Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 126/2017/0003/з |
Дугаар | 54 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 54
“Ц” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжийн Ж.Мандширд Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дээрх газрыг Б.Энхбатад шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах”
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0811 дүгээр магадлал,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Цахиур ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжийн Ж.Мандширт Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 мкв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх газрыг Б.Энхбатад шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0811 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол: ... Иргэн Т.Намбардагваас 2002.10.03-ны өдөр Хөвсгөл аймаг дахь ҮХЭХБГ-т гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлгийг үндэслэн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад орших газар дээр барьсан 119 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, 0009788 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.
4. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргахад хавсаргах бичиг баримтад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гэж заагаагүй байсан. “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуульд нэмэлт оруулах тухай 2002.06.07-ны өдрийн хуулиар тус хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ” гэж нэмэлт оруулж, Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2003.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Гэтэл анхан шатны шүүхээс газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хяналгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэргийн 1-р хавтасны 55, 56 дугаар хуудсанд авагдсан “Түүхий эдийн зах хүлээлцүүлэх тэмдэглэл” болон иргэн Д.Мөнхжаргалаас Мөрөн сумын Засаг дарга Б.Халтарт гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг үндэслэн “Баянбулаг” ХХК нь уг газрыг гэрээгээр ашиглаж байсан гэж дүгнэлт хийсэн байх ба ийнхүү гэрээгээр ашиглуулахдаа Газрын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ тухай баримт авагдаагүй. Харин дээрх газрыг 2011.01.03-нд 0179377 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр Хот тохижилт, үйлчилгээний компанид Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж байсан (1-р хавтас, х-131) байдаг.
6. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан.
7. “Монгол хэлний товч тайлбар толь” (БНМАУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 1966 он)-д “бүхий” гэдэг үгийг “байгаа” утгыг илэрхийлнэ. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн цахим хуудаст “бүхий” гэдэг үгийн утгыг “... ус бухий (устай), чулуу бүхий (чулуүтай), дуу цахилгаан бүхий (дуу цахилгаантай), зэвсэг бүхий (зэвсэгтэй), эрх бүхий (эрхтэй)...” гэх зэргээр жишээ оруулж тайлбарласан байдаг тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгийн “... инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад...” гэж заасан гипотез инженерийн шугам сүлжээтэй буюу шугам сүлжээнд холбогдох, техникийн нөхцөл олгох боломжтой газарт хамаарна.
8. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүдэд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд орох бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж заасан.
9. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, хангагч байгууллагаас инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл олгох боломжтой газруудыг л дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлж болохоос харин техникийн нөхцөл олгох боломжгүй газрыг ерөнхий төлөвлөгөөнд орсон гэх үндэслэлээр дуудлага худалдаанд оруулж, бусдад эзэмшүүлсэн нь холбогдох хуулийн шаардлагад нийцэхгүй юм.
10. Нөгөөтэйгүүр, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011.09.29-ний өдрийн А/314 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж (1-р хавтас, х-7)-ийн үндэслэлд “...Мөрөн сумын 2011 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу...” гэж бичигдсэн байхад Мөрөн сумын Засаг даргаас Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн 2011.07.21-ний өдрийн 1/1344 дугаартай албан тоотын “Шинээр эзэмшүүлэх газрын цуваа” гэх хавсралт (1-р хавтас, х-130)-д “Газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй ХТҮК-ний газар эзэмших эрхийг цуцалж дуудлага худалдаанд оруулах” гэж бичсэн. Гэтэл дээрх газрыг 2011.01.03-нд 0179377 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр Хот тохижилт, үйлчилгээний компанид Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн (1-р хавтас, х-131) байхад ХТҮК-ийг ийнхүү газрын төлбөрөө төлөхгүй гэдгийг урьдчилж мэдэж 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрыг нь дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн нь эргэлзээтэй, бодит байдалд нийцэхгүй. 2011 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгт авагдаагүй.
11. Мөн анхан шатны шүүхийн 2017.04.19-ний өдрийн 2/70 тоот албан бичгийн дагуу дээрх маргаж буй газрын хувийн хэрэгт авагдсан 38 хуудас (бүх баримтууд) баримтыг Хөвсгөл аймгийн ГХБХБГ-аас тус шүүхэд хүргүүлсэн (1-хавтас, х-125,126) байх ч ХТҮК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр буюу захирамж дээрх газрын хувийн хэрэгт байдаггүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна” гэж зааснаас үзэхэд дээрх газрын хувийн хэрэгт ХТҮК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж байх ёстой.
12. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011.07.21-ний өдрийн А/250 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай” захирамж Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн. Дээрх газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гаргасан тухайн цаг үед энэ газарт техникийн нөхцөл олгох боломжгүй буюу инженерийн шугам сүлжээ байгаагүй. Харин бүр сүүлд буюу 2014 оноос хойш шугам сүлжээ тавигдаж, техникийн нөхцөл олгох боломжтой болсон болох нь 2017.09.01-ний өдөр “Ц” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон болно. Үзлэг хийхэд оролцсон Хөвсгөл Ус суваг ХХК-ийн ерөнхий инженер Д.Сүхээ “2011 онд бол техникийн нөхцөл олгох боломжгүй байсан. 2014 оноос хойш шугам сүлжээ тавигдсан учир техникийн нөхцөл олгох боломжтой” гэж тодорхой хариулдаг.
13. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу дуудлага худалдаа явагдаагүй. Тодруулбал:
14. Журмын 7-д “дуудлага худалдааны зар мэдээг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж заасан байтал “Зууны мэдээ” сонины 2011.07.27-ны өдрийн дугаарт дуудлага худалдааны зар мэдээг мэдээлэхдээ дуудлага худалдааны товлосон өдрийг 2011.08.25-ны өдрөөр тогтоосон нь 26 хоног болж байна.
15. Журмын 8.5-д “дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа”, 8.6-д “дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам”-ыг заавал тусгана гэж заасан байхад зар мэдээнд огт тусгаагүй.
16. Журмын 10.2-т “газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем 10.5-д техникийн нөхцлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт” зэргийг тусгахаар заасан байхад зар мэдээнд тусгагдаагүй.
17. Маргаж буй газрыг 2011.01.03-нд 0179377 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр Хот тохижилт, үйлчилгээний компанид эзэмшүүлэхэд нэгж талбарын дугаар нь 2107088хх (арын хоёр орон мэдэгдэхгүй) байсан (1-р хавтас, х-131) бол дуудлага худалдааны журмаар дээрх газрыг иргэн Ж.Мандширт эзэмшүүлэхэд олгосон гэрчилгээн дээр газрын нэгж талбарын дугаар 210706926 болж (1-р хавтас, х-90) өөрчлөгдсөн.
18. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн 92 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч Х.Идэрийн гаргасан шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4-18.1.6,18.1.8, 18.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцээгүй байхад хэргийн оролцогчдоос шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй гэж, илт хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн.
19. Иргэн Б.Энхбатаас 2016.09.19-ний өдөр “Б.Энхбат би худалдан авсан газар дээрээ барилга байгууламж барих болсон учир “Ц” ХХК нь хөрөнгө болох байшингаа авч газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. “Байшингаа авч газар чөлөөл” гэх түүний энэ шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болох “Ц” ХХК-ийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд халдаж буй хэрэг юм.
20. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011.09.29-ний өдрийн А/314 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, мөн 2014.04.01-ны өдрийн А/120 дугаартай “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын Б.Энхбатад газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгүүд нь ийнхүү өмчлөгчийн эрхэнд халдах үндэслэл, шалтгаан болж байх тул шүүх хууль бус захиргааы актын хууль зүйн үндэслэлийг хянах учиртай.
21. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэж буй захиргааны шийдвэр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшилж байгаа. Өмчлөгчийн эрх зөрчигдөж болзошгүй бодитой нөхцөл, шалтгаан нь дээр дурдсан захиргааны актаар эрх олгосон гуравдагч этгээдээс тавьж буй шаардлага, түүний үйлдлээр хэрэгжих боломжтой.
22. ЗХШХШТХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх тул хэргийг судлан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0811 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
23. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
24. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар “Мөрөн сумын 5 дугаар баг, Түүхий эдийн зах” гэх байршилд 7314.5 м.кв газрыг “... газар эзэмшүүлэх дуудлага худалдааны ялагч” Ж.Мандширт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар уг газрыг Б.Энхбатад шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...”Ц” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газарт дуудлага худалдаа зарлан, иргэн Мандширт эзэмшүүлсэн нь хууль бус, ... өмчлөгчийн эрхэнд халдсан” гэж, хариуцагчаас “...газар эзэмших эрхгүй этгээд нар түрээсийн гэрээгээр газар эзэмшиж байхдаа газар дээр үл хөдлөх хөрөнгө барьсан, ... уг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус, ... газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаанд ялагч болсон иргэн Ж.Мандширт газар эзэмшүүлсэн, ... улмаар иргэн Ж.Мандшир нь газар эзэмших эрхээ иргэн Б.Энхбатад шилжүүлэх хүсэлт гаргаснаар газар эзэмших эрхийг Б.Энхбатад шилжүүлсэн ... /захирамжууд/ нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
25. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “Ц” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Баянбулаг” захад байрладаг үйлчилгээний зориулалттай, 119 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Сум дундын 27 дугаар шүүх (тухайн үеийн нэрээр)-ийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 027/шш2014/0289 дүгээр захирамжийн дагуу, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр актаар шилжүүлэн авч, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын маргаан бүхий 2011 оны А/314 дүгээр захирамж гарах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй, хамааралгүй байсан “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол уг захирамжийн улмаас хөндөгдсөн гэж үзэхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
26. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн Засаг дарга 2011 онд “... Мөрөн сумын 5 дугаар баг, Түүхий эдийн зах” гэх байршилд 7314.5 м.кв газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор шийдвэрлэсэн, дуудлага худалдаа зохион байгуулсан, уг дуудлага худалдаанд оролцож ялагч болсон иргэн Ж.Мандширт 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон нь 2014 онд маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… /газар эзэмшүүлэхдээ/ сумын Засаг даргын саналыг аваагүй, ... техникийн нөхцөл олгох боломжгүй газрыг ерөнхий төлөвлөгөөнд орсон гэх үндэслэлээр дуудлага худалдаанд оруулж, бусдад эзэмшүүлсэн нь холбогдох хуулийн шаардлагад нийцэхгүй, ... 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгт авагдаагүй, ... /дуудлага худалдаа явуулахдаа/ Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн, ... иргэн Ж.Мандширт эзэмшүүлэхэд олгосон гэрчилгээн дээр газрын нэгж талбарын дугаар ... өөрчлөгдсөн” гэх зэрэг үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт … хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан, тухайн тохиолдолд, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
27. Түүнчлэн, анх иргэн Т.Намбардагвын 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа баталгаажуулах”-аар гаргасан мэдүүлгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Баянбулаг” захад байрладаг үйлчилгээний зориулалттай, 119 м.кв талбайтай байшинг иргэн Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нарын өмчлөлд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн, уг бүртгэл хийгдэх үед дээрх нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгогдоогүй байсан, түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан газар дээрээ уг байшинг барьсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй, 2002 оноос хойш, маргаан бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамж гарах хүртэлх хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас барилгын доорхи газрыг эзэмших талаар аймгийн Засаг даргад хандаж, аливаа өргөдөл, хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад “үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг бусдад эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэж захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй, бусдын эзэмшил газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой аливаа “эрхийн зөрчил” нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болно.
28. Хэргийн оролцогчид “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Баянбулаг” захад байрладаг үйлчилгээний зориулалттай, 119 м.кв талбайтай байшинг иргэн Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нарын өмчлөлд, 2002 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн, ... /эдгээр иргэд/ Баянбулаг захын хашаанд газар түрээсээр ашиглаж байсан эсэх” асуудлаар маргаагүй, уг үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 119 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг /2002 онд/ улсын бүртгэлд бүртгэж, 0009788 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь ... тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль зөрчөөгүй”, “...гэрээгээр ашиглуулахдаа Газрын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй” гэх зэрэг хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг мөн хүлээж авах боломжгүй байна.
29. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... /хуульд заасан тохиолдолд/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”-ээр, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “.../газар эзэмшигч/ эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх /эрхтэй/”, 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болно”, 38 дугаар зүйлийн 38.4-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж тус тус заасан, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар “Мөрөн сумын 5 дугаар баг, Түүхий эдийн зах” гэх байршилд 7314.5 м.кв газрыг “... газар эзэмшүүлэх дуудлага худалдааны ялагч” Ж.Мандширт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар уг газрыг Б.Энхбатад шилжүүлэн эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтууд болон нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болно.
30. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахьЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0811 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК–иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА