Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01856

 

 “Г” ЗГБХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1661 дүгээр магадлалтай

“Г” ЗГБХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй

Ц.Эт холбогдох

Гэм хорын хохиролд 3 492 000 төгрөг гаргуулахнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ЗГБХНөхөрлөлийн өмчлөлийн Ландкрузер Прадо маркийн 10-77 ГСА улсын дугаартай автомашиныг тус нөхөрлөлийн захирал Я.Дамдиндоо жолоодож явах үед 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим хариуцагч Ц.Э Харьер маркийн 21-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 31-ний 310000617505534 тоот шийтгэлийн хуудсаар хариуцагчийг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан бөгөөд хариуцагч учруулсан хохирлоо төлөхгүй байгаа тул хариуцагчаас автомашинд учирсан хохирол 3 337 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 75 000 төгрөг, ачилтын зардалд төлсөн 80 000 төгрөг, нийт 3 492 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчим Налайх дүүргээс Улаанбаатар хот орохоор 3 хүүхдийн хамт өөрийн эгнээ урсгалд 40-50 миллийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас 10-77 ГСА дугаартай 105 Прадо маркийн саарал машин ирж мөргөсөн ба үүний улмаас бид эсрэг урсгалд орж зогссон. 1 цагийн дараа н.Дарханбаатар гэдэг замын цагдаа ирж хэмжилт хийсэн боловч машинуудад үзлэг хийгээгүй, мөн надаас юу ч асуухгүй эсрэг машины жолоочийн хэлсэн үг болон миний машины эсрэг урсгалд зогссон байдал зэргээр дүгнэн машиныг минь журмын хашаанд хийж, нөгөө машиныг явуулсан. Эсрэг машины жолоочийн хоёр найз согтуу байсан ба намайг айлган сүрдүүлж юм яриулаагүй. Маргааш нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагт мэргэжлийн машин засварчин н.Ганбатыг дагуулан Чулуун-Овоотын 1-1 хашаанд байрлуулсан 10-77 ГСА машиныг очиж үзэхэд рулийн тайг мултарсан байсан бөгөөд, энэ нь намайг ирж мөргөсөн болохыг тодорхой харуулж байсан. Намайг мөргөх үед түүний дугуй миний машины урдуур орж, урд хэсгээрээ мөргүүлэн, обуд нь дотор талаасаа гадагш хагарсан байсан ба дугуй нь арагш болж крылоны дотор талыг үрсэн байсныг жолоочид хэлэхэд мэдэхгүй байна гэсэн. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэрэг бүртгэгч П.Пунсалдуламд хуваарилагдаад 2 сарын дараа намайг урсгал сөрсөн хэмээн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч торгоод, учирсан хохирлыг хоорондоо зохиц, үгүй бол шүүхэд ханд гэсэн шийдвэр гарсан.

Миний бие шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг нотлох зургуудын хамт П.Пунсалдуламд өгсөн боловч 1 хүний хэлснээр шийдвэр гарсан байсан. Жолооны үнэмлэхгүйгээс хот, хөдөө ажиллах ажил цалгардаж, журмын хашаанд хонуулсны 345 000 төгрөг, 9 000 000 авсан машиныг 3 000 000 худалдсан зэрэг олон хохирол амссан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13:50 минутад эсрэг машины жолооч утасдаж, манай эхнэрийн дүү шүүхээр 4 000 000 төгрөг нэхэмжлэхээр хөөцөлдөж байгаа 2 000 000 төгрөг өгчихвөл хэл амгүй салцгаая гэсэн. 10-77 ГСА автомашины рулийн тайг мултарснаас энэ осол гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1. 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эээс 3 492 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ЗГБХНөхөрлөлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1661 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Э миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1661 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй учраас дараах үндэслэлээр гомдол гаргаж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлэхээр хүсэлтэй байна.

... Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээч томилуулах хүсэлтийг бичгээр гаргахдаа тухайн үеийн ослын зургийг хавсарган өгсөн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, ...40.2., дахь заалтыг тус тус зөрчсөн.

Түүнчлэн анхан шатны шүүх хурал дээр тухайн нөхцөл байдлыг мэдэх Монголын машины нэртэй засварчин н.Ганбатыг дагуулан очиж үзэхэд тус машины рулийн тайга мултарсан байсан талаарх зургийг авч машины жолооч болон гэрч нарыг байлцуулан цагдаад өгсөн бөгөөд энэ нь намайг ирж мөргөсөн нь харагдаж байсан талаар хэлсэн. Нөхцөл байдлын талаар мэдэх хүмүүсийн гэрчийн талаар нотлох шаардлагатай талаар хэлсэн боловч анхан шатны шүүх хурал авч хэлэлцээгүйд маш их гомдолтой байна.

Тоёото Ландкрузейр Прадо маркийн 1077 ГСА улсын дугаартай машин нь “тус талын руйлын тайга нь” мултарч миний Тоёото Хайрар маркийн 2196 УНИ улсын дугаартай машины урдуур орж дугуйны гарыг муруйлган, дугуй гацаж эргэхгүй болсны улмаас нөгөө талын дугуй нь хүндийн төвөөс зугтах хүчний үйлчлэлээр эсрэг урсгал руу орсон нь хөндлөнгийн гэрчүүд болон тухай нь үеийн цагдаад авч, өгсөн зургуудаас тодорхой болно. Энэ нотлох баримтуудыг шүүх авч үнэлээгүй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд ирээгүй шалтгаан нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурлын товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйл, ...76.1.2-т заасан ажиллагааг шүүх нь хийгээгүйгээс  би шүүх хуралдаа ирж чадаагүй. Цаашлаад миний төрсөн ахын бие тааруу тухайн үед дотуур цус алдаад Сайд нарын 2 дугаар эмнэлгийн сэхээнд одоо хүртэл хэвтэн эмчлүүлж байгаа болно. Энэ мэт ажилтай байхад шүүх өөрийн үүргээ биелүүлж надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй маш их гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 167.1.5-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Г” ЗГБХНөхөрлөл нь Ц.Эт холбогдуулан гэм хорын хохиролд 3 492 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Ц.Э нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын урд замд Тоёота Харрьер маркийн 21-96 УНИ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. дахь заалтыг зөрчиж, урсгал сөрснөөс Я.Дамдиндоогийн жолоодож явсан “Г” ЗГБХНөхөрлөлийн эзэмшлийн Тоёота Ланд Крузер Прадо маркийн 10-77 ГСА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.

Иймд “Г” ЗГБХНөхөрлөл нь Ц.Эт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалтад нийцжээ.

10-77 ГСА авто машин нь нэхэмжлэгч “Г” ЗГБХНөхөрлөлийн эзэмшилд бүртгэлтэй, тус тээврийн хэрэгсэлд 3 337 000 төгрөгийн хохирол учирсан,  нэхэмжлэгч нь шинжилгээний ажлын хөлсөнд 75 000 төгрөгийг төлсөн, осолд орсон тээврийн хэрэгслийг Налайхын замаас Чулуун овоо хүртэл ачуулж, 80 000 төгрөгийн төлбөр төлсөн нь “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн орлогын ордер, “UNP-MGL” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар  тус тус нотлогдсон байна.

Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

 Хариуцагч Ц.Э “...уг осолд нэхэмжлэгч буруутай, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2.-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруутай үйлдлээс болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.

Ц.Эийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсныг тэрээр хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй бөгөөд уг гэм хор нь түүний буруутай үйлдлээс болоогүй гэдгийг баримтаар нотлоогүй, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тул хариуцагчийн энэ гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн “...давж заалдах шатны шүүх хуралдааны зарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-т заасны дагуу мэдэгдээгүйгээс хуралд оролцож чадаагүй...” гэх гомдол хэргийн 100 дугаар талд авагдсан “хариуцагч Ц.Эт 99050112 дугаарын утсаар 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15.39 цагт хурлын товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжтой” гэснийг тэмдэглэл болгон бичив” гэсэн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн тухай баримтаар үгүйсгэгдэж байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1661 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Эээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 822 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД