Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0793/З |
Дугаар | 221/MA2017/0256 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/MA2017/0256
Ч.Даваажавын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ч.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Даваажавын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Ч.Даваажавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Ч.Даваажавд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Даваажавыг 2016 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “аудио бичлэгийг шүүх хуралдаан дээр сонсож судлахад нэхэмжлэгч Ч.Даваажавын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг бичлэг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны хурал дээр Ч.Даваажавын хурлын дундуур өгсөн эх хувиар биш канондсан хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг уншиж, канондсан хуулбар байна гэж хэлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооноос өгсөн баримт дунд Ч.Даваажавын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх баримт байхгүй байхад шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлжээ. Мөн шүүхээс хуульд заасан хугацаанд ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, баримт дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Даваажавыг бүртгэхээс татгалзсан дүүргийн сонгуулийн хорооны 3 дугаар тогтоол нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг зөрчсөн тул тогтоол гаргаж бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй юм. Хэрвээ нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан баримтаа зохих журмаар нь материал хүлээн авахад өгсөн бол Сонгуулийн хорооноос бүртгэхэд татгалзах зүйлгүй байсан, шүүхээс Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж... өгнө үү ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Даваажав нь “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын Ч.Даваажавд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2016 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгсөн, уг хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг хуулийн хугацаанд сонгуулийн хороонд хүргүүлсэн атал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Ч.Даваажав нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг ирүүлээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан шаардлагыг хангасан байх ба нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д зааснаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг сонгуулийн хороонд хүргүүлэхээр зохицуулжээ.
Нэхэмжлэгч Ч.Даваажав нь “Бага хандгайт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15.30 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон талаар шүүх зөв дүгнэлт хийсэн төдийгүй Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар хуралдааны аудио бичлэгээр Ч.Даваажав нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь тогтоогдсон байна.
Тодруулбал, дээрх 03 дугаар хуралдааны тэмдэглэлд М.Амартунгалагаас “Ч.Даваажавын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байхгүй байна” /х.х-113/ гэж, “Даваажав нар хүсэлтээ хэзээ өгснийг цахим бүртгэлээс шалгаж үзэхэд 4 дүгээр сарын 5, 6-нд өгсөн байна, Даваажав 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/28 дугаартай бүртгүүлсэн бөгөөд энэ дугаарууд давхардсан байна” гэж, Б.Ганбаатараас “Даваажав нарын хувьд хугацаандаа хүсэлтээ өгсөн” /х.х-120/ гэж тус тус тэмдэглэгдсэн, хуралдааны аудио бичлэгт М.Амартунгалаг нь Ч.Даваажавын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан нь хадгалагдаж үлдсэн, гэрч Ц.Алтансувд, Б.Ганбаатар нар тухайн өдөр Ч.Даваажавын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байсан талаар мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийвэл нэхэмжлэгч нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь нотлогдож байгаа болно.
Түүнчлэн, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэж заасныг хуулиар тухайлан шаардсан баримт бичиг бүрэн эсэхийг шалгах чиг үүргийг хариуцагчид олгосон зохицуулалт гэж ойлгох бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж баримт бичгийг хүлээн авахдаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь зөвшөөрч тэмдэглэгээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дүүргийн Сонгуулийн хорооны тэмдэг бүхий баримтуудаар /х.х-34, х.х-63/ тогтоогдож байх тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Ч.Даваажавд холбогдох хэсэг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН