Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2017/00179

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2017/00179

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс:156/2017/00056/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: Х.... оршин суух Боржигон овогт П.С. (РД:....холбогдох,

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух Хатагин овогт Т.Г. (РД:......................) нэхэмжлэлтэй,

            "Зээл буюу 4 000 000 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Г., түүний өмгөөлөгч Д.О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О., түүний өмгөөлөгч Э.Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Т.Г. миний бие П.С.д Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол зоог” нэртэй цайны газрыг, эзэмшил газрын хамт 2015 онд 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож цайны газраа нэр дээр нь шилжүүлэн өгсөн.

Тухайн үедээ П.С. болон түүний охин Г.О. нар нь “Монгол зоог” цайны газрын төлбөрийг төлөхдөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ХААН банкнаас зээл авч төлбөрийг төлөх болсон. Зээлийн урьдчилгаанд өөрсдөө заавал банкинд мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна. Энэ урьдчилгаа 4 000 000 төгрөгийг зээлчих, дараа нь зээл бүтэхээр үндсэн төлбөр 35 000 000 дээрээ нэмээд зээлсэн 4 000 000 төгрөгийг буцааж өгье гэж гуйж шаардаж байсны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өндөрхаанд хоёр талаасаа ирж уулзан П.С.тай зээлийн гэрээ байгуулан түүний хүргэн Жуковын У.н .............. дугаарын дансанд дүү Г.Б.гийн ........ данснаас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрөөсөө 1 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрөөсөө мөн 2 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн.

Иймд П.С.с 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн тал)

 

 

      Нэхэмжлэгч Т.Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С. болон түүний нөхөр Г. бид гурав Чингис хотод уулзалдсан. С. 4 000 000 төгрөгийн урьдчилгаа бидэнд шаардлагатай байна, нийт 10 500 000 төгрөгийг бид өөрсдөө бүрдүүлэх ёстой, 4 000 000 төгрөг зээлүүлээч гэсэн. Тэгээд эхний удаа 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нотариат дээр хийгээд, нотариатаас гарсныхаа дараа нэмж 2 000 000 төгрөг зээлье гээд нийт 4 000 000 төгрөгийг зээлэхээр болсон. Бид Ган-Эрдэнэ гэдэг хүнээс мөнгө авч болохгүй, цувуулж өөр, өөр хүний дансаар өгөхгүй бол болохгүй гээд намайг өөр, өөр дансанд цувуулж хийж өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн дүү Б.ийн данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Б. тэр өдрөө хариуцагч С.н нөхөр Гантөмөрийн дансанд энэ мөнгийг хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн данснаас С.ийн хүргэн Жуковын У.н данс руу 1 500 000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөн өөрийн данснаас Жуковын У.ын данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. С.йн охин О. нь утсаар залгаад дансанд мөнгө орчихсон, баярлалаа гэсэн хариуг надад хэлж байсан. С., Г. нар нь уг мөнгийг ирэх оны 6 сард өгнө гэж хэлж авсан. Гэтэл одоо үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Тийм учраас энэ мөнгийг хариуцагч С. хүлээж авсан тул  4 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 оны 11 сарын 19-ний өдөр энд уулзсанг О. зөвшөөрч байна. Тухайн өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн бөгөөд С. нь Г. гэдэг хүнээс мөнгө авах юм бол банк зээл өгөхөө больчихно гээд надаас мөнгөө цувуулж, өөр хүний данс руу хийхийг гуйсан. Ингээд би нийт 4 000 000 төгрөгийг цувуулж, өөр хүний данс руу хийсэн. Тэр үед О. өөрөө ирээгүй, Г., С. хоёр ирсэн. Би бүхэл бүтэн компани хариуцдаг хүн учраас хүнийг гүтгэх хүн биш гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага гараад Г.с С. буюу манай ээж мөнгө зээлээч гэж гуйсан юм. Тэгээд Чингис хотод 2015 оны 11 сарын 19-ний өдөр манай ээж, аав уулзаад 2016 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай, 2 сая төгрөг зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Энэхүү зээлийн гэрээний 3.2-д:.. зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн хугацаа тоологдоно гэж заасан. Мөн гэрээний 2.2-т:.. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг зээлсэн мөнгийг бэлнээр олгоно гэж заасан байдаг. Гэтэл Ган-Эрдэнэ нь зээлсэн мөнгөө манай ээж С.н данс руу шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хоёрдугаарт 2015 оны 11 сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан атлаа одоо яагаад 4 000 000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:.. зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Жуковын У. гэдэг хүний данс руу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж дурдсан байна. Эндээс харахад Г. нь манай ээж С.д нэг ч төгрөг өгөөгүй нь харагдаж байна. Манай ээж С. болон нэхэмжлэгч Г. хоёр нь арван жилд хамт сурч байсан, нэг ширээний хоёр байгаа юм. Анх 2013 оны 8 сард Г. манай аав, ээж хоёрыг Цэнхэрмандал суманд аваачсан. Тэгээд анх 30 сая төгрөгөөр зарна гэж ярьсан цайны газраа 35 000 000 төгрөг болгож бидэнд зарсан юм. Г. нь зээлийн гэрээгээр тохиролцсон 2 000 000 төгрөгийг манай ээж С.д өгөөгүй байна. Т.Г. нь Цэнхэрмандал суманд манайд ирдэг байсан. У.ыг сайн танина. Ж.У. нь амьдралын шаардлагаар Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг. Би ажилладаг компани болон утасны дугаарыг нь мэдэхгүй. Т.Га.д өгөх ёстой мөнгө төгрөг байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О. нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн үгэндээ:..Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.Г.н өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар  сарын 19-ний зээлийн гэрээ С.тай байгуулж 4 000 000 төгрөг зээлсэн. 4 000 000 төгрөгийг өгөхдөө 2015 оны 11 дүгээр сарын 19-ний Чингис хотод уулзаад О. нотиарч руу очиж 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрчлүүлээд гарахдаа С. Г. нар нь гэрээний нөхцлийг өөрчлөхөөр ярьж тохирсон бөгөөд 4 000 000 төгрөгийг бидний данс руу хийж болохгүй гэж амаар тохирсон. Үүний дагуу У.н дансыг Г.д өгсөн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг Б. руу шилжүүлээд, Б. Г.р рүү шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны Г.эс Ж.У.ын данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг гэрчилж байгаа боловч гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон. Эд нар аваагүй гэж байгаа боловч У.ыг энэ хүн танихгүй, гэрээний үүргээ биелүүлсэн, мөнгөө 3 хувааж шилжүүлсэн. Үүргийг хуульд зааснаар Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.2, Энэ хуулийн 207.1.З-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа (оршин байгаа) газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно гэж байгаа. Банкаар шилжүүлсэн тул үүргээ гүйцэтгэсэн. Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэг ёсоор буцааж өгөх байтал өгөөгүй өдийг хүртэл явж байна. У.ыг гэрчээр оролцуулна гэж хүсэлт гаргасан. Хариуцагч тал У.тай тооцоогоо хий гэж байгаа бол У.ыг гэрчээр оролцуулах, эсвэл хариуцагчаар татах тухай огт зүйл хийгээгүй. Гэр бүлийн хүнийхээ ажилладаг газар, хаягийг мэдэхгүй байна гэж байхгүй. Бодит үнэнд нийцэхгүй зүйл яриад байна. Нэхэмжлэгч яриад байгаа бүх л зүйлээ нотлоод байна. У.р дансанд мөнгө орсон мөн өдөр данснаасаа авчихсан байна. Хүргэнийхээ данс руу ороод ирсэн мөнгийг авахгүй байна гэж байхгүй. “Монгол зоог”-ийг 35 000 000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөө банкнаас зээлдэж аваад зээл авахын тулд Г.ээс мөнгө зээлдэж хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 28 000 000 төгрөгийг мөн өдөр шилжүүлсэн байгаа  нь нотлогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан тул 4 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.. Үүний дагуу нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т.р нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн үгэндээ:..талуудын тайлбараар хэд, хэдэн үйл баримтууд тогтоогдлоо.

Хариуцагчаар иргэн С.г татсан, У.ыг хамтран хариуцагчаар татаагүй, иргэн Г. нь Су.аас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь иргэн У.тай гэр бүлийн харилцаатай байж хэлээгүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-д:..нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:..зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Иргэн С.д 4 000 000 төгрөг өгсөн баримт энэ хэрэгт байхгүй. Иргэн Б. нь хариуцагчийн нөхөр Г.ийн данс руу 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Гэхдээ Б. нь нэхэмжлэгчид Г.өөс зээлдсэн мөнгийг нэхэх эрх олгоогүй. Г. болон Б. нарын хооронд эрхзүйн харилцаа үүссэн талаар баримт байхгүй байна. Иргэн Жуковын У.н данс руу 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Гэхдээ зээлийн гэрээнд авагдсан данс биш байна. Гэрээнд С.ийн нөхөр Га.  ХААН банкин дахь харилцах дансны дугаар л байгаа. Өөр хүн рүү шилжүүл гэсэн зохицуулалт байхгүй. Иргэн У.т ямар тохиролцоотойгоор мөнгө өгсөн нь тодорхой биш байна. Хавтаст хэргээс харахад нэхэмжлэх эрх байхгүй байна. Ж.У. нь хариуцагчийн хүргэн нь болохоос тусдаа статустай хүмүүс юм. Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д:...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж байдаг. Тухайн үед 4 000 000 төгрөгийг иргэн С. буюу Г.ийн тохирсон дансаар шилжүүлсэн бол буцаан төлөх үүрэг үүснэ. Гэрээнд гэрээний харилцааны талаар тодорхой заасан байхад тухайн 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. .

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Т.Г. нь хариуцагч П.С.аас “зээл буюу 4 000 000 төгрөг”-ийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч П. С.д 4 000 000 төгрөгийг өөрийнх нь хүсэлтээр 3 хувааж шилжүүлсэн тул гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.С. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О. нь уг 4 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй, харин Ж.Ууганбаярын дансанд шилжүүлсэн байна гэж маргажээ.

Т.Г. нь, хариуцагч П.С. нар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гэрээ байгуулж зээлдүүлэгч Т.Г. нь иргэн Г.ийн ХААН банкны 5042102633 дугаартай дансаар 2 000 000 төгрөгийг зээлдэгч П.С.д олгохоор тохиролцсон байна. (хх-ийн 38 тал)

Уг зээлийн гэрээний 3.2-т:.. гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардууснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч П.С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдүүлэгч Т.Г. 2 000 000 төгрөгийг П.С.д дансаар болон бэлнээр гардуулж өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж тайлбар өгсөн байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2 000 000 төгрөгийг зээлдэгч талд бэлнээр өгөөгүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар өгчээ. Нэхэмжлэгч нь...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байх өөрийн “М.” нэртэй цайны газраа 2015 онд 35 000 000 төгрөгөөр С.д худалдсан бөгөөд тэрээр 4000 000 төгрөгийг надад зээлдүүлээч урьдчилгаанд хийе гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дүү Г.Б.йн данснаас 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн данснаас Жуковын У.ын дансанд 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Эхлээд нотариатч дээр очиж гэрээ хийж тохирохдоо нөхөр Г.хөө дансанд 2 000 000 төгрөг хийлгэхээр тохирсон боловч нотариатаас гараад мөнгөө бөөнөөр нь бид нарын дансанд хийж болохгүй, өөр хүний данс руу хийлгэнэ гээд 4 000 000 төгрөгийг хэд хэд хувааж хүргэн нь болох Ж.У.ын данс руу хийлгэхээр болсон юм. Мөнгө зээлдэх талаар тохироход С. нь нөхөр Г.хөө хамт байсан. У. гэдэг хүнийг би танихгүй, бид хоёрын дунд ямар ч хэлцэл гэрээ хийгдээгүй, П.С. бид хоёрын хооронд хийгдсэн гэрээ юм. 2 000 000 төгрөгийг зээлдэгч талд бэлнээр өгөөгүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар өгсөн байна. (хх-ийн 35 тал)

Нэхэмжлэгч нь Жуковын У. гэдэг хүний .............. дугаартай ХААН банкны дансанд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хариуцагч Т.Г.), (хх-ийн 39-40 тал)

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О.ийн шүүх хуралдаанд өгсөн:..нэхэмжлэгч нь Ж.У.ын дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна.  Харин П.С.д уг мөнгийг шилжүүлээгүй гэсэн тайлбар. (хх-ийн 77 тал)

3. Нэхэмжлэгч Т.Г.н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:.. Би П.С.тай гэрээ хийж Ж.У.ын 5749607643 дугаартай ХААН банкны дансанд дүү Г.Б.ийн 5421051803 данснаас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн нэр дээрх данснаас 1 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нэр дээрх данснаас 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн гэсэн тайлбар (хх-ийн 1,35 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д:..зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч тал нь хариуцагч П.С.д 4 000 000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн болохоо нотолж чадаагүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д:..Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 4 000 000 төгрөгийг өгсөн болохоо нотолж чадаагүй, хариуцагчид тус мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д... зааснаар Ж.У.ыг хариуцагчаар татах хүсэлт гаргах эрхтэй байжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О. нь гэрчээр Ж.У.ыг асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 42-43 тал)

Нэхэмжлэгч тал нь гэрчээр асуулгах хүсэлтдээ тухайн иргэнийхээ утасны дугаар болон оршин суугаа газар, гудамжийн нэр, хаалганы дугаарыг бичээгүй байна.

Иймд шүүх хүсэлтийг хангаагүй, харин Б.г гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гаргажээ. (хх-ийн 44 тал)

Өмгөөлөгч Д.О. нь 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт гаргаж гэрчээр Б.г оролцуулах хүсэлтээсээ татгалзсан үндэслэл нь Б.нь БНХАУ-д явсан гэжээ. (хх-ийн 69 тал)

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд Ж.У., Г.О. нарын зургийг нотлох баримтаар өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт биш тул шүүх үнэлэх боломжгүй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4зааснаар Т.Г.н нэхэмжлэлтэй, П.С.д холбогдох зээл буюу 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ