Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/02008

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/02008

Улаанбаатар хот

 

   

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГЗГБХНөхөрлөл /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 0 дүгээр баг өөрийн байранд байрлах, РД:000/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 00дүгээр хороо, 00дүгээр хороолол, 0дүгээр байр 0 тоот хаягт оршин суух, Ц.Э -т холбогдох,

Гэм хор учруулсны хохиролд 3.492.000 төгрөг гаргуулах тухай ирэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Хариуцагч Ц.Э,

Иргэдийн төлөөлөгч Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөрлөлийн захирал Я.Д нь тус нөхөрлөлийн өмчлөлийн Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000 улсын дугаартай автомашиныг 2017.07.30-ны өдөр жолоодож явах үед мөн 23 цагийн орчим Ц.Э нь Тоёота Харьер маркийн 000 улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа урсгал сөрж манай машиныг мөргөсөн билээ. Энэхүү зөрчлийг Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянзүрх дүүрэг Замын цагдаагийн хэлтэс шалгаж Ц.Э-ийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж 2017.08.31-ний өдрийн ШД-000тоот шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан билээ.

Ц.Э гаргасан дээрх зөрчлийн улмаас манай нөхөрлөлийн 000  улсын дугаартай дээрх автомашинд багагүй хэмжээний эвдрэл, гэмтэл гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү Говьсүмбэр аймгаас ирж очих үед мөн зардал гарч манайд багагүй хохирол учирсан. Гэтэл зөрчил гаргагч Ц.Э нь манай компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг сайн дураар төлөхгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Манай нөхөрлөлийн зүгээс дээрх автомашинд учирсан хохирлыг үнэлгээний ИЭ ХХК-иар үнэлүүлэхэд 3.337.000 төгрөг гэж тогтоосон. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 75.000 төгрөг төлсөн, ачилтын зардалд 80.000 төгрөг төлсөн.

Ц.Э Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан, торгосон байхад гомдол гаргаагүй мөртлөө гэм буруугүй гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй, түүний хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон, тэрээр өөрөө энэ байдлаа нотлох үүрэгтэй.

Иймд иргэн Ц.Э-ээс автомашинд учирсан хохирол 3.337.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 75.000 төгрөг, осол гарсны дараах тээврийн ачилтын зардалд төлсөн 80.000 төгрөг, нийт 3.492.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Э миний бие 2017.07.30-ны өдрийн 23-00 цагийн орчим Налайх дүүргээс Улаанбаатар хот орохоор 3 хүүхдийнхээ хамт Замын хөдөлгөөний дүрмийн дагуу өөрийн эгнээ урсгалд 40-50 миллийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас ирсэн 000 дугаартай 105 Прадо маркийн саарал машин ирж мөргөсөн тул машины аваарын дэр гарч ирж, бид эсрэг урсгалд орж зогссон.

Ойролцоогоор 1 цагийн дараа н.Д гэдэг замын цагдаа ганцаараа ирж хэмжилтийг хийсэн. Энэ үед намайг мөргөсөн машины жолооч болон түүний хоёр согтуу найз нь цагдаад мэдүүлэхдээ намайг урд талын машинаа гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орж ирэн мөргөсөн хэмээн хэлж байсан.

Миний хувьд 3 хүүхдээ эрүүл эсэхэд анхаарлаа хандуулж, хүүхдүүдийн оюун ухаан, сэтгэл зүйд өөрчлөлт орчих вий гэдэгт төвлөрч тэднийгээ айлгахгүй, тайван байлгах, юу ч болоогүй мэт харагдуулахыг хичээж байсан.

Мөн нөгөө машины согтуу 2 найз нь намайг Чи лам хүн байна, эсрэг урсгалд орж зогссоноороо чи буруутай, чамайг бид яаж ч чадна шүү гэх мэтээр элдэв муу үгийг хэлж дарамталж байсан.

Цагдаа машинуудад үзлэг хийгээгүй, мөн надаас юу ч асуухгүй бичиг баримтыг минь аваад эсрэг машины жолоочийн хэлсэн үг болон миний машины эсрэг урсгалд зогссон байдал зэргээр дүгнэн, миний машиныг журмын хашаанд хийж, нөгөө машиныг эзэнд нь өгч явуулсан.

Миний машины шилний хагархай болон эд зүйлс явж байсан эгнээний зам дээр байгааг цагдаад хэлэхэд ер тоохгүй, хажууд нь байсан согтуу хүмүүс Чи юу гэж хуцаад байгаа юм, чиний мөргөсөн нь тодорхой, ална шүү гээд юм яриулаагүй болно.

Маргааш нь 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 11-00 цагт мэргэжлийн машин засварчин н.Ганбатыг дагуулан Чулуун-Овоотын 0 хашаанд байрлуулсан 000 Прадо машиныг очиж үзэхэд тус машины рулийн тайга мултарсан байсан бөгөөд энэ нь намайг ирж мөргөсөн нь тодорхой харагдаж байсан.

Мөн намайг мөргөх үед түүний дугуй нь миний машины урдуур орж, урд хэсгээсээ мөргүүлэн, обуд нь дотор талаасаа гарагш хагарсан, дугуй нь арагш болж крылоны дотор талыг үрсэн байсныг үзэж, жолоочийн дэргэд зургийг нь авч баримтжуулаад, жолоочид хэлэхэд мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн.

Харин түүний эхнэр болон дүү нь зүгээр явж байсан машин яахаараа гэнэт эвдэрдэг юм бэ, бид чамаас заавал мөнгө гаргуулж авна гэж улайран уурлаж байсан.

Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэрэг бүртгэгч П.П хуваарилагдаад 2 сар болоод шийдвэрлэгдсэн.

Тэрээр шийдвэрлэхдээ намайг урсгал сөрсөн хэмээн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, торгоод, учирсан хохирлыг хоорондоо зохиц, чадахгүй бол шүүхэд ханд гэсэн.

Миний бие энэ хэргийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээчийн баг гаргаж өгөх хүсэлтийг нотлох зургуудын хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн ахмад П.П өгсөн боловч шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, 1 хүний хэлснээр шийдвэр гарсан байсан.

Үүнээс болж миний бие жолооны үнэмлэхгүй, эрхгүй байснаас хот хөдөөд ажиллах ажил цалгардаж, алдагдсан бөгөөд мөргөлдсөн машиныг журмын хашаанд олон хоног хонуулах, ачилт хийлгэхэд 345.000 төгрөг, 9.000.000 төгрөгөөр авсан машинаа машины ченжид тэр чигт 3.000.000 төгрөгөөр худалдсан зэрэг хохирол амссан.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13-50 цагт эсрэг машины жолооч над руу утасдаж, манай эхнэрийн дүү шүүхээр 4.000.000 төгрөг нэхэмжилж, хөөцөлдөж байгаа, машин нь компанийн машин тул 2.000.000 төгрөг өгчихвөл хэл амгүй салцгаая гэж ярьсан.

Цагдаагийн байгууллага шалгаж байхад ахмад П.П-д хүсэлт гаргахад дахин шинжээч томилоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд авчирч өгөөгүй. Эрх хассан, торгуулийн талаар гомдол гаргаагүй, журмын хашаанаас машинаа авах гээд торгуулийг төлсөн.

Осол гарахад намайг буруутай гэсэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, Прадо машины рулийн тайга мултарснаас энэ осол гарах болсон гэж үзэж байна. 000 улсын дугаартай автомашиныг би жолоодож явсан, ББСБ-аас худалдаад авчихсан, эхнэр Б.О-ын нэр дээр шилжүүлж авч амжаагүй, өмчлөлдөө шилжүүлж авах бичгийг авчихсан байсан юм.

Иймд уг осол миний буруугаас болж гараагүй, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, ГЗГБХНөхөрлөлд хохирол учруулаагүй гэж үзэж байх тул 3.492.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь хариуцагч Ц.Э холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 3.492.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг 10 минутын үед Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ургах наран хороололын урд замд Ц.Э нь Тоёота Харьер маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Я.Д жолоодож явсан Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000  улсын дугаартай автомашинд хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Хариуцагч Ц.Э дээрх зам тээврийн осол өөрийн буруугаас болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс Ц.Э холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зөрчлийн хэрэг нээн уг ослыг шалгасан байх бөгөөд Тоёота Харьер маркийн 000  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8: Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн,

Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй,

Ц.Э-ийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт болон автомашинуудад учирсан эвдрэл гэмтлийн зураг нь Ц.Э-ийн буруутай үйлдэл, зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл болохыг техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №1-299 тоот дүгнэлтээр тогтоожээ.

/хх-ийн 14-15 дугаар тал/

 

Ц.Э-ийн гаргасан зам тээврийн ослын зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 30 дах хэсэгт заасны дагуу /30.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй нь тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

/хх-ийн 11-12 дугаар тал/

 

Дээрх зам тээврийн осолд гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэлийн талаар Ц.Э нь зохих байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргаагүй гэж тайлбарласан болно.

 

Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөлийн өмчлөлийн Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний ИЭ ХХК нь 3.337.000 төгрөг хэмээн үнэлжээ.

/хх-ийн 6-7 дугаар тал/

 

Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШТ2018/0042 тоот тогтоолоор хариуцагч Ц.Э-ийн техникийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлтийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн алба, хөрөнгийн үнэлгээний МОТ ХХК-ийг шинжээчээр томилсон.

/хх-ийн 58-60 дугаар тал/

 

Шүүхийн тогтоолоор томилогдсон Замын цагдаагийн алба, МОТ ХХК-ийг шинжээчийн дүгнэлт дахин гаргах боломжгүй талаарх хариуг ирүүлсэн бөгөөд хариуцагч Ц.Э энэ талаар шүүхэд дахин хүсэлт гаргаагүй болно.

/хх-ийн 68-70 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх зам тээврийн осол нь хариуцагч Ц.Э-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөлийн өмчлөлийн Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Иймд хариуцагч Ц.Э-ээс Тоёота Ландкрузейр Прадо маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3.337.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 75.000 төгрөг, ачилтын зардал 80.000 төгрөг, нийт 3.492.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөлд олгож шийдвэрлэв.

/хх-ийн 7, 26, 53 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Э-ээс 3.492.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөлд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70.822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГЗГБХНөхөрлөлд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.САРАНГҮН