Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2019/00299

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр         Дугаар 182/ШШ2019/00299            Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Т.Энхтуяа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э-д холбогдох

 

Нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохиролд 15 052 718 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч Э.Э-ын, нэхэмжлэгчээс А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Соёмбо дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг гаргуулах, “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Цэрмаа, хариуцагч Э.Э, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрмаагаас гаргасан тайлбартаа: Манай “Ц” ХХК нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Э нь хууль бус үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулсан гэж үзэн хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагыг хохирсон гэдгийг 2016 оны 06 дугаар сарын 22, 24-ний өдрийн камерын бичлэг нотолж байгаа. Энэ бичлэгийг шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан. Мөн тухайн үед миний бие өөр нягтлан бодогчоор санхүүгийн баримтуудыг шалгуулсан, 2016 оны 06 дугаар сарын 27-ноос хойш бүтэн 2 сар манай баримт дээр ажилласан. Ингээд Э.Эыг 13 752 000 төгрөгийн дутагдал гаргаж хохироосон гэдгийг тогтоосон. Тухайн үед би Э.Эад энэ хохирлыг яаж гаргасан тухай асуухад эхлээд учрыг нь хэлнэ гэж байгаад сүүлдээ “би мэдэхгүй” гэсэн, иймд бид шүүхэд хандсан юм.

Э.Э нь өөрөө дээрх хугацааны тооцоог хийгээд хэвлэсэн баримтуудаа устгасныг бид олж авч хэрэгт өгсөн. Хариуцагч Э.Эыг хууль бусаар, нууцаар компанийн өмч хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан гэдгийг камерын бичлэг, мэргэжлийн байгууллага “Шинэ баланс аудит” ХХК-ийн хүчин төгөлдөр аудитын дүгнэлт нотолж байна.

Мөн бид хэрэгт өгсөн 9 ширхэг орлогын бүртгэл буюу 14 хоногоор тооцоо хийж байсан тухай гар дэвтрүүдийг өгсөн, тэдгээр нь нотолно. Компанийн зүгээс Э.Эыг эд хариуцагч Алтанцэцэгийн оронд жор баригчаар ажиллах тухай зөвшөөрөөгүй, албан ёсоор тушаал ч гаргаагүй. Намайг зөвшөөрч байсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Камерын бичлэгээр Э.Э эмийн орлогын мөнгөнөөс нууцаар хууль бусаар авч байгаа нь маш тодорхой харагддаг. Ийм байдлаар олон удаа мөнгө авч ашиглаж байгууллагыг хохироосон гэж үзэж байна. Хэрэв мөнгө аваагүй, билль авч байсан юм бол яагаад ил байж болохгүй, нууцлаад байгаа юм бэ гэж бодож байна. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн хариуг өгсөн. Түүнээс хойш дахин цагдаад хандаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Э.Эын авч ашиглаж дутагдуулсан 13 752 000 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 1 300 000 төгрөг, бүгд 15 052 718 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие “Ц” ХХК-д 2015 оны 02 дугаар сараас эхлэн  нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Тус компанийн караоке, эмийн сангийн тооцоог хариуцдаг байсан. Компанийн удирдлагын даалгавраар заримдаа жор баригчаар ажиллаж байсан. Ихэвчлэн жор баригч Алтанцэцэг ажилдаа ирээгүй үед нь хийж байсан. Намайг эмийн сангийн мөнгө халаасандаа удаа дараа авч хийсэн, тооцооны дутагдал гаргасан гэж байгаад гомдолтой байна. Камерын бичлэг дээр гарсан миний авч байгаа зүйл нь мөнгө биш тооцооны баримт,  билль юм. Мөнгөний хайрцагт байсан караокены тооцооны баримт, билль эм зэрэг өөр бусад зүйлүүд зөндөө байдаг. Энэ тооцооны баримтыг өдөр тутам авч тооцоо хийдэг. Надаас гадна мөн 2 нягтлан бодогч ажиллаж байсан.

“Шинэ баланс аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Энэ дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн үлдэгдлийн дүнгүүд нь санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангаагүй гэж шинжээчийн дүгнэлтээр гаргасан байдаг. Би тооцоогоо хийж  тухай бүрт нь эд хариуцагч болох жор баригч, захиралдаа танилцуулдаг байсан. Тухайн үед тооцооны дутагдал гарсан үед эд хариуцагч нар нь төлж байгууллагыг ямар ч хохиролгүй болгодог байсан бөгөөд Э.Э би тоолого хийх бүртээ тооллогын бүртгэлийг тухай бүрт нь эд хариуцагч нарт нь өгч эм, барааны нэр, төрөл, үнэ, тоо ширхэг гарч байгаа тооцоо үнэн зөв эсэхийг хянуулсны үндсэн дээр үнэн зөв тооцоо гаргадаг байсан. Иймд нэхмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч  Э.Эаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь  миний  А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Соёмбо” дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг надад хүлээлгэн өгсөн.

“Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн №5/17 дугаартай гүйцэтгэсэн ажлын гэрээт тайлан буюу аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ  аудитын дүгнэлт нь санхүүгийн анхан шатны хүчин төгөлдөр баримтад үндэслээгүй, тоонууд нь зохиомол, үндэслэлгүй болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 1251 дугаартай тогтоолоор нотлогдсон. “Шинэ баланс аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр “Ц” ХХК-ийн эмийн сангийн борлуултын орлогыг 343 862 585 төгрөг гэж тодорхойлсон байхад дээрх хугацааны “Ц” ХХК-ийн НӨАТ-ын тайлангаар 108 167 623 төгрөг гэж татварын байгууллагад тайлагнасан байдаг.  Борлуулалтын орлогын дүн 235 694 962 төгрөгөөр зөрүүтэй байгаа нь уг дүгнэлт үнэн зөв байх үндэслэлгүйг харуулж байгаа юм. Тус “Ц” ХХК-нд эмийн барааг хариуцаж байсан буюу эмийн барааг хүлээн авч, худалдан борлуулж, борлуулалтын орлого болох бэлэн мөнгөтэй харьцаж байсан Алтанцэцэг, Уянга, Төртогтох, Мажигсүрэн, ээлжээр ажилладаг оюутнууд бэлэн мөнгийг хүлээн авч, захиралд хүлээлгэн өгдөг, эдгээр ажиллагаанд ня-бо Цэцэгдарь хяналт тавьдаг. Гэтэл зөвхөн Э.Эын тооцооны дутагдал гэж  аудитын  дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд Э.Эын эрхийг зөрчсөн “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн №5/17 дугаартай гүйцэтгэсэн ажлын гэрээт тайлан буюу аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрмаагаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд шаардсан диплом, нийгмийн  даатгалын дэвтэр зэрэг баримт бичгийг сайн дураараа бид эргүүлэн өгсөн. Аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах гэсэн нь үндэслэлгүй. Аудитын дүгнэлт гаргахад шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтыг хүчин төгөлдөр байлгах нь нягтлан бодогчийн үүрэг бөгөөд энэ нь Э.Эын ажил үүргийн хуваарьт байдаг. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Э.Эад холбогдуулан тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ дутагдуулсан 13 752 718 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсны төлбөр 1 300 000 төгрөг, нийт 15 052 718 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль бус үйлдлээр учруулсан хохиролд 15 052 718 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулан өөрчилжээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Э.Э үл зөвшөөрөн “Шилэн баланс аудит” ХХК-ийн аудитын шаардлага хангаагүй санхүүгийн баримтуудыг үндэслэн 13 752 718 төгрөгийн тооцооны дутагдал гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь нотлогдсон, намайг хууль бусаар мөнгө авч ашигласан, мөнгөний хайрцагнаас мөнгө авч ашиглан хохироосон гэж байгаад би гомдолтой байна, 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд эд хариуцагч, жор баригч  н.Алтанцэцэгийг ажилдаа  ирээгүй үед түүний ажил үүргийг гүйцэтгэхийг захирал даалгасны  дагуу жор баригчаар ажиллаж байсан, би тооцоо хийхдээ тухай бүрт нь эд хариуцагч болох жор баригч, захиралдаа танилцуулдаг би тоолого хийх бүртээ тооллогын бүртгэлийг тухай бүрт нь эд хариуцагч нарт нь өгч эм, барааны нэр, төрөл, үнэ, тоо ширхэг гарч байгаа тооцоо үнэн зөв эсэхийг хянуулсны үндсэн дээр үнэн зөв тооцоо гаргадаг байсан гэж   тайлбарлан маргаж, улмаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас өөрийн А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Соёмбо дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг гаргуулах, “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Э.Эад А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Соёмбо” дээд сургууль төгссөн дээд боловсролын диплом зэргийг буцаан өгч, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлж, харин  мэргэжлийн байгууллага болох “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг  тус тус хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг нэхэмжэлэгч биелүүлснийг батлан  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           

Үндсэн нэхэмжлэлийн талаар.

                

                 1.Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч “Ц” ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан нь “Ц” ХХК-ийн захирлын Э.Эыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид  маргахгүй байна. 

                

                 2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нябогоор ажиллаж байсан Э.Э нь зөвшөөрөлгүйгээр жор баригчаар 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллахдаа хууль бусаар, нууцаар эмийн сангийн орлогоос 13 752 718 төгрөгийг авч ашиглан байгууллагыг хохироосон гэж тодорхойлон “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлт, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 13 минутаас 09 цаг 16 минут 08 секунд хүртлэх хугацааны,  24-ний өдрийн 09 цаг 15 минутаас 09 цаг 21 миунт  03 секунд хүртлэх хугацааны “Ц” эмийн сангийн камерын бичлэг, түүнд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, тус компанийн санхүүгийн баримтууд /14 хавтас/, тухайн хугацаанд бүртгэсэн гэх 15-23 гэсэн дугаартай гар бичмэл 9 ширхэг дэвтэр зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцсэн.

                

                 3.Хэрэгт авагдсан “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 тоот “Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан” гэх дүгнэлтээр 2015 оны 06 дугаар сарын 29-нөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл “Ц” ХХК-иас ирүүлсэн баримт материалын хүрээнд тус компанийн  “Дээр”, “Доор”, “Бөөн” гэсэн эмийн сангуудын борлуулалт болон борлуулалтын орлого, зарлагын гүйлгээний явцад нийт 13 752 718 төгрөгийн тооцооны дутагдлыг нягтлан бодогч Э.Э гаргасан гэж дүгнэжээ.

              Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот дүгнэлтэд “...“Шинэ баланс аудит” ХХК-ийн...тооцоог хийхдээ “Дээр эмийн санд эхний үлдэгдэл болгож авсан 47 028 502 төгрөгийн эм, бараа материалыг, “Доор “ эмийн сангийн эхний үлдэгдэл 16 990 855 төгрөгийн, “Бөөн” эмийн сангийн эхний үлдэгдэл болгож авсан 21 357 288 төгрөгийн үлдэгдэл тоолуулсан эд хариуцагч болон тооллого хийсэн комиссын гарын үсэг зурсан тооллогын бүртгэл байхгүй, эд хариуцагч, жор баригч нарын гарын үсэг зурж үлдэгдэл баталгаажуулсан эм, бараа материалын тайлан байхгүй байгаа нь тооцоог бодит үнэн зөв үлдэгдлээр хийгээгүй байна. Учир нь “Шинэ баланс аудит” ХХК-ийн гаргасан хохирол гэж тооцсон 13 752 718 төгрөг нь тооцооллын хувьд үнэн зөв байна. Харин хэрэг 3 ширхэг хавтаст хэрэг, нотлох баримт гэж хаягласан а4 үдээстэй 14 ширхэг баримт, нотлох баримт гэж хаягласан 15-23 хүртэл дугаартай гар бичмэл 9 ширхэг дэвтэр зэрэг материалуудаар тухайн дутагдлын эхний үлдэгдэл гэж үзсэн мөнгөн дүнг үнэн зөв эсэхийг ... тогтоох боломжгүй байна. “... анхан шатны нотлох баримтгүй гүйлгээнүүдийг “Шинэ баланс аудит” ХХК нь ... дүгнэлтдээ санхүүгийн зөрчлөөр тусгаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1.-д эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц байх гэсэн заалтыг зөрчиж...дүгнэлт гаргасан байна. Байгууллагын хөрөнгө мөнгөний бүртгэл тооцоо нь зохих хугацаандаа тогтоогдсон журмын дагуу явагдаж байгаагүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.3.-т...заасныг хэрэгжүүлж ажиллаагүй мөн “Ц” ХХК нь нягтлан бодох бүртгэлээ үнэн зөв тайлагнаж гаргадаггүй, компанийн тавих хяналтыг сулруулсан, ажил хүлээлцэхэд тооллого тооцоог чанартай, үнэн зөв бодит хийдэггүй зэргээс тухайн дутагдал, зөрчил гаргахад нөлөөлсөн байна...” гэжээ. /3-р хх-ийн 113-114/

              Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл болсон “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 тоот “Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан”-гаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3., 13 дугаар зүйлийн 13.5., 13.6., 13.7.-д заасан шаардлага хангаагүй буюу холбогдох эд хариуцагч, тооллого хийсэн комиссын гарын үсэг зурсан бүртгэлгүй, эд хариуцагч, жор баригч гарын үсэг зурж баталгаажуулаагүй санхүүгийн анхан шатны баримтуудаар эхний үлдэгдлийг тооцон эмийн сангийн борлуулалтын орлого зарлагын тооцоог гарган хариуцагч Э.Эыг 13 752 718 төгрөгийн тооцооны дутагдал гаргасан гэж үзсэнийг бодит байдалд нийцсэн, эргэзээгүй үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

              Энэ талаар дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 11 дүгээр сарын 26-ны хүртлэх хугацааны эд хариуцагч н.Алтанцэцэгийн тайланг завсварласан гэх баримтууд /1-р хх-ийн 52-58/ нь нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй юм.

              Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаар, дахин шинжээч томилуулах талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй болно.

             

              4.Хариуцагч Э.Э нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд эд хариуцагч, жор баригч н.Алтанцэцэгийг ажилдаа  ирээгүй үед түүний ажил үүргийг гүйцэтгэхийг захирал даалгасны дагуу жор баригчаар ажиллаж байсан гэж, нэхэмжлэгч тал нь Э.Эыг эд хариуцагч н.Алтанцэцэгийн байхгүй үед жор баригчаар ажиллахыг  зөвшөөрөөгүй гэж тус тус тайлбарласан бөгөөд хэрэгт Э.Эыг эмийн сангийн жор баригчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр ажил олгогчийн шийдвэр авагдаагүй байна.

              Үүнээс үзэхэд нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байсан Э.Э нэхэмжлэгч байгууллагын  эмийн сангийн эд хариуцагч, жор баригчийн ажил үүргийг ажил олгогчийн шийдвэргүйгээр, зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдсон байна.

               Хэрэгт авагдсан  2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 13 минутаас 09 цаг 16 минут 08 секунд хүртлэх хугацааны,  24-ний өдрийн 09 цаг 15 минутаас 09 цаг 21 миунт  03 секунд хүртлэх хугацааны “Ц” эмийн сангийн камерын бичлэг бүхий си ди, түүнд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд хариуцагч Э.Э ямар нэг зүйлийг ширээний шүүгээнээс авч, өмсөж байсан хувцасны  халаасанд хийж буй байдал бичигдсэн байх боловч энэ нь түүнийг зөвшөөрөлгүйгээр эд хариуцагч, жор баригчаар ажиллахдаа, эмийн сангийн орлогоос хууль бусаар 13 752 718 төгрөгийг авч ашиглан байгуулагад хохирол учруулсан гэх үйл баримтыг хангалттай нотлохгүй юм.

              Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Эын удаа дараагийн хууль бус, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эмийн сангийн эмийн орлогоос дээрх хэмжээний мөнгө дутагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч байгууллагад 13 752 718 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй гэж үзэхээр байна.

 

              5. Иймд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн хууль бусаар, нууцаар эмийн сангийн орлогоос 13 752 718 төгрөгийг авч ашиглан хохирол учруулсан гэх хариуцагчид холбогдох нэхэмжлэл, үүнтэй холбоотойгоор “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 тоот нэхэмжлэхийн дагуу  аудитын дүгнэлтийг гаргуулахад зарцуулсан гэх 1 300 000 төгрөг, нийт 15 052 718 төгрөгийг хариуцагч Э.Э хариуцах  хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

             

              1.Хариуцагч нь “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 тоот аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж, үндэслэлээ шаардлага хангаагүй санхүүгийн баримтуудаар 13 752 718 төгрөгийн тооцооны дутагдал гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь нотлогдсон гэж тодорхойлжээ.

              “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 тоот “Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан”-д “ Бид “Ц” ХХК-ийн хүсэлтийн дагуу ...эмийн орлого, зарлагын гүйлгээг тус компанийн нягтлан бодогч Э.Э үнэн зөв, бүрэн гүйцэт хийсэн эсэхэд аудит хийж...тохиролцсон горимын дагуу аудитыг гүйцэтгэлээ...Бидний үүрэг хариуцлага бол тохиролцсон горимуудыг гүйцэтгэх гэрээт ажилд тавигдах холбогдох үйлчилгээний олон улсын стандартын дагуу нягтлан бодогч Э.Эад хамааралтай тооцооны дутагдлыг  нягтлан шалгаж, илрүүлсэн бодит зүйлсийг үйлчлүүлэгчид тайлагнах явдал юм” гэж заасан байна.

              Дээрхээс үзэхэд, хэдийгээр хэрэгт Аудитын тухай хуулийн 13.1.-д заасны дагуу  нэхэмжлэгч “Ц” ХХК болон аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болох “Шинэ баланс аудит” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ авагдаагүй ч  нэхэмжлэгчийн хүсэлтээр “Шинэ баланс аудит” ХХК нь аудитын дүгнэлт гаргасан үйл баримт тогтоогдсон.

              Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т заасны дагуу аудитын дүгнэлтийг эс зөвшөөрөн гомдол гаргах эрх нь үйлчлүүлэгч буюу “Ц” ХХК-д байх бөгөөд харин “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 тоот дүгнэлтийн талаар гомдол, шаардлага эрх хариуцагч Э.Эад байхгүй байна.

              Иймд хариуцагч Э.Эын  нэхэмжлэгч “Ц” ХХК-д холбогдуулан “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үнэдслэлгүй юм.

             

              2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Э.Эын хувийн баримтууд болох Э.Эын А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Соёмбо” дээд сургууль төгссөн дээд боловсролын диплом зэргийг хариуцагч Э.Эад хүлээлгэн өгч түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг биелүүлсэн байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

              Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдахын дээр хаиуцагч Э.Э нь 2015 оны 06 дугаар сарын 29-нөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгөд хууль бусаар буюу эмийн орлогын мөнгөнөөс нууцаар авч ашигласны улмаас хохирол учруулсан гэх үндэслэл баримтаар хангалттай нотлогдоогүй тул нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь,

              хариуцагчийн Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т заасны дагуу аудитын дүгнэлтийн талаар гомдол гаргах эрх аудитын үйлчилгээг хүлээн авсан үйлчлүүлэгчид  хадгалагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э.Эын А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Соёмбо” дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлснийг батлах холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

                 Хэрэгт авагдсан шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдэгдлийг үндэслэн шинжээчийн ажлын хөлс 800  000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгэр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу нэхэмжлэгч “Ц” ХХК-иас гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй.

 

                 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 214 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 73 дугаар зүйлийн 73.2., 116., 118. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн хариуцагч Э.Э-аас 15 052 718 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Эын, нэхэмжлэгч “Ц” ХХК-нд холбогдуулан гаргасан “Шинэ баланс аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 тоот аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч  Э.Э-ын А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Соёмбо” дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломыг тус тус хариуцагчид хүлээлгэн өгч  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 214 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.Э-ад олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд 800 000 төгрөгийг  нэхэмжлэгч “Ц” ХХК-иас гаргуулж шинжээч  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.БАЙГАЛМАА

 

 ШҮҮГЧИД                               Т.ЭНХТУЯА

                                         

                                             Т.НАРАНЦОГТ