Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00752

 

Р.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00876 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1153 дугаар магадлалтай,

Р.Б-ын нэхэмжлэлтэй,

Б.Ж-, Б.А- нарт холбогдох

Гэрээний хохиролд 581.210.959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, түүний өмгөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2014 оны 12 дугаар сард Б.Ж- болон Б.А- нартай Дундговь аймгийн Өндөршил суманд байрлалтай жоншны уурхайгаас жонш олборлоход хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Б.Ж-, Б.А- нарт 120.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай өгсөн ба хугацаа дуусах үед 140.000.000 төгрөг болгон буцаан авах, Б.Ж-, Б.А- нар нь өөрийн тоног төхөөрөмж, ажилчдаар ханган жонш олборлох үйл ажиллагаанд хамтрах, ашиг гэж 220.000.000 төгрөгтэй тэнцэх жонш өгөх, бусад олсон ашгийг Б.Ж-, Б.А- нар авахаар ярилцсан. Би Алтан Үст Ану ББСБ-аас 140.000.000 төгрөгийг зээлж 120.000.000 төгрөгийг Б.Ж-, Б.А- нарт бэлнээр болон тэдний хэлсэн банкны харилцах дансанд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.А-д бэлнээр 30.000.000 төгрөг, дансаар 5.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Ж-ы шилжүүл гэж хэлсэн дансанд 8.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түлшинд зориулж 35.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 40.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд жонш олборлолтын үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд би ганц, хоёр удаа л олборлолтын талбайд очсон. Тухайн үед Б.А-гийн техникүүд байсан бөгөөд надаас нийтдээ 120.000.000 төгрөг авсан гэдгийг мэдэж байсан. 2 сарын дараа Б.Ж-тай уулзаж тохиролцсон 140.000.000 төгрөгийг асуухад Б.А- жонш зарсан мөнгөө аваад явсан, чиний мөнгийг ямар ч байсан өгнө гэж хэлсэн. Банк бус санхүүгийн байгууллага надаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 140.000.000 төгрөг, үндсэн хүү 255.610.959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.600.000 төгрөг, нийт 443.210.959 төгрөгийг төл гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Би 43.500.000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу нийт 399.710.959 төгрөг, зээлийн хүүд төлсөн 43.500.000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж үзэж байна. Мөн надад хамтран ажиллах гэрээний дагуу 1.500 тонн жонш буюу 220.000.000 төгрөг өгөх байсан бөгөөд үүнээс 1.000 тонн жоншны үнэ 82.000.000 төгрөгийг хасч тооцон 138 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б.А-, Б.Ж- нараас нийт 581.210.959 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ж-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.А- бид хоёр 2014 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Өндөршил суманд Талын Шигтгээ ХХК тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан уурхайд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулахаар н.Пүрэвцэрэнтэй амаар тохирсон. Б.А- бид хоёрт мөнгө байгаагүй учир Р.Б-той ярилцаж мөнгө авахаар болсон. Тухайн үед би уурхайн талыг, Б.А- техник, ажиллах хүчийг, Р.Б- санхүүжилтийг гарган бид гурав хамтарч ажилласан. Р.Б-оос авсан 120.000.000 төгрөгийн 80.000.000 төгрөгийг Талын Шигтгээ ХХК-ийн захирал н.Пүрэвцэрэнд өгсөн ба үлдсэн мөнгийг нь жонш олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан. Б.А- эхний ээлжид зарсан 1.000 тонн жоншны үнэ 150.000.000 төгрөгөөс Р.Б-од өгөх 140.000.000 төгрөгийг өгөөгүй, бид маргалдаж Б.А- бүх машин техникээ аваад явсан. Б.А- уг 1.800 тонн жоншийг н.Хурц гэх найздаа зарсан бөгөөд 1.000 тонн жоншны үнэ 150.000.000 төгрөгийг Б.А- авч 800 тонн жонш н.Хурцад үлдсэн. Сүүлд нь би очоод авах гэтэл чиний юм биш гээд өгөөгүй. Би өөртөө 1 ч тонн жонш ашиглаагүй. Талын Шигтгээ ХХК-ийн захирал Н.Пүрэвцэрэн жоншны тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлж өгөөгүй. Р.Б-ыг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хүү алданги төлснийг үгүйсгэхгүй. Би нэхэмжилсэн мөнгө төгрөгийг хариуцахгүй гэжээ.

Хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.А- Р.Б-той хамтран ажиллах гэрээний талаар амаар болон бичгээр хийсэн тохиролцоо байхгүй. Б.А- Б.Ж- нар Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дэвсгэрт байрлах жоншны уурхайн эзэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч Талын Шигтгээ ХХК-ийн захирал Н.Пүрэвцэрэнтэй уулзаж тухайн орд газрыг түрээслэх биш зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулан газар эзэмших эрх Б.Ж-д бүрэн шилжихээр тохирсон ба газрын төлбөрийг үе шаттай төлөхөөр болсон. Энэ тохиролцооны дагуу Б.А- нь өөрийн бүх техник хэрэгслээ ашиглан олборлолт явуулахаар болсон. Олборлолт явуулахаасаа өмнө Р.Б- гэх хүнээс 30.000.000 төгрөг авч газрын төлбөр гэж Н.Пүрэвцэрэнд өгсөн. Б.А- нь Р.Б-той ашиг хуваах тохиролцоо хийгээгүй, Уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд эхний ээлжийн өнгөн хөрс олборлох үйл ажиллагааг Б.А- өөрийн биеэр гардан хийж 1.000 тонн жонш олборлон 150.000.000 төгрөгөөр зарсан. Үүнийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан, өөрт ашигласан зүйл байхгүй. Б.А- өөрөө олборлолт явуулахаа больсны дараагаар өөрийн авчирсан техник хэрэгслээ Б.Ж-, Р.Б- нарт олборлолтонд ашиглаарай гээд үлдээсэн бөгөөд тэд түүний техник хэрэгслийг ашиглаж 1.800 тонн жонш олборлосон. Б.А- нь Р.Б-той ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, өглөг, авлагын тооцоо байхгүй, түүний нэхэмжлэлд дурдсан асуудалд хамааралгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00876 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.А-гаас 60 000 000 төгрөг, хариуцагч Б.Ж-аас 60 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Б-од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 461 210 959 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 064 005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 457 950 төгрөг, хариуцагч Б.Ж-аас 457 950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Б-од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1153 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 464 004 төгрөг, хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч Б.А-, Б.Ж- нартай Дундговь аймгийн Өндөршил суманд Талын Шигтгээ ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй уурхайд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хоорондын харилцааг зөв тодорхойлж хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэж зөв дүгнэн нэхэмжлэгч Р.Б-ын оруулсан 120.000.000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагч нарын гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцагч нар төлөх үүрэггүй, зээл авсан этгээд өөрөө хариуцна, 220.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний жонш авна гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаа нь ашиг олоход чиглэгдсэн байх ёстой бөгөөд Р.Б-ын хувьд жонш олборлох хамтын үйл ажиллагааг санхүүжүүлж, эхлүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ гүйцэтгэж 120.000.000 төгрөгийн хөрөнгийг оруулсан, үүний ашиг, үр шимийг нь хүртэх зорилготой байсан нь тодорхой. Гэтэл хариуцагч нар Р.Б-ын Алтан Үс Ану ББСБ-аас зээлж оруулсан хөрөнгөөр уурхайн үйл ажиллагааг эхлүүлж жонш олборлосон атлаа тохиролцсон ёсоор Р.Б-од өгөх мөнгийг өгөхгүй өөрсдөө ашиг олж уурхайг хаяж явж гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч хамтын гэрээний үүрэг, зорилго, тохиролцоонд хүрэхийн тулд 120.000.000 төгрөгийг ББСБ-аас зээлж хариуцагч нарт өгсөн нь зээл авсан цаг хугацаа, зориулалтаас тодорхой харагддаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зээлийг жонш олборлох зорилгоор бус бизнесийн зориулалтаар зээлсэн, хамтын гэрээнд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хамтын гэрээгээр тохиролцсон ёсоор хариуцагч нар нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг цаг тухайд нь гаргаж өгсөн бол нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж 443.210.959 төгрөгөөг өнөөдөр хохирч үлдэхгүй байсан. Түүнчлэн хамтран ажиллах гэрээний дагуу Р.Б-од 220.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний жонш өгөх тохиролцоо байсныг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн байхад баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”, 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөний улмаас Р.Б-од учруулсан 461.210.959 төгрөгийн хохирлыг хариуцагч нар хариуцан арилгах, улмаар Р.Б- нь хохирлоо арилгахыг шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн хангахгүй орхисон хэсэг буюу 461.210.959 төгрөгийг ханган шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А-гийн өмгөөлөгч М.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй, нэхэмжлэгчээс хүлээн авсан 120.000.000 төгрөгийг хариуцагч Б.А- нь хувьдаа ашиглаж ямар нэг байдлаар ашиг олоогүй, мөн дурдаж буй жонш олборлох үйл ажиллагаанд зарцуулсан зүйл байхгүй атал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлж, нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж 120.000.000 төгрөгийн тал болох 60.000.000 төгрөгийг хариуцагч Б.А-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх мөнгийг ийм ийм байдлаар зарцуулж, эргээд төлнө эсхүл хариуцагч Б.А- нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хариуцан хүлээх талаар зохицуулсан, тодорхой тусгасан гэрээ, хэлцэл, ямар ч эргэлзээгүй тохиролцоо гэх зүйл байхгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Талуудын тайлбар гэж үзэж буй зүйлүүд нь давхар бичмэл нотлох баримтаар нотлогдохгүй байгаа байдлыг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй байна. Хариуцагч Б.А- нь Р.Б-оос 30.000.000 төгрөг авч, түүнийг газрын эзэнд шилжүүлэн өгснөөс өөр зүйлгүй бөгөөд Б.Ж-, Р.Б- нар нь хамтарч жонш олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай хэмжээнд нотлогддог. Харин ч Б.А- нь дээрх үйл ажиллагаанд өөрийн бүх техник хэрэгслээ ашиглуулж, хувь нэмрээ оруулж тусалсан байдаг бөгөөд дээрх техник хэрэгслийг ашиглаж Р.Б- нь 1800 тонн жонш олборлож ашиг олсон байтлаа өөрт хохирол учирсан хэмээн үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж, хариуцагч нарт 120.000.000 төгрөг өгсөн мэт тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүнд учирсан хохирлыг хариуцагч нар учруулаагүй тул түүний өр төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалын Б.А-гаас 60.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Р.Б- нь Б.Ж-, Б.А- нарт холбогдуулан 581.210.959 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч тус бүрээс 60.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Б.А-гийн өмгөөлөгч нарын хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй боловч, анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, маргааны эрх зүйн үндэслэлийн талаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг бүрэн хийгээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Б- нэхэмжлэлийн үндэслэлээ, “...миний бие 120 сая төгрөг, 2 сарын хугацаатай өгч үйл ажиллагааг санхүүжүүлэх, хариуцагч нар тоног төхөөрөмж, ажилчдаар ханган жонш олборлохоор тохирсон, ...эхний олборлолтоос мөнгийг 140 сая  болгож өгөх, ашиг 220 сая төгрөгийн жонш өгөх, бусад олсон ашгийг хариуцагч нар авахаар ярьсан ...мөнгийг ББСБ-с зээлж өгсөн..., 1000 тн жоншны 82 сая төгрөг авсан...” гэж ББСБ-д төлсөн 43.500.000 төгрөг, төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 399.710.959 төгрөг, ашиг 138.000.000 төгрөг, бүгд 581.210.959 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б.Ж- хариу тайлбартаа “...Б.А-тай Талын шигтгээ компанийн эзэмшдэг уурхайд жонш олборлохоор болж захиралтай ярьсан... үйл ажиллагаа явуулах мөнгийг Р.Б-оос авсан, ...эхний олборлосон 1500 тн жонш  худалдсан мөнгөнөөс Р.Б-ын мөнгийг өгөөгүйгээс Б.А- бид маргалдаж тэрээр техник, ажилчдаа аваад явсан, би ашиг олоогүй, мөнгийг хариуцаж төлөх боломжгүй...” гэсэн.

Хариуцагч Б.А- “...нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар амаар болон бичгээр тохироогүй, ...Б.Ж- уурхай зээлээр худалдан авч, би техник, ажилчдаа гарган   жонш олборлон ашиг олохоор ярьсан, ...эхний олборлолтыг өөрөө гардан хийж жонш худалдсан мөнгөө үйл ажиллагаанд зарцуулсан, өөрт ашигласан зүйлгүй ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбар гарган энэ хүрээнд зохигч мэтгэлцжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь алдаатай, нэхэмжлэгч Р.Б-ын хариуцагч Б.Ж-, Б.А- нарт шилжүүлсэн мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн хураамж гэж тодорхойлсон атлаа уг мөнгийг гэрээний нөгөө талуудаар хувь тэнцүүлэн төлүүлэх ямар эрх зүйн үндэслэл байсныг шийдвэр, магадлалд тодорхой тусгаагүй байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Р.Б-ын хувьд жонш олборлох хамтын үйл ажиллагааг эрхлэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хураамж төлж хамтын ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлгүй  байна. Нэхэмжлэгч хамтын үйл ажиллагаанд  ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой бус, тухайн гэрээний онцлогоос хамаарч хожим үүсэх эрх зүйн үр дагаврыг хүссэн эсэх нь дутагдалтай байна.

Хэн аль нь ашиг олох зорилготой байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа хэдий ч хамтын үйл ажиллагааг хэрхэн явуулах, тухайлбал, хамтын үйл ажиллагаа гэрээний талуудын тэгш оролцоотой явагдах эсхүл хэн нэг нь удирдан явуулах нь тогтоогдоогүй, үйл ажиллагааны туршид гарах зардал, олох ашиг, алдагдлын талаар тохиролцсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасантай нийцэхгүй болно.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Р.Б- хариуцагч Б.Ж-, Б.А- нарын хүсэлтийн дагуу тэдний уурхай ажиллуулж жонш олборлох үйл ажиллагаанд зориулж 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сард 120.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд уг мөнгийг хариуцагч нар 2 сарын дараа буюу эхний олборлолтоос 140.000.000 төгрөг болгож, улмаар ашиг өгөхөөр тохиролцсноос үзвэл уг харилцаа зээлийн гэрээний шинжийг агуулсан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд мөнгийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх юм.

Б.Ж-, Б.А- нар нь 2015 оны 02 дугаар сар гэхэд эхний олборлолтыг хийсэн болохыг маргаагүй тул зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэжээ.

Иймээс хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт тус бүр 60.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуулийн үндэслэлтэй.

Зохигчийн хооронд 120.000.000 төгрөгийг 140.000.000 төгрөг болгож, түүнчлэн 220.000.000 төгрөг өгөх буюу “ашиг” өгөх тохиролцоо байсан нь зээлийн хариу төлбөр буюу хүү гэж тооцогдохоор байвч хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна. Зохигч гэрээг бичгээр үйлдээгүйгээс хүү буюу “ашиг” тооцох боломжгүй тул “ашиг” 138.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч нь 120.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ ББСБ-с зээлж авсан, уг зээлд төлсөн 43.500.000 төгрөг, ББСБ-ын шаардаж буй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 399.710.959 төгрөг, нийт 443.210.959 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн ба хариуцагч нар  мөнгө зээлэхдээ ББСБ-д мөнгийг төлөхөөр тохиролцоогүй байна. Үүнээс гадна   нэхэмжлэгч Р.Б- нь нийт 1000 тн жоншийг 82.000.000 төгрөгөөр худалдан уг мөнгийг авсан байх тул энэ хэмжээгээр хохирол төлөгдсөн гэж дүгнэх боломжтой байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч Р.Б-од учирсан хохирол 461.210.959 төгрөгийн шаардлагыг хангах...”, хариуцагч Б.А-гийн өмгөөлөгч М.М-ын “...Б.А-гаас 60.000.000 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1153 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг“ гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.А-гийн өмгөөлөгч М.М нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Р.Б- 2.464.004 төгрөг, хариуцагч Б.А- 457.950 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ