Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00876

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00876

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххх тоотод оршин суух, Р-н Бын /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:ххххххххххххххххх тоотод оршин суух, Б-н Ж /РД: хххххххххххх/,

Хариуцагч: хххххххххххххх тоотод оршин суух, Б-н А /РД: ххххххххх/ нарт холбогдох

581.210.959 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд,

Хариуцагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Б миний бие 2014 оны 11 дүгээр сард өөрийн танил Б.Жаар дамжуулан түүний найз гэх Б.Атай танилцсан. Улмаар 2014 оны 12 дугаар сард Б.Ж болон Б.А нартай Дундговь аймгийн Өндөршил суманд байрлалтай жоншны уурхайгаас жонш олборлоход хамтран ажиллахаар дараах байдлаар амаар харилцан тохиролцсон. Үүнд:

1. Р.Б миний бие эхлэлийн 120.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай Б.Ж, Б.А нарт өгч үйл ажиллагааны эхлэлтийн зардалд хэрэглэх, эхний олборлолтоос буюу 2 сарын дараа миний 120.000.000 төгрөгийг 140.000.000 төгрөг болгон буцаан Р.Б надад өгөхөөр,

2. Б.Ж, Б.А нар нь өөрийн тоног төхөөрөмж, ажилчдаар ханган жонш олборлох үйл ажиллагаанд хамтрахаар,

3. Б.Ж, Б.А нар нь надад 220.000.000 төгрөгтэй тэнцэх жонш өгөхөөр,

4. Дээрхээс бусад олсон ашгийг Б.Ж, Б.А нар авахаар харилцан тохирсон.

Би АҮА ББСБ-аас 140.000.000 төгрөгийг зээлэн авч 120.000.000 төгрөгийг Б.Ж, Б.А нарт бэлнээр болон тэдгээрийн хэлсэн банкны харилцах дансанд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд өгсөн.

Эхлээд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Б.Ад бэлнээр 30.000.000 төгрөг, дансаар 5.000.000 төгрөг өгсөн ба дараа нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Ж ахын шилжүүл гэж хэлсэн дансанд 8.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түлшинд зориулж 35.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 40.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Ингээд жонш олборлолтын үйл ажиллагаа явагдаж эхэлсэн ба би ганц, хоёр удаа л олборлолтын талбайд очсон ба талбайд Б.Агийн машин техникүүд байсан бөгөөд Б.А нь надаас нийтдээ 120.000.000 төгрөг авсан гэдгийг мэдэж байсан.

2 сарын хугацаа өнгөрч 140.000.000 төгрөгөө өгөхгүй байсан учир Б.Жаас асуухад Б.А жонш зарсан мөнгөө аваад явсан, чиний мөнгийг ямар ч байсан олж өгнө гэсэн.

Би эдгээр хүмүүст дээрх мөнгийг олж өгөхийн тулд АҮА ББСБ-иас 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 40.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмж 100.000.000 төгрөг, нийт 140.000.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар зээлсэн бөгөөд гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 1, 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан.

Банк бус санхүүгийн байгууллага надаас 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээл 140.000.000 төгрөг, үндсэн хүү 255.610.959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.600.000 төгрөг, нийт 443.210.959 төгрөг төлөх талар мэдэгдсэн.

Би үүнээс 43.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд тус байгууллага намайг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд өгсөн зүйл байхгүй. Намайг Б.Ж, Б.А нартай холбоотой нэхэмжлэл гаргасныг мэдэж байгаа.

Үндсэн зээл 140.000.000 төгрөг, зээлийн хүү 212.110.959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.600.000 төгрөг, нийт 399.710.959 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 43.500.000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж нэхэмжилж байгаа.

Мөн надад хамтран ажиллах гэрээний дагуу надад 1.500 тонн жонш буюу 220.000.000 төгрөг өгөх ёстой байсан ба үүнээс 1.000 тонн жоншны үнэ 82.000.000 төгрөгийг хасаад үлдэх 138.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Би уурхайн талбайд байсан жоншноос 1.000 тонн жоншийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чойрт байдаг үйлдвэрт 82.000.000 төгрөгөөр зарсан ба үүнийг 220.000.000 төгрөгөөс хассан.

Хариуцагч Б.А гэрээгээ зөрчиж жонш борлуулсан мөнгөө авч явснаас үүдэн эхний ээлжинд миний оруулсан 120.000.000 төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн төлөөгүйгээс гэрээ зөрчигдөж маргаан үүсэн би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.А, Б.Ж нараас 581.210.959 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Хариуцагч Б.А бид хоёр замын ажил дээр хамтарч ажиллаж байсан хуучны танилууд. 2014 оны 11 дүгээр сард Б.А бид хоёр Дундговь аймгийн Өндөршил суманд ТШ ХХК тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан уурхайд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулахаар захирал н.Пүрэвцэрэнтэй уулзан тохиролцсон. Н.Пүрэвцэрэнтэй бичгээр байгуулсан гэрээгүй, амаар тохирсон байсан.

Ингээд хамтран үйл ажиллагаа явуулах болоход Б.А бид хоёрт мөнгө байгаагүй учир танил Р.Бтой ярилцаж мөнгө авахаар болж бид энэ үйл ажиллагааг эхлүүлсэн.

Р.Боос авсан 120.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг ТШ ХХК-ийн захирал н.Пүрэвцэрэнд өгсөн ба үлдсэн мөнгийг нь жоншны олборлолтын үйл ажиллагаандаа зарцуулсан. Б.А эхний ээлжинд зарсан 1.000 тонн жоншны үнэ 150.000.000 төгрөгөөс Р.Бод өгөх 140.000.000 төгрөгийг өгөөгүй учраас бид маргалдаж Б.А бүх машин техникээ аваад яваад өгсөн.

Б.А уг 1.000 тонн жоншийг өөрийн танил н.Хурц гэж найздаа зарсан бөгөөд н.Хурц гэх хүнд 1.800 тонн жонш буулгаснаас 1.000 тонн жоншны үнэ 150.000.000 төгрөгийг Б.А авч 800 тонн жонш н.Хурцад үлдсэн. Сүүлд нь би очоод авах гэтэл чиний юм биш гээд өгөөгүй.

Би өөртөө 1 ч тонн жонш ашиглаагүй байж бүх өр төлбөр хариуцлагыг үүрэх болчоод байгаа нь хүндрэлтэй байна. ТШ ХХК-ийн захирал Н.Пүрэвцэрэн жоншны тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлж өгөөгүй.

Би уурхайн талыг, Б.А техник, ажиллах хүчийг, Р.Б санхүүжилтийг гарган бид гурав хамтарч ажилласан. Р.Быг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад хүү алданги төлснийг худлаа гэж үгүйсгэхгүй. Гэхдээ би үүнийг хариуцаж төлөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Р.Бтой хамтран ажиллах гэрээний талаар амаар болон бичгээр хийсэн ямар нэгэн тохиролцоо байхгүй. Б.А нь найз Б.Жтай уулзахад Дундговь аймгийн Өндөршил суманд жоншны орд байна. Түрээслэж жонш олборлоё гэдэг санал тавихад Б.А нь Б.Жтай Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дэвсгэрт байрлах жоншны уурхайн эзэн буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч ТШ ХХК-ийн захирал Н.Пүрэвцэрэнтэй уулзаж тухайн орд газрыг түрээслэх биш зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцуулж өгсөн.

Энэ нь уг газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан газрыг эзэмших эрх Б.Жд бүрэн шилжихээр тохирсон ба газрын төлбөрийг үе шаттай төлөхөөр болсон. Энэ тохиролцооны дагуу Б.А нь Б.Жтай хамтран Дундговь аймгийн Өндөршилд жонш олборлоход хамтран ажиллахаар болж уг үйл ажиллагаанд Б.А нь өөрийн бүх техник хэрэгслээ ашиглан олборлолт явуулахаар болсон.

Олборлолт явуулахаасаа өмнө Б.Жы танил Р.Б гэгч хүнээс 30.000.000 төгрөг авч газрын төлбөрт Н.Пүрэвцэрэнд өгсөн. Б.А нь Р.Бтой 1, 2 удаа л уулзаж байсан болохоос биш ашиг хуваах тохиролцоо хийсэн зүйл байхгүй.

Уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд эхний ээлжийн өнгөн хөрс олборлох үйл ажиллагааг Б.А өөрийн биеэр гардан хийж 1.000 тонн жонш олборлон 150.000.000 төгрөгөөр зарсан. Үүнийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан, өөрт ашигласан зүйл байхгүй.

Б.А өөрөө олборлолт явуулахаа больсны дараагаар өөрийн авчирсан техник хэрэгслээ Б.Ж, Р.Б нарт олборлолтондоо ашиглаарай гээд үлдээсэн бөгөөд тэд түүний техник хэрэгслийг ашиглаж 1.800 тонн жонш олборлосон.

Б.А нь Р.Бтой ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, өглөг, авлага тооцоо байхгүй бөгөөд түүний нэхэмжлэлд дурьдсан асуудалд хамаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.А, Б.Ж нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 581.210.959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/АҮА ББСБ-д 140.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй улмаас үүссэн хохирол 399.710.959 төгрөг,

/үндсэн зээл 140.000.000 төгрөг+зээлийн хүү 212.110.959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.600.000 төгрөг/

ББСБ-д төлсөн хүү 43.500.000 төгрөг,

гэрээний дагуу 220.000.000 төгрөгийн үлдэгдэл 138.000.000 төгрөг, нийт 581.210.959 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тодорхойлон хариуцагч нараас нэхэмжилсэн болно./

 

Нэхэмжлэгч Р.Б нь хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан. Гэрээгээр тохирсоны дагуу 220.000.000 төгрөгийн үлдэгдэл 138.000.000 төгрөг, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол 399.710.959 төгрөгийг болон 43.500.000 төгрөгийг тус тус гаргуулна,

хариуцагч Б.А нь Р.Бтой хамтран ажиллах гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй,

хариуцагч Б.Ж ТШ ХХК-ийн уурхайд жоншны олборлолтын үйл ажиллагаа явуулахад би уурхайн талыг, Б.А техник, ажиллах хүчийг, Р.Б санхүүжилтийг гарган хамтарсан. Би өөртөө нэг тонн ч жонш ашиглаагүй байж төлбөрийг хариуцах болж байгаа нь хүндрэлтэй байна гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.А, Б.Ж нар нь Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дахь ТШ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй жоншны орд газарт олборлолтын үйл ажиллагаа явуулахад ашиглах зорилгоор нэхэмжлэгч Р.Боос 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийт 120.000.000 төгрөгийг авсан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдлоо.

Хариуцагч Б.Ж уг мөнгөнөөс 80.000.000 төгрөгийг ТШ ХХК-ийн захирал н.Пүрэвцэрэнд, үлдэх хэсгийг жонш олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн тайлбарласныг хариуцагч Б.А үгүйсгээгүй болно.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч Б.А, Б.Ж нар нь 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын хооронд Дундговь аймгийн Өндөршил суманд жонш олборлох үйл ажиллагаа явуулан 2.800 тонн жонш олборлосон нь тэдний тайлбараар тогтоогдсон бөгөөд үүнээс хариуцагч Б.А 1.000 тонн жоншийг 150.000.000 төгрөгөөр, нэхэмжлэгч Р.Б 1.000 тонн жоншийг 82.000.000 төгрөгөөр худалдан мөнгийг өөрсөддөө авсан нь талуудын тайлбаруудаар болон гэрч П.Хурцбилэгт, Б.Баянмөнх нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 65-68, 73-75 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Р.Б нь Б.А захиралтай ЖКС ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 46.185.388 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь тоног төхөөрөмжийн хөлс 68.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр /2844 тоот шийдвэр/ Иргэний хуулий. 476 дугаар зүйлийн 476.1, 318 дугаар зүйлийн 318.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 163-172 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Р.Б нь 2015 оны 9 дүгээр сард Б.А, Б.Ж нараас 140.000.000 төгрөгөө авч чадахгүй байна гэх гомдлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан ба мөн прокурорын газрын прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 635 тоот тогтоолоор гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ба Улсын ерөнхий прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 5/1960 тоот хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь үндэслэлтэй, Р.Быг иргэний журмаар хохирлоо нэхэмжил гэж шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 112, 133 дугаар тал/

 

Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэгч Р.Боос 120.000.000 төгрөгийг авч Дундговь аймгийн Өндөршил суманд жонш олборлох үйл ажиллагаа явуулахдаа ашигласан талаараа хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тэднээс уг 120.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч Р.Бод олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь Алтан Үс Ану ББСБ-тай 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар, мөн 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг, нийт 140.000.000 төгрөгийг зээлжээ.

Зээлийг жонш олборлох зорилгоор буюу хамтран ажиллах гэрээний үүрэгт бус бизнесийн зориулалтаар зээлсэн байх ба зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг гагцхүү тухайн зээл авсан этгээд хариуцна.

Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэгч Р.Боос 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийт 120.000.000 төгрөгийг авсан гэх тайлбар нь Р.Бын бусдад төлөх дээрхи зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар банк бус санхүүгийн байгууллагад төлнө гэсэн ойлголт биш болно.

/ХХ-ийн 5-25 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Р.Б нь хамтран ажиллах гэрээний дагуу 220.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний жонш авна гэж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй.

 

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 60.000.000 төгрөг, хариуцагч Б.Жаас 60.000.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Болд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 461.210.959 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 60.000.000 төгрөг, хариуцагч Б.Жаас 60.000.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Болд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 461.210.959 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.064.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 457.950 төгрөг, хариуцагч Б.Жаас 457.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Блд олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Б.Ж, Б.А нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5490 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН