Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

П.Нямжавт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч, ерөнхий шүүгч               Д.Буянжаргал

                             Шүүгчид                                            Б.Эрдэнэхишиг                                 

                                                                                       Г.Давааренчин

                               

                              Оролцогчид

                             Прокурор                                          Д.Шинэбал /цахим/

                               Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Ч.Мөнгөнцэцэг /цахим/

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал дахь сум дундын шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зоот овогт Пунсалдуламын Нямжавт холбогдох эрүүгийн 2032000000116 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн   илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Дэнжийн гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Зоот овогт Пунсалдуламын Нямжав /РД:МР78073012/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Нямжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Хараагийн 1-11 тоотод иргэн Б.Ганбаатарыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх П.Нямжавт холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05  дугаартай шүүхийн тогтоолоор:

“1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Нямжавт холбогдох 2032000000116 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурор очтол П.Нямжавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийг буцаасан тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. Хэрэгг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Нямжав нь амь хохирогч Б.Ганбаатарыг зодож амь насыг нь хохироосон нь тогтоогдож байх ба түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь тухайн яллагдагч нь өөрийнхөө үйлдэж байгаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу хор уршигийн талаар амь хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа амь хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, амь хохирогчийг зодох явцдаа түүнийг уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр үхэлд хүргэсэн байх нөхцөл байдал бий болоогүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч нь дээрх үйлдэлдээ хандсан сэтгэхүйг харьцаа, хохирогч Б.Ганбаатарыг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх гэсэн санаа зорилго агуулаагүй, дээрх үйлдлийн улмаас хохирогчийн амь насаа алдах эрсдлийг урьдчилан тооцоогүй, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж түүнийг үхэлд хүргээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Учир нь яллагдагч П.Нямжав нь амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан хэдий ч тухайн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэсэн гэх санаа зорилго агуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн амь хохирогч Б.Ганбаатарт олон тоонын шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон гэмтлийн улмаас амь хохирогчийг зовж зүдрэхээр байдал бий болгоогүй, яллагдагч П.Нямжав нь өөрийн сонгосон хүнийг алах аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Корона вирус ковид 19 цар тахлын хөл хорионы улмаас 2021.04.06 өдрийн 1000 цагт товлогдсон давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул өөрийн болон гэр бүлийнхээ байр суурийг бичгээр гаргаж байна. Нөхцөл байдлыг ойлгож бидний хүсэлтийг хүлээн авч шударга шийдвэр гаргана гэдэгт шүүх байгууллагаас хүсэж итгэж байна. Миний дүү Ганбаатар бусдын гарт онц хэрцгийгээр зодуулж амь насаа алдсанд туйлын их гомдолтой байгаа тул анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа 10.1-1 зүйл заалтыг өөрчилж бүрэлдэхүүнийг хүндрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хавтаст хэрэгт амь хохирогч Б.Ганбаатарын цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр олон тооны гэмтэл учирсан байдгийг үгүйсгэхгүй. Зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хохирогчид гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон гэж хүндрүүлэхээр буцааж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь зүйлчлэлд тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас П.Нямжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд П.Нямжавт холбогдох 2032000000116 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцтал түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын давж заалдсан эсэргүүцлийн дагуу П.Нямжавт холбогдох эрүүгийн 2032000000116 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Яллагдагч П.Нямжав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө  Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 1-11 тоотод иргэн Б.Ганбаатарыг зодож алсан хэрэгт холбогдуулан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлсэн байх ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг  яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг  хангалттай нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцлийнхээ үндэслэлийг яллагдагч П.Нямжав нь амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан хэдий ч тухайн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэсэн гэх санаа зорилго агуулаагүй, амь хохирогч Б.Ганбаатарт олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон гэмтлийн улмаас амь хохирогчийг зовж зүдрэхээр байдал бий болгоогүй, яллагдагч П.Нямжав нь өөрийн сонгосон хүнийг алах аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан гэрч Т.Наранцэцэгийн “...өглөө үнээгээ саачихаад дүү Энхтөвшингийн гэр лүү ортол Энхтөвшингийн орны толгой, тольтой шүүгээ хоёрын голд талийгаач хана налсан, хагас суугаа байдалтай, нүүр ам нь тэр чигтээ хавдсан, битүү цус болчихсон хүн аймар царайтай байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Түмэндэмбэрэлийн “... Наранцэцэг гэх хүний дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгчийн хамт очиход... Энхтөвшин гэх айлын гэрт бусдад зодуулсан байдалтай нүүр ам нь цус болоод хавдчихсан, орны толгой болон тольтой шүүгээний хооронд эрэгтэй хүн хэвтэж байсан. Би түүнд та босоод ир юу болсон бэ гэхэд босч ирээд ярьж чадахгүй байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Энхтөвшингийн “... Нямжав талийгаачийг орны толгой болон толтой шүүгээ хоёрын голд толгой хэсэг нь хана руу харсан байдалтай хэвтүүлчихсэн хөлөөрөө дэвсээд гараараа цохиод байсан. Яг хаана хаана нь цохисон гэдгийг нь сайн анзаараагүй. Намайг босоод харахад хэвтүүлчихсэн л өшиглөөд гараараа цохиод байсан.... Талийгаач өнөө өглөө намайг сэрэхэд босч чадахгүй нүүр нь битүү хавантай нүүр хэсэг тэр чигтээ цус болчихсон ярьж чадахгүй ёолоод байсан” гэх мэдүүлэг

Гэрч Б.Отгонхүүгийн “..эмнэлэг дээр очиход талийгаачийн нүүр нь хавдчихсан, хоёр чих нь хавдчихсан, хэл нь хөхөрчихсөн амандаа багтахгүй, ёолоод босохоороо сууж чадахгүй байдалтай байсан. Тиймээс түнхэл тосгонд үзлэгээр ирсэн эмчийг дуудаж үзүүлэхэд Улаанбаатар хот руу шууд явуулж үзүүл гэхээр нь эмэнэлгийн машинтай Улаанбаатар хотруу явах замдаа .. нас барсан” гэх мэдүүлэг

Гэрч Д.Буянтодрохын “... 2020 оны 08 сарын 21-ны өдөр талийгаачтай таарахад  түүний биед ил шарх сорвигүй байсан. Бага зэрэг халамцуу байсан” гэх мэдүүлэг,

Гэрч А.Жансаягийн “... Ганбаатар нь албадмал өвдөлтөөс болоод хагас суугаа байдалтай, нүүр нь хөхөрч хавагначихсан, хэл нь хөхрөөд ам нь ангайчихсан, ярьж, хөдөлж чадахгүй, биеэр нь хавантай, нүүр, гар, хөл хэсэгтээ хатсан цустай, бүх бие нь хөхрөлттэй байсан.  Хажууд нь байсан хүний жолооч салгахгүй яасан юм бэ гэхэд би дийлэхгүй байсан гэж ярьж байсан”  гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №32 дугаартай Шинжээчийн  дүгнэлт зэрэг баримтуудаар амь хохирогчид олон тооны гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь түүний үхлийн шалтгаан нөхцөл болсон байх ба  хохирогч нь  олон тоон шарх, гэмтэл авснаар  өвдөн шаналсан, тарчлан зовсон  байдал харагддаг.  

Хэдийгээр хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх хэрэгтэй бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.

Гэтэл хэрэгт яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ  хандсан сэтгэхүйн харьцаа, түүний хохирогчийг зодох болсон шалтгаан нөхцөл зэргийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн фото зургийн үзүүлэлтийн 4, 5 ,6 дугаартай зурагт Энхтөвшингийн байшингийн үүдний амбаарт байх цагаан өнгийн хөргөгчний хана дагаж улаан өнгийн шингэн зүйл урсаж хатсан  талаар тодорхой тэмдэглэсэн байдаг боловч  энэ талаар мөрдөн байцаалтын явцад тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байх ба хохирогчид учирсан олон тооны гэмтлүүдийг  хэзээ, хаана, хэрхэн яаж учруулсан  талаарх нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй буюу хохирогчид учирсан олон тооны гэмтлүүдийг хэн, хэзээ, хаана, хэрхэн учруулсан, гэмт хэрэг гарах болсон  шалтгаан нөхцөл, гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай  гэсэн үндэслэлээр хэрэгт ажиллагаа хийлгэхээр  прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      

                          ДАРГАЛАГЧ                                 Д.БУЯНЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧИД                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН