/00299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                              ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                     Т.ТУЯА